| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03300/И |
| Дугаар | 192/ШШ2025/02162 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Х*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 197 081 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 197 081 280 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.М******* ХХК нь хариуцагч А******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 553 520 000 төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 197.69 тн арматур худалдан авахаар тохиролцож МС-23/93 тоот Бараа материал худалдан авах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А******* ХХК-иас гаргасан 23/15 тоот албан бичигт заасан хүсэлтийн дагуу гэрээний болох 276 760 000 төгрөгийн төлбөрт Х******* дүүргийн ******* хороонд байрлах ******* 50 хувь төлбөр гарден хотхоны 103-р блокын 14 тоотод байрлах 81,4 м.кв 3 өрөө орон сууцыг А******* ХХК-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж хүлээлгэн өгч шилжүүлсэн. Гэрээний дагуу манай компани 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр 203 064 400 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт бэлэн төлбөр болон бартерийн зүйлээр 479 824 400 төгрөгийн төлбөрийг төлсөн. Бэлэн төлбөрийг материалын акт үйлдэж тооцоо нийлснээр нэхэмжлэхэд үндэслэн шилжүүлнэ гэж гэрээнд заасан боловч А******* ХХК-иас төлбөрийг урьдчилж төлүүлдэг, төлбөр төлсний дараа бараа материалыг хаанаас, хэзээ ачиж авахыг хэлдэггүй, захиалсан тоо хэмжээгээр биш дутуу нийлүүлэх, утас болон мейл хаягаар холбогдохоор хариу өгдөггүй зэргээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч А******* ХХК-иас 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 139.076 тн арматурыг нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл арматурыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлж ажиллах талаар 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23/1200 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23/2082 тоот, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/251 дугаартай тоот албан бичгүүдээр болон А******* ХХК-ийн ерөнхий менежер Н.Э*******ын утсаар болон viber, цахим хаягаар удаа дараа холбогдож шаардаж байсан боловч худалдагч тал үүргээ биелүүлээгүй бөгөөд манай компанийг хохироосон. А******* ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн 24/09 тоот хариу албан бичигт дурдахдаа Манай компани дотоод асуудлын улмаас гэрээний хугацаандаа арматурыг бүрэн нийлүүлж амжаагүйгээ хүлээн зөвшөөрч, гэрээний хугацааг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгах хүсэлт гаргасан. Харин манайхаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/251 тоот албан мэдэгдлээр гэрээг цуцалж, гэрээний хугацааг сунгах боломжгүй болохыг мэдэгдсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 90 411 600 төгрөг 90 411 600 төгрөг, 130 хоногийн алданги болох 106 669 680 төгрөг, нийт 197 081 280 төгрөгийг гаргуулж манай компанид өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Нийт 197,69 тонн арматурыг 553 520 000 төгрөгт авахаар тохиролцсон. 50 хувийн төлбөрийг бартерийн журмаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Үлдэх төлбөрийг төлөхөөр болсон. Гэтэл төлбөрөө урьдчилан шилжүүл гээд байсан, түүнийг нь бид зөвшөөрөөд урьдчилан мөнгийг нь шилжүүлээд түүнд тохирсон арматур нийлүүлж авдаг байсан. Гэтэл хариуцагч нь бараагаа дутуу нийлүүлж, утсаа авахгүй байх зэрэг хүндрэл учруулж байсан. Нийт 139,76 арматур нийлүүлсэн, үлдэхийг одоо болтол нийлүүлээгүй байгаа. Бид шаардлага хүргүүлсэн. Бид гэрээний хугацаа сунгах боломжгүй гэж мэдэгдсэн, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн 90 411 600 төгрөгийг гаргуулж өгнө үү, алданги 106 669 680 төгрөг, /гэрээний үнийн дүнгээс тооцсон/ нийт 197 081 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М******* ХХК-тай Бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 197,69 тонн арматурыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрийн 50 хувь болох 276 760 000 төгрөгийг бартерын нөхцлөөр, 50 хувь болох 276 760 000 төгрөгийг бэлэн төлөлтийн нөхцлөөр гэрээ байгуулагдсан. Манай компанийн зүгээс 89 931 400 төгрөгийн арматур нийлүүлэх дутуу байгаа бөгөөд м******* компанийн зүгээс 73 695 600 төгрөгийн бэлэн төлөлт дутуу явж байгаа билээ. Гэрээний 1.2-т бэлтгэн нийлүүлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүрэн нийлүүлж дуусгана, мөн Гэрээний 10.2-т ... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуанлийн 265 хоногийн хугацаанд... гэж заасан байна. Мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно гэж үзвэл Гэрээний 2.4-т заасан бэлэн төлөлтийн үүрэг өнөөг хүртэл биелээгүй байгаа бөгөөд үүнээс алданги тооцох эрх манайд мөн үүснэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 90.411.600 төгрөгийн арматур дутуу гэж тооцсон байх ба манай талаас нийлүүлсэн арматурын тоо хэмжээг тооцоход 89 931 400 төгрөгийн арматур нийлүүлэх дутуу байгаа юм. Мөн 130 хоногийн алданги 106 669 680 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 73 695 600 төгрөгийг бэлнээр төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл мөн төлөөгүй байгаа билээ гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, шилжүүлгийн мэдээлэл, А******* ХХК-ийн 2023.04.24-ний өдрийн 23/15 тоот албан бичиг, 2023.04.24-ний өдрийн 23/664 тоот албан бичиг, Хаан банк ХК-ийн 2023.04.21-ний өдрийн Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай албан бичиг, Орон сууц хүлээлгэн өгөх акт, вайбераар бичсэн зурвас, М******* ХХК-ийн 2023.06.26-ны өдрийн 23/1200 тоот албан бичиг, 2023.06.27-ны өдрийн 23/24 тоот албан бичиг, 2023.11.09-ний өдрийн 23/2082 тоот албан бичиг, 2023.11.10-ны өдрийн 23/42 тоот албан бичиг, 2024.01.30-ны өдрийн 24/09 тоот албан бичиг, 2024.02.14-ний өдрийн 24/251 тоот албан бичиг, Зарлагын баримт, нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А******* ХХК-тай хийсэн арматур нийлүүлэх гэрээтэй холбоотой санхүүгийн АШ баримт 2023.03.23-2023.06.09 гэсэн баримт, зарлагын баримтууд, шилжүүлгийн баримт, Орон сууц хүлээлцэх акт, М******* ХХК-ийн 2024.02.14-ний өдрийн 24/251 тоот, 2023.04.24-ний өдрийн 2/064 тоот, 2023.06.26-ны өдрийн 23/1200 тоот албан бичиг /хэргийн 4-62, 65, 78-110-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 71-72-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлээс 135 617 400 төгрөгийг хангаж, үлдэх 61 463 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу 197,69 тн арматурыг 553 532 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож арматурын үнэд 479 824 400 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь 389 412 800 төгрөгний 139,076 тн арматур нийлүүлж үлдэгдэл арматурыг нийлүүлээгүй тул арматурын үнэ 90 411 600 төгрөг, хугацаандаа нийлүүлээгүй алданги болох 106 669 680 төгрөг, нийт 197 081 280 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж 197,69 тн арматур нийлүүлэхээр харилцан тохиролцсон, компанийн зүгээс 89 931 400 төгрөгний арматур нийлүүлэх дутуу байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нийлүүлсэн арматурын үнээс 73 695 600 төгрөгийн бэлэн төлөлтийг төлөөгүй байгаа тул алданги тооцох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч М******* ХХК хариуцагч А ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, холбогдох стандартын шаардлага хангасан 197,69 тн арматурыг 1 тн 2 800 000 төгрөгөөр тооцож, нийт 553 520 000 төгрөгний арматурыг 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл бүрэн нийлүүлж дуусгах, нэхэмжлэгч нь бараа материалыг хүлээн авч гэрээний нийт төлбөрийн 50 хувь буюу 276 760 000 төгрөгийг талууд гэрээг баталгаажуулснаар нийлүүлсэн бараа материал дээр сар бүр тооцоо нийлж нэхэмжлэхийг үндэслэн олгох, 50 хувь буюу 276 760 000 төгрөгийг бартерийн зүйлээр төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талууд бараа материал, худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
5.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6.Талууд бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөрийн 50 хувь буюу 276 760 000 төгрөгт бартерийн зүйлийг шилжүүлсэн талаар маргаагүй, гэрээний зүйл болох арматурыг дутуу нийлүүлэгдсэн эсэх, алданги шаардах эсэх талаар маргаж байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК нь гэрээний үүргээ зөрчиж 90 411 600 төгрөгний арматурыг нийлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, зарлагын баримтууд, М******* ХХК, А******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээний тооцоо, М******* ХХК-ийн А******* ХХК-нд хүргүүлсэн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24/251 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23/1200 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогдоно гэсэн.
7.1.Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №МС-23/93 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээний 1.2-д Бэлтгэн нийлүүлэх хугацаа: Товлосон хугацаанд бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй. Хавсралт№1-т заасан бараа материалыг худалдан авагч талд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүрэн нийлүүлж дуусгасан байна гэж харилцан тохиролцжээ.
7.2.Талууд гэрээний төлбөрийг гэрээний 2.4, 2.5-д зааснаар 50 хувь буюу 276 760 000 төгрөгийг талууд гэрээг баталгаажуулснаар нийлүүлсэн бараа материал дээр сар бүр тооцоо нийлж нэхэмжлэхийг үндэслэн олгох, 50 хувь буюу 276 760 000 төгрөгийг бартерийн зүйлээр хийхээр харилцан тохиролцож, 2.6-д бартерын зүйл нь Х******* дүүргийн ******* хороо, Мандал Гарден төсөл, 103 блок, 1 давхар, 14 тоот 81,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц байхаар заасан байна.
7.3.Зохигч талууд бартерийн зүйлээр төлбөр төлсөн талаар маргаагүй бөгөөд 90 411 600 төгрөгний арматур нийлүүлээгүй үйл баримтын талаар маргаж, хариуцагч нь 90 411 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхүй, компанийн зүгээс 89 931 400 төгрөгний арматур нийлүүлэх дутуу байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нийлүүлсэн арматурын үнээс 73 695 600 төгрөгийн бэлэн төлөлтийг төлөөгүй байгаа гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.
7.4.Өөрөөр хэлбэл хариуцагч А******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Э*******ыг томилж, итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн эрхтэй оролцох итгэмжлэлийг олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.
7.5.Уг тайлбартаа ...нэхэмжлэгч тал 90 411 600 төгрөгийн арматур дутуу гэж тооцсон байх ба манай талаас нийлүүлсэн арматурын тоо хэмжээг тооцоход 89 931 400 төгрөгний арматур нийлүүлэх дутуу байгаа юм. 73 965 600 төгрөгийн бэлнээр төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн хүртэл мөн төлөөгүй байгаа билээ гэсэн боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7.6.Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай гэсэн тул түүний биечлэн оролцох эрхийг хангаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан тул хуралдааныг хойшлуулжээ.
7.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/19985 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нотлох баримт ирүүлэх, үзлэг хийх талаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүний 991 дугаарын утсаар мэдэгдэж, 2025 оны 1 дүгээр сарын 22, 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус тус хариуцагч А******* ХХК-нд албан бичиг хүргүүлж, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тул уг захирамжид гомдол гаргах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 991 дугаарын утсаар зурвас бичиж, хариуцагч А******* ХХК-нд хаягаар нь хүргүүлсэн боловч ...эзгүй салбараас авна гээд аваагүй гэсэн шуудангийн магадлагааг ирүүлсэн болно.
7.8.Иймд шүүхээс хэргийн оролцогчдын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэснийг хангахаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, биечлэн оролцох, нотлох баримт бүрдүүлэх эрхийг нь хангасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
7.9.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тооцооны баримт, түүний тайлбараар арматурын үнэд 479 824 400 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь 389 412 800 төгрөгний 139,076 тн арматур нийлүүлж үлдэгдэл 90 411 600 төгрөгний арматурыг нийлүүлээгүй бай тул арматурын үнэ 90 411 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв .
8.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж нийт 130 хоногийн алдангид 106 669 680 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь алданги төлөхийг зөвшөөрөхгүй, алданги шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.
8.1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээний 8.1-д талууд гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцжээ.
8.2.Талууд гэрээндээ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардсан нь үндэслэлтэй байх боловч Иргэний хулуийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийг 106 669 680 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 90 411 600 төгрөгний 50 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэв.
9.Иймд хариуцагч А******* ХХК-иас арматурын үнэ 90 411 600 төгрөг, алданги 45 205 800 төгрөг, нийт 135 617 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 143 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас 465 269 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
11.Тус дүүргийн шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******д 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг товыг түүний 991 дугаарын утсаар нь мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хагалгаа хийлгэсэн өвчтэй, мөн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаан давхацсан гэсэн хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг хавсаргаагүй, мөн өмгөөлөгч Б.Бтэй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, түүнтэй байгуулсан гэрээ, хүсэлтийг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч А******* ХХК-иас 90 411 600 төгрөг, алданги 45 205 800 төгрөг, нийт 135 617 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 61 463 880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 143 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас 465 269 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН