Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/103

 

    

 

 

 

 

   2024            1              17                                        2024/ДШМ/103         

                       

                                                                                         

З.Б, М.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар,

цагаатгагдсан этгээд З.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

цагаатгагдсан этгээд М.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

цагаатгагдсан этгээд Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1157 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Нямдорж, Л.Содбаяр нарын хамтран бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 67 дугаар эсэргүүцлээр З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох 1702000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаан овгийн З.Б, 1974 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................. тоотод оршин суух, /РД: ..................../;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч хийх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            2. Боржигон овгийн М.Б, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 нөхөр, 4 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ..........................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

            3. Алтан овгийн Ж.Б, 1963 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт мэргэжилтэй, “Идэр” их сургуулийн Гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХВ63110461/;

З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-Барилга хот байгуулалтын яамны “Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын” хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрийн 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүрэг өгсөн,

-Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга хот байгуулалтын сайд З.Бд зөвшөөрөл олгосон шинжтэй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

-Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн группХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

-Барилга хот байгуулалтын яамны “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга”- аар ажиллаж байсан М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулан,

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

М.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн Албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

- М.Б нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Ж.Бнь Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа М.Б, З.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч,

“Бэрэн групп” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол, Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан” ...энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг” ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт, Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгонихайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй,” гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, 1702 0000 00075 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хавтас орон сууцны гэрээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалж, шүүгдэгч З.Б өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 258 тоот Ү-2204002746 бүртгэлийн дугаартай орон сууц, шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г1423001563 дугаар бүхий гэрчилгээтэй 200 м/кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг  битүүмжлэгдсэнийг тус тус хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох, уг хэргийн гэрч болон яллагдагчаар татсан хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж, Л.Содбаяр нарын хамтран гаргасан эсэргүүцэлдээ: “...Хууль тогтоогчоос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албаны тушаалын байдлаа урвуулан ашигласан улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэж; Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” гэж тус тус хуульчилсан ба албан тушаалаа зүй бусаар ашиглан хувьдаа материаллаг ашиг олохгүй ч албан үүргээ танил тал, найз нөхөд, нутаг усны гэх мэт алагчилсан, олон нийтэд ашиг сонирхлын зөрчил үүссэнийг хувийн ашиг сонирхол гэж ойлгохуйц нөхцөл байдлаар тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Б нь албаны эрх мэдэл буюу албаны тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсын төсөвт хүнд хор уршиг учруулсан, “Бэрэн Групп” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдлууд нотлогдож, тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үздэг.

Харин шүүгдэгч З.Б өөртөө ямар эдийн болон эдийн бус давуу байдал бий болсныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасан, хэрэв нотлогдсон бол тус гэмт хэрэг Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг, заалтад заасан өөр гэмт хэргээр давхар зүйчлэгдэх байсан байх, гэтэл шүүх албан тушаалтны хувийн ашиг сонирхол, өөрт бий болгосон, эдийн болон эдийн бус давуу байдлыг нотлох ажиллагаа хийгдээгүй гэж шүүгдэгч нарыг бүхэлд нь цагаатган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь: Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан ба шүүхийн тогтоолд тусгасан шүүхээс дүгнэсэн үйл баримт, прокуророос ялласан үйл баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг бүрэн тодорхойлох боломжтой, мөн анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар улсын яллагчаас бүрэн тодорхойлсон байдаг.

Прокуророос хавтаст хэргийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн 340 дугаартай яллах дүгнэлтэд бусдад давуу байдал бий болгосон гэх үг, үсэг, өгүүлбэр тусгагдаагүй. Харин шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас бий болсон нөхцөл байдал, үүссэн үр дагаварт дүгнэлт хийхдээ аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж дүгнэлтэд дурдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн хэсгийг тодруулан заасан 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд “Давуу байдал”-ыг, мөн 2012 онд батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “хувийн ашиг сонирхол”-ыг тус тус тодорхойлсон ба улсын яллагчийн дүгнэлтэд хуульд заасан шинжийг дурдсан нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүх хавтаст хэргээс Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон бууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн үйлдэлд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой юм. Мөн урьд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжид энэ талаар тусгасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/60 дугаар магадлалаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байхад цагаатгах тогтоолд тусгасан байгаа нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Шүүгчийн захирамжийн 1,4, 5 дахь заалтын хувьд: Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоохоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий яллагдагч нараас удаа дараа мэдүүлэг авсан, мөн шүүхийн шатанд сэдэлт санаа зорилгыг тогтоохоор шүүгдэгч нараас мэдүүлэг авсныг үнэлэлгүй сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж заасан.

Шүүгдэгч З.Б, Ж.Б, М.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 14.993.676.800 төгрөгийн үнэ бүхий гэрээг “Бэрэн групп” ХХК-тай байгуулж, тухайн мөнгийг “Бэрэн групп” ХХК-д олгосон нь энэ гэмт хэргийн хувьд хохирол гэж үзэх үндэслэлийг бий болгосон. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаагаар хохирлыг тогтоогоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 16.15 дугаар зүйлийн 2, 39.6 дугаар зүйлүүдийг зөрчсөн болно. Авлигын гэмт хэргийн хор уршиг нь өөрт байгаа эрх мэдлийг ашиглаж бусдад давуу байдал олгосноор бусдад шударгаар өрсөлдөх, улмаар төрд итгэх иргэдийн итгэл алдагдах хор уршиг учирдаг бөгөөд шүүхээс хор уршиг учраагүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд шүүгдэгч З.Б нь 2016 оны төсөвт суугдсан хөрөнгийг захиран зарцуулсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, төсөвт суугдсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрх нь нээлттэй хэдий ч зориулалтын дагуу зарцуулахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчсөн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргалгүй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт” заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байхад төсөвт суугдсан хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь хамааралгүй, зориулалтын дагуу зарцуулсан тул гэмт хэргийн шинжгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаатай санал нийлэхгүй байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын хувьд: Шүүгдэгч З.Б нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажпыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон үйл баримт хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байхад С.Магнайсүрэнд олгосон чөлөөний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл байх бөгөөд тус өдөр нь бүх нийтээр амрах амралтын өдөр байх тул дараагийн ажлын өдрөөс эхлэн С.Магнайсүрэнгийн чөлөөний хугацаа болон М.Бгийн уг албан тушаалын бүрэн эрх дуусахаар байж. З.Бүйлдлийг ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж буруутгах нөхцөл болохгүй байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект байхад “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мтэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд шүүгдэгч З.Б олгосон үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нь бүх нийтээр амралтын өдөр тул дараагийн ажлын өдрөөс С.Магнайсүрэн нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээгдэнэ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дээрх гэрээ нь бүх нийтээр амрах өдөр байгуулагдаагүй ба 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буюу М.Бгийн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрх дуусгавар болсон өдөр байгуулагдсаныг түүнийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхдаа гэрээ байгуулсан үйлдэл тул гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын хувьд: Шүүгдэгч М.Бгийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн эрх хэмжээний хувьд дээрх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү захирах, захирагдах харилцааны үндсэн дээр ажпын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэснийх нь төлөө шүүгдэгч М.Бг З.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн түүнчлэн энэхүү гэрээ нь Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг үндэслэсэн бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар байгуулах ёсгүй гэрээ, гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэснийг мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Тодруулбал, иргэн С.Магнайсүрэнд Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар тогтоолоор 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн албан ёсоор Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээгдсэн. М.Бгийн хувьд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон буюу тус албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах эрхгүй байхад нь З.Бэс буюу удирдах албан тушаалтнаас өгсөн үүргийг гүйцэтгэсэн нь захирах, захирагдах ёсонд нийцэх тул гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж тус тус дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1157 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Мөрдөн шалгах ажиллагаагаар З.Бүйлдэл нь гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг тогтоогоогүй” гэж дүгнэсэн. Монгол Улсын нэгдсэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь: Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан ба шүүхийн тогтоолд тусгасан шүүхээс дүгнэсэн үйл баримт, прокуророос ялласан үйл баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг бүрэн тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр түүний сэдэл, санаа зорилгыг тогтоох боломжтой. Дээрх конвенцыг шүүх хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хувьдаа материаллаг ашиг олохгүй ч гэсэн албан үүргээ найз нөхөд, танил, нэг нутгийнх гэж алагчлан олон нийтийн ашиг сонирхолд үүссэн нөхцөлийг хувийн ашиг сонирхол гэж ойлгох нөхцөл байдлаар тодорхойлсон. Мөн анхан шатны шүүхээс “гэмт хэргийн хохирол, хор уршгийн асуудлыг тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп”-ийн захирал Б.Мтэй байгуулсан гэрээний үнийн дүн 14.993.676.800 төгрөг байдаг. Уг гэрээтэй холбоотой төлбөр баталгаажуулах төлбөрийн гэрээний биелэлт дүгнэсэн актууд хэрэгт авагдсан. Мөн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр байр авсан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг дүнг 14.993.676.800 төгрөг гэж илүү тогтоосон. Үүний зөрүү мөнгийг хохирол тооцсон байгаа. Эдгээр баримтуудад үндэслэж хохирлыг тооцох бүрэн боломжтой атал шүүх дээрх нотлох баримтуудыг яагаад үнэлээгүй талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй. Барилга хот байгуулалтын сайдын хувьд төрийн орон сууц худалдан авах үүргийг З.Б хэрэгжүүлж байсан. Түүний эрхлэх асуудлын хүрээнд байсан. Тухайн төслийг оруулах ажлыг З.Б өөрөө оруулсан. Мөн түүнчлэн “Бэрэн групп” ХХК-ийг оруулсан асуудал байдаг. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд “Бэрэн групп” ХХК-аас Барилга хот байгуулалтын сайдад хандан Түрээсийн орон сууцны корпорацид орох хүсэлтэй талаараа албан бичиг хүргүүлдэг. Мөн өдөр тухайн албан бичиг очсон даруйд буюу 1-2 цагийн дотор шууд Барилга хот байгуулалтын сайдаас Түрээсийн орон сууцын корпароцид “Бэрэн групп” ХХК-аас “байр авъя” гэдэг байдлаар хандсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэхүү асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Засгийн газрын ерөнхий сайд болон бусад гишүүдийн хувьд албан тушаалын байдалдаа хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй болохыг прокуророос дүгнэсэн. Хайнга хандсан гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул яллагдагчаар татаагүй нөхцөл байдал байдаг. Түүнчлэн,  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тухайн ажиллагаа нь хамаарахгүй байна” гэж дүгнэсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь 2005 оны хууль бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт “засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж заасан. Гэхдээ уг хуулийн зохицуулалт нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт заалтаар орсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2016 онд дээрх хуулийн зохицуулалт ороогүй байсан. Өмгөөлөгч нарын зүгээс дээр дурдсан хуулиар явахгүй гэж маргадаг. Хэдийгээр, анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт орохгүй гэж дүгнээгүй боловч “энэ нь төсвийн хөрөнгөөр хэрэгжээгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуульд зааснаар өөрөөр дүгнэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд өөрчлөлт орсон хуулийг хэрэглэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа яллах дүгнэлтэд дурдсан маш олон гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан байдаг. Эдгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь ямар баримтуудаар үгүйсгэгдэж байгаа талаар шүүхийн цагаатгах тогтоолд дурдаагүй. Тухайлбал, цагаатгах тогтоолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн мэдүүлгийг 2 удаа иш татаж З.Б, М.Б, Ж.Бнарыг гэм буруугүй гэж үзсэн байдаг. Гэтэл Засгийн газар тусдаа албатай. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Солонго болон тухайн Засгийн газрын төсөл боловсруулахтай холбоотой Засгийн газрын хуралдааны холбогдох төрийн жинхэнэ мэргэжлийн албан хаагч нар “өрсөлдөөний хэм хэмжээ зөрчиж байгаа. Худалдан авах журмаар явуулах ёстой. Засгийн газрын тогтоол шууд компанийн нэр зааж байгаа нь буруу байна” гэх мэт асуудлыг мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт хангалттай авагдсан. Эдгээр мэдүүлгүүдийг шүүх яагаад үнэлээгүй талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй. Зөвхөн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгийн мэдүүлгийг үнэлж, дүгнэсэн нь шүүх цагаатгах тогтоолд гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн түрээсийн орон сууцад нэр бүхий 177 иргэнийг түрээсийн орон сууцад хамруулах тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн албан бичгийг хүргүүлэхэд Ж.Бг хамтран оролцсон гэж дүгнэсэн. Учир нь, тухайн 177 иргэнээс 25 иргэн нь З.Бхамаарал бүхий этгээд нар байсан. Эдгээр 25 хүмүүс бүгд мэдүүлэг тайлбараа өгсөн. Мөн тухайн жагсаалтаас хасагдсан хүмүүс ч мөн адил мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг. Монгол Улс бол ардчилсан болон шударга ёс, тэгш байдлыг хангах ёстой. Гэтэл яамны сайд нь Засгийн газрын шийдвэр гарсан гэж өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг тухайн орон сууцад хамруулахаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн Засгийн газрын ерөнхий сайд нь төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх, ажилд томилохтой холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл сайдын тушаалаар Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэнг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, С.Магнайсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажилдаа орохоор ирсэн байдаг. Гэтэл “сайдтай ярьж байж болно” гэж С.Магнайсүрэнд өөрийнх нь ажил үүргийг өгөөгүй нөхцөл байдал байдаг. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ “С.Магнайсүрэнг томилж чөлөөлөх эрх нь сайдад байна. Иймд түүнийг эргүүлж томилсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрт 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа заасан. 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн С.Магнайсүрэнгийн ажил үүргээ гүйцэтгэх боломж нь хууль эрх зүйн хувьд бүрдэх ёстой. Мөн түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолд З.Б, М.Б, Ж.Бнарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээгүй бөгөөд харин нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүйн гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан. Яллах дүгнэлтэд авагдсан яллах талын бичгийн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх тогтоогоогүй. Энэ хэрэг шүүхээс 2 дахь удаагаа цагаатгагдсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 1 удаа цагаатгагдахад давж заалдах болон хяналтын шатны шүүхээс цагаатгасан нь үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн, хэргийг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн үйл баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Мөн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд цугларсан талаар хяналтын шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ...” гэв.  

Иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан хууль зүйн үндэслэлтэй хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Энэ хэрэг анхан шатны шүүхээс 2 удаа цагаатгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “яллах дүгнэлт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй” гэсэн агуулгаар шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчөөгүй. Энэ талаар прокурорын эсэргүүцэлд ч дурдаагүй байна. Прокурорын эсэргүүцэлд үйл баримтын талаар болон гэмт хэргийн санаа, сэдэл зорилгын талаар дурдсан. Хэрэг маргаантай холбоотой асуудал нь анх 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Түрээсийн орон сууц батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 248 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 298 дугаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Уг тогтоолд “Бэрэн групп” ХХК болон хохирол гэж яригдаад байгаа асуудалтай холбоотой үнийн дүнг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, компанийн нэрийг болон 15 тэрбум гэж тодорхой зааж өгсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гэсэн асуудлаар “Бэрэн групп” ХХК холбогдож орж ирсэн. Яллах тал зөвхөн нэг талыг барих үүднээс “Бэрэн групп” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөх субъект гэж иргэний хариуцагчаар татаж байгаа нөхцөл байдалд шууд үр дагавар байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Одоогийн байдлаар шууд учирсан хохирол, үр дагавар буюу улсын яллагч нарын оруулж ирж байгаа материалд хохирогч байхгүй. Иймд энэ асуудлыг хууль тогтоох байгууллага болох парламент 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Төсвийн тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтад “2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 71 дүгээр зүйлд “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр салбаржих хөтөлбөрийн хүрээнд” гэж заагаад хавсралтад “Бэрэн групп” ХХК-д “Хангай” хотхоны 3 дугаар орцны 213 айлын орон сууц худалдан авах 14.993.000 төгрөг гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Бэрэн групп” ХХК-тай холбоотой гэрээ байгуулсан асуудал нь дээр дурдсан Төсвийн тухай хуулиар нэг мөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хуульд яллах дүгнэлт үйлдсэн нөхцөл байдалд иргэний хариуцагчаар “Бэрэн групп” ХХК-ийг оруулж ирээгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай үйлдлийн улмаас шууд учирсан шууд хохиролтой холбоотой тохиолдолд “Бэрэн групп” ХХК-ийг иргэний хариуцагч болох боломжтой. Гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг яллах тал мэтгэлцээд нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжгүй гэдэг нь олон удаагийн цагаатгах тогтоолоор тодорхой болсон. Иймд Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Төсвийн тухай хуулийг “Бэрэн групп” ХХК бүрэн гүйцэтгүүлэхэд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээг “Бэрэн групп” ХХК бүрэн хэрэгжүүлж хүлээлцсэн актаар хүлээлгэж өгсөн нөхцөл байдал байгаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан явуулахад тендерт орох ёстой байсан гэсэн асуудал яригддаг. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад яригдах хууль юм. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Засгийн газар үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авдаг. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, бараа, аж ахуй, үйлчилгээ харьяалагдахгүй учраас яллах дүгнэлт болон прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа бараа, ажил үйлчилгээтэй холбоотой асуудлаар гэрээ байгуулсан тул заавал тендер зарлах ёстой гэсэн нөхцөл байдал биш юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах асуудал юм. Хохирлыг тооцоогүй. “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар 2.000.000 төгрөг төлөөд Авлигатай тэмцэх газар зөрүү мөнгө гаргадаг. Эхлээд 920.000.000 төгрөг, дараа нь 1 тэрбум 300 сая гэж гаргаж ирдэг. Сүүлдээ 14.993.676.800 төгрөг гэж гардаг. Ийм ялгаатай 3 дүн хохиролтой холбоотой асуудалд яригддаг. Гэтэл “Хөрөнгө эстимэйт” ХХК нь Төсвийн тухай хуульд дурдсан төсвийн санхүүжилтийн асуудлыг нэгэн хувийн компани гаргадаг. Үүнийг Төрийн үндэсний аудитын газар хянаж шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, яллах тал нотлох баримтаар Төрийн үндэсний аудитын газрыг оруулж ирэх ёстой байсан. Мөнгө бодитой үнэн зөв зарцуулагдсан эсэх талаар дүгнэлтийг Төрийн үндэсний аудитын газар гаргах ёстой атал хувийн компаниар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр гарсан зөрүү мөнгийг хохирол гэж тооцсон нөхцөл байдал байдаг. Бодит байдал дээр 223 айлын орон сууцыг 1м.кв-ыг 1.800.000 төгрөгөөр бодогдсон. Улс 7 жилийн өмнө хүлээж авсан. Эцэст нь иргэд түрээсийн орон сууцтай болсон. “Бэрэн групп” ХХК нь гэрээний үүрэг болон Засгийн газрын тогтоол, Төсвийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэрэг шалгагдаад 7 жил болж байна. Прокурорын яллах дүгнэлтэд анх Авлигатай тэмцэх газраас шалгах үед дандаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлсэн процессыг буруутгаж, яллах дүгнэлтэд оруулж ирсэн. Өөрөө хэлбэл, Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоодог. Засгийн газар олонхоороо асуудлыг баталдаг. Салбарын сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд салбарынхаа хууль тогтоомжийн төсөл, арга хэмжээний төслүүдийг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар олгосон төрийн албан хаагч нарт эрхэлж байгаа ажил үүрэгт нь холбогдуулан үүрэг, чиглэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа авах гэх мэт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гүйцэтгэх процессыг хууль зөрчсөн мэтээр оруулж ирсэн. Хүчээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдэг. Үнэхээр хэлэлцүүлэх ёсгүй зүйлийг хэлэлцүүлсэн эсхүл төсөл оруулсан нь буруу юм болов уу гэхэд энэ нь миний чиг үүрэг байдаг. Буруудсан гэж бодоход би тухайн үед Засгийн газрын хуралдаанд орж амжаагүй бөгөөд Шадар сайдад “миний асуудлыг хэлээд өгөөч” гэж Засгийн газрын хуралдаанд санал гаргаж, Ерөнхий сайд хэлэлцэх асуудлаа тогтоодог учраас Засгийн газрын хурлаар орж олонхын санал авч, Засгийн газрын тогтоол гарсан. 2016 оны 8 дугаар сарын Төсвийн тухай хуульд “Бэрэн групп” ХХК-аас худалдаж авсан орон сууцны 14.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Засгийн газрын тогтоолтой холбогдуулан прокурор “баригдаж эхлээгүй, дуусаагүй” гэх мэт асуудлуудыг ярьдаг. Гэтэл Засгийн газрын тэмдэглэлд “баригдаж дуусаагүй байгаа. 1м.кв-ыг 1.8000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Хотын А зэрэглэлд байрлана. Мөнгийг нь Сангийн яам векселиэр санхүүжүүлнэ, “Бэрэн групп” ХХК-аас авах” гэх мэт асуудлуудыг маш тодорхой бичсэн байгаа. Гэтэл прокурор үүнийг задлаад яллах дүгнэлтэд оруулж ирсэн. Засгийн газрын тогтоол олонхын шийдвэрээр батлагдаж вексель буюу өрийн бичгээр Сангийн яам вексель гаргасан. Вексель буюу өрийн бичиг гаргах субъект нь Монгол Улсны Засгийн газар болон Сангийн яам л байдаг. Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамнууд нь 14 тэрбум төгрөгт оролцоогүй. Харин төслөө боловсруулж хэлэлцэх асуудлаа оруулсан. Мөн журмаа боловсруулсан. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа түрээсийн орон сууц болох Буянт ухаа, “Хангай” хотхон ч бай 1м.кв-ыг 5.000 төгрөгөөр, хөдөө орон нутагт 4.000 төгрөгөөр үнэлж түрээсийн мөнгийг авсан. Мөн яллах дүгнэлтэд “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.Бд хийх ёсгүй үйлдлийг нь хийлгүүлсэн” гэж дурдсан байдаг. М.Б нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байсан. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд Засгийн газрын хурлаар 3 сарын цалинтай чөлөө олгосон. Тэрнээс биш яллах дүгнэлтэд дурдсанаар миний бие З.Б тушаал гаргаж оруулаагүй. С.Магнайсүрэнг эзгүй хугацаанд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б төрийн нарийн бичгийн даргын үүргийг давхар гүйцэтгэж байсан. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, төрийн албан хаагч нарын хэн ч зөрчих эрхгүй. Иймд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг би М.Бд өгсөн. М.Бд “Тогтоол гарсан, энэ гэрээг хийгээрэй” гэж хэлсэн. М.Б байхаараа Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байх зүйл яриад байдаг. Гэтэл С.Магнайсүрэнгийн мэдүүлэгт “М.Б бид хоёрын хэн ч байсан энэхүү Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж байдаг. Мөн намайг “14 тэрбум төгрөгийг М.Б, Ж.Бнартай үгсэн тохиролцож улсад хүнд хор хохирол учруулсан” гэдэг. Дараа нь 993.000.000 гаруй төгрөгийн хохирол болсон. Дараа нь 1.4 тэрбум хохиролтой гэдэг. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэх нь мэдэгддэггүй. 223 айлын орон сууцны иргэд өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөвт түрээсийн мөнгөө оруулаад төсөв нь эргэлдээд явж байгаа. Жилд 1 айл 62.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулж байгаа. 223 айлыг хамгийн багаар нь бодоход 1 жилд 669.000.000 төгрөгийн төсвийг улсын төсөвт оруулж байгаа. Тухайн орон сууц хамгийн багадаа 31 м.кв, дээд тал нь 40 м.кв жижиг орон сууц байдаг. 7 жилийн хугацаанд нийт 56.196.000.0000 төгрөгийг улсын төсөвт оруулсан. Өөрийн худалдаж авсан өртгөө барьсан. Маш ашигтай явж байгаа. Хохирлыг 14 тэрбум гэж тооцож биднийг буруутгалаа гэхэд 14 тэрбумыг бид 3 төлөхөөр болж байгаа. Үүнтэй холбогдуулан би прокуророос “14 тэрбумын орон сууц чинь бид гурвын өмч байх юм уу. Эсхүл улсын төсвийн өмч хэвээрээ байгаад дээр нь бид 3 нэмж 14 тэрбум төгрөгийг төлөх юм уу” гэж асуусан. Эцэст нь энэ хэрэгт хохирогч гэж байхгүй. Авлигатай тэмцэх газар хохирогчийг тогтоохдоо Засгийн газраас асууж тогтоох ёстой атал шууд Сангийн яамыг хохирогчоор тогтоосон байдаг. Уг хэрэгт тодорхой хохирогч байхгүй. Хэрэв хохирогч байгаа гэж үзвэл 223 айлын орон сууцад орсон иргэд хохирогч болох ёстой. Мөн улсын төсөвт төлсөн 56 тэрбум төгрөгийг төрөөс нэхэмжилнэ. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ хэргийн бодит хохирогч нар нь иргэд болж таарах нь гэдгийг би албан ёсоор хэлж байна. Бид гурвын үйлдэл, холбогдолд эхнээсээ ямар ч үгсэн тохиролцсон зүйл байгаагүй. Чиг үүрэг өгөх үүргийнхээ дагуу чиг үүрэг өгч, ажилласан. Би М.Б, Ж.Бнарт хэрэгжүүлэх ёсгүй үүргийг огт даалгаагүй. Би Авлигатай тэмцэх газар болон прокурорт шалгагдаж байх хугацаандаа удаа дараа хүсэлт гаргаж өгч байсан. Эдгээр айлуудыг оруулсан нь буруу юм уу. Эсхүл 25 хамаарал бүхий этгээдийн ард хэнийг би оруулахгүй болгосон юм бэ. ТОСК нь Барилга хот байгууллагын яамны агентлаг биш. Харин Ерөнхий сайдын дэргэдэх агентлаг юм. ТОСК-ийн хэрэгжүүлэх үүргийг миний бие З.Б хэрэгжүүлсэн мэтээр яллах дүгнэлтэд дурдсан. Нотолбол зохих байдлыг эцсийн гаргатал буюу тухайн үед бидний хүсэж байсан ажиллагаануудыг хийсэн бол бид өнөөдөр ийм байдал байхгүй байх байсан. Улсын Дээд шүүхээс “яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан юм бэ. Ямар үйлдэл нь албан тушаалын гэм буруутай үйлдэл юм бэ. Энэ талаар тогтоох ёстой” гэж хэргийг прокурорт буцаахад прокурор ямар ч ажиллагаа хийгээгүй. Зөвхөн Ж.Бг яллагдагчаар татаж оруулж ирсэн. Энэ 7 жилийн хугацаанд яллах дүгнэлт огт өөрчлөгдөөгүй. Яллах дүгнэлт тэр чигтээ хуулбар /copy, paste/ байдаг. Энэ 7 жилийн хугацаанд нэг ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйд би үнэхээр гомдолтой байна. Би ямар гэм буруутай үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Иймд шүүх хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж, нэр төрийг минь цэвэрлэж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Бөмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын иргэн 3.Б, М. Б, Ж. Б нарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг хянан хэлэлцээд гаргасан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх явцад хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө энэ хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд гаргасан магадлалд дурдсан зүйлсийг шалган нягталсан ч байгаа. Гэтэл улсын яллагч миний үйлчлүүлэгчийг бүхэл бүтэн хүнийг 7 жил гаруй шалгаад гэм буруутай үйлдэл хийсэн эсэх, ер нь гэмт хэрэг гарсан эсэх нь ч нотлогдоогүй байхад дахин дахин хилсээр ялласаар байгаа нь өөрт нь ямар нэг байдлаар хариуцлага тооцдоггүйд дулдуйдан “1937 оных шиг нугалаа” гаргаж байгаагийн илрэл гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь заалтад “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан байгаа.

Цагаатгах тогтоол гаргах болсон үндэслэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолж ирүүлээгүй байна...”, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22 - ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “...шүүгдэгч 3. Б нь албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илт хэтрүүлсэн, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас дээрх үр дагавар бий болсон, эсхүл тодорхой сэдэлт зорилгоор “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгож өөртөө шууд бусаар ашигтай байдал үүсгэсэн аль нь болох, энэхүү үйлдэлд тухайн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ямар байдлаар холбогдсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул 3.Баянсэлэнгийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, зүйлчлэлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдлыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр /13хх 7-8/ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан. Шүүх “1.912 м.кв 223ш орон сууцны зах зээлийн зарагдах боломжит үнэ цэнэ 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 13.165.463 төгрөг гэж гаргасан байхад /13хх 165-182/ 14.993.616.800 төгрөгөөр тогтоож нотлогдсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авах боломжгүй байна... ” гэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн хуулийн этгээд биелүүлэх” ёстой атал мөрдөг, болон прокурор шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа огт хийгээгүй байгаа. Үүнээс гадна, шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэхэд дараах зүйлүүдэд мөн анхаарал хандуулах, дүгнэлт хийх шаардлага үүссэн байсанд Анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт зөв хийсэн гэж үзэж байна. Үүнд,

1. Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль” баталсан УИХ-ын гишүүдийн үйлдэл, уг хуулийг (71-р зүйл) хэрэгжүүлсэн Засгийн газрын тогтоол, чиг үүргийнхээ дагуу уг тогтоолыг баталгаажуулан Ерөнхий сайдын хамт гарын үсэг зурж, хэрэгжилтийг Сангийн сайдын хамт хангасан Барилга хот байгуулалтын сайдын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь буруу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт нь тухайн хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болох баримт бичиг бөгөөд уг баримтад яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт. Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх зэргийг тодорхой тусгах ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан байна. Гэтэл прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч нар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг давтан үйлдсэн мэт бичсэн байх ч шүүгдэгч 3. Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан “...хүнд хор уршиг учруулсан...” гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь уг баримт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй нөхцөлд хүргэж байна.

2. Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль” баталсан УИХ-ын гишүүдийн үйлдэл, уг хуулийг (71-р зүйл) хэрэгжүүлсэн Засгийн газрын Тогтоол, чиг үүргийнхээ дагуу уг Тогтоолыг баталгаажуулан Ерөнхий сайдын хамт гарын үсэг зурж, хэрэгжилтийг Сангийн сайдын хамт хангасан Барилга хот байгуулалтын сайдын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль”, уг хуулийг баталсан УИХ-ын гишүүдийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Зүй нь “Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэн хүнийг шийтгэх санал гаргаж буй прокурор эхлээд уг хуулийг баталсан субьектийн үйлдэлд, өөрөөр хэлбэл, “Бэрэн групп”ХХК-аас худалдан авалт хийх мөнгө төсөвлөсөн заалт бүхий уг хуулийг баталсан Монгол Улсын Их Хурлын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийх хэрэгтэй байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ зүй ёсоор биелүүлээгүй байж шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлгүй эсэргүүцэл бичиж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал юм. Энэ байдал цааш даамжирвал прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, бусад прокурор, ажилтнуудад “хүний эрх, нэр төрийг үндэслэлгүйгээр сэвтээгээд байж болох юм, тэглээ гээд хэн ч буруушаадаггүй юм байна” гэсэн муу үлгэр дуурайлал болох бий гэсэн болгоомжлол байна.

Хүмүүсийг үндэслэлгүйгээр яллаж энэ олон жил амьдралыг нь утга учиргүй болгож байгаа ийм ноцтой тохиолдолд прокурорт хариуцлага тооцох явдлыг сахилгын арга хэмжээ авах төдийгөөр хязгаарлаж өнгөрөөмөөргүй санагдаж байна. Хүн үндэслэлгүйгээр яллаж, тэр нь шүүхээр цагаадсан ийм ноцтой тохиолдолд хариуцлагагүй ажилласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй мөрдөгч, прокурорын бүрэн эрхийг түдгэлзүүлж, улмаар мэргэшүүлэх сургалтад хамруулах, эцэст нь дахин хуульчийн шалгалт дахин өгүүлэх, эс тэнцвэл прокуророор цаашид ажиллуулахгүй болдог тогтолцоо бий болгомоор л юм байна. Миний бие цагдаа, прокурор, өмгөөллийн байгууллагад 35 орчим жил хүчин зүтгэж ирсний 17 жил нь өмгөөллийн салбарт ажилласан он жилүүд байна. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа бурууг өмгөөлөх гэж, булхайг нуулцах гэж бултагнаж яваагүйгээ нүүр бардам хэлье.

Ер нь бид хаа хаанаа хуульчийн ёс зүйг эрхэмлэж явбал бидэнд итгэх олны итгэл бат бөх байх болно гэж бодож явдаг. Үндэслэлгүй яллагдаж гэмтэн мэт цоллогдож ирсэн энэ 3 эмэгтэй төр нийгэмдээ шударгаар зүтгэж ирсэн, хамт олонтой, хайртай дотно хүнтэй, олны хайр хүндэтгэлийг дааж явдаг Монгол хүмүүс шүү, тэдэнд бас гомдох гуних гэж юм бий шүү гэдгийг санаж яваасай гэж хүсч байна. Энэ хүмүүс бидний талаар ямар бодол тээж явааг би таамаглаж л байна. Гэмт хэрэг гарчихсан бол би энэ үгсийг энэ танхимд хэлж чадахгүй, ичээд ирэх ч үгүй. 3.Б нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан бол би өмгөөлөгчөөр оролцохгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэлдээ зохих дүгнэлт хийхийн оронд үндэслэлгүй эсэргүүцэл бичиж байгаа нь хуульчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд 3.Б нар Монгол Улсын Их хурал, ЗГ-ын шийдвэр, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж бичсэн үндэслэлгүй эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж, Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг “Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгоогүй” гэдэг. Гэтэл тухайн үед С.Магнайсүрэн ирж ажлаа хийгээгүйн төлөө би өнөөдөр яллагдаж байна. С.Магнайсүрэн нь яагаад ажлаа хийгээгүй болохыг би мэдэхгүй. Тухайн үед ажиллаж байсан сайд З.Б болон С.Магнайсүрэн нарын хооронд үүссэн маргаан олон сар үргэлжилсэн. С.Магнайсүрэн нь тухайн 3 сараас ч өмнө ажиллаа хийгээгүй учраас цалингийн 25 хувиар торгуулсан. Сүүлдээ чөлөө авсан. Мөн би Засгийн газрын хурлаар томилогдсон асуудлыг нь би мэдээгүй. Засгийн газрын хурлаар томилж тухайн үед яамд ажиллаж байсан газрын дарга нараас жинхэлсэн буюу төрийн жинхэнэ албан хаагч нь би байсан учраас надаар орлуулсан гэж хэлсэн. Ингээд би С.Магнайсүрэн даргын ажлыг хавсарган гүйцэтгэсэн. Тухайн үед С.Магнайсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд чөлөө авсан. Маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болоход би С.Магнайсүрэн даргыг надаас ажлаа хүлээлцэн авах байх гэж бодож байсан боловч тэрээр ажлаа хийгээгүй. Харин тухайн үед сайд байсан З.Бтэй хэрүүл маргаан хийчихээд гараад явсан. Би 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр С.Магнайсүрэн даргад ажлаа хүлээлгэн өгсөн талаараа нотлохын тулд би яамны тамга, тэмдэг хүлээлцдэг дэвтрийн хуудсыг авчирж өгсөн. Өөрөөр хэлбэл, би С.Магнайсүрэн даргад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ нь тамга, тэмдэг хүлээлцсэн дэвтрээр нотлогдоно. Энэ хүртэлх хугацаанд би төрийн жинхэнэ албан хаагч байсан учраас яамны сайдын эзгүйд төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байсан. Энэ ажлаа би 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хийсэн. Дараа нь сонгуулийн дараах Засгийн газар бүрэлдэж “төрийн нарийн бичгийн дарга М.Бг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилсугай” гэдгийг би сүүлд зурагт үзэж байгаад мэдсэн. Энэ талаар би мөрдөгч, прокурорт “би Засгийн газрын тогтоолыг авч чадахгүй. Үүнийг хэрэгт хавсаргаж өгнө үү” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг минь хүлээн аваагүй. Би С.Магнайсүрэнгийн ажлыг хийлгээгүй биш. Харин С.Магнайсүрэн гэдэг хүн ажлаа хийгээгүй юм. Энэ асуудлаас болж миний амьдралын нэр хүнд /карер/, боломж гэх мэт бүх зүйл дуусаж байна. Хүний амьдралд маш богинохон хугацаа байдаг. Би одоо 53 настай бөгөөд 55 нас хүрээд тэтгэвэртээ гарах ёстой. Гэтэл би энэ хэрэгт холбогдож, шалгагдаж байгаагаас болоод 7 жил ажил, хөдөлмөр эрхэлж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Магнайсүрэн ажлаа хийгээгүй болох нь нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэг маш олон жил шалгагдаж байна. Би санхүүгийн мэргэжилтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээ, аудитор, мэргэжсэн нягтлан бодогч юм. Би өөрийгөө санхүүгийн мэргэжлээр тултал нь мэргэжлээ дээшлүүлсэн гэж боддог. Энэ ч утгаараа би Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлыг эрхэлж байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг боловсруулахад миний бие ажлын хэсэгт нь орж батлуулж байсан хүний хувьд хэлэхэд хөрөнгийн үнэлгээгээр хүнийг ялладаг асуудал бол шударга бус юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар бол прокурор, мөрдөгч нар нь Засгийн газрын тогтоолтой холбоотой 223 айлын орон сууцын үнийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний байдлаар үнийг тогтоогоогүй. Энэ талаар хүсэлт гаргаж байсан. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланг “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Мөнхтуяа хийсэн байсан. Би мэргэжлийн хүнийхээ хувьд хэрэгт авагдсан тайлангуудыг үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө үнэлдэг стандартаас тэс өөрөөр буюу тоног, төхөөрөмжид тавьдаг стандартаар үнэлсэн байсан. Үүнтэй холбогдуулан тухайн үед би прокурор Амарсанаад “энэ буруу үнэлсэн байна” гэж хэлж байсан. Дараа нь мөрдөгч “Даатгалын хохирол үнэлгээчдийн холбоо” төрийн бус байгууллагаас “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээнд шинжээч томилуулсан байсан. Уг шинжээчийн дүгнэлтээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчинтэй гэж гарсан байдаг. Би Сангийн яамд хүсэлт гаргаж байгаад Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэлдүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээг ямар төрийн бус байгууллагатай хийдэг талаар лавлагаа байдаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байгаа. Сангийн яам нь “Монголын мэргэжсэн үнэлгээчдийн холбоочдын институттай тодорхой хугацаагаар гэрээ байгуулсан” гэж хариу өгсөн. Хөрөнгийн үнэлгээний тайланг буцаагаад хянадаг субъект нь хуульд зааснаар тэргүүлэх зэргийн үнэлгээчид байдаг. Тэргүүлэх зэргийн үнэлгээчид нь Сангийн яамтай төрийн чиг үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээсэн төрийн бус байгууллагын төлөөлөл байх ёстой байдаг. Сүүлдээ хөрөнгийн үнэлгээ нь 14 тэрбум гэж гарахад нь би үнэхээр цочирдож хүлээж авсан. Тухайн үед бид 14 тэрбумыг 3 хувааж төлөх бол хаанаасаа гаргаж төлөх үү гэж хүртэл бодож байсан. Энэ асуудал бидний гэр бүлд ч хүндрэлтэй байгаа. Би гэр бүлийнхээ байнгын дарамтад амьдарч байна. Гэр бүлийнх минь надад “чи одоо тэнэг юм шиг гарын үсэг зураад маш их хэмжээний өрөнд орж байна. Цаашид бид яаж амьдрах юм бэ” гэж хүртэл хэлж байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Бгийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Хатанбаатар, Б.Гүнсэнхорлоо нартай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч М.Бгийн ярьсан бүхэн үнэн, зөв юм. Прокуророос М.Бг 2 үйлдэлд буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Хамгийн сүүлд С.Магнайсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны ирсэн бөгөөд энэ өдрөө тухайн үед сайд байсан З.Бтэй маргалдаад гараад явсан байдаг. Тамга, тэмдэг хүлээлцсэн дэвтэр дээр гарын үсэг зурсан баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн М.Бг гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэж буруутгадаг. Анхан шатны шүүхээс “М.Б нь Төрийн албан хаагчийн тухай хуульд заасны дагуу удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн. Өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү захиран, захирагдах харилцааны үндсэн дээр ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэснийх нь төлөө шүүгдэгч М.Бг З.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Энэхүү гэрээ нь Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолд үндэслэсэн бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар байгуулах ёсгүй буюу гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд нийцсэн тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх би уг хэрэгт гэрчээр явж байсан. Гэрчээр мэдүүлэг өгч байхдаа прокурорын асуусан асуултад айж, сандрахдаа буруу хариулт өгснөөс болоод өнөөдөр яллагдагчаар татагдаад явж байна. 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг намайг боловсруулсан гэж ялладаг. Засгийн газрын барилга хариуцсан референт Г.Нямдэлгэр нь 1 дүгээр хавтаст хэргийн 68, 69 дүгээр талд “би Энхтуяатай утсаар яриад нөгөө 2 тогтоолоо явуулдаа” гэж мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлгээр би тухайн тогтоолын төслийг боловсруулаагүй болох нь нотлогдож байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас, 205-206 дугаар талд Барилга хот байгуулалтын яамны орон сууц, барилга, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, төрийн жинхэнэ албан хаагч Энхтуяа нь Засгийн газрын 298 дугаар тогтоолын төслийн хуулбарын баруун доод буланд гарын үсгээ зурж, он сар өдрөө бичсэн байдаг. Энэ талаар би удаа дараа ярьдаг боловч хүлээж авдаггүй. Мөн 177 иргэдийн материалыг намайг хүргэж өгсөн гэж буруутгадаг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоол батлагдсан байсан. Харин түрээсийн орон сууцны журам нь гараагүй байсан. Буянт-Ухаа хороолол ашиглалтад орсон атлаа орсон айлууд нь “орон сууцаа буцааж өгье” гэж байсан. Учир нь, утааны асуудал дээд цэгтээ хүрсэн. Амьжиргааны түвшин маш дордсон. Иргэд орон сууцад орох итгэл мөхөс байсан үед энэхүү ажил эхэлсэн. Сая шүүгч “зорилтот бүлэг орох ёстой” гэж байна. Барилга хот байгуулалтын яамны журам батлагдсан. Энэхүү журам дээр миний бие ажиллаж, 6 зорилгот бүлгийн хүмүүсийг орон сууцад оруулах ёстой болохыг баталсан. “Түрээсийн орон сууцны төсөл хэрэгжих гэж байна” гэж зурагт, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явахад маш олон хүмүүс Барилга хот байгуулалтын яамны гадаа оочирлож ТОСК-д өргөдлөө өгөхөөр ирсэн байсан. Энэхүү үйл явдлыг хүн бүхэн санаж байгаа байх. Ингээд 400 гаруй материал ирсний дотор журамд заасан зорилтот 6 бүлгийн дагуу 177 хүмүүсийн нэрсийг ялгаж ТОСК-ийн захирал Гантулгад хүлээлгэн өгсөн. Тухайн үед Гантулга дарга надад “энэ хугацаа нь дууссан шүү. Танайх хууль бус ажил хийж байна” гэж огт хэлээгүй. Хэрэв 177 хүний материалыг чинь авахгүй гэж хариу хэлсэн бол бид ч заавал өгөх гэж үзэхгүй. Тухайн үед бид нийгмийн бухимдалд хийж байгаа ажилдаа маш их итгэл үнэмшил олсон байсан. Түрээсийн орон сууцны төсөл хэрэгжиж байж л Монгол Улсын зорилгот бүлгийн иргэд орон сууцаар хангагдана гэж бүх хүн ойлгож байсан. Ялангуяа би “Орон сууцны үнэ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” гэх сэдвээр докторын зэрэг хамгаалсан байсан учраас энэхүү ажлыг би л хийх ёстой гэсэн итгэл үнэмшлээр цэнэглэгдсэн явж байсан. Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөр зогссон байгаа. Энэ түрээсийн орон сууцны хөтөлбөрийг одоогийн өнцгөөс харахад тухайн үеийн хамгийн зөв амьдралд хэрэгцээтэй төсөл болсон. Яагаад энэ төсөл хэрэгжихгүй байгаа болохыг эрхэм шүүгч нар эргэж хараасай гэж бодож байна. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын байдлаар улсын төсөв буюу төрийн санд зөвхөн түрээсийн орлого гэж 4 тэрбум төгрөг оруулсан байдаг. Одоо ТОСК дээр очиж түрээсийн орон сууцны ажлыг хариуцаж байгаа хүмүүстэй уулзахад зарим иргэд нь 1.880.000 төгрөгөөр орон сууцаа худалдаад авчихсан, зарим хүмүүс нь 6.600 төгрөгөөр /одоо нэмэгдсэн байж магадгүй/ түрээсээ төлөөд амжилттай хэрэгжээд явж байгаа. Яагаад энэ хүмүүс тухайн үеийн 1.880.000 төгрөгийн үнээр орон сууц худалдаж аваад байгаа юм бэ. Хэрэв бид энэ үнийг маш өндөр тогтоочихсон юм бол хэрэглэгчид тухайн “Хангай” хотхоны орон сууцыг худалдаж авахгүй. Гэтэл өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдлаас харахад “Хангай” хотхоны орон сууц нь 1м.кв нь 2.800.000 төгрөг болсон байгаа. Энэ нь тухайн үеийн 1.880.000 төгрөгтэй харьцуулахад 1,5 дахин өссөн байгаа үзүүлэлттэй юм. Гэтэл биднийг буруутгаж байгаа гол үндсэн шалтгаан нь “та нар тухайн үеийн зах зээл дээр 1.880.000 төгрөгийн үнэтэй “Хангай” хотхоны орон сууцыг бодож авсан. 1м.кв бүрээс 80.000 төгрөгийг Ж.Б, З.Б, М.Б 3 үгсэн тохиролцож энэхүү мөнгийг авсан” гэж буруутгадаг. Гэтэл надад З.Б, М.Б нартай үгсэн тохиролцож түрээсийн орон сууцны мөнгийг хувааж авах зүрх зориг, сэтгэл байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд би өөрийнхөө эрхэлж байсан албан тушаал, 177 иргэдийн материалын талаар маш тодорхой, дэлгэрэнгүй ярьсан. Надад хэн нэгэнд давуу байдал бий болгож, өөртөө ашиг олж, хэн нэгнийг хохироосон үйлдэл байхгүй. Мөн миний хуучин өмгөөлөгч Энхтунгалаг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөллийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч минь бүхий л нөхцөл байдлуудыг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүнийг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. Шударга, үнэн ялна гэдэгт би үргэлж итгэж явдаг. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Миний бие 2023 оны 7 дугаар сараас эхлэн Ж.Бгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Прокурорын яллах дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Ж.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 263 дугаар зүйлийн 263.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж оруулж ирснийг би огт ойлгоогүй. Энэхүү нөхцөл байдлаа анхан шатны шүүх хуралдаанд ч илэрхийлсэн. Одоо ч энэ байр суурь хэвээр байгаа. Прокурорын зүгээс цагаатгах тогтоолыг үгүйсгэсэн байр сууриа илэрхийлж байгаа нэлээн хэдэн үндэслэлүүдийг гаргаж ирсэн. Прокуророос Засгийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой асуудлууд дээр хүртэл З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдуулан хариуцлага хүлээлгэх асуудал яригдаж байгаа нь маш ойлгомжгүй байна. Энэ хэрэг маш удаан шалгагдаж байгаа. Хэд хэдэн удаа анхан шатны шүүхээс цагаатгагдсан. Улсын Дээд шүүхээс 3 удаа буцаасан. Улсын Дээд шүүхийн дүгнэлтийн талаар өмгөөлөгч Л.Мөнхсайхан маш тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс “Хэрэгт авагдсан баримтуудаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна. Мөн 177 иргэний материал дотор энэ хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс явж байгаа. Үүн дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.” гэж хэргийг буцаасан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг гаргахдаа өмнөх шүүхийн шийдвэрүүдэд маш сайн дүгнэлт хийсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Бг гэрээний төслийг хариуцаж байсан гэдэг. Прокуророос “Ж.Бнь З.Б, М.Б нартай үгсэн хуйвилдаж энэ гэмт хэргийг үйлдсэн” гэдэг. Гэтэл Ж.Бгийн үйлдэл нь гэмт хэргийн субъектив, санаа зорилгыг агуулдаггүй. Хэдийгээр сонгон шалгаруулалт дууссан байсан боловч 177 иргэний материалыг ТОСК-д хүргэсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. Сая З.Б нь сонгон шалгаруулалт дууссан байхад 177 хүний материалыг яагаад очсон талаар маш тодорхой тайлбарласан. Учир нь, сонгон шалгаруулалт дууссан боловч сонгон шалгаруултад тэнцээгүй хүмүүс Барилга хот байгуулалтын яамд өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан. Иймд гомдол, санал, хүсэлт гаргасан хүмүүсийн материалыг дахин шалгаж ТОСК-д хүргэгдсэн. Хэрэв энэхүү үйлдэл нь хууль бус байсан бол тухайн үед ТОСК-ийн дарга байсан Гантулга хүртэл энэ хэрэгт холбогдон шалгагдах ёстой. Гэтэл З.Б, Ж.Б, М.Б гэх 3 эмэгтэйг энд авчирж суулгачихаад нүүрийг нь улалзуулаад амьдралынх нь 7, 8 жилийн асуудлыг яриулж зовлонд унагаагаад байгаа нөхцөл байдал нь маш ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч Ж.Бнь анх энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байгаад сүүлдээ яллагдагчаар татагдсан. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Шүүх нь хэргийн бодит байдал ба гэм буруугийн асуудлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар шалгаж, үнэлэх замаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосны дараа хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийж шийдвэрлэх үүрэгтэй атал анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа уг шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны  шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно” гэж,  мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хяналтын шатны шүүхийн тогтоол шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд дээрх заалтууд нь заавал биелэгдэх шинжтэй байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ДШМ/182 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолд шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинжтэй, болон гэмт хэргийн шинжгүй талаар дүгнэлт өгч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосоор байтал анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэргийн нөхцөл байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлт, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1157 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. З.Б, М.Б, Ж.Бнарт урьд хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох, уг хэргийн гэрч болон яллагдагчаар татсан хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                             М.АЛДАР  

                                ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ 

                                ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ