Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00889

 

 

 

 

 

 

 

 

 

Жк компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00797 дугаар шийдвэртэй БНСУ-ын хуулийн этгээд Жк компанийн нэхэмжлэлтэй “Х” ХХК, Б.Оар нарт холбогдуулан 13 693 248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн этгээд Жк компани нь Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн В-2407 тоот шийдвэрээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байгаа.

Б.Оар нь Жк компаниар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 24 390 кг барилгын материал тээвэрлүүлсэн ба тээврийн хөлс нь 3 300 ам.доллар болж үүнээсээ 2 000 ам долларыг нь төлж 1 300 ам.доллар үлдсэн.

Б.Оар нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК-ийн нэрээр 23 914 кг барилгын материал бүхий ачаа тээвэрлүүлсэн ба тээврийн хөлс нь 3 500 ам.доллар болсон. Нийт 2 удаагийн тээвэрлэлтээр Б.Оар нь 4 800 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Эхний тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 1 300 ам.доллартаа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч төлөлт хийгээгүй. Иймд Б.Оараас 1 300 ам.долллар буюу 3 708 588 төгрөг, “Х” ХХК-иас 3 500 ам.доллар буюу 9 984 660 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК, хариуцагч Б.Оар шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувь хүнээр болон компаниараа нийт 9 контейнер ачаа ачуулсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ямар ч ачаа ачуулаагүй. Хамгийн сүүлд 13 550 ам.доллар төлж, ачаагаа хүлээн авсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд хариуцагч нь 32 750 ам.доллар төлсөн буюу 9 удаагийн чингэлгийн төлбөрийг төлсөн. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 4 800 ам.долларыг төлсөн.

Нэхэмжлэгч компани нь тээвэрлэлтийн хөлсний барьцаа болгож контейнерыг барьцаанд авч үлддэг бөгөөд төлбөр тооцоо бүрэн барагдуулсны дараа тухайн барьцааг суллаж өгөх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг тул тээвэрлэлтийн хөлс үлдэнэ гэх ойлголт байхгүй болно.

Тухайн байгууллагын оффист ажиллаж, төлбөр хурааж авдаг хүмүүс мөнгө тоолж авчихаад баримт өгдөггүй, баримтаа шаардахаар баримт өгдөггүй гэх тайлбарыг хэлдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бямбажавын Оараас 3 708 588 төгрөг, хариуцагч “Х” ХХК-иас 9 984 660 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жк компанид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,417 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “Жк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 22 574 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 74 287 төгрөг, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174 704 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хариуцагчийн өмнө төлсөн төлбөр тооцоог дахин төлөх нөхцөл байдалд хүргэж байна.

Контейнер ачуулж тээвэр зуучлалын байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд контейнерийн төлбөр тооцоог гүйцэт хийж, тээвэр зуучлалын байгууллагаас “төлбөр тооцоо дууссан” тухай бичиг авснаар гаалийн баталгаат агуулахын хашаанаас барааг ачиж гардаг. Гэтэл 2019 оны 02 дугаар сараас хойш нийт 9 удаа бараа тээвэрлүүлж байхад төлбөр тооцоог нэхэмжлэгч тал өөрсдөө тулгаж, одоо “ийм мөнгөний үлдэгдэлтэй байна, үүнийгээ төлөөд бараагаа ав” гэх мэтээр бэлнээр болон дансаар мөнгө авдаг, бэлнээр өгч байгаа мөнгөнд “ямар нэг баримт өгөхгүй” гаргадаг байсан бөгөөд бидний зүгээс, төлсөн мөнгөний хариуд ачуулсан бараагаа аваад гарч байгаа үйлдлээ мөнгө төлснийг нотолж байна гэж ойлгодог байснаас бус мөнгөний баримтад ач холбогдол өгдөггүй байсан.

Хариуцагч нэхэмжлэгч талын төлбөр тооцоо хариуцсан ажилтны шаардаж, бодож өгсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийг төлж үлдэгдэл контейнероо суллаж авсан. Би тус компанид нийт 33 650 ам.доллар төлсөн байдаг.

Ийнхүү төлснөөр миний бүх төлбөр тооцоог дууссан гэж үзэж контейнеруудыг суллаж өгсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “харин хариуцагч “Жаргалант аураг” ХХК-ийн нэрээр орж ирсэн ачааг аваагүй гэж байгаа бол нийт 9 ачаа тээвэрлүүлсэн, эдгээр ачааны хөлс нийтдээ 33 650 ам.доллар болж байна” гэж дурдсан байдаг. Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримт хэмээн гаргаж өгсөн дэвтэр нь үнэн хэсэг нь эргэлзээтэй. Учир нь тухайн дэвтэр хөтөлсөн ажилтан “ажлын алдаа гаргасан” болох нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн бэлнээр тушаасан мөнгийг тухайн дэвтэрт тэмдэглээгүй байсан төдийгүй тэр дэвтэрт нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойших тэмдэглэгээ хөтлөөгүй байсан.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр Б.Оараас 3 708 588 төгрөг, “Х” ХХК-аас 9 984 660 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн эдгээр үнийн дүн нь хэдэн сарын хэдний өдрийн ямар ханшийн тооцсон нь тодорхойгүй, шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Жк компани нь ачаа тээвэрлэлтийн хөлсөнд хариуцагч Б.Оараас 3 708 588 төгрөг, “Х” ХХК-иас 9 984 660 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Жк компани нь 2019 онд БНСУ-аас Монгол Улс руу Б.Оарын захиалгаар 4 удаа, “Х” ХХК-ийн захиалгаар 5 удаа ачаа тээвэрлэлт хийсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нарын захиалгаар нэхэмжлэгч тээвэрлэлт хийж тэдэнд ачааг хүлээлгэж өгсөн, хариуцагч нар тээвэрлэлтийн хөлсөнд Хаан банк дах нэхэмжлэгчийн эзэмшлийн дансаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 000 ам.доллар, бэлнээр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 900 ам.доллар, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2 100 ам.доллар, Голомт банк дахь дансаар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 7 300 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 13 550 ам.доллар буюу нийт 28 850 ам.доллар төлсөн үйл баримтын хувьд талууд маргаагүй.

 

Тээвэрлэлтийн гэрээний үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

 

Хариуцагч Б.Оар нь нэхэмжлэгч Жк компанид 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ачаа тээвэрлэлтийн хөлсөнд 3300 ам.доллар төлөхөөс 2000 ам.доллар буюу 5 278 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн байх бөгөөд тэрээр үлдэх 1300 ам.долларыг төлөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Жк компанитай уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан үйл баримтаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар Б.Оараас 1300 ам.доллар буюу Монгол банкнаас зарласан 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ам.долларын ханш болох 2852,76 төгрөгөөр тооцож 3 708 588 төгрөгийг гаргуулж Жк компанид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч “Х” ХХК нь CAIU4373961/595371 чингэлгийн дугаартай 23 914 кг ачааг Жк компаниар тээвэрлүүлэхээр 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-аас ачуулж, уг ачааг мөн сарын 26-ны өдөр хүлээн авсан байна. Ачаа тээврийн YJLULA1903007 тоот бичигт ачаа ачсан огноог 2019 оны 03 дугаар сарын 06 гэж бичсэнийг орчуулгад 2019 оны 05 дугаар сарын 06 гэж буруу бичсэн алдаатай боловч CAIU4373961/595371 дугаар лацтай, ачааг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б.Оарт хүлээлгэн өгсөн гэж Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/107 тоот албан бичгээр тодорхойлжээ. Иймд CAIU4373961/595371 дугаартай ачааг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр БНСУ-аас ачуулсан гэж дүгнэнэ.

 

Жк компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн газарт хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд “Солонгос улсаас илгээсэн CAIU4373961/595371 дугаартай чингэлэг дахь BUYANM CO.,LTD илгээгчтэй OTGONBAATAR хүлээн авагчтай чингэлэг доторх жинхэнэ хүлээн авагчийн “Х” ХХК /регистрийн дугаар: 546240/ болохыг илгээгчтэй, ачилтын газартай шалгасны үндсэн дээр баталж байна. Иймд уг ачааны гаалийн бүрдүүлэлтийг “Х” ХХК-ийн нэр дээр хийхийг зөвшөөрнө үү” гэжээ.

Уг баримтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газарт хадгалагдаж байх ба уг газраас “хуулбар үнэн” гэсэн тэмдэгтэйгээр шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл баримтын шаардлага хангасан баримт гэж үзнэ.

 

Иймд “Х” ХХК нь уг ачаа тээврийн хөлс 3500 ам.долларыг төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-аас 3500 ам.доллар буюу Монгол банкнаас зарласан 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ам.долларын ханш болох 2852,76 төгрөгөөр тооцож 9 984 660 төгрөгийг гаргуулж Жк компанид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Түүнчлэн Б.Оараас 33 650 ам.долларыг Жк компанид төлсөн гэх боловч хэргийн баримтаар Б.Оар болон “Х” ХХК нь нийт 28 850 ам.доллар төлсөн болох нь тогтоогдсон, зөрүү 4 800 ам.доллар төлөгдөөгүй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА