Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Ч.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Ат холбогдох эрүүгийн 1706 003319 0442 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, бэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 22-15 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УС68090604, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чгийн А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миний дэлгүүр”-ийн үүдэнд Н.Долгормаатай маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Долгормаагийн мэдүүлэг /хх-11/, гэрч А.Оргилын мэдүүлэг /хх-16/, гэрч С.Билгүүний мэдүүлэг /хх-41/, шүүгдэгч Ч.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50/, шинжээчийн 13642 дугаартай дүгнэлт /хх-25/, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миний дэлгүүр”-ийн үүдэнд Н.Долгормаатай маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Долгормаагийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний салсан нөхөр А.Оргил надад хүүхдийн мөнгө болох 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Тэрнээс өмнө иргэний журмаар шүүхээр ороод сар болгон 90.000 төгрөг Оргил өгөх ёстой байсан боловч А.Оргилын ээж Ч.А надаас гуйгаад сар бүр биш 1.000.000 төгрөг өгөөд салъя гэхээр нь би зөвшөөрсөн. Энэ талаар бүр гэрээ хийж нотариатаар орсон байсан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадам ээж Ч.А над руу залгаад “мөнгийг чинь өгч чадахгүйнээ одоохондоо мөнгөгүй байна” гэж хэлэхээр нь утсаар нилээн маргалдсан. Тэгсэн ээж нь “чи чаддаг юм бол ирээд 12 цагт ирээд ав, би нөтбүүкээ тавиад чиний мөнгийг өгчихье” гэхээр нь 12 цагт 16 дугаар хорооллын “Миний дэлгүүр”-ийн үүдэнд очсон боловч ээж ирээгүй байсан. Ингээд би утас руу залгаад “та яачихваа” гэсэн чинь “би одоо очиж байна” гэж хэлсэн. Ингээд удалгүй ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь хэрэлдсэн чинь миний нүүр рүү алгадахаар нь би эргүүлээд цохисон. Тэгээд хоорондоо үснээсээ зулгаагаад миний нүүрийн самардаад дух болон зовхи хамрыг шалбалсан. Ингээд би арай гэж салаад цагдаа дуудсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч А.Оргилын өгсөн: “Ээж надад хэлэхдээ “Н.Долгормаа намайг цохихоор нь би зөрүүлээд цохьчихсон гэж ярьж байсан. Нарийн зүйлийг би сайн мэдэхгүй.” /хх-16/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Билгүүний өгсөн: “Дуудлагын дагуу очиж шалгахад иргэн Н.Долгормаа, Ч.А нар нь хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай байсан бөгөөд хоёулангийнх нь үс нь сэгсийчихсэн Н.Долгормаа нь нүүрэндээ маажуулсан байсан. Ингээд хэлтэс рүү авч явж байх хугацаанд Н.Долгормаа, Ч.А нар нь “хоорондоо учраа олоод эвлэрье цагдаагийн хэлтэс рүү явах шаардлага байхгүй” гэсэн. Тэгэхээр нь хууль сануулж “торгуулийн арга хэмжээ авна” гэсэн чинь тэр хоёр “мөнгө байхгүй хэцүү байна” гэж хэлэхээр нь бага торгуулийн мөнгөн дүнтэй зүйл заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. Торгуулийн арга хэмжээ авч байгаа талаар Н.Долгормаад тайлбарлаж хэлэн арга хэмжээг зөвшөөрсөн. Хадам ээж Ч.А нь ч хажууд байсан. Ингээд торгуулийн хуудас бичсэний дараа Н.Долгормаа нь “би ер нь өргөдөл өгнө” гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн хэрэг бүртгэгчид хүлээлгэн өгсөн.” /хх-41/ гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Аийн өгсөн: “...Би сүүлд өгсөн мэдүүлэгтээ болсон бүх зүйлийг үнэнээр ярьсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.“ /хх-50/ гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн №13642 тоот дүгнэлтэнд:

1. Н.Долгормаагийн биед дух, баруун нүдний зовхи, хамрын угалз, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” /хх-25/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн: “Үзлэг хийх үед Ч.А “миний тархи доргиод толгой өвдөөд байна” гэхээр нь биед нь үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алим чичирхийлэлтгүй, хөшинг илрээгүй, бусад сорил болон рефлексүүд хэвийн үзлэгээр биед ил харагдах гэмтэлгүй. Даралт нь 150/100 буюу дээд доод даралт өндөр байсан. Дээрхи толгой өвдөлт нь даралт ихсэх үед илэрдэг зовиур мөн.” /хх-42/ гэх мэдүүлэг,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.А нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Н.Долгормаа нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно. Шүүгдэгч Ч.А хохирогчид 200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ат ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чгийн Агийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.А нь шүүх оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ат урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                    Э.ЧИНГИС