| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2020/03911/И |
| Дугаар | 210/МА2021/00890 |
| Огноо | 2021-05-31 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2021/00890
Ж.Снийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00796 дугаар шийдвэртэй Ж.Снийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрт хураасан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Ж, 5555555 дүгээр байрны 3 болон зоорийн давхар, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310111256 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийн өмнө надаас үнийн санал авах авах ажиллагааг хийгээгүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Эрх бүхий этгээдээр үнэлгээ тогтоосны дараа энэ талаар надад мэдэгдээгүй нь мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бол түүний дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийх атал энэхүү хуульд заасан ажиллагааг хийгээгүй, эрх ашгийг зөрчсөн.
Төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг “Мөнх-Оргил трейд” ХХК 1 021 250 000 төгрөгөөр үнэлсэн талаар хамтран гүйцэтгэгч нарын амаар хэлснээр мэдсэн бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд дээрх үнийг 70 хувиар тооцон оруулсан. Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг талын буюу оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн байхад уг ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхгүй.
Мөн анхны дуудлага худалдаа явуулах доод үнийг тогтоох талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнтэй холбоотойгоор 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 тоот тогтоолыг хүчингүй болгон үндэслэл бүрдсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1629 дугаартай захирамжаар “Үр-Эрдэнэ” ХХК, Ж.Снэ нараас 552 958 000 төгрөг гаргуулж, Хас банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч биелүүлээгүй тул Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол Ж, 5555555 дүгээр байрны гурав болон зоорийн давхар, мөн хаягт байрлах 200 м.кв талбай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-нд битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 03-нд хураах ажиллагаа хийгдсэн бөгөөд хураах ажиллагаанд төлбөр төлөгч “Үр-Эрдэнэ” ХХК-ийн захирал Д.Гантулга өөрийн биеэр оролцсон.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4/10360 тоот мэдэгдлээр үнийн санал ирүүлэхийг Д.Гантулгад, Ж.Снэ нарт мэдэгдсэн боловч тэдгээр нь үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин үнийн санал ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн.
Ингээд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 15-нд шинжээч томилох 4/205 тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-аар үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайланг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч “Үр-Эрдэнэ” ХХК-ийн захирал Д.Гантулгад танилцуулж, Ж.Снэд мэдэгдэхээр үүрэг болгон тэмдэглэлд дурдаж, гарын үсэг зуруулсан.
Үүний дараагаар 2020 оны 04 дүгээр сарын 26-нд төлбөр төлөгч “Үр-Эрдэнэ” ХХК, Ж.Снэ нар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авч, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага худалдааг хойшлуулсан. Ингээд бие даан худалдан борлуулж чадаагүй тул анхны албадан дуудлага худалдааны тогтоол 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулж, 2 дахь дуудлага худалдааны тогтоол 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гараад, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явагдсан.
Одоогоор 2 дахь албадан дуудлага худалдааны гүйцэтгэл нь үнэлэгдсэн үнийн 50 хувиар буюу 514 625 000 төгрөгөөр худалдан борлогдож, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр талуудад мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017715 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Ж, 5555555 дүгээр байрны 3 болон зоорийн давхрын хамт байрлах, 544.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18637310111256 дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газрыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Ж.Снийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хас банкинд төлөх төлбөрийн хагасыг төлсөн боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан үлдэх хэсгийг төлж чадаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийг үнэлж дуудлага худалдаанд оруулахдаа дээрх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч Ж.Снээс саналыг авахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдэхгүйгээр явуулсан.
Хэрэгт авагдсан баримтаас харахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Д.Гантулгад мэдэгдээд, надад дамжуулж хэлээрэй гэсэн байдаг. Д.Гангулгад мэдэгдсэн гэдгээ ч хариуцагч тайлбарласан. Гэрийн хаягаар явуулсан гэх мэдэгдлийг надад өгөөгүй, надад мэдэгдэхгүйгээр шинжээчийн үнэлгээ хийгдэж, энэ үнэлгээгээр явсаар байгаад 2 дахь дуудлага худалдаанд ороход үнэлгээний талаар мэдсэн.
Төлбөрт хураагдсан буюу барьцааны хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийн өмнө төлбөр төлөгч надаас үнийн санал авах ажиллагааг хийгээгүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Үнэлгээний талаар надад мэдэгдсэн болон танилцуулж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байхгүй байхад шүүх мэдэгдсэн мэтээр дүгнэлт хийсэн нь буруу байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг талын хуульд заасан эрх зөрчигдсөн байхад уг ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Снэ нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01629 дугаар захирамжаар “Үр-Эрдэнэ” ХХК, Ж.Снэ, Д.Гантулга нараас 55555555 977 881 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгож, барьцааны зүйл болох
Д.Гантулгын өмчлөлийн, Ж 1 дүгээр хороолол, 5555555 дүгээр байр, 1, 3 давхрын хэсэг, зоорийн давхрын хамт, улсын бүртгэлийн Ү-2201017715 дугаар бүртгэлтэй, 544.62 м.кв үйлчилгээний зориулалттай барилга,
Д.Гантулгын эзэмшлийн, мөн хаягт байрлах, Г-2201025142 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв газар эзэмших эрх,
Д.Гантулгын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, /Согоотын ам/-д байршилтай, 0294266 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2201033476 дугаарт бүртгэлтэй, мод үржүүлгийн зориулалттай 25 000 м.кв газар эзэмших эрх
зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааг явуулж байна. /хх 35, 36-38/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Гантулгын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Ж 1 дүгээр хороолол, 5555555 дүгээр байр, 1, 3 давхрын хэсэг, зоорийн давхрын хамт, улсын бүртгэлийн Ү-2201017715 дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр,
мөн хаягт байрлах, Г-2201025142 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв газар эзэмших эрхийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр,
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, /Согоотын ам/-д байршилтай, 0294266 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2201033476 дугаарт бүртгэлтэй, мод үржүүлгийн зориулалттай 25 000 м.кв газар эзэмших эрхийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус битүүмжилж, уг хөрөнгүүдийг мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй. /хх 46-47, 53-54, 59-62, 180-181, 186-187/
Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт дээрх хаягт оршин байх 3 болон зоорийн давхар болон 200 м.кв талбай газар эзэмших эрхийг албадан худалдаанд оруулах үнийн санал ирүүлэхийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11360 тоот албан бичгээр мэдэгдэхдээ уг мэдэгдлийг мөн өдрөө Д.Гантулгад гардуулж, Д.Гантулга нь “эхнэр Ж.Снэд дамжуулан мэдэгдэхээр 1 хувийг авав” гэж тэмдэглэл үйлдэж, мэдэгдэлд гарын үсэг зуржээ. /хх 64, 65/
Уг албан бичигт үнийн санал ирүүлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэж тогтоосон байх ба төлбөр төлөгч нар уг тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, хариуцагч байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/13272 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэх хугацааг мөн сарын 13-ны өдрөөр тогтоож, төлбөр төлөгч нар баталгаат шуудангаар хүргүүлж дахин мэдэгджээ. /хх 66-67/
Төлбөр төлөгч Ж.Снэ, Д.Гантулга нар мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “шинжээч томилуулах” хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/205 тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үнэлгээний талаар талууд тохиролцоогүй бол шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх зохицуулалтад нийцжээ. /хх68, 69-70/
Төлбөр төлөгч “Үр-Эрдэнэ” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот албан бичгээр 3 давхрын оффис үйлчилгээний 270 м.кв талбай бүхий байрыг 540 000 000 төгрөгөөр, зоорийн давхрын 270 м.кв талбайг 270 000 000 төгрөгөөр, 200 м.кв газар эзэмших эрхийг 400 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацааг 7 хоногоор хэтрүүлэн ирүүлсэн байх тул төлбөр төлөгчийг тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлсэн гэж дүгнэхгүй юм. /хх71/ Энэ талаар нэхэмжлэгч Ж.Снэ нь гомдол гаргах эрхгүй юм.
Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК 3 давхар болон зоорийн давхар, газар эзэмших эрхийг нийт 1 021 250 000 төгрөгөөр төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15083 тоот албан бичгээр мэдэгдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг тэмдэглэжээ. Д.Гантулга 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уг мэдэгдлийг хүлээж авахдаа мөн “Ж.Соёл-Эрдэнэд гардуулж өгнө” гэж бичиж гарын үсэг зурсан байна. Иймд уг үнэлгээний тайланг мэдээгүй, дээрх мэдэгдлийг хүлээж аваагүй гэх Ж.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх108/
Ж.Снэ болон “Үр-Эрдэнэ” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон 1 021 250 000 төгрөгийн үнээс доошгүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлтийг,
Д.Гантулга нь мөн өдрөөр огноолон талууд харилцан тохиролцож байгаа тул дуудлага худалдаа зарлах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хариуцагч байгууллагад гаргасан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/15143 тоот албан бичгээр шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, төлбөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгч “Үр-Эрдэнэ” ХХК, Ж.Снэ, Д.Гантулга нарт 1 сарын хугацаа олгожээ. /хх112-113, 117/
Дээрхээс дүгнэвэл Ж.Снэд үнэлгээний талаар мэдэгдсэн нь давхар нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг Ж.Снэ, Д.Гантулга нарт мэдэгдсэн өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд Ж.Снэ уг хугацааг 5 сар 1 хоногоор хэтрүүлж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан, хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул түүний гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, мөн хуулийн 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргах ба уг тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах учиртай. Иймд нэхэмжлэгч хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Э.ЗОЛЗАЯА