| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0355/З |
| Дугаар | 128/ШШ2025/0435 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0435
2025 06 05 128/ШШ2025/0435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Д.,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л., Л.,
Гомдлын шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д. /цахим/-аар, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б., Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус шүүхэд иргэн Д.гаас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан.
1.Гомдол гаргагч Д. нь 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд ******* ******* намаас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.
2.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б. нь Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Д. нь сонгуулийн зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарын мэдээллийг Аудитын байгууллагад ирүүлээгүй гэх бүртгэлийн ******* дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн ******* дугаартай хэрэг нээн шалгаж, Д.г сонгуулийн дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулсан талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ... Д. би Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* намаас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч (цаашид ТУБ гэх) Б. нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх асуудлыг шалгаад Олсон нь хэсэгт Сонгуулийн зардлын данс нээгээгүй болох нь тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гээд 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгосон. Татварын улсын байцаагчийн дугаартай шийтгэлийн хуудас нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Сонгуулийн зардлын данс нээгээгүй гэх тухай
ТУБ-ын шийтгэлийн хуудаст тогтоосноор Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй гэх дүгнэлт юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т шударга ёсыг сахих нь сонгуулийн зарчим байхаар заасан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэж, 51 дүгээр зүйлийн 51.3-т Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ гэж заасан.
Миний хувьд сонгуулийн хандив авахгүй, сонгуульд зардал гаргахгүйгээр намын нэгдсэн зохион байгуулалтын дагуу нэр дэвшиж өрсөлдөх хүсэл зоригтой байсан тул зардлын данс нээгээгүй. Гэхдээ сонгуулийн зардлын данс нээгээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэхгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол ... гэж хэм хэмжээний нөхцөл заасан хэсгийг зааж өгсөн. Үүнээс үзвэл сонгуулийн зардлын данс нээгээгүй нь зөрчил болохгүй, харин нээсэн боловч бүртгүүлээгүй бол зөрчил болохоор хуульд заасан байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан. Иймд Б. миний сонгуулийн зардлын данс нээгээгүй асуудлыг хуулийн Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх нөхцөлтэй субсумци хийн зүйлчлэх боломжгүй. Нөгөө талаараа зардлын данс нээгээгүй асуудлыг зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчилтэй хуулийг төсөөтэй хэрэглэн хамааруулж болохгүй гэдгийг хуульд заасан байна.
Миний хувьд сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас бүртгүүлэх болон зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах нөхцөл бүрдээгүй, шаардлага үүсэхгүй юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай ******* ******* намын дарга Б.*******д хаягласан албан бичгээр Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Үүнээс үзвэл сонгуульд нэр дэвшигч нь хандив авахгүй, зардал гаргахгүй, сонгуулийн сурталчилгааны зардлыг заавал өөрийн зардлын дансанд төвлөрүүлэх шаардлагагүй гэж үзвэл зардлын данс заавал нээх шаардлагагүй болох нь харагдаж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй гэж Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9-д заасан Сонгох, сонгогдох эрх-тэй холбоотой юм. Энэхүү зарчмын дагуу заавал хөрөнгө чинээтэй хүн нэр дэвших биш, сонгуулийн зардал гаргахгүйгээр жирийн иргэн хүн ч нэр дэвшиж болох үндсэн эрхийн асуудал юм.
Энэ ч утгаараа нэр дэвшигчдийн өрсөлдөх боломжоор хангах зорилгоор сонгуулийн зардлын дээд хэмжээг баталж өгдөг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ гэж заасан. Энэ нь нөгөө талаараа зардлын доод хэмжээг зааж өгөөгүй буюу сонгуулийн зардал гаргахгүйгээр нэр дэвших боломжтой гэдгийг илэрхийлж байгаа юм.
Сонгуулийн зардал гаргахгүйгээр сонгогдох эрх-ээ эдэлж буй хүнд зардлын данс нээж бүртгүүлэх шаардлага тавих нь утга учиргүй юм. Ийм учраас сонгуулийн зардлын данс нээгээгүй хүнд хариуцлага хүлээлгэх биш зардлын данс нээсэн хэр нь бүртгүүлээгүй хүнд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... гэх нөхцөлөөр тусгаж өгчээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Д. нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* намаас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн. Нэр дэвшсэн үйл ажиллагаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б. нь шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн асуудлыг шалгаад олсон нь гэж байгаа юм. Аудитын газраас ийм асуудал байна гэж ирүүлснийг юу гэж дүгнэсэн гэхээр сонгуулийн зардлын данс нээгээгүй болох нь дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдож байна гэж шийтгэлийн хуудсыг дүгнэсэн байна. Татварын улсын байцаагч зардлын данс нээгээгүй гэдэг. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 дэх хэсэгт сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх гэдэг гипотез нөхцөл заасан хэм хэмжээг зохицуулж өгсөн. Тийм учраас данс нээгээгүй гэж дүгнээд бүртгүүлэх гэдэг асуудалд субсумци хийгээд эсвэл төсөөтэй хэрэглэж байгаа юм уу, өөр байдлаар субсумци хийж байгаа юм уу гэдэг ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуульд заагаагүй данс нээгээгүй гэдэг асуудлаар шийтгэл оногдуулсан байна гэж маргаж байгаа. Заагаагүй ч төсөөтэй хэрэглэж байгаа мэтээр ойлгогдож байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Тийм учраас Зөрчлийн тухай хуульд заагаагүй асуудлаар шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 4-д зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй буюу нутаг дэвсгэрийн харьяаллаар хаана шалгах вэ гэдэг асуудлыг прокурор харьяаллыг тогтооно гэж заасан. Данс нээгээгүй, бүртгүүлээгүй гэдэг асуудал эс үйлдэхүйтэй холбоотой аль нэг нутаг дэвсгэрт гарсан байх боломжгүй учраас прокурорын харьяаллыг тогтоох ёстой. Гэтэл дур мэдэн Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн болохоос биш данстай холбоотой асуудал Сонгинохайрхан дүүрэгт хамаарах уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас прокурорын эрх хэмжээг дур мэдэж харьяалал тогтоосон. Хэрэгт ирсэн Сонгуулийн ерөнхий хорооны бичигт тухайн нам нэгдсэн байдлаар данснаасаа зардал гаргана гэж шийдсэн бол тухайн нэр дэвшигчийг данс нээж, бүртгүүлэх үүрэг хүлээхгүй гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* намын даргын захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 13 нэр дэвшигч данс нээхгүй зардал гаргахгүй, нэгдсэн байдлаар зардлыг хариуцна гэсэн байна. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хорооны бичигтэй нийцэж байна гэж үзэж байгаа. Үндэсний аудитын газраас Татварын ерөнхий газарт Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай гэсэн бичгийг явуулсан. Тухайн бичиг Төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй зөрчил гаргасан байна гэж байгаа юм. Данс нээгээгүй учраас мэдээлж, бүртгүүлэх нөхцөл байдал үүсэхгүй. Данс нээх ёстой гэдэг нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд байгаа. Нээгээгүй нь зөрчил болно гэж Зөрчлийн тухай хуульд заагаагүй. Үндэсний аудитын газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/273 гэсэн бичгээр зөрчил гаргасан гэх этгээдүүдийн жагсаалтыг ирүүлсэн. Жагсаалтын 111-д Д. явцын болон эцсийн тайлан ирүүлээгүй гэж бичигдсэн. Явцын болон эцсийн тайлан ирүүлээгүй гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 биш 25, 27-д заасан бие даасан зөрчил байна. Тэгэхээр энэ зөрчлүүдэд хэн хариуцлага оногдуулах ёстой гэхээр Татварын улсын байцаагч биш нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч оногдуулах ёстой. Зөрчлийг шилжүүлж байгаа байгууллагууд нь өөр асуудал, татварын улсын байцаагч нь өөр асуудлыг үндэслээд шийтгэл оногдуулсан. Тийм учраас гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд тодорхой хэмжээний ойлгомжгүй зохицуулалтууд байгаа нь хууль хэрэглээний талаас харагдаж байна. Зөрчлийн хэрэг нээх явцад харьяаллын асуудал яригдсан. Харьяаллын асуудал хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яригдана. Харьяаллын асуудал яригдсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Харьяаллын асуудлыг тогтоосон баримт байхгүй. Төрийн байгууллага хоорондын дотоод сүлжээгээр явагдсан гэдэг асуудлыг шүүх хуралдааны явцад хариуцагч хэлж байна. Энэ талаарх баримт байхгүй. Харьяалал тогтоогоогүй байхад хууль хэрэглээний асуудал, үйл баримтын дагуу зөрчил оногдуулсан гэж үзэж байна. Гомдол гаргагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг хангаж байна гэж үзвэл тогтоох ёстой. Тогтоосон асуудал нь зөрчилтэй байгааг Үндэсний аудитын газраас ирүүлсэн. Гомдол гаргагч Д.гийн хувьд сонгуулийн аудитын дүгнэлтээр Сонгуулийн тухай хуулийн явцын болон эцсийн тайлан ирүүлээгүй гэдэг асуудал яригдаж байхад энэ үйл баримтын хүрээнд биш үйл баримтыг буруу тогтоож шийдвэрлэсэн байна гэж харж байна. Зөрчлийн тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байгаа асуудлыг төсөөтэй хэрэглэж гомдол гаргагчийн эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэн. ******* ******* намын Сонгуулийн тухай хууль зөрчих асуудал, нэр дэвшигчийн хууль зөрчих асуудлыг тусдаа шийдвэрлэх ёстой байсан. Сонгуулийн ерөнхий хорооноос данс нээхтэй холбоотой асуудалд нэгдсэн байдлаар албан бичиг хүргүүлсэн байхад тодорхой шалгах үүрэг нь зөрчлийн хэрэг нээж, шалгаж байгаа хүмүүст байгаа. Тэгэхээр энэ ажиллагааг хийх ёстой байсан уу гэвэл байсан. ******* ******* нам данс нээгээгүй гэдэг асуудал яригдсан. Ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан албан бичиг хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхгүй ч 2024 оны сонгуулийн үйл ажиллагаанаас харахад шалган тогтоох нь зөрчлийн хэрэгт хамааралтай байна. Хариуцагчаас хамааралгүй гэж хандаж байгаа нь асуудалтай байна. Процессын хувьд харьяалал тогтоосон асуудал шийдвэрлэгдээгүй байна. Үйл баримт харилцан зөрүүтэй байхад хуулийг төсөөтэй хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тийм учраас шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2024 оны сонгуультай холбоотой асуудал нэлээн өргөн хүрээнд явагдаж олон талт гомдол гаргаж байна. 2020, 2021 оны сонгуулийн дараа Зөрчлийн тухай хуулиар хэрхэн шийдвэрлэж байсан гэхээр гомдол гаргагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан практик байгаа учраас зөрчлийн хэрэг нээж, шалгаж байсан байгууллагууд энэ жишгээр яваад байх магадлалтай учраас энэ асуудалд жишиг тогтоож, шийдвэрлэж өгөх нь хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох төрийн байгууллагын үйл ажиллагааны жишиг болохуйц шийдвэр байх болов уу гэж бодож байна гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Л. нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний Аудитын газраас хянаад сонгуулийн зардлын дансны дагуур, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 Нам, эвсэл болон сонгуулийн тойрогч нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4 дэх заалтыг зөрчсөн гэх зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шилжүүлсэн Д.д холбогдох зөрчлийн ******* дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн ******* дугаартай хэрэг нээн шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн тайлбар мэдүүлэг, нэр дэвшүүлсэн намаас ирүүлсэн мэдээлэл болон аудитын байгууллагаас ирүүлсэн нотлох баримт зэргээр Д. нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй, Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ыг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний хувьд сонгуулийн хандив авахгүй, сонгуульд зардал гаргахгүйгээр намын Нэгдсэн зохион байгуулалтын дагуу нэр дэвшиж өрсөлдөх хүсэл зоригтой байсан тул зардлын данс нээгээгүй. Гэхдээ сонгуулийн зардлын данс нээгээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй гэжээ.
1.Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4 Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-д заасны дагуу сонгуулийн санхүүжилт ил тод байдлыг хангах үүднээс нэр дэвшигчийн үнэмлэх гардан авсан нэр дэвшигч бүр зардлын дансаа нээж төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд сонгуулийн хандив авсан, зардал гаргасан эсэхээс үл хамаарч явцын болон эцсийн тайланг үндэсний аудитын газарт хүргүүлэх зохицуулалттай байхад Д. нь дээрх Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын заалтуудыг хэрэгжүүлэхгүй байж болох мэтээр тайлбарлааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч зардлын данс нээгээгүй асуудлыг зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчилтэй хамааруулж болохгүй. Миний хувьд сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас бүртгүүлэх болон зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах нөхцөл бүрдээгүй, шаардлага үүсэхгүй мөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай ******* ******* намын дарга Б.*******д хаягласан албан бичгээр Хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсан зардлын эх үүсвэрээс зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой гэсэн хариу өгсөн байдаг гэжээ:
2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид сонгуулийн зардал гэх/ гаргана. 49.2.Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ:
49.2.1.хандив
49.2.2.намын өөрийн хөрөнгө
49.2.3.нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө
49.3.Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.
49.4.Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.
51 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын данс, 52 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах, 57 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан, гэх заал, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын Нэг.Журмын зорилго: 1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн тухай хуулийн /цаашид МУИХСтХ гэх/ 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.
3.4.Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн амна Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ.
Дээрх хууль, журмыг хэрэгжүүлээгүй буюу зардлын данс нээгээгүй, зардлын дансаа бүртгүүлээгүй, зардлаа тайлагнаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Мөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот албан бичигт Сонгуулийн ерөнхий хороо нь хууль тайлбарлах бүрэн эрх олгоогүй бөгөөд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодруулга хүргэсэн. Уг албан бичигт нэр дэвшигчийн зардлын намын хөрөнгөөс гаргасан нэр дэвшигч данс нээгээгүй бол нэр дэвшүүлсэн нам сонгуулийн зардлын данс нээж аудитын байгууллагад бүртгүүлэх, зардал гаргасан эсэхээс үл хамааран төрийн аудитын байгууллагад зардлын тайланг хүргүүлнэ гэх тодруулгын дагуу тус хэлтсээс ******* ******* намд албан тоот хүргүүлж нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг намын сонгуулийн зардлын данснаас гаргасан, тайлагнасан эсэх талаар тодруулсан 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25/03-11 тоот албан бичгээр нэр дэвшигч нь сонгуульд оролцоогүй тул сонгуулийн зардал намаас гаргаагүй гэх хариуг ирүүлсэн. /Нам сонгуулийн зардлын данс нээгээгүй/
Нэр дэвшигч нь Д. нь сонгуулийн үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч өөрийн зураг бүхий танилцуулга хэвлүүлж сонгуулийн сурталчилгааны самбарт байршуулсан, тухайн тойргийн сонгогчдын 1,8 хувь буюу 2518 сонгогчийн санал авсан зэргээс харахад сонгуулийн үйл ажиллагаа явуулаагүй, оролцоогүй гэж үзэхээргүй байна. Иймд татварын улсын байцаагч Б.гийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгуулийн тухай хуулийн 51.3, 51.4 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон учир байцаагч шийтгэлийн арга хэмжээ авсныг зөв гэж үзэж байгаа. Аудитын газраас явцын болон эцсийн тайлан ирүүлээгүй учраас гэсэн бичиг ирсэн байхад данс нээгээгүй, тайлагнаагүй гэдэг асуудал яригдана. Данс нээгээгүй, бүртгүүлээгүй гэдэг зөрчил шалгаж байх явцад хүмүүс данс нээгээгүй ч хоосон буюу х тайлан өгсөн байсан. Татварын ерөнхий газраас энэ хүмүүст ийм тайлангаа ирүүлнэ үү гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу тайлан өгөөгүй байна гэдэг байдлаар хариу өгснийг нэхэмжлэгч тал буруугаар ойлгож тайлбарлаад байна. Холбогдогч талаас тайлбар мэдүүлэг авахад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Намаас сонгуульд ялна гэж оролцоогүй, санал хуваах зорилгоор оруулсан учраас ямар нэгэн зардал гаргаагүй гэдэг. Сонгинохайрхан дүүрэг 5 мандаттай, 5 нэр дэвшигч оролцсон. 3 хүн нь данс нээгээд тайлагнаад явсан учраас зөрчил гэж үзээгүй. 2 хүн зөрчил үйлдэгдсэн гэж үзээд байцаагч арга хэмжээ авсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4-т нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй гэж, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.4-т нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгууль оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ гэж тус тус зааснаас үзвэл нам, эвсэл болон нэр дэвшигч эрх бүхий байгууллагаас бүртгэх шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэх үүрэгтэй байна.
3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээх, түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд маргаан бүхий тохиолдолд ******* ******* намаас нэр дэвшигч Д. нь нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа өөрийн насанд хүрээгүй хүүхэд болох Н.*******ыг өвчний улмаас эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэж, сахин эмчлүүлэх шалтгаанаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4.Хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах аливаа нөхцөл байдлуудыг гагцхүү нотлох баримтад тулгуурлан тогтоох бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд: Өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг нөхцөл байдал зэрэг үндэслэлүүд хамаарах бөгөөд гомдол гаргагчийн тухайд өөрийн насанд хүрээгүй хүүхдээ буюу өвчтөн асарч эмчлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар сонгуулийн зардлын данс нээгээгүй тул бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой. данс нээсэн бол төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх тухай 3/118 дугаартай албан бичгийг ******* ******* намын даргад хүргүүлснээс байх бөгөөд эндээс данс нээгээгүй зөвхөн намаас зардлыг гаргасан бол тус намаас нэр дэвшигчийг данс нээхийг шаардахгүй, харин данс нээсэн бол бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээлгэсэн болох нь мөн тогтоогдож байна.
6.Энэ тохиолдолд Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.
7.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.гаас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР