| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2025/00248/И |
| Дугаар | 192/ШШ2025/01990 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01990
2025 03 17 192/ШШ2025/01990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б
Хариуцагч: О
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Т.*********,
хариуцагчийн төлөөлөгч Г.*********,
гэрч Г.*********,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.********* хариуцагч ********* ХХК-д холбогдуулан Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалин хөлс гаргуулах, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг оруулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагад 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс түр 3 сарын тушаалаар Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилд орсон. Үүнээс хойш ямар нэгэн зөрчил гаргалгүй, хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй холбоотой бүх бичиг баримтуудын боловсруулалтыг хийж, тушаалуудын шинэчилсэн найруулгыг хийж байсан. Бид нар шаардлагатай хөдөлмөр хамгаалалтын сургалт болон бусад сургалтуудыг ажилтнуудаас эрсдлийн үнэлгээ гаргаж, шаардлагатай гэж үзэж нийт ажилчид хамрагдсан. Манай үйлдвэрлэлийн нөхцлийн онцлог нь уурын зуухны үйлдвэр учраас эрсдэл өндөр, хөдөлмөр хамгааллын дүрмийг чанд сахин биелүүлэх шаардлагатай байдаг. Хөдөлмөрийн тухай хуултд заасан а/** тоот тушаалаар хөдөлмөр хамгааллын хуулиар нийт ажилчдад заавал орох ёстой сургалтыг ажилчдадаа хамруулсан. Бүтэн сайн өдөр байсан. Тухайн өдрийн орой нь бид нар хоолонд орж үргэлжлүүлж караокед орж манай удирдлагын баг бүрэн бүрэлдхүүнээрээ байсан. Захирал, ерөнхий захрирал, ерөнхий нягтлан бодогч, захирлын туслах, нарийн бичиг, менежер бүсгүй болон би байсан. Бид нар сургалтын дараанаас хоолонд орж, караоке, бар зэрэгт орж өглөөний 6 цаг хүртэл явсан байдаг. Энэ нь нийт ажилтнуудаа сургалтад хамруулах зорилгоор ажлаа хийж явж байсан. Өглөө 5-6 цагийн орчимийн үед салцгааж харихдаа гэрч Г.*********тэй цуг явсан. Шөнөжин ууж идсэн байсан учраас бид хоёр таксинд суугаад нэг зүг рүү явсан. Бид хоёрын гэр нэг зүгт байдаг. Г.********* гэртээ буугаад би буух гэтэл н.****** гэх залуу буюу манай ерөнхий захирлын нөхөр таараад намайг эхнэртэйгээ хардаж, намайг унтаж байхад нүүрэн тус газар битүү нүдсэн байсан. Би архи уусан бас ядарсан байсан учраас мэдээгүй. Харилцан зодоон огт болоогүй. Миний талаарх мэдээллийг цуг явж байсан хүмүүсээс авч байсан байгаа юм. Г.*********ийн нөхөр болон н.****** нар нь базууд буюу эхнэрүүд нь төрсөн эгч дүүс юм. Тухайн хоёр этгээд Г.*********ийнд архи ууж байгаад намайг гадаа нь ирээд унтаж байхад машинд зодсон байсан. Хамар хугарч, нүд тагларсан, нэг талын шанаа таг хавдсан байсан. Би өглөө сэрээд гэртээ унтаж байгаад ухаан ороход битүү хавдсан байсан. Юу болсон юм бол гэж байхад н.****** захирал над руу зурвас бичсэн байсан. Яанаа зүгээр үү, Гайгүй юу гэж асуусан байсан. Юу болсон талаар асуухад н.****** чамайг 5 гагнуурчин залуутай нийлж зодсон гэж хэлсэн. н.****** захирал тухайн үед ирж миний ямар байдалтай байгааг ирж харсан. н.****** гэх залуу өөрөө зодсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. н.****** захирал ч энэ талаар мэдэж байгаа. Үүнээс маргалдах үндэслэл үүссэн. Цаад шалтгаалсан гэж үзэж байгаа. Би ажлаа ямар нэгэн байдлаар үндэслэлгүй таслаагүй. н.****** гэх залуугаас намайг яагаад зодож байгаа юм бэ гэж асуусан. н.****** захирал өөрөө урд өдөр нь Улаанбаатар хотод гарж шоудсан байсан. Энэ асуудлаа надтай холбож хардсан байсан. Би н.****** захирлыг байгууллагын удирдлага болохоор намайг зодсон хүмүүсд арга хэмжээ авч, надад шаардлагатай хугацаа болон тусламж өгөх байх гэж бодож байсан ч тэдгээр хүмүүс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Цахимаар бие нь зүгээр үү гэж асуусан. Үзүүлж харуулах ёстой тухай ч хэлсэн ба үзүүлж харуулж явуулж болно. Би арыг нь хариуцна гэж хэлж байсан. Би 1, 2, 3 дахь өдөр нь очиж ажиллаад толгой өвдөж бөөлжөөд байсан учраас бөөрний зураг авхуулахгүй бол болохгүй юм байна гэж бодоод энэ талаар захирал болон Г.********* нарыг байхад хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын 3 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр намайг чөлөөлсөн байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т давтан сахилгын зөрчил гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалхаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байгаа. Миний хувьд өмнө нь гаргасан үйлдэл байхгүй. Миний ажил тасалсан үндэслэл нь 7 хоногийн дотор эдгэж ажилдаа орох боломжгүй болтол захирлын нөхөр зодсон ба би эмнэлгээр үзүүлж байхад үүнийг ажил тасалсан гэж үзсэн. Энэ нь үндэслэлгүй байна Надад цалинтай хэдэн өдрийн чөлөө өгсөн. Гэтэл миний бэртэл эдгэж дуусаагүй. Тушаал хууль бусаар гарсан учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өрдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл ээлжийн амралтыг олгосон гэж тайлбарладаг. Гэхдээ би энэ талаар мэдэхгүй байна. Тиймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч ********* ХХК-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчтэй 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтран ажилласан. Нийт ажилчдын сургалтад хамрагдсаны дараа ажлын бус цагаар караоке орсны улмаас хувь хүн хоорондын маргаан үүсэж нэхэмжлэгчид гэмтэл учирсан. Үүнийг н.****** захиралд мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчид цалинтай чөлөөг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл олгосон. Үүний дагуу нэхэмжлэгч чөлөө дууссанаас буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирж, хэвийн ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр яаралтай ажилтай болчихлоо гэдэг үндэслэлээр цагаа бүртгүүлээгүй явсан байдаг. Энэ талаар тодруулж асуухад өвчтэй гэдэг хариу өгсөн ба зохих журмын дагуу эмнэлгийн баримт өгч зохих журмын дагуу чөлөө авах ёстойг удаа дараа сануулсан боловч ирүүлээгүй тул улмаар мэдэгдэх хуудас өгөхөөр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр утсаар холбогдоход өвчтэй байгаа учраас чөлөө авах шаардлагагүй. Угаасаа би асуудлаа өөр аргаар шийдүүлнэ гэх зэргээр хариуг өгсөн. Ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэнтухай баримт тайлбар ирүүлээгүй. Чөлөө авах тухай хуүслэтийг албан ёсоор гаргаагүй. Байгууллагаас чөлөө олгох шийдвэр гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаа хоёр ба түүнээс дээш өдрийн хугацаагаар тасалсан ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ажиллахдаа байгууллагын архив, ажилчдын хувийн хэрэг материалаас өөрийн хувийн хэрэг материалыг авч явсан. Өөрийн хөдөлмөрийн дотоод журам, байгууллагад үлдэх ёстой хувь хүний мэдээллүүдийг авч явсан ба энэ талаар тодруулахад энэ нь хувь хүний нууц учраас та нарт үлдээх шаардлагагүй гэж хариуг өгсөн. Энэ мэт шалтгаанаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийг цааш ажиллуулах боломжгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотой чөлөөлөх хүртэлх ээлжийн амралт, цалинг түүнд өгсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн***** тоот Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Т.*********гийн иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг, 2024.09.19-ний өдрийн **** тоот Т.*********г туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаал, 2024.11.13-ны өдрийн***** дугаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай мэдэгдэл, 2024.09.19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2024.09.19-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2024.09.29-ний өдрийн нууц хадгалах гэрээ, Т.*********гийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, Дүрс оношилгооны бичиг, **** ХХК-д төлбөр төлсөн баримт, хөдөлмөрийн дотоод журам зэргийг хавсаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.10.29-ний өдрийн Т.*********д цалинтай чөлөө олгох тухай тушаал, амралтын мөнгөний баримт, цалингийн хүснэгт, Т.*********гийн цалин бодолтын дэлгэрэнгүй жагсаалт, 2024.11.08-ны өдрийн мэдэгдэл, 2024.11.11-ний өдрийн тайлбар, 2024.11.13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, 2024.11.14-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, 2024.11.14-ний ээлжийн амралтын цалингийн тооцоо, 2024.12.11-ний өдрийн **** ХХК-ийн албан бичиг, 2024.12.10-ны өдрийн цаг бүртгэлийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, ерөнхий тайлан, Т.*********гийн 2024.09.01-2024.11.30-ны өдрийг хүртэлх цагийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ********** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024.09,10,11 саруудын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, ажил олгогчийн мэдээлэл, 2024.10.27-ны өдрийн ХАБЭН сургалтанд хамрагдаж буй нийт ажилчдын фото зураг, ********** ХХК-ийн дансны хуулга, зурвас зэргийг хавсаргаж өгсөн байна.
5. Шүүхээс талуудын хүсэлтээр нэхэмжлэгч Т.*********гийн хариуцагч компанийн захирал Г.******тэй 2024.10.28-наас 2024.10.31-ний хооронд бичсэн телеграмм чат, мөн хариуцагч компанийн нягтлан бодогч, хүний нөөцийн ажилтан Г.*********тэй 2024.11.04-ний өдөр бичсэн телеграмм чатад маргахгүй гэж тайлбарласнаар эдгээр баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хэрэгт баримтуудыг хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Компанийн захирлын 2024.11.13-ны өдрийн***** дугаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй, ямар үндэслэлээр халсан нь тодорхойгүй тул тушаалыг хүчингүй болгож, Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан цалин хөлс гаргуулах, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг оруулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.... гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчтэй 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хамтран ажилласан. Нийт ажилчдын сургалтад хамрагдсаны дараа ажлын бус цагаар караоке орсны улмаас хувь хүн хоорондын маргаан үүсэж нэхэмжлэгчид гэмтэл учирсан. Үүнийг н.****** захиралд мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчид цалинтай чөлөөг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл олгосон. Үүний дагуу нэхэмжлэгч чөлөө дууссанаас буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа ирж, хэвийн ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр яаралтай ажилтай болчихлоо гэдэг үндэслэлээр цагаа бүртгүүлээгүй явсан байдаг. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ажиллахдаа байгууллагын архив, ажилчдын хувийн хэрэг материалаас өөрийн хувийн хэрэг материалыг авч явсан. Өөрийн хөдөлмөрийн дотоод журам, байгууллагад үлдэх ёстой хувь хүний мэдээллүүдийг авч явсан ба энэ талаар тодруулахад энэ нь хувь хүний нууц учраас та нарт үлдээх шаардлагагүй гэж хариуг өгсөн. Энэ мэт шалтгаанаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийг цааш ажиллуулах боломжгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотой чөлөөлөх хүртэлх ээлжийн амралт, цалинг түүнд өгсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, талуудын хооронд бичсэн телеграмм чат, гэрч Г.*********ийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Т.********* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ********* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд туршилтаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 12-19/
4.2 Харин тус компанийн захирлын 2024.11.13-ны өдрийн***** тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, ********* ХХК-ийн 2024.09.19-ний өдрийн ХГ/******* тоот тушаал, Хөдөлмөрийн гэрээний 8.6, 8.6.3 дахь заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Т.*********гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.3 Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн алинаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна.
5. Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
5.1 Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан Т.*********г чөлөөлсөн тушаалын үндэслэлд энэ талаараа заагаагүй байна.
6. Хариуцагч тал татгалзлын үндэслэлтэй ...өөрийн хувийн хэрэг материалыг авч явсан зөрчил гаргасан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өрөөс хойш ажил тасалсан зөрчил гаргасан ба энэ нь Хөдөлмөрийн гэрээний 8.6, 8.6.3 дахь болон хөдөлмөрийн дотоод журмын 10.5.4, 14.1 заасан заалтуудыг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж, Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд энэ үндэслэлийг тохирсон гэж тайлбарласан.
6.1 Хэргийн баримт, талуудын хооронд бичсэн телеграмм чатад нэхэмжлэгч Т.********* нь 2024 оны 10 сарын 27-ны шөнө хариуцагч компанийн захирал Г.******н нөхөр Ч.******од зодуулсан шалтгаанаар 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 сарын 03-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй байх ба хариуцагч тал энэ хугацаанд цалинтай чөлөө олгож, эмнэлэгт үзүүлэх болон цагдаад гомдол гаргах боломжийг олгосон гэж тайлбарласан.
6.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 11 сарын 04, 05-ны өдрүүдэд ажилдаа ирж ажилласан байх ба улмаар 2024 оны 11 сарын 06-ны өдөр ажилдаа ирж, цагаа бүртгүүлсэн боловч энэ өдрөөс хойш ажилдаа ирээгүй талаар талууд маргаагүй байна.
6.3 Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Т.*********г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж ажил олгогч тайлбарлаж байх хэдий ч хариуцагч нь ажил тасалсан шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоолгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Т.*********гийн биеийн эрүүл мэндийн байдлаас ажилдаа очиж чадахгүй байгаа талаараа удирдлага болон хүний нөөцдөө мэдэгдсэн гэж үзэхээр байна.
6.4 Нөгөөтэйгүүр, хариуцагч компани нь нэхэмжлэгч Т.*********г өөрийн бичиг баримтыг дур мэдэн авч явсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг тайлбарлаж байх хэдий ч энэ талаар шалгаж тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.
6.5 Эдгээрээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан,... ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэсэнтэй нийцээгүй байна.
7. Дээрхээс дүгнэхэд Т.*********г ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2024 оны 12 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх буюу 2025 оны 03 сарын 17-ны өдөр хүртэлх ажлын 75 хоногийн олговор 11 812 979 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
7.1 Нэхэмжлэгч Т.*********гийн цалинг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хариуцагч ********* ХХК ирүүлсэн цалингийн баримтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтад заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь ажилд орсноос хойш нийт 5 477 793.26 төгрөгийг цалин авсан байх ба 1 өдөрт 157 506 төгрөгийн /сүүлийн 3 сард ажилласан ажлын хоногт тооцож/ цалин авсан байх ба 75 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 11 812 979 төгрөгөөр //157 506 х 75 хоног/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
8. Харин нэхэмжлэгч нь ажилд орох хүртэлх хугацааны амралтын мөнгийг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байх ба хариуцагч компани нь нэхэмжлэгч Т.*********д 2024.09.30-ний өдрөөс 2024.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны амралтыг тооцож, 382 536 төгрөгийг олгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгч Т.********* нь 2024 оны 11 сарын 13-ны өдрийн***** дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 154.2.1-т заасан хугацааны дотор, 158.2.2-т заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*********г ********* ХХК-ийн Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11 812 979 төгрөгийг хариуцагч ********* ХХК-аас гаргуулж, Т.*********д олгож, амралтын мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т.*********гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг ********* ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ********* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 203 958 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ