| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0378/З |
| Дугаар | 128/ШШ2025/0437 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Х. /РД:/
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Х., хариуцагч Ё., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.ын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
Тус шүүхэд иргэн Х.оос Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.т холбогдуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.
1.Гомдол гаргагч Х. нь 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд ******* ******* ******* намаас Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.
2.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х. нь сонгуулийн зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарын мэдээллийг Аудитын байгууллагад ирүүлээгүй гэх бүртгэлийн гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн дугаартай хэрэг нээн шалгаж, Х.ийг нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээлгэсэн боловч Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд, журамд заасны дагуу бичгээр мэдэгдэж бүртгүүлээгүй гэж үзэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг хэсэгт зааснаар арван мянган нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: ... Монгол Улсын иргэн Х. миний бие Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий шийтгэлийн хуудсаар ... холбогдогч Х. нь сонгуулийн зардлын дансны мэдээллийг мэдэгдэж бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийг 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие ******* ******* ******* намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг чанд сахиж, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу сонгуулийн дансны мэдээлэл, хандивын үе шатны, эцсийн тайланг аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өгч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээгээр өдөр тутам хандивын талаарх мэдээллийг нээлттэй тайлагнаж оролцсон билээ. Хуулийг дагаж мөрдсөн тухай тайлбар үндэслэл:
Нэг.Хуульд заасан хэлбэрээр мэдээллээ илгээсэн:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өргөдөл гэж ... төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад ... Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж байгаа болно. Байгууллага бүр цахим хаягтай байна гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалтад Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ гэж тус тус заасан байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банканд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр хандахад ... нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой гэсний дагуу ******* ******* ******* намын сонгуулийн штабт хүргэж өгсөн. Тус намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/203 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар 53 нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад ******* овогтой т миний биеийн сонгуулийн зардлын дансны дугаар, мэдээллийг бусад нэр дэвшсэн гишүүдийн мэдээллийн хамт хуулийн хугацаанд хүргүүлсэн байдаг.
Хоёр: Хуульд заасан хугацаанд багтаан хүргүүлсэн:
******* ******* ******* намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад цахим хаягаар хүргүүлсэн болохыг дээр дурдсан. Сонгуулийн тухай хуулийн 51.4 дүгээр заалтад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтад Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр цагаас эхлэн тоолно гэж заасан. Хууль болон журамд заагдсан санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдгийг дараах байдлаар ойлгож байна.
а. Санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23 цаг 59 минут 60 секунд болж өнгөрсний дараах 00 цаг 01 секундээс эхлээд 23 цаг 59 минут 60 секунд хүртэлх 24 цагийн хугацааг тоолж ойлгоно.
b.15-аас доошгүй хоног гэдэгт 15 дахь хоног өөрөө орж тоологдоно гэж үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад хүргүүлсэн гээд
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 1 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 2 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 3 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 4 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 5 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 6 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 7 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 8 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 9 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 10 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 11 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 12 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 13 дахь хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 14 дэх хоног
-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 15 дахь хоног
Эхэлж байгаа бөгөөд санал авах өдөр дуусахаас өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 59 минут 60 секунд болохоос 9 минут 59 секундийн өмнө цахим хаягаар илгээгдсэн байна.
Арифметик утгаараа 15-аас доошгүй гэдэг нь 15-тай тэнцүү ба түүнээс олон гэсэн утга бөгөөд, 15 дахь хоногийг оруулахгүйгээр түүнээс олон хоногийг шууд авбал энэ нь хуульд үүнийг 15-аас дээш гэж томьёолох байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь надад торгуулийн шийтгэл ногдуулахдаа хуулийн заалт дээр доошгүй гэдэг үгээр орсон тооцоог дээш гэдэг үгээр сольж тооцсон байна
Журам, хууль хоёр доошгүй гэж заасан тул хуулиа дагах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Гурав. Мэдээллээ өөрөө нотолж бичгээр хүргүүлсэн:
Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ... аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалтын дагуу нэр дэвшигч өөрийн биеэр Аудитын ерөнхий газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж татварын байцаагч үзэж надад торгууль оногдуулсан. Гэтэл миний бие ******* ******* ******* намаас илгээсэн албан бичгийн хавсралтад өөрийн мэдээллийг үнэн зөв оруулаад, өөрөө тус мэдээллээ нотолж гарын үсэг зурсан нь хавсралтаар илгээгдсэн юм. Өөрийн гараар гарын үсэг зурсан мэдээллийг маань өөрөө бүртгүүлээгүй гэж үзэж торгож байгаад би гомдолтой байна.
Сонгуулийн үеэр Аудитын ерөнхий газар нэр дэвшигч бүрээр хүлээн авч бүртгэх цаг хугацаа болон орон зайн хувьд боломжгүй байсан. Тухайн үед сонгууль зохион байгуулах, сонгуулийн үйл ажиллагаанд бүртгэл, хяналт хэлбэрээр оролцсон төрийн байгууллагууд тухайн нам эвслийн сонгуулийн төв штабтай албан хэлбэрээр харилцаж байснаас бус нам эвслээс нэр дэвшигч бүртэй төрийн аливаа байгууллага харилцаж байгаагүй, миний бие сонгуулийн хорооноос ч, үндэсний аудитын газраас ч нэг ч албан тоот өөрийн нэр дээр хүлээн аваагүй болно. Харин сонгууль зохион байгуулж хяналт тавьж байсан төрийн байгууллагууд улс төрийн намуудаас төлөөлж харилцах албан тушаалтны жагсаалтыг авч, тэдгээрээр дамжуулан харилцаж байсан ба бие даан нэр дэвшигчидтэй л шууд харилцсан байдаг. Миний бие ******* ******* ******* намаас нэр дэвшиж, намын сонгуулийн штабын зохион байгуулалт дор сонгуулийн үйл ажиллагааг явуулсан ба ******* ******* ******* намын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн тойрогт нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээлэл намын штаб дээр нэгтгэгдэж, улмаар Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд цахимаар хүргүүлсэн. Энэхүү зохион байгуулалтын явцад дансны мэдээллээ нотолж өөрөө гарын үсэг зурах нь өөрөө бичгээр мэдээлж буй хэлбэр мөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан бүх үндэслэлээр миний бие хууль зөрчөөгүй гэж үзэж буй тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий шийтгэх хуудсаар ... холбогдогч Х. нь сонгуулийн зардлын дансны мэдээллийг мэдэгдэж бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний бие ******* ******* ******* намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу сонгуулийн дансны мэдээлэл, хандивын үе шатны, эцсийн тайланг аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өгч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээгээр өдөр тутам хандивын талаарх мэдээллийг нээлттэй тайлагнах шинэ соёлыг нэвтрүүлэхийн төлөө хичээж оролцсон.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банканд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр хандахад нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой гэсний дагуу ******* ******* ******* намын сонгуулийн штабт хүргэж өгсөн. Тус намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар 53 нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын мэдээллийг өөрийн цахим хаягаар Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад ******* овогтой миний биеийн сонгуулийн зардлын дансны дугаар, мэдээллийг бусад нэр дэвшсэн гишүүдийн мэдээллийн хамт хуулийн хугацаанд хүргүүлсэн байдаг. Монгол Улсын Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтад Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолно гэж заасан.
******* ******* ******* намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад цахим хаягаар хүргүүлсэн байхад дээр дурдсан хууль болон журамд заагдсан санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдгийг дараах байдлаар тайлбарлаж байна. Санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23 цаг 59 минут 60 секунд болж өнгөрсний дараах 00 цаг 01 секундээс эхлээд 23 цаг 59 минут 60 секунд хүртэлх 24 цагийн хугацааг тоолж ойлгоно. 15-аас доошгүй хоног гэдэгт 15 дахь хоног өөрөө орж тоологдоно гэж үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 50 минутаас 1 дэх өдөр гэж тоолбол 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 50 минут 15 дах өдөр гэвэл манай намын зүгээс цаг хугацаандаа буюу Үндэсний аудитын байгууллагад хуулийн дагуу хугацаанд өгсөн гэж тооцож байгаа. Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэр дэвшигч өөрийн биеэр Аудитын ерөнхий газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж татварын байцаагч үзэж байгаа боловч энэхүү заалт нь амьдралд хэрэгжих боломжгүй заалт юм. Учир нь сонгуульд нэр дэвшсэн олон мянган нэр дэвшигчийн Аудитын ерөнхий газар нэр дэвшигч бүрээр хүлээн авч бүртгэх цаг хугацаа болон орон зайн хувьд боломжгүй байсан.
Тухайн үед сонгууль зохион байгуулах, сонгуулийн үйл ажиллагаа бүртгэл, хяналт хэлбэрээр оролцон төрийн байгууллагад тухайн нам, эвслийн сонгуулийн төв штабтай албан хэлбэрээр харилцаж байснаас бус нам, эвслээс нэр дэвшиж байгаа бүх хүн харилцах боломжгүй, хүлээн авдаггүй байсан. Иймээс ******* ******* ******* намын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн тойрогт нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг намын штабт нэгтгэж улмаар Аудитын ерөнхий газарт хуулийн хугацаанд цахимаар хүргэгдсэн байдаг. Мөн нам, эвслийн болон нэр дэвшигч гэж заасан нь сонгуульд бие даан нэр дэвшигч гэсэн статустай нэр дэвшигч нарт зориулагдсан гэж ойлгож байна.
Иймд дээр дурдсан бүх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар бүхий шийтгэлийн хуудсаар холбогдогч Х. нь сонгуулийн зардлын дансны мэдээллийг мэдэгдэж бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч тус бүр Үндэсний аудитын газарт материалаа өгөхөөр очиход хүлээж аваагүй. Яагаад гэхээр намаас нэр дэвшиж байгаа учраас намаас нэгдсэн байдлаар Үндэсний аудитын газарт өгөх ёстой гэдэг заалтын дагуу өгсөн. Бие даагч тусдаа, намаас нэр дэвшиж байгаа нь тусдаа.
Тайлан, данс, тооцоо, холбогдох материалуудыг намаас шаардсаны дагуу хүлээж авч байгаа. Нам 13-ны өдөр цахим хаягаар хүргүүлсэн байдаг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өргөдөл гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж байгаа болно. Байгууллага бүр цахим хаягтай байна гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалтад Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ гэж тус тус заасан байна. Сонгуулийн үед хуулийн дагуу бүгд хийгдсэн. Нэгдсэн тайлан, дүгнэлт шаардсан материалыг намд хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Сонгуулийн дараа бүх нэр дэвшигчид тус бүр нэгдсэн аудитын тайланг эцсийн байдлаар өгсөн. Ямар ч хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд хийгдсэн. Сонгууль 28-ны өдөр хаагдсан. Би 06 дугаар сарын 05-ны өдөр данс нээсэн. Дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлэх хугацаа нь 06 дугаар сарын 17-ны өдөр гэж олон нийтэд зарласан байдаг. 28-ны өдөр сонгууль болсноос хойш 15 хоногийн хугацаа гэвэл хугацаандаа өгсөн байдаг.
Миний бие 2024 онд Улсын Их Хурлын сонгуульд анх удаа залуу, инженер хүний хувьд нэр дэвшиж болохгүй байгаа зүйлийн дуу хоолой болох гэж, сонгуульд мөнгөөр биш өөрийн мэдлэг чадвар туршлагаасаа хуваалцах гэж нэр дэвшсэн. Иргэд өөрөө оролцдог ******* ******* ******* намаас нэр дэвшсэн. Нийгэмд болохгүй зүйлд оролцоод явсны төлөө торгуулна гэдэг нэр дэвшиж байгаа хүний хувьд буруу зүйл гэж бодож байна. Ямар нэгэн данс тооцоогоор бүртгэлгүй, эсвэл хууль бус зүйл хийгээгүй. Хуульд үндэслээд, хуулийн хугацаандаа нэр дэвшигчийн үүднээс намын шаардсан бүх материалыг өгсөн. Энэ асуудалд татварын байцаагч Ё.ыг буруутгаагүй. Залуу хүний хувьд сэтгэлээр мохоох зүйл мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.3.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ё. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд: Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зөрчилд холбогдогч Х.тод зөрчлийн талаар ******* дугаарын утсаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Улмаар ******* ******* ******* намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х.т холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Хоёрт: хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлсэн гэх гомдолд:
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад зөрчилд холбогдогч Х.оос 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 303 тоотод дуудан ирүүлж, мэдүүлэг тайлбар авсан бөгөөд мэдүүлэгт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нам нэгдсэн журмаар Үндэсний Аудитын газарт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр эхлээд хүргүүлсэн боловч хүлээж аваагүй тул цахимаар нэгдсэн журмаар хүргүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Мэдүүлэг, тайлбарын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан тодруулахад:
Үйл баримт дурдвал: 1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан хавсралт баримтад хавсаргасан Үндэсний аудитын газрын албан ёсны цахим https://audit.mn/ хаягт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олон олон нийтэд мэдээлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам эвсэл, нэр дэвшигчдийн Төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн хандивын дансны жагсаалтад ******* ******* ******* нам болон нэр дэвшигчдийн мэдээлэл бүртгэгдээгүй;
******* ******* ******* намаас Үндэсний аудитын газарт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/02 дугаартай тодруулга хүсэх тухай албан бичигт Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ******* ******* ******* намын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган *******@audit.gov.mn мэйлээр илгээсэн боловч журмын дагуу бичгээр ирүүлээгүй гэх тайлбар бүхий албан бичиг,
3.******* ******* ******* намаас нэр дэвшигч иргэн Х., Б.******* нарт Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1123 дугаартай албан бичгээр Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж, audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. Харин ******* ******* ******* нам нь 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаар албан бичигт хавсарган Үндэсний аудитын газрын *******@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн байна гэх албан бичгийн хариуг тус тус ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны хувьд: ... Үндэсний аудитын газрын албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягт 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн Нам эвсэл болон нэр дэвшигчдийн анхааралд хэсэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигчийн тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд:
1.Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/
2.Иргэний үнэмлэхийн хуулбар
3.Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/
4.Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх ... гэсэн мэдээллээс харахад 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Төрийн аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсээр байтал ******* ******* ******* нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, хуулийн хугацаанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйг харуулсан.
Учир нь сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл нэр дэвшигч ******* ******* ******* нам нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нь төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй; гэж заасныг зөрчсөн нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тус нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа, нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх; талаар журамласан.
Хэдийгээр ******* ******* ******* нам нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ нэр дэвшигчдээ сонгуулийн зардлын данс нээлгэсэн боловч Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд, журамд заасны дагуу бичгээр мэдэгдэж бүртгүүлээгүй нь зөрчлийн тухай хуульд заасан бие даасан зөрчлийн шинжийг хангаж байх тул татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. Зөрчил: 1.Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ..., 2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно; гэж зааснаар хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар зохих арга хэмжээ хэрэгжүүлээгүй, хуулийн тусгай ангид заасан бие даасан үйлдэл, эс үйлдэхүй-н шинжийг хангасан мөн хуулийн 3.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах үндэслэл: 1.Шийтгэлийн зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэсэн зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага тооцсон.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* ******* намаас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х.ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ё.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасныг хэрэгжүүлж оролцохоо илэрхийлж бүртгүүлдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэнд татварын улсын байцаагч шийтгэл оногдуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё. нь Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х. нь сонгуулийн зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарын мэдээллийг Аудитын байгууллагад ирүүлээгүй гэх бүртгэлийн гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн дугаартай хэрэг нээн шалгаж, Х.ийг нэр дэвших үед сонгуулийн зардлын данс нээлгэсэн боловч Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацаанд, журамд заасны дагуу бичгээр мэдэгдэж бүртгүүлээгүй гэж үзэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Дээрх татварын улсын байцаагчийн дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчаас эс зөвшөөрч ... миний бие Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу сонгуулийн дансны мэдээлэл, хандивын үе шатны, эцсийн тайланг аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өгч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээгээр өдөр тутам хандивын талаарх мэдээллийг нээлттэй тайлагнаж оролцсон ... гэж тайлбарлан маргасан.
3.Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4-т нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй гэж, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.4-д нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгууль оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ гэж тус тус зааснаас үзвэл нам, эвсэл болон нэр дэвшигч эрх бүхий байгууллагаас бүртгэх шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэх үүрэгтэй байна.
4.Гомдол гаргагч Х. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банканд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр очиж хандахад ... нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой гэсний дагуу ******* ******* сонгуулийн штабт хүргэж өгсөн ... гэж дурдсан.
5.Хэрэгт баримтаар авагдсан Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон байна.
6.******* ******* ******* намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгийн хавсралтаар 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мэдээллийг Үндэсний аудитын газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөрт багтааж буюу 24.00 цагаас өмнө илгээсний дотор гомдол гаргагч Х.ийн мэдээлэл багтсан байна.
7.Түүнчлэн, гомдол гаргагч Х. нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа өөрийн сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж, сонгуулийн явцад нээсэн дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн, зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж, сонгуульд шударга өрсөлдөж, хууль бус санхүүжилтэд хяналт тавьж оролцсон болох нь ИНО Их наяд аудит нягтлан бодох бүртгэлийн хяналтын хараат бус итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагын 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ш/03 Хараат бус аудитын дүгнэлтээр тогтоогдож байна.
8.Гэтэл хариуцагч улсын байцаагчаас гомдол гаргагч Х.ийг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр ногдуулсан нь үндэслэлгүй байна.
9.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэхээр байна.
10.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно, 33.2-т Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут багтаж байхаас гадна Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаар албан бичигт ******* ******* ******* нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын *******@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн гэж, харин нэр дэвшигч Х.ийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж дурдаагүй байна.
11.Энэ тохиолдолд хариуцагчаас гомдол гаргагч Х.ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Хаан банкны 5107157321 дугаар хандивын дансыг ******* ******* ******* намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахим шуудангаар илгээснийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй нь зөрчил гэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй.
12.Тодруулбал, гомдол гаргагчийн хувьд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугар сарын 05-ны өдөр Хаан банканд нээлгэж, улмаар Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр очиход тус газраас ... нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой гэсний дагуу нэр дэвшүүлсэн намын сонгуулийн штабт хүлээлгэн өгснийг ******* ******* ******* намын штабын зүгээс тус намын албан ёсны хэвлэмэл хуудаст тус үйл баримтад холбогдох баримтжуулсан нэгтгэсэн мэдээллийг, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан Үндэсний аудитын газрын албан ёсны цахим шуудангаар илгээсэн нь төрийн албан бичгийн талаарх ойлголтод нийцэж байна.
13.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* ******* ******* намаас нэр дэвшигч гомдол гаргагч Х.ийг сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.ын үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.ын үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР