| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0374/э |
| Дугаар | 425 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М холбогдох эрүүгийн 1806 0068 60261 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.М /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэнд Оргил авто засварын гадаа иргэн Б.Даваадоржийн жолоодож явсан 13-49 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд салхины шил, толь урд крыло, капот, гэрлийн хүрээ зэрэг автомашины эд ангийг хүрз болон гараараа цохиж, хууль бусаар устган гэмтээж ирсэн А.Санждоржид 675.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр архи уусан байсан. Надтай хамт байсан хоёр эмэгтэйгийн нэг нь надаар машинаа засуулдаг байсан. Нэг эмэгтэй нь сууж байгаад гараад явсан. Тэгээд удаагүй гаднаас нэг залуу орж ирээд найз охиноо авъя гэж хэлэхээр нь тэр эмэгтэйгээс “найз залуу чинь юм уу” гээд асуусан чинь би танихгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай би муудалцаад, миний гар утсыг аваад зугтаачихлаа гэж бодоод ийм зүйл болсон. Утас маань тэгсэн хашаанд байсан. Архи ууж хүний юм эвдсэн нь миний буруу гэв.
Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө өөрийн хувийн авто засварын газарт ажиллаж амьдарч байсан юм. Тэр үед зүс таних урьд өмнө 1-2 удаа уулзаж байсан эмэгтэй ирсэн байсан. Тэгээд бид нар хамт архи ууцгаасан. Тэгсэн тэр эмэгтэйчүүдийн нэг нь сууж байгаад гараад явсан байсан. Тэнд нэг эмэгтэй үлдсэн байсан. Тун удалгүй үл таних залуу орж ирээд найз охиныгоо авъя гэсэн. Тэгэхлээр нь би тэр эмэгтэйгээс энэ юун залуу вэ гэж асуухад би танихгүй байна гэх асуудлаас болоод тэр орж ирсэн залуутай маргалдсан. Харилцан цохиж зодолдсон. Тэр хооронд тэнд байсан эмэгтэй гараад зугтаасан. Нөгөө залуу ч бас зугтаасан. Би араас нь хөөгөөд гартал грашийн өмнө цэнхэр өнгөтэй Тоёота Приус 20 маркын машин байсан. Нөгөө залуу өөрөө зогсож байсан. Би тэр залуутай ахиад ноцолдсон. Нөгөө залуу зугтаачихсан. Тэгэхлээр нь би машиных нь цонх толийг нь хагалчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-28 дугаар хуудас/,
Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэг асуудлын талаар сайн мэдэхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21-22 цагийн үед өөрөө хөдөө явах болоод хуурай ах Даваабаярт өөрийн эзэмшлийн 13-49 УБӨ улсын дугаартай автомашиныг түр хэрэглүүлж байсан юм. Маргааш өдөр нь ирээд өөрийнхөө машиныг авах гэхэд миний машины цонх, шил, толь, ар, урд хаалганы бариул, салхины шилний хөмсөг, копут гэх зэрэг эд ангиудыг маань эвдлэж сүйтгэсэн байсан. Даваабаяр тэр шөнөдөө хэргийн газартаа цагдаа дуудсан байсан. Тэгээд миний машиныг түүнээс хойш 10 хоногийн дараа засаж янзалж, намайг хохирол гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.13-ны өдрөөс 14-ийг шилжих шөнө 01 цаг 20 минутийн орчимд би Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 92 сургуулиас доош явах замд байрлах Мэнд-Оргил авто засварын газрын орчимоор машинтайгаа явж байхад зам дээр 30 орчим насны эмэгтэй, гар өргөөд зогсож байхаар нь би суулгаад хаа орох юм гэтэл уг эмэгтэй надад хандаж манай найзын гутал цүнхийг энэ засварын залуу авчихаад явуулахгүй байна, та ороод туслаад өгөөч гэхээр нь би уг эмэгтэйн хамт дотогш ортол, нэг эмэгтэй байсан, би түүнийг явъя гэтэл цаанаас нь их хэмжээний согтуу 40 орчим насны залуу гарч ирээд, чи юу юм, гэхээр нь би энэ эмэгтэйг авч явах гэсэн юм гэтэл тэр залуу, би явуулахгүй гээд агсамнаад байсан. Тэр үед нөгөө хоёр эмэгтэй гүйж гараад зугтаагаад өөр машин зогсоогоод жолоочийг нь над руу явуулсан байсан. Тэгтэл агсамнаад байгаа залуу гражнаас гараад миний машины салхины шил рүү гараараа цохисноо, буцаж ороод хүрз барьж гарч ирээд миний машины урд салхины шилийг цохиж хагалаад, хоёр толийг нь гараараа хуга цохисон. Мөн арын номерны хаалтыг хуга татсан. Нийт 675.200 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,
Авто машины техникийн үнэлгээний тайлан /хэргийн 12-15 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мэнд Оргил авто засварын гадаа иргэн Б.Даваадоржийн жолоодож явсан 13-49 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд салхины шил, толь урд крыло, капот, гэрлийн хүрээ зэрэг автомашины эд ангийг хүрз болон гараараа цохиж, хууль бусаар устган гэмтээж иргэн А.С 675.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.