| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2306000000312 |
| Дугаар | 2024/ДШМ/106 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/106
2024 1 18 2024/ДШМ/106
М.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Түмэннаст, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч М.Мд холбогдох 2306000000312 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн М.М, 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх дүү нарын хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;
Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "ЭБ" нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд хохирогч Д.Г-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг цээж хэсэг рүү нь түлхэж хана мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироож, "хүнийг алах" гэмт хэрэг холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мын урьд энэ хэрэгт цагдан хоригдсон 258 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М нь гэм хорын хохиролд 1.000.000 /нэгсая/ төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч М.Маас 12.340.920/арван хоёр сая гурван зуун дөчин мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сантмаргад овогт Д.О /ЧС89121474/-т төлүүлж, Иргэний хуулийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний ирээдүй, эрх зүйн байдлыг дордуулан, нотлох баримт яллахад хангалттай бүрэн төгс байж чадаагүй. Хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судалж амжаагүй. Прокурор намайг “хүнийг санаатай алах” гэмт хэргийг үйлдсэн гэх гол үндэслэл буюу “ганц гэрчийн мэдүүлгээр” дүгнэлт хийж ялласан боловч тус гэрч нь тухайн үед согтуу байсан ба хохирогчтой түрүүлж маргалдан ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэсэн зэрэг нь энэхүү хэрэгт гэрчийн үүрэг гүйцэтгэхэд хууль зүй болон бусад байдлаар ч тэнцэхгүй нь харагддаг болов уу. Мөн энэхүү гэмт үйлдлийн зүйлчлэл ч тэр “хүнийг алах” гэмт хэрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын шалтгаант холбоо байгаа эсэхийг заавал агуулсан байхыг шаарддаг. Гэтэл хохирогч бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон болон ашиг сонирхлын зөрчилдөөн байгаагүй, харин ч эсрэгээрээ нэг нэгнийхээ ахуй амьдралыг өөд татах гэсэн сайн санаж найзалж нөхөрлөж байсныг бусад гэрчүүд нотолдог. Тухайн гэмт үйлдлийн шалтгаан ч тэр хоёр согтуу хүмүүсийн маргааныг таслан зогсоох үүднээс салгаж ор руу түлхсэнээр тус гэмт үйлдэл үйлдэгдсэн гэж үзэж болно. Мөн “хүнийг алах” гэмт хэрэг нь хохирогчийн амь насаа алдсан нь шүүгдэгчид ямар нэгэн байдлаар ашигтай байх ба гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоор ялгарч хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд утгаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхэхийг хүссэн байдгаар ялгардаг. Хохирогчийн амь насаа алдсан нь шүүгдэгч надад ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын давуу тал үүсээгүйгээс гадна тухайн үед хохирогч амь насаа алдах гэмт үйлдэл болохыг ухамсарлаагүй нь бусад хүмүүсийн мэдүүлэг, хохирогчийг гэр рүү нь хамтдаа хүргэж өгч авч явах гэсэн үйлдлээс ч харагдах байх. Мөн аливаа гэм буруутай үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүй, мөн хохирогч болон гэрч хоёрын маргааныг таслан зогсоох зорилгоор үйлдсэн үйлдэл нь дангаар “хүнийг алах” гэмт хэрэг хэмээн үзэх нь хэт өнгөц дүгнэлт хэмээн үзэх болов уу. ...” гэв.
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг зөрчсөн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс тогтоолын 13-14 дүгээр талд дүгнэхдээ: Хэдийгээр шүүгдэгч нь амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй гэж маргадаг боловч хэрэг болох үед хэргийн газарт байсан гэрч С.Ашүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, амь хохирогчийн нас барсан шалтгааныг гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд, мөн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Амь хохирогчид учирсан үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь нас барахаас өмнө 24 цагийн дотор, буудлын өрөөнөөс гаргахаас өмнө үүсэх боломжтой камерын бичлэг болон буудлын ажилчид амь хохирогчийн ухаангүй байдалтай байж байгаад нас барсныг гэрчилж мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг үйл явдлыг тодорхойлж шүүгдэгчийн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс М.Мын гэм бурууг дүгнэн бичсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Үүнд, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний “...24 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл, ...амь хохирогч нь дээрх гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл босож суух, алхах, ухамсарт ухаан бүүдгэр байдалтай байна. Тэгэхээр идэвхтэй үйлдэл хийх боломжтой байна. /хх 68-70 гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...нас барснаас 24 цагийн дотор үүссэн гэмтэл гэх мэдүүлэг. Мөн амь хохирогчийг нас барснаас 24 цагийн өмнө эсхүл дотор гэж зөрүүтэй хоёр өөр мэдүүлэг өгсөн байхад аль нэгийг нь авахдаа нөгөө мэдүүлгийг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүй өгсөн хоёр зөрүүтэй мэдүүлгүүдийг нь бүхэлд нь нотлох баримтын хэмжээнд үнэлж шийтгэх тогтоолд бичсэн нь ойлгомжгүй байна.” гэх мэдүүлэг. Мөн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 цаг 35 минутаас 23 цагт: нас бараад 08-10 цаг орчим болсон байна гэж үзсэн байх ба 12-14 цагийн хооронд амь хохирогч нас барсан гэж үзэхээр байх ба шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт амь хохирогч нас барахаас 24 цагийн өмнө үүссэн гэмтэл гэвэл хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байхаар байхад шүүх огт анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн. /хх 9/
2. гэрч С.А“...бид хоёрыг гарахад дээгүүрээ цээж нүцгэн, дотуур өмдтэй орон дээр үлдсэн” /хх 129-130/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...амь хохирогчоос хөмсөгний шархыг өөрөөс нь асуухад зодоон хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг. Хэргийн газрын үзлэг хийсэн “талийгаач нь гутал хувцастайгаа байдаг.” гэх тэмдэглэл /хх 3-8/, гэрч Бямбанямын “буудлын өрөөнд пиавр аяга унахад хүртэл сонсогддог, зодоон цохион болсон зүйл байхгүй” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч И.Оюун-Эрдэнэ “нас барснаас 24 цагийн өмнө үүссэн гэмтэл” гэх мэдүүлэг болон гэрч Амар-Амгалангийн мэдүүлгээс үзэхэд хөмсөгний шарх авах үедээ авсан гэмтлийн улмаас талийгаач нас барсан байх магадлалтай байна. Хэрэв буудалд маргаан зодоон болсон бол ресейпшн мэдэх боломжтой байсан байна. Анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн ноцтой зөрүүтэй дээрх хэргийн үйл баримтыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтыг бүрэн бодитой нотлоогүй. Шинжээч эмч хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгтээ уг тархины гэмтлийг 24 цагаас өмнө авсан байх боломжтой гэж, анхан шатны шүүх хуралдаанд 10-14 цагийн дотор авсан байх боломжтой гэж зөрүүтэй мэдүүлдэг. Амар-Амгалан гэх хүний мэдүүлгээр л шүүгдэгч М.Мыг хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэргийн газрын үзлэгээр амь хохирогч ор, цонх хоёрын цаана дээш харсан байрлалтай байсан байдаг. Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд “Өөрийн өндрөөс унахад ар дагзны чамархай хэсэгт гэмтэл учруулах боломжтой” гэсэн байдаг. Гэтэл 45 сантиметрийн орноос унахад уг гэмтэл үүсэх боломжгүй гэж ортой холбон дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, цагаатгах, яллах талын нотлох баримтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. Шүүгдэгч М.Мын хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх тайлбарыг шүүх анхаарч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар заалтад шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ эрүүгийн хариуцлагад тусгайлан гаргах саналгүй гэж бичсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү гэсэн саналыг тус тус гаргасан. Шүүгдэгч М.М амь хохирогч Д.Гийг санаандгүй түлхсэн, хүнийг алах санаа зорилго байгаагүй гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчүүд, шинжээч эмч нарыг оролцуулсан бөгөөд шинжээч эмч тодорхой тайлбар, хариултуудыг өгч байсан. Амар-Амгалан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон үйл баримтыг тогтвортой мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "ЭБ" нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд хохирогч Д.Гтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг цээж хэсэг рүү нь түлхэж хана мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчимд гадуур ажилтай явж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас залгаж намайг хүрээд ир гэсэн. Би тухайн цагдаагийн хэлтэс дээр ирээд ах Д.Гийг нас барсан талаар мэдсэн. ...”/1хх 32-34/,
гэрч С.А“...Д.Гийг усанд ороод гарч ирэхээр нь миний авсан шинэ архийг задалж тэр хоёр орон дээр зэрэгцээд суусан, би өөдөөс нь харсан байдалтай гурвуулаа юм яриад сууж байсан чинь тэр хоёр гэнэт өмнө архи уусан асуудлаас болсон гэж ойлгосон гэнэт маргалдаад М.М Д.Гт хандаж чи муу өөдгүй пизда гэсэн чинь нөгөөдөх нь тэгээд чи муу яах юм бэ гээд босоод ирсэн чинь М.М чи тэгээд яах гээд байгаа юм гэж хэлээд хоёр гараараа Д.Гийг хүчтэй хойш нь түлхсэн чинь оронд тээглэж хойшоо унахдаа дагз хэсгээрээ их эвгүй маш хүчтэй хана мөргөсөн тэгэхээр нь би "чи аймар хүчтэй савж хана мөргөчихлөө ш дээ" гэж хэлээд татаж босгоод орон дээр суулгасан. Тэр хоёрт хандаж хэрүүл зодоон болгох гэж дуудаагүй ш дээ гэсэн чинь М.М наадах чинь өөрөө хүн рүү дайраад байгаа биз дээ гэж хэлсэн. Д.Гийг орон дээр сууж байхад М.М шилбэ, цээж орчим хэд хэдэн удаа өшиглөхөөр нь болиулсан чинь М.М явъя гээд миний цүнх, малгайг авсан чинь хамт бүгдээрээ явна, Д.Гийг эхнэрт нь аваачиж өгөхгүй бол муухай юм биш үү гэсэн чинь Д.Г өөрөө явахгүй гээд үлдсэн. М.М бид хоёр шөнө 02 цагийн үед өрөөнөөс эхэлж гараад буцаж ороод Д.Гийг явъя эхнэрт чинь аваачиж өгнө гэсэн чинь явахгүй гээд үлдсэн. Маргааш өглөө нь нөгөө буудлын ресейпшн над руу 10 цагийн үед утсаар залгаж энэ хүн чинь эвгүй болсон байна, зүрх нь зогссон юм шиг царай нь сонин болчхоод хөдөлгөөнгүй хэвтэж, хурхираад байна ар гэрийнх нь дугаар байна уу гэхээр нь эхнэрийнх нь дугаарыг өгсөн. ..." /1хх 125-131/,
гэрч П.Б“...2023 оны 01 дүгээр сарын 31-ний 04 цагийн орчимд 13 номерын эмэгтэй, нэг залуутай нь гарч ирчхээд эрэгтэй нь нөгөө эрэгтэйгээ унтаж байгаад өглөө гараад явчихна биз гэсэн. Харин эмэгтэй нь аваад явъя гэж ярьж байгаад гараад явсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд манай буудалд 30-ны өдөр иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн А.Амаржаргал гэх эмэгтэй ирээд хаалгыг нь тогшиж байгаад явсан, би 11 цаг 40 минутын орчимд хаалгыг нь буюу 13 номерын өрөөг тогшиход хаалгаа тайлахгүй байхаар нь хаалгыг нь онгойлгоод ороход орон дээр хүн байхгүй байсан. Тэгэхээр нь цаашаа явтал нэг эрэгтэй орных нь хойд талд уначихсан хурхираад дээшээ харчихсан унтаж байсан. Би гараас нь угзраад гарах цаг боллоо гэж хэлээд хаалгыг нь хаагаад гараад явсан. 12 цаг өнгөрч байхад харуул Баярааг дуудаад 13 номерын эрэгтэйг орны ар талаас нь гаргаад даахгүй байсан болохоор мөрний хэсэг хөлийн хэсгээс нь чирээд лифтэнд суулгаад 1 давхарт авч ирээд шатны хажууд байрлуулсан. Анх өрөөнд нь ороход тухайн эрэгтэй өмдөндөө шээчихсэн. 1 давхарт нөгөө эрэгтэйг авч ирэхэд нөгөө эрэгтэй хурхирч байсан. Би бүртгэлээсээ А.Амаржаргалын утсыг хараад залгасан, энэ согтуу хүнээ аваач ээ өмдөндөө шээсэн байна. 17 цагийн орчимд надаас ээлж авсан эмэгтэй Энх-Амьдрал над руу залгаад нөгөө эрэгтэй чинь сонин болоод байна би түргэн дуудчихлаа. Та хамт ирсэн хүмүүс рүү нь холбоо бариадхаач гэсэн. ..." /1хх 133-138/,
гэрч Б.Г"...бид гурав лифтээр буухад 1 давхрын шатны зүүн талд нэг эрэгтэй хэвтэж байсан. Тэгээд хурхираад байх шиг байсан. 15 цагийн орчимд Нэргүй бид хоёр орж ирэхэд шатны хажууд хэвтэж байсан залуу доошоо харсан байрлалтай байхаар нь очиход царай, гар хөл нь хөхөрчихсөн байсан. Би хамрыг нь чихтэй нь чимхэхэд хөдлөхгүй байсан. Буудлын ресейпшн эмэгтэйд хэлээд яаралтай түргэн тусламж дуудуулсан. Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд хиймэл амьсгал хийж, зүүн гарт нь тариа хийгээд нэмэргүй байсан. Удалгүй нөгөө эрэгтэйг нас барчихсан байна гэж хэлсэн. ...”/1хх 143-144/,
гэрч Х.У"...Намайг 13 номерын өрөөг цэвэрлэхэд 0.75 литрийн Тайга гэсэн бичиглэл бүхий архины шил 2 ширхэг, хуванцар ундааны сав, тамхины иш зэрэг зүйл байхаар нь цэвэрлэсэн. 14 цагийн орчимд нэг давхар руу хоол идэх гээд бууж ирэхэд 1 давхрын шатны хажууд 13 номероос дамжилж буулгаж байсан эрэгтэй шатны хажууд хэвтээд хурхираад байсан. 16 цаг 40 минутын орчимд 1 давхар руу бууж ирэхэд яаралтай түргэн тусламж ирчихсэн, нөгөө эрэгтэйг нас барчихсан байна гэж хэлсэн. ...” /1хх 146-147/,
гэрч З.Энх-Амьдралын “...би тухайн хүнийг тасраад унтаж байгаа хүн гэж бодоод ажлаа хүлээн авсан. Харуул ах согтуу хүн цэрэндээ хахаж магадгүй гээд хажуу тийш нь харуулчихъя гээд яваад ирсэн. 15 цаг 30 минутын орчим би харуул ахад наад хүнээ сэрээ одоо архи нь гарахгүй яадаг юм гэж хэлсэн. Тэгэхэд өрөө авах гээд хүлээж байсан 2 эмэгтэйн махлаг эмэгтэй нь хамар дээр нь гараа тавьчхаад амьсгалахгүй байна та түргэн дуудсан нь дээр байх гэхээр нь түргэн тусламж дуудахад ирсэн. Ирээд эмчилгээ янз бүрийн тусламж үзүүлж байгаад нас барчихлаа 102-т дуудлага өг гэхээр нь би 16 цаг 43 минутад дуудлага өгсөн. ..." /1хх 149-150/,
гэрч Ц.О“...01 цаг өнгөрч байхад талийгаач нөхөр маань өөрийнхөө 80605141 дугаараас залгаж ярихдаа усанд ороод байж байна, хайртай шүү, биеэ хатаачхаад очно гэж хэлснээс хойш дахиж яриагүй. Шөнө 02 цаг өнгөрч байхад М.М өөрийнхөө 99722080 дугаараас залгаж нөхрийг чинь авч явах гэсэн чинь согтуурхаад явахгүй болохоор үлдээчихлээ" гэж хэлэхээр нь аваад ирэхгүй дээ гэж хэлээд өнгөрсөн. Өглөө 07 цагаас хойш нөхрийн утас холбогдохгүй байсан тул 10 цаг өнгөрч байхад М.Маас утсаар асуусан чинь Амгаа бид хоёр манайд унтаж байна гэхээр нь аваад ирэхгүй яасан юм бэ гэж уурласан чинь өөрөө авахгүй юу гэж хэлээд уурлаж утсаа тасалсан. 15 цаг өнгөрч байхад буудлын ресейпшн гэх хүн надтай холбогдож "хамт орсон хүн таны утасны дугаарыг өглөө, танай нөхрийг хамт архи уусан хүмүүс нь орхиж явсан байна, цонх нь онгорхой байна, овог нэрийг нь мэдэх үү гэхээр нь овгийг нь мэдэхгүй гэсэн чинь" утсаа тасалсан. Түүнээс хойш 30-40 минутын дараа дахиж залгаж эмнэлэг ирчихлээ, овог хэн бэ гэж дахиж асуухаар нь сайн мэдэхгүй байна гэсэн чинь тасалсан. Түүнээс хойш 16 цагийн үед цагдаагаас залгаж талийгаач нөхрийн овог нэрийг асуухаар мэдэхгүй гэдгээ хэлсэн, хэдэн жил амьдарч байгааг асуухаар нь хэлсэн чинь тасалсан. 18 цаг өнгөрч байхад цагдаагаас дахиж залгаж нөхрийн биеийн байцаалтыг асуухаар нь дүүгийнх нь утасны дугаарыг өгч холбож өгсөн. Тэгээд удаагүй талийгаач нөхрийн дүү Отгоо цагдаа руу явж байна гэж ярьснаас хойш орой нөхрийг нас барсан гэж хэлсэн. Талийгаач нөхөр маань тэр хоёртой уулзахаар гэрээсээ гарахдаа толгой тархи нь ямар нэгэн гэмтэлгүй, нүүр гар хөл нь ямар нэгэн зулгаралт гэмтэл шархгүй явсан. Нөхөр маань маргалдаж зодолдсон, эсвэл унаж гэмтэж бэртсэн зүйл байхгүй, ямар нэгэн өвчин зовлон хэлдэггүй эрүүл саруул хүн байсан. ...” /1хх 158-159/
гэрч Г.Б“...Бямбаа өрөөнөөс тасарсан хүн гаргая гэж дуудсаны дагуу 13 тоот өрөөнд ороход орны хажууд газарт нэг эрэгтэй хүн хувцастай дээшээ харсан, өмдөндөө шээсэн байдалтай газар хэвтэж байсан тул хоёр талаас нь сугадаж өргөөд цахилгаан шатаар 1 давхарт буулгаж миний суудаг өрөөний хажууд шалан дээр хэвтүүлсэн чинь хурхирсан байдалтай, хоолой нь хачин дугараад байхаар нь цэрэндээ хахчихаж магадгүй гэж бодоод хажуу тал руу нь харуулсан. Тэгэхэд тэр хүн гар хөл нь хөдөлж, цамцныхаа захыг гараараа дээш нь татах, өмдөө татах гэх мэт үйлдэл гаргаж байсан тул согтуу тасарсан байна гэж бодсон. Тэгээд миний хажууд 2-3 цаг хэвтсэн боловч сэрэхгүй, амьсгаа нэг сонин болоод байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн чинь тариа хийсэн, хиймэл амьсгал хийсэн боловч нас барсан, цагдаа дууд гэсэн тул ресепшин дуудлага өгсөн. Тус 13 тоотод орсон хүмүүс нөгөө ээлжид орсон учраас хэзээ ямар хүмүүс орж хэзээ гарсан талаар мэдэхгүй байна. Бид хоёр хоёр талаас сугадаж өргөөд цахилгаан шатаар буулгаж миний хажууд шатан доор хэвтүүлэхдээ унагааж ямар нэгэн зүйл мөргүүлсэн зүйл болоогүй. Намайг ороход өрөөний эд хогшил зүгээр, унаж хагарсан зүйл болон цус болсон зүйл байгаагүй, ширээн дээр 2 ширхэг хоосон архины шил байсан, тэр хүн орныхоо хажууд шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. ...” /1хх 161-162/
шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн "...талийгаач бид 2 буудал руу очихоос өмнө орцонд нэг шил архи хувааж уусан. Тэгээд буудлын гадаа очиход С.Амар-Амгалан гарч ирээд таксины мөнгө төлж түүний орсон 4 давхрын 13 тоот 1 ортой буудлын өрөөнд 22 цагийн үед орсон. Тэнд байсан тал шил архинаас ганц нэг хундага уухад Д.Г усанд ороод гарч ирсэн. Бид гурав С.Ашинээр авсан 0.75 граммын нэг шил архийг хувааж уугаад юм яриад байж байхад Амар-Амгалан, Д.Г хоёр юунаас болсныг нь мэдэхгүй согтуу хүмүүс нэг нэгнийхээ дээр гарах гэсэн шалихгүй зүйлээс болж маргалдахаар нь салгаж Д.Гийг ор руу түлхсэн чинь тэр чигээрээ унтаад сэрэхгүй болохоор нь эхнэрт нь утсаар үлдээгээд явлаа гэдгээ хэлээд гарсан. Сэрэхгүй болохоор нь босооч гээд нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Д.Г тасраад унтаад босохгүй болохоор нь бид 2 орхиж явсан. Тэгээд Амгаа бид 2 таксигаар манай гэрт очиж 1 шил архи ууж хоносон чинь үдээс хойш цагдаа орж ирээд аваад явсан. ...” /1хх 167-168/,
шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээ хамарсан аалзан хальс доорх цус харвалт, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтлүүд нь 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд ба энэ нь макрогоор харахад хатуу хальсан доорх цус нь бүлэгнэсэн шингэн хэлбэржээгүй эд эсийн шинжилгээгээр цусан бүлэг нь задарсан улаан эстэй, кейтофил давамгай, моноцит эсийн холимог нэвчдэст фибрин үүссэн байна. Дээрх тохиолдолд эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврагдах боломж багатай байна. Амь хохирогч нь дээрх гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл босож суух, алхах, ухамсарт ухаан бүүдгэр байдалтай байна. Тэгэхээр идэвхтэй үйлдэл хийх боломжтой байна. Талийгаач 16 цагийн үед нас барсан гэх ба талийгаачид хийсэн шинжилгээний эд эс болон өөрчлөлтүүдээс үзэхэд буудлын өрөөнөөс өргөж гаргахаас өмнө буюу 12 цагаас өмнө үүссэн гэмтэл байна. ..." /1хх 68-70/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 477 дугаар “...1.2.Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальс доорх цус харвалт, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, дагзны хуйхны цус хуралт, бага тархины эдийн голомтлог няцрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхийн нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.4 хувь промилли спиртийн агууламж илэрсэн. ... " /1хх 36-48/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 252 дугаар "...Талийгаачийн цогцост тогтоогдсон дагзны хуйх, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхийн нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дагзны зүүн доод хэсэгт хүч үйлчлэхэд үүснэ. Талийгаачийн цогцост тогтоогдсон дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхийн нурууны цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зууралдах, татаж чангаах, унах, цохих, эд зүйл нидрэгдэх зэрэгт аль алинд нь үүсгэгдэнэ. ...”/1хх 61-66/ гэсэн дүгнэлтүүд,
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч М.М, гэрч С.Амар-Амгалан нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авсан мэдүүлэг /1хх 217-220/, гэрч С.Амэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 13-18, 222-226/,
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд"... тус буудлын бичлэг цагийн зөрүүгүй одоогийн цагтай тохирч байсныг тэмдэглэв ...2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 20:01 минутад А.Амаржаргал, С.Амар-Амгалан нар тус буудалд орж ирээд ресейпшнд бүртгүүлж дээшээ гарч байна. ...2023 оны 01 дүгээр сарын 30-ны 23 цаг 33 минут 46 секунтад цагт гэрч С.Амар-Амгалан хар өнгийн куртиктэй, түүний араас хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хүрэмтэй, саарал өнгийн малгайтай цамцтай, амь хохирогч Д.Г нь биеийн байдал хэвийн сараал өнгийн ноосон малгайтай, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, хар өнгийн хүрэмтэй орж ирээд дээшээ гарснаар 25 сек бичлэг дууссан. ... 23:35:09 цагт ноосон малгайтай амь хохирогч Д.Г, саравчтай малгайтай М.М, С.Амар-Амгалан гурав 13 тоотод орсноор 26 сек бичлэг дууссан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 01:50:10 цагт С.Амар-Амгалан баруун гартаа ундаа барьсан байдалтай, ...Мөнхжаргал хоёр ...13 тоот өрөөнөөс гарч шатруу явсан боловч С.Амар-Амгалан буцаж өрөөрүү орсон, хойноос нь М.М ороод буцаж гараад хаалга хаасан. Камерт тус өрөөнд доторх зүйл бүрэн харагдахгүй байсныг тэмдэглэлд тусгав. Энэ үед өрөөнөөс гарсан 3 хүн тэр хоёртой юм ярьж байгаад явсны дараа коридорт зогсож байгаад 01:54 цагт шатаар буугаад буцаж гарч ирэхдээ хүнээр хаалга онгойлгуулж 01:55 цагт Мөнхжаргал эхэлж орсон араас нь С.Амар-Амгалан үсээ боогоод ороход хаалга онгорхой байсан тул өрөөний үүдний зарим хэсэг нь харагдаж байна. 01:55:06 цагт С.Мөнхжаргал баруун гартаа ундаа барьсан баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж тэр хоёр гарч байгаа 5 минутын бичлэг байв. ...2023.01.31 01:54 ...Мөнхжаргал, гэрч С.Амар- Амгалан хоёрт хаалга онгойлгож өгснөөр өрөө рүү орж гартаа ундаа барьсан Мөнхжаргал 01:55:55 цагт 2 удаа өшиглөж буцаж сууснаа дахиж босоод тэр хоёр зогсож байгаад 01:58:19 цагт өрөөнөөсөө гарч шатаар бууснаар тус 2 минутын бичлэг дууссан. Тус бичлэгт зөвхөн өрөөний хаалга онгойход камерт зөвхөн өрөөний үүд хэсэгт тэр хоёрын хөл хэсэг харагдаж байсан бөгөөд амь хохирогч харагдахгүй байв. Тус бичлэгт М.М нэг удаа, С.Амар-Амгалан 2 удаа өшиглөж байгаа нь харагдаж байсан тул тэмдэглэлд тусгав. ... 2023.01.31-ний өдрийн 12:02:45 цагт тус 13 тоот өрөө болон цаад өрөөнүүдийн хаалга нээлттэй байна. 13 тоот өрөөнөөс 12:04 цагт саарал цамцтай буудлын ажилтан П.Бямбаням амь хохирогчийн цээж хэсгээс, саравчтай малгайтай харуул Г.Баяраа баруун гараас нь чирч гаргахад амь хохирогч ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй хоёр гар хөл зэргийг бага зэрэг хөдөлгөсөн байдалтай хэвтэж байв. Тэр хоёр хэсэг хугацаанд шалан дээр хэвтүүлж байгаад дахин 2 гараас нь чирч шатны цаагуур орсноор бичлэг дуусав. 2023.01.31-ний 12:05:27 цагт Д.Бямбаням нь амь хохирогчийн цээж, цамц хэсгээс хагас өргөж, Г.Баяраа хоёр хөлнөөс нь хагас өргөсөн байдалтай жижүүрийн байрны хажуу талд шатны цаад талд үлдээгээд хоёулаа дээшээ шатаар гарснаар бичлэг дууссан. ...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 121-124/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
Амь хохирогч Д.Гийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальс доорх цус харвалт, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, дагзны хуйхны цус хуралт, бага тархины эдийн голомтлог няцрал, дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхийн нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 36-48/, гэрч С.А“М.М чи тэгээд яах гээд байгаа юм гэж хэлээд хоёр гараараа Д.Гийг хүчтэй хойш нь түлхсэн чинь оронд тээглэж хойшоо унахдаа дагз хэсгээрээ их эвгүй маш хүчтэй хана мөргөсөн тэгэхээр нь би “чи аймар хүчтэй савж хана мөргөчихлөө ш дээ” гэж хэлээд татаж босгоод орон дээр суулгасан. ...” /1хх 13-18, 222-226/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч М.Мын амь хохирогчийг түлхэж хананд хүчтэй мөргүүлсэн үйлдэл, үхэлд хүргэх гавал тархины гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Мыг “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-15 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс М.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч М.М “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...”,
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Тэнгис “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
гэрч С.А“...Д.Г, М.М хоёр 23 цагийн үед таксигаар тус буудлын гадаа ирэхээр нь би гарч таксины мөнгийг төлсөн. ...М.М бид хоёр шөнө 02 цагийн үед өрөөнөөс эхэлж гараад буцаж ороод Д.Гийг явъя эхнэрт чинь аваачиж өгнө гэсэн чинь явахгүй гээд үлдсэн. ...” /1хх 125-131/, гэрч Ц.О“...01 цаг өнгөрч байхад талийгаач нөхөр маань залгасан. 02 цаг өнгөрч байхад М.М өөрийнхөө дугаараас залгаад нөхрийг чинь авч явах гэсэн чинь согтуурхаад явахгүй болохоор үлдээчихлээ гэж хэлэхээр нь аваад ирэхгүйдээ гэж хэлээд өнгөрсөн. ...” /1хх 158-159/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл //1хх 121-124/ зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зүйлд заасан нотолбол зохих байдал буюу тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө буюу 23 цагаас 01 цагийн хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “тархины гэмтлийг 24 цагаас өмнө авсан байх боломжтой гэж, анхан шатны шүүх хуралдаанд 10-14 цагийн дотор авсан байх боломжтой гэж зөрүүтэй мэдүүлдэг.” гэж дурдсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь “...гэмтлүүд нь 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд, талийгаач 16 цагийн үед нас барсан гэх ба талийгаачид хийсэн шинжилгээний эд эс болон өөрчлөлтүүдээс үзэхэд буудлын өрөөнөөс өргөж гаргахаас өмнө буюу 12 цагаас өмнө үүссэн гэмтэл байна. ..." /1хх 68-70/ гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь мэдүүлэхдээ 24 цаг гэдэг нь 12 цаг ч орж байгаа гэсэн үг юм. Хэрвээ 12 цагийн өмнө үүссэн гэмтэл гэж үзвэл цагийг тодорхойлох боломжгүй. ...Тухайн гэмтэл нь 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл гэсэн /2хх 118/ мэдүүлгээс дүгнэхэд 24 цагийн дотор гэмтэл авсан байх бөгөөд энэ хугацаанд 12 цаг ч мөн орж тооцогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч болон амь хохирогч нар маргалдсан, уурласнаас болж шүүгдэгч М.М амь хохирогчид хүнд гэмтэл учруулан тухайн үйл явдал болсон газар дээрээ амь хохирогч ухаангүй байсаар амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгдэгч М.Мыг болгоомжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч М.М “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө” үү гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1291 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ