Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/119

 

 

 

 

 

 

   2024           01             18                                         2024/ДШМ/119

 

 

М.Т, З.С, Б.Ц

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Х.Еркебулан,

шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир, Г.Энхбаяр, Ө.Пүрэвсүрэн,

шүүгдэгч З.Сгийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 2023/ШЦТ/1385 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ууганбаярын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 84 дүгээр эсэргүүцлээр М.Т, З.С, Б.Ц нарт холбогдох 2202 00430 0420 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

З.С, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд ажилладаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, , дүгээр хороо, 29 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

М.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албанд цахим бүртгэл лавлагаа, нууцлал хариуцсан ахлах офицер ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн, 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 000 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Б.Ц, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэр хамт Баянгол дүүргийн, 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /0000000/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1,000,000.00 төгрөгөөр, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000.00 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч М.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын Нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтнаар ажиллах хугацаандаа яллагдагч З.С-той бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах"-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын 4.1.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана", 4.3-т "Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө. 5.1 -д "Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа", 5.2-т "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан хариуцна", 5.3-т "Лавлагаа, мэдээлэл хүссэн албан бичгийн хариуг Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга болон Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтны гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тамга, тэмдэг дарна" гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус албаны бүртгэл, лавлагаа хариуцсан ажилтан 3.Сиргэн Б.Ц нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон байхад иргэн Б.Цэд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2-48/927 дугаартай 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн" мэт тодорхойлолт боловсруулсныг баталгаажуулж, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн тус газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2-4B/2957 дугаартай албан бичигт "Б.Ц нь 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон" гэсэн албан бичигт гарын үсэг зурж, иргэн Б.Цэд давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч З.С нь Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа хариуцсан ажилтнаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах"-д заасныг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж буюу Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын 4.1.1 дэх хэсэгт заасан "Монгол улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана", 4.3-т "Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө", 5.1-д "Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа" гэснийг зөрчиж, яллагдагч М.Ттэй бүлэглэн Монгол улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системд иргэн Б.Ц 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон талаарх бүртгэлийн мэдээллийг авах талаар иргэн Б.Цээс гаргасан хүсэлтийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-48/927 дугаартай тодорхойлолтыг боловсруулахдаа Б.Ц-ийн ашиг сонирхлоор Б. Б.Цийг 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон гэж, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2-48/2957 дугаартай албан бичиг Б.Ц нь 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон гэж тус тус тодорхойлолт боловсруулж, М.Төөр баталгаажуулж гарын үсэг зуруулж Б.Цэд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олгож, давуу байдал бий болгосон гэх хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Б.Ц "Монум" хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөж өөртөө давуу байдал бий болгох санаа, зорилгын үүднээс Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албан байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлтийн лавлагаа, нууцлалт хариуцсан М.Т, З.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Т, З.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Цийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, М.Т, З.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, З.С, М.Т, Б.Ц нарыг цагаатгаж, З.С, М.Т, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хууль зөрчcөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.С нь тус албаны Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтны хувьд эрх бүхийн хууль хяналтын байгууллага болон иргэдээс ирүүлсэн улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн лавлагаа хүссэн албан бичиг, хүсэлтийн дагуу тус газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас шүүлт хийн, холбогдох мэдээллийг гаргах зэрэг ажлын байрны тодорхойлолт тусгагдсан албан үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэвч шүүгдэгч М.Т, З.С нар нь тус албаны дарга Ц.Б-р дамжуулан  холбогдсон шүүгдэгч Б.Цэд анх буюу 2022 оны 4 сард хилийн лавлагаа  гаргаж өгөхдөө З.С нь тус албаны цахим бүртгэлээс шүүлт хийж гаргаж, дээрх лавлагааг М.Т нар нь баталгаажуулсан бөгөөд ингэхдээ Б.Ц нь Монгол Улсад 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон” гэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 183 мэдээлэлтэй танилцаж улмаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4в/395 дугаартай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр...” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Гэвч З.С нь Б.Ц-д дахин 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 дугаартай тодорхойлолтыг боловсруулж гаргахдаа дээрх тодорхойлолтод “...2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон...” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг Б.Цийн ашиг сонирхлын үүднээс буюу “танай программ алдаатай байна...би Америк руу яваад ирсэн юм...” гэсэн аман тайлбар, албан ёсны бус баримтад үндэслэж түүнд дээрх лавлагааг гаргаж өгсөн. Дээрх хоёр лавлагааг гаргуулан авахад яллагдагч Б.Ц нь Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Б-тай холбогдсон байх бөгөөд Ц.Батбаатар Б.Цийг өөрийн албан өрөөнд хүлээн авч уулзаж улмаар М.Тийг өөрийн албан өрөөнд дуудаж “...материалыг нь албан ёсоор бичиг хэргээр дамжуулж ав, материал нь бүрдсэн бол шуурхай гаргаад өгөөрэй гэж” үүрэг өгсөн, хоёр дахь удаа Б.Ц нь тодорхойлолт гаргуулахад Ц.Б нь М.Т рүү харилцаа холбооны хэрэгслээр манай ахын найз ажил дээр ирчихсэн юм шиг байна, материалыг нь аваад маш сайн шалгаж үзээд гаргаж өгөөрэй ” гэж тус тус үүрэг өгсөн бөгөөд М.Т-д удирдлагаас нь Б.Цийн хүсэлтийг сайтар шалгаж, журмын дагуу гаргаж өгөх үүрэг өгөгдөж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Гэвч З.С нь “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл өгөх журам”-ын 4.1.1 дэх хэсэгт зааснаар Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах байдлын  албаны бүртгэлийн нэгдсэн системээс холбогдох мэдээллийг шүүлт хийж хилийн лавлагааг гаргаж, лавлагааг боловсруулах ёстой байтал дээрх үүргээ санаатайгаар хэрэгжүүлээгүй, түүнчлэн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчээс М.Т, З.С нарын хууль бус тодорхойлолт буюу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/927 дугаартай тодорхойлолттой холбогдуулан хилийн лавлагаа авах тухай албан бичигт “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын дагуу хариуг өгөхдөө Б.Цийн Монгол улсын хилээр орсон оныг орхигдуулах замаар тус тус тодорхойлолт хийж өгсөн буюу хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хуурамч тодорхойлолт гаргуулан авсан Б.Ц болон нийтийн албан тушаалтан М.Т, З.С нарын хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Т, З.С нар нь Б.Ц хилийн лавлагаа гаргаж өгөхдөө Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын системийн өгөгдлөөс “2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр орсон” талаарх албан ёсны мэдээллийг шүүж, танилцаж, баталгаажуулах явцдаа дээрх баттай сайн мэдсээр байж хуурамч болон бүрэн бус тодорхойлолтыг удаа дараа гаргаж байгаа үйлдлийг албан үүрэгтэй хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал: Албан тушаалдаа хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн өөрийн үүрэгт хамаарах үйл ажиллагааг явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй... зэрэг ойлгоно гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Т, З.С нар нь тодорхойлолтыг гаргаж өгөхдөө Б.Ц-ийн тодорхойлолттой холбоотой мэдээллийг хэрэв эргэлзээтэй байна гэж үзвэл хилийн лавлагаа хариуцсан Монгол Улсын эрх бүхий байгууллагын цорын ганц албан тушаалтны хувьд өөрийн эрх бүхий дээд удирдлагад, эсхүл мэдээллийг дахин нягтлан шалгах хүрээнд авбал зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэх үйлдэл, үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул дээрх үйлдлийг хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлийг “...энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан тул яллагдагч М.Т, З.С нарын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзнэ. Ийнхүү анхан шатны хурал нь хэргийн нөхцөл байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийн шүүгдэгч М.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1385 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ц-ийг анхан шатын шүүх түүнтэй холбогдох эрүүгийн хэрэг өмнө нь хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор шийдэгдсэн асуудал юм байна. Нэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй үндэслэлээр цагаатгаж түүнтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын давж заалдах шатын шүүхэд гаргасан эсэргүүцэл өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараас үзэхэд Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ шүүхийн өмнө тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Бичгээр гаргасан эсэргүүцээс  Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэхийг зөвшөөрөхгүй байгаа гэсэн агуулга харагдахгүй байгаа.  Улсын яллагчийн Б.Ц-ийг гадаад паспортын хуулбарыг хуурамчаар үйлдсэн, мэдээллийг зассан, Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд гаргаж өгөөд хуурамч мэдээлэл бүхий тодорхойлолтыг гаргуулж авсан. Хуурамч мэдээлэл бүхий тодорхойлолтыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нотлох баримтаар өгөх замаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэдэг үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл прокурорын буруутгаж байгаа үндэслэл өмнө нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдож тогтоогдсон.  Тухайн шийтгэх тогтоолоор Б.Ц-ийн хувьд зээлийн гэрээ байгуулсан үед Монгол Улсад байж, зээлийн гэрээг байгуулсан юм байна. Тухайн гэрээний дагуу мөнгө авч ашигласан юм байна. Авсан мөнгөө төлөөгүй байгаа учраас эргүүлж төлөх нь зүйтэй юм байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрээр давхар нотлогдож тогтоогдсон. Энэ асуудлаар анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол дээр тодорхой дүгнэлтүүдийг хийж хууль зүйн үндэслэл бүхий үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Б.Ц тухайн тодорхойлолтыг гаргуулж авснаар өөртөө давуу байдал олж авсан гэж буруутгадаг. Тухайн тодорхойлолт Б.Ц-д ямар нэгэн байдлаар давуу байдал олгоогүй. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүх зээлийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Ц болон Ц.Т нарыг буруутгаж байгаа тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Тухайн тодорхойлолтод тулгуурлаж ямар нэгэн зээлийн өр төлбөрөөс чөлөөлсөн, хөнгөлсөн, хойшлуулсан шийдвэр гаргаагүй. Эсрэгээрээ зээлийн гэрээний дагуу авсан 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 20,000,000 төгрөг болгож төлөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдээд явж байгаа. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатын шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатын шүүхийн шийдвэрт гаргасан прокурорын эсэргүүцлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээж авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хуулийн хүчин төгөлдөр магадлал гаргасан. Тухайн магадлалаар шүүгдэгч холбогдогч нарын үйлдэл тус бүрийг тодорхой болгож дүгнэх зайлшгүй шаардлагатай гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн өмнө нь гарсан цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. Тухайн магадлалд дурдсаны дагуу хамгийн сүүлд гарсан цагаатгах тогтоолоор холбогдогч нарын үйлдэл тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас энэ шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Т-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан дээр анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай байна.  Дараах 3 үндэслэлтэй байна. Нэг дэх үндэслэл нь “ISM” гэдэг программд нэвтрээгүйгээр гэж үзээд байгаа. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүний хилээр орсон гарсан мэдээлэл нь хувь хүний нууцын асуудал гэж хуульчилсан. Үүнтэй холбогдуулаад Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар таны гаргасан хилийн тодорхойлолт зөрүүтэй байвал түүнийхээ засварлуулах хүсэлтийг холбогдох баримтуудынхаа хамт эрх бүхий байгууллагад нь гаргана гэсэн. Улсын яллагчийнхаа эсэргүүцэлд дурдаад байгаа 4 сарын тодорхойлолтыг олгосон. Б.Ц гадаад паспортынхоо хуулбарыг бариад танай 4 сарын тодорхойлолт чинь буруу байна. Зөв нь гадаад паспортын штабаар нотлогдож байна гэсэн үйл баримт дээр нь баримт болгож өгснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжгүй байна. Гэрч н.Г архивын нэгж болгоогүй устгасан гэж байгаа. Гэхдээ энэ талаарх баримт буюу гадаад паспортын штамптай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргачихсан учраас үүн дээр дүгнэлт өгөхөд цагаатгасан шийдвэр нь үндэслэлтэй байна. Хамгийн сүүлд 6 дугаар сард гаргасан бичиг дээр гарын үсэг зурсан үйл баримтыг улсын яллагч Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлийг баримталж, санаатай, гэм буруугийн хэлбэртэй байна гэж үзэж байгаа. Авлигын эсрэг конвенцын агуулгыг нь харахаар үйл баримтын нэгдлээр буюу бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэсэн. Цагаатгах тогтоол дээр бодит үйл баримт, нөхцөл байдлуудаас нь санаатай гэм буруугийн хэлбэртэй гэж дүгнэх боломжгүй гэдгийг цагаатгах тогтоол дээр дурдсан учраас анхан шатны цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсан гэж үзэж байна. Улсын яллагч Ц.Т, З.С нарыг бүлэглэн үйлдэхдээ гэдэг дээр 5, 6  дугаар сарын албан бичгүүдийг үндэслээд байдаг, 5 дугаар сарын эхний бичиг нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар мэдээллээ засварлуулсан үйл баримт байна. 6 дугаар сарын албан бичиг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой албан бичиг байгаа. Үүн дээр орсон он нь үлдээгдсэн нь өөрөө тухайн албан бичгийн агуулгад нөлөөлөхгүй гэдэг нь илэрхий харагдаж байгаа. Эдгээр үйл баримтыг нягтлан шалгаагүй үүрэг биелүүлээгүй гээд байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй. Мөн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй учраас анхан шатын цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...”  гэв. 

Шүүгдэгч М.Т-ийн өмгөөлөгч Г.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны 1385 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь Ц.Т нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй Ц.Т-н үйлдлийн улмаас өөрт нь болон бусдад давуу байдал үүсэх нөхцөл байдал байхгүй. Ц.Т-ийн үйлдлээс Б.Ц-д давуу байдал олгогдоогүй. Б.Ц 5,000,000 төгрөгийн зээлийг 20,577,000,000 төгрөг болгож төлөхөөр гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Төгс нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн эрх ашиг сонирхлоор гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хэргээс харагдаж байдаг. Ц.Т Б.Ц-ийг танихгүй бөгөөд З.С, Б.Ц нартай харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэлд байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэгт авсан нотлох баримтуудаас харахад албан тушаалдаа хайнга хандсан нөхцөл байдал байдгийг үгүйсгэхгүй. Энэ нь З.С-гийн гаргаж өгсөн тодорхойлолтыг хяналгүйгээр гарын үсэг зурсан нөхцөл байдалд байдаг. Үүнийг хайнга хандсан нөхцөл байдал гэж үзнэ.  Иймд 2023 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1385 тоот цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул хэвээр үлдээлгэх саналтай байна. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэл бүхэлдээ үндэслэлгүй.  Ц.Т, З.С, Б.Ц нарын хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.  Энэ үйл явдлыг тогтоох үүрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, хянаж байгаа прокурорт байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Ө.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Т-ийн эрх ашгийг хамгаалж өмнөх хоёр өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Дан ганц объектив шинжид суурилсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Үүний цаана субьектив шинжүүд яригдаж байх ёстой. Прокурорын зүгээс Ц.Т-ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж хэлээд байгаа боловч субьектив талынх нь гол шинж буюу тэр санаатай хэлбэрээ тодорхойлж чадаагүй орж ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1385 дугаартай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Иймд тогтоолыг хэвээр үлдээж эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Харилцан ашиг сонирхол байгаа гэж хэлээд байгаа боловч нотлох баримтаар нотлогддоггүй. ...” гэв.

Шүүгдэгч З.С-гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбаруудыг гаргаж байна. Эсэргүүцэлд хоёр зүйл дурдагдаад байна. Нэгдүгээрт З.С нэгдсэн системээс холбогдох мэдээллийг шүүлт хийж хилийн лавлагааг гаргаж лавлагааг боловсруулах ёстой байтал дээрх үүргээ санаатайгаар хэрэгжүүлээгүй гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.С эхний удаа программаар шүүлт хийгээд лавлагааг нь гаргаж үнэн бодитой лавлагааг гаргаж өгсөн байдаг. Хоёр дахь удаа бол Б.Ц ирээд танай программ алдаатай байна миний гадаад паспорт дээр штабт дарагдсан гэсэн баримтаа авчирч ирсэн. Иргэний авчирсан баримт бичигт нь үндэслээд  дараагийн лавлагаа нь гарсан үйл баримт болсон байдаг. Тэгтэл прокурорын зүйлчлээд байгаа гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл Ц.Т З.С нар нь Б.Ц-ийг танихгүй. Тэдгээрийн хооронд ямар нэгэн холбоо хамаарал ашиг сонирхлын зөрчил байхгүй. Б.Цийг хуурамч штамб дарсан гадаад паспортын хуулбар авчирсан гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Б.Цийн ашиг сонирхлын үүднээс санаатайгаар лавлагаа гаргаж өгсөн гэдэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Санаатай гэдэг шинж нь нотлогдохгүй байхад тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байгаа. Хоёрдугаарт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан албан бичгийг эсэргүүцэлдээ дурдаад байгаа. Б.Цийн Монгол Улсын хилээр орсон огноог орхигдуулах замаар тус тус Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн эдгээр нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хуурамч тодорхойлолт гаргуулан авсан Б.Ц болон Ц.Т З.С нарын хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн гэж үзэх нь үндэслэлтэй гэж эсэргүүцэлтэй бичээд байгаа юм. Иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтод 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр онгоцоор гарсан 9 дүгээр сарын 17-ны өдөр улсын хилээр орсон бүртгэл авагдсан байна гээд зөвхөн он бичээгүй гэдгээрээ буруутгаад байгаа юм.  Тодорхойлолт гаргасныг гэмт хэргийн шинж гэж үзэхгүй байгаа хэр нь өмнөх хуурамч нотлох баримт гаргаж өгөөд байгаатай холбогдуулаад уялдуулж оруулаад байгааг ойлгохгүй байгаа юм. Хил хамгаалах ерөнхий газраас гардаг бусад тодорхойлолтууд нь тухайн он дотроо оныг дахин дурдаж бичдэггүй. Өөр он байвал дараагийн оны огноог нь бичээд явдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас санаатайгаар хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэдгийг нотлох гээд байгаа юм уу,  прокурорын бичээд байгаа эсэргүүцлийн утгыг нь ойлгохгүй байна. Прокурор өөрөө эсэргүүцэл дээрээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1385 дугаартай тогтоолоор хэргийг цагаатган шийдвэрлэсэн гээд эсэргүүцлийн эхний хэсэгт биччихсэн байгаа. Өөрөө ч гэсэн огноо дугаарын алдаатай эсэргүүцэл биччихсэн байгаа юм. Үүнийг ажилдаа хайнга хандаж байгаа хэлбэр гэж харагдаж байна. Огноо дугаарыг буруу тавихаар 11 дүгээр сарын 07-ны өдрийн цагаатгах тогтоол дээр бичигдэж байгаа эсэргүүцэл гэж үзэхэд  эргэлзээ төрж байна. Баянзүрх эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1385 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсөн үндэслэл бүхий шийдвэр байна.  Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :  

1.  Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Яллах дүгнэлт, хэргийн үйл баримтаас үзэхэд : Хил хамгаалах ерөнхий газрын нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтан М.Т, Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа хариуцсан ажилтан З.С нар бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж :    

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын 4.1.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын хилийн нийт боомтуудаар 2007 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагааг шүүж гаргана", 4.3-т "Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд шүүлгэх хугацаа тодорхойгүй тохиолдолд хамгийн сүүлд улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх мэдээллийг шүүж хариу өгнө.

5.1 -д "Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрийн кодоор нэвтэрч, мэдээллийн сангаас хайлт хийн, улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл, лавлагаа гаргана", 5.2-т "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, мэдээлэл авах хүсэлтэд хариу өгөх, үнэн зөв байх  асуудлыг “Нууц, мэдээллийн аюулгүй албаны бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан хариуцна",

5.3-т "Лавлагаа, мэдээлэл хүссэн албан бичгийн хариуг Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга болон Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтны гарын үсгээр баталгаажуулж, байгууллагын тамга, тэмдэг дарна" гэх заалтууд /1хх-18-20/, албан тушаалын байдлаар хүлээсэн эрх, үүргээ тус тус ноцтой зөрчиж, улмаар иргэн Б.Ц 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Буянт-Ухаа боомтоор орсон байхад иргэн Б.Ц-д 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2-48/927 дугаартай 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн" мэт тодорхойлолт боловсруулж, баталгаажуулсан, мөн М.Т нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн тус газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2-4B/2957 дугаартай албан бичигт "Б.Ц нь 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн СА-901 дүгээр аяллын онгоцоор улсын хилээр орсон" гэж гарын үсэг зурж, баталгаажуулан тус тус иргэн Б.Цэд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон байх ба тус шүүгдэгч нарын хувьд иргэн Б.Ц-д удаа дараа лавлагаа өгөхдөө “албан тушаалын байдлаа урвуулж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн”, шүүгдэгч Б.Ц нь М.Т, З.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт хамаарах дараах нотлох баримтууд тус хэрэгт цугларч, бэхжигджээ. Үүнд :   

- гэрч Д.Г-ийн /Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албаны цахим бүртгэлийн оператор мэдүүлэг /1хх-10-11/, гэрч Ж.Н-ийн /Хил хамгаалах ерөнхий газрын Нууцын албаны дарга/ мэдүүлэг /1хх-13-14/, гэрч З.Долгормаа /2хх-188/,   М.Тийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-16-17/, З.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-22-23, 28/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-202-203, 205/, гэрч Ц.Б-ын мэдүүлэг /1хх-30-31/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1хх-33-34/, Б.Ц-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-19-20, 3хх-79-80/, хууль бусаар үйлдсэн гэх баримт /1хх-182/, Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчдын албан тушаалын эрх, үүрэг буюу ажил байдлын тодорхойлолт /1хх-187-192, 217-222, 2хх-227-239/, Хил хамгаалах ерөнхий газрын нууцын албаны өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-29-33/, Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөхдөө Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар батлагдсан "Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл өгөх журам” /2хх-18-21/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журам /1хх-106-115/ зэрэг болно.

Тус нотлох баримтууд болон 2022 оны 04 сарын 20 өдрийн тодорхойлолт : “Монгол Улсын иргэн Б.Ц (РД:00000000, ПД:00000000) нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн СА-956 дугаар аялалын онгоцоор гарсан, 09 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн Са-901 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна /1хх-183/,

2022 оны 05 сарын 13-ний өдрийн тодорхойлолт : “Монгол Улсын иргэн Б.Ц (РД:Ч000000000, ПД:Е0911620) нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн СА-956 дугаар аялалын онгоцоор гарсан, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн Са-901 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна /3хх-115/,

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг:Б.Ц (ПД:0000000) Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн СА-956 дугаар аялалын онгоцоор гарсан, 9 сарын 17-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн Са-901 дүгээр аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна /1хх-184/,

2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт : Батаагийн Б.Ц (РД:00000000) хил нэвтэрсэн огноо 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарах, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны орсон гэх баримт /2хх-26-27/ зэргийг бүхэлд нь шалгахад тухайн лавлагааг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан буюуISM” гэх нууцлагдсан, аюулгүй байдал бүрэн хангагдсан системээс заавал шүүж гаргадаг, тус системд зөвхөн М.Т, З.С нар нууцын эрх олгогдсоноор нэвтрэх эрхтэй атлаа иргэн Б.Ц-эд удаа дараа лавлагаа өгөхдөө анх удаад зөв гаргасан атлаа дахин лавлагаа өгөхдөө “албан тушаалын байдлаа урвуулж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн” байдал илэрсэн байна.   

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ : шүүгдэгч тус бүрийн эрх зүйн статус, гүйцэтгэсэн үйлдэл, оролцоо, гэмт санааны агуулга, чиглэл, албан үүргээ зөрчсөн үйлдэл зэрэгт хамаарах бүхий л нотлох баримтын эх сурвалж, шүүх хуралдааны оролцогч, талуудаас гаргасан дүгнэлтүүдийн хүрээнд эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан үндэслэл, эх сурвалжийг зааж буюу эргэлзээгүй бөгөөд хангалттайгаар дүгнээгүй байх тул анхан шатны  шүүхээс “бүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй” гэснийг зөвтгөх үндэслэлгүй.  

Тодруулбал, анхан шатны шүүх цагаатгах ба яллах талын нотлох баримтуудын хувьд аль хэсэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу нотлох баримтыг шалгаж, үнэлэн дүгнэж чадаагүй байх бөгөөд шүүгдэгч М.Т, З.С нарыг “таамаглалд үндэслэн ажилдаа хайнга ханджээ” гэж бичихдээ хэрэгт  бүхэлдээ хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэхүйц нотлох баримтын олон тооны эх сурвалжийг зөвхөн нэрлэн тоочиж бичсэн /4хх-212-213/ нь “таамагласан шинж”-ийг агуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг тэмдэглэж байна.  

Зөвхөн хуулийн нэр томъёоны тодорхойлтоор аливаа гэмт хэргийн шинжийг хийсвэрлэх байдлаар нотлох эсхүл үгүйсгэх боломжгүй бөгөөд гагцхүү тухайн гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд гэмт хэрэг зүйлчлэх онол, Эрүүгийн хуулийг тайлбарлах арга зүйг ашиглаж, улмаар  эрүүгийн хэрэгт цугларч, шинжлэгдсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжуудыг нягт, бүрэн, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлсний эцэст тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгааг шүүгдэгч тус бүрийн хувьд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр дүгнэсэн байх шаардлагатай. 

2. Төрийн мэдээллийн сангаас авсан баримтад “З.С” гэж бичигдсэн /1хх-41/ байтал прокурор яллах дүгнэлт, бусад шийдвэр үйлдэх бүртээ ”З.С” гэж бичсэн нь илтэд ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн байх ба тус алдааг зөвтгүүлэх асуудал орхигдсон байгааг анхаарах нь зүйтэй.    

3. Тус хэрэг өмнө нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан байх ба тус шүүхийн магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй” талаар тодорхой дүгнэсэн байтал /4хх-132-138/ анхан шатны шүүхээс “шүүгдэгч нарыг таамаглалд үндэслэн хайнга хандсан” гэж бичихдээ “магадлал”-ын агуулга, үндэслэлийг мушгин гуйвуулах буюу иш татсан байгааг анхааруулж байна.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 1.2  1.3 , 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэх” зэрэг үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 2023/ШЦТ/1385 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.    

Шүүгдэгч М.Т, З.С, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :        

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн 2023/ШЦТ/1385 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хангасугай.      

2. М.Т, З.С, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдсугай.   

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР