| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0692/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Э.Б, С.М,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б, С.М нарт холбогдох эрүүгийн 1706 0189 10137 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “” ХХК-д цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт С М.
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Эын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын
10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 3-19 тоот нийтийн байрны гадна иргэн Б.Өсөхжаргалын “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, савхин куртик зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Б.Өсөхжаргалын мэдүүлэг /хх-9-10, 14/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-27-28/, шүүгдэгч С.М, Э.Б нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-23-34, 25-26/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-29-30/, шүүгдэгч Э.Бий хувийн байдлыг тодруулсан баримт /хх-57-58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 3-19 тоот нийтийн байрны гадна иргэн Б.Өсөхжаргалын “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, савхин куртик зэргийг дээрэмдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Өсөхжаргалын өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 40 минутын үед байр руугаа орох гээд явж байтал үл таних хоёр согтуу залуугийн “ахын дүү утсаараа ганц яриулчих” гэхээр нь би утсаа өгтөл миний утсаар ярингаа доошоогоо алхаад яваад өгсөн. Тэгэхэд надтай хамт үлдсэн нь намайг дагуулж араас нь алхаж байснаа “ ах нь даараад байна, куртикээ өгчих” гэхээр нь би “үгүй” гэтэл “би даараад байна, наадахаа тайл” гэж зандрахаар нь би айгаад өмсөж явсан савхин куртикээ өгсөн….Тэгэхээр нь би тэр ахаас утсаа гуйж авсан бөгөөд нөгөө ах намайг дагуулж 16-ийн автобусны буудал ороод “чи ахдаа утсаа өгч бай, хүнтэй яриадхая” гэхээр нь би “үгүй, би яараад байна” гэтэл “чи итгэхгүй бол надтай хамт явах уу” гэхээр нь би “тэгье” гэхэд “чи надтай хамт явбал юу юу ч үгүй, шалдан үлдэнэ, би чамайг дээрэмдье гэвэл зодоод л хамаг юмыг чинь авчихна” гэх зэргээр дарамталж байгаа миний утсыг аваад яваад өгсөн. Намайг цохиж зодоогүй. Хэл амаараа намайг “би чамайг яавал ч яана, би эндэхийн атаман нь” гэх зэргээр айлган сүрдүүлсэн. Би цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар хайж байгаад миний куртикийг авсан залууг олж миний куртикийг өгөөд тэр залууг эрүүлжүүлсэн. Миний гар утас “Самсунг галакси эс-5” маркийн бор өнгөтэй гар утас байсан. Уг утсыг 2017 оны 7 сард 250.000 төгрөгөөр худалдаж авсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөн түүний хохирогчоор дахин өгсөн: “Нэмж ярих зүйлгүй. Э.Б, С.М нар нь надад учирсан хохирлыг барагдуулсан. Бид нар эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Бий өгсөн:..”Би хуурай ах С.Мтэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16-ыг автобусны буудал дээр уулзаад би нэг шил 0.75 граммын архи аваад манайд хамт уусан. Тэгээд 18-19 цагийн орчимд гараад явж байгаад Газарчингийн баруун талд нэг банди замаар өгсөөд явсан. Тэр бандиас С.Мөн-Эрдэнэ утсыг нь аваад доошоо 16 явлаа гээд явсан. Би салаад шууд харьсан. Тэр бандийн савхин куртикийг авахдаа согтуу хүний зангаар зандраад яваад өмссөн.” /хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Мийн өгсөн:..” Би 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Э.Бий хамт 0.75 граммын “Хараа” архи нэг шилийг хувааж уугаад явж байгаад Газарчин дээд сургуулийн баруун талд байх Тулга дэлгүүргийн орчимд согтуу явж байсан. Тэр үед нэг банди дээшээ өгсөөд алхаж байсан ба би утсаар чинь нэг яриад өгьч гэсэн чинь утсаа өгсөн. Э.Бийг орхиод нөгөө утасны эзэнг дагуулаад утсаар нь ярингаа 16-н буудал руу алхсан. Э.Б тэр хүүхдийн савхин куртикийг даараад байна гээд аваад өмссөн. Би 16-н замын хойд талын автобусны буудал дээр очоод тэнд утасны эзэнг орхиод урагшаа зам руу гарсан.” /хх-12/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-27-28/,
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-34/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29, 30/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 3-19 тоот нийтийн байрны гадна иргэн Б.Өсөхжаргалын “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, савхин куртик зэргийг дээрэмдсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б, С.М нар нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Э.Б, С.М нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Сын М, Ч овогт Эын Б нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Б, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Э.Б, С.М нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тодорхой ажил хийх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Э.Б, С.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС