Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч А.Балжинням, түүний өмгөөлөгч Б.Батжаргал /№0922/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Арцатын Балжиннямд холбогдох эрүүгийн 1706 02813 0341 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Арцатын Балжинням, 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 8 дугаар баг Рашаантын 23 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48в байрны 84 тоотод түр оршин сууж байгаа, регистрийн ЙЮ96052035 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Балжинням нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод хохирогч М.Мөнхжингийн хүзүүн тус газарт заазуураар зүсэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Арцатын Балжиннямыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Т.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 21-ний 13 цагаас 14 цагийн үед би миний дүү Алтжинтай үерхэж байгаад салсан залуу Балжиннямтай хамт гэрт нь очиж уулзаж зүгээр энгийн найзын журмаар юм ярьж 1 шил 0.75 грамм Хараа архи, 1 том Нийслэл пивотой хувааж уугаад 16 цагийн үед би найз эмэгтэй Отгончимэгийг дуудсан юм. Отгончимэг ирээд бид 3 нийлээд өмнө нь ууж байсан архи, пивоо гүйцээж ууж дуусгасан. Бид нар архи уугаад муудалцсан юмгүй энгийн юм хамж яриад сууж байсан. Тэгтэл манай найз Отгончимэгийг Балжинням гэнэт түлхээд 00-ын өөрөө рүү чирээд оруулсан юм. Тэгээд би ардаас нь орж салгасан. Балжиннямыг гаргаж ирээд “чи ээжтэй хүн биздээ, чи тэгэж болохгүй” гээд би муудалцахад түлхэлцсэн юм. Тэгээд би Отгончимэгийг гаргах гээд байшингийн хаалгыг онгойлгосон юм. Тэр үед Балжинням заазуур аваад үгийн зөрөөгүй миний хүзүүний зүүн тал орчимд заазуурдаж гэмтээсэн. Цус их гарч, их цус болсон. Тэгээд би Балжиннямд хандаж “чи намайг заазуурдчихлаа шүү дээ” гэж хэлэхэд “тэгвэл би одоо өөрийгөө ална” гээд хутга бариад авахаар нь би тэвэрч хутгыг Отгончимэг авсан. Тухайн үед Отгончимэгийн хуурай дүү Дашцэрэн байж байсан. Дашцэрэн цагдаа дуудсан юм шиг байсан. Тэгээд 103 дуудаж би Госпиталын эмнэлэг дээр очиж хүзүүндээ 8 оёдол тавиулсан юм. Балжиннямыг цагдаа эрүүлжүүлсэн. Надад өөр учирсан гэмтэл байхгүй. Балжинням нилээн согтсон байсан. Бид 2 урд нь архи огт ууж байгаагүй. Гэхдээ Отгончимэгийг 00-д үсдээд зодоод байх шиг байсан. Би болиулсан. Юу гэж хэлж байсныг мэдэхгүй. А.Балжинням нь надад 400.000 төгрөгийн хохиролыг бэлнээр төлж барагдуулсан. Санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-10 дугаар тал/

 

Шүүгдэгч А.Балжиннямын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед намайг гэртээ унтаж байхад миний урьд өмнө үерхэж байсан найз охин Алтжингийн ах болох Т.Мөнхжин манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их хэмжээний согтолттой ирсэн. Тэгээд би Т.Мөнхжинг гэртээ оруулан кофе хийж өгтөл чи манай дүү Алтжинг хайрлаж чадаагүй салсан, би чамайг ийм залуу гэж бодоогүй гэх мэт үг хэлж над руу уурлан агсам тавьж эхэлсэн бөгөөд миний хувьд Мөнхжинг аргадаж гэртээ унтуулсан. Маргааш өглөө нь Т.Мөнхжин бид хоёр түүний найз Отгончимэг гэх эмэгтэйтэй хамт манай гэрт архи ууж Т.Мөнхжин над руу дахин дайраад байсан болохоор маргалдаж зодолдсон. Энэ үед би хоол хийх гээд ширээн дээр байсан заазуураар Т.Мөнхжингийн хүзүүг зүсчихсэн. Т.Мөнхжин нь манай гэрт ирээд агсам тавьж надтай маргалдаад байсан ба үүнээс болж бид хоёр зодолдсон. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Т.Мөнхжин надаас эмчилгээний төлбөр гэж 400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд би үүнийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 98-100 дугаар тал/

 

Гэрч Д.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг өнгөрч байхад ээж бид хоёр багшийн дээд орох гээд гэрээсээ гараад автобусанд явж байхад ээжийн гар утас дуугараад хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд ээж хоёулаа тунелын автобусны буудал дээр бууя, ээж нь хүнтэй уулзах ажилтай болчихлоо гэж хэлсэн. Ингээд ээж бид 2 хамт автобуснаас буугаад тунел дээр ээжийн найз болох Мөнхжин гэх залуутай уулзсан ба Мөнхжин ах Балжинням гээд дүүтэйгээ хамт явж байсан. Тэгээд ээж, Мөнхжин, Балжинням ахтай уулзаж байгаад такси бариад Дарь-Эхийн шинэ эцэст байрлах Очир төвийн караокед орж 20-оос 30 минут дуулаад ээж, Мөнхжин, Балжинням ах гурав тус бүр 2 шил пиво уусан. Караокенаас гараад 14 цагийн үед Тарвалин хотхонд байрлах Балжинням ахын гэрт очсон ба Балжинням ах байрныхаа доод дэлгүүрээс 1 шил архи, хуванцар савтай 1 том пиво, 2 ундаа авсан. Ингээд ээж, Мөнхжин, Балжинням ах гурав архи, пивоо уугаад дуусхаар нь дахин нэг том пиво авсан. Тэгээд 21 цагийн үед би ээжийн гар утсыг авч гадагшаа гараад найзтайгаа утсаар яриад буцаж орох гэхэд хаалгаа тайлахгүй байсан ба дотор хүмүүс маргалдаад чанга, чанга орилоод байх шиг байсан. Удалгүй Мөнхжин ах хаалга тайлсан ба ээж яасан юм бэ гэж асуухад юм хэлэхгүй орон дээр очоод хэвтсэн. Тэгтэл ариун цэврийн өрөөнд Балжинням ах ээжийн үснээс зулгаачихсан ээжийн хамраас цус гарсан байхаар нь би гүйж гараад цагдаад дуудлага өгсөн. Ингээд байрны гадаа зогсож байгаад цагдаа ирэхээр нь хамт Балжинням ахын гэрт ороход ээж байхгүй байсан ба харин Мөнхжин ах хүзүүгээ бариад хүзүүнээс бага зэрэг цус гарч байсан. А.Балжинням ах манай ээжийг цохиж зодохыг хараагүй. Учир нь намайг гарч гар утсаар ярьчихаад буцаж орж ирэхэд А.Балжинням ах ээжийн үснээс зулгааж байсан ба ээжийн хамраас цус гарсан байсан. Харин А.Балжинням ах ээжийн хувцасыг хүчээр тайлах гэсэн үйлдэл гаргаагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-22 дугаар тал/

 

Гэрч А.Рагчаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд 116 чиглэлд 20-36 УНИ улсын дугаартай Киа рио маркийн автомашинтай цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Т.Амандыхын хамт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн үед жижүүрийн шуурхай албанаас буюу Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очсон. Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод үл таних хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зодолдсон байдалтай, гэрийн эд зүйл нь эмх замбараагүй болсон байсан. Мөн Мөнхжин гэх залуу нь хүзүүгээ гараараа дарчихсан “манай хүргэн Балжинням миний хүзүүг заазуураар зүсчихлээ” гэж хэлсэн ба Мөнхжин болон Балжинням нараас заазуурыг асуухад мэдэхгүй байсан. Тэгээд би заазуурыг хайхад ор, шкафны дунд босгоод тавьсан байсан ба ногоон өнгийн хуванцар бариултай заазуур байсныг би хураан авч эргүүлийн автомашиндаа хийсэн. Ингээд Мөнхжинг заазуураар зүссэн гэх Балжиннямыг Улиастай 120-д саатуулж харин Мөнхжинг 103 буюу яаралтай түргэн тусламж дуудаж хүлээлгэн өгсөн. Би дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны гадаа очиж дуудлага өгсөн гэх 15-аас 16 орчим насны үл таних охинтой /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/ уулзаж 84 тоотод орход Мөнхжин, Балжинням гэх хоёр залуу байсан бөгөөд дуудлага өгсөн гэх охины ярьж байгаагаар ээж нь Мөнхжин, Балжинням нартай архи уугаад Балжинням нь гаргахгүй байхаар нь айгаад цагдаад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Дуудлагын дагуу Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод очиход Т.Мөнхжингийн хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай, бага зэрэг цус гарч байсан ба өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. А.Балжинням, Т.Мөнхжин нар аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их хэмжээний согтолттой байсан. Би дуудлагаар очоод юу болсон талаар А.Балжиннямаас асуухад “Мөнхжин бид хоёр зодолдоод би Мөнхжингийн хүзүүг заазуураар зүсчихлээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-31 дүгээр тал/

 

Гэрч Т.Амандыхын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Рагчаадоржийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд 116 чиглэлд 20-36 УНИ улсын дугаартай Киа рио маркийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн үед жижүүрийн шуурхай албанаас буюу Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод зодоон болоод байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод очиж шалгахад үл таних хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хоорондоо зодолдсон байдалтай, гэрийн эд зүйл нь эмх замбараагүй болсон байсан. Хаалга онгойлгож өгсөн Балжинням гэх залуу хэлэхдээ Мөнхжин бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоод би Мөнхжингийн хүзүүг заазуураар зүсчихлээ гэж хэлсэн ба заазуур хаана байгааг асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Рагчаадорж бид хоёр 84 тоотод заазуурыг хайхад ор, шкафны дунд босгоод тавьсан байсан ба ногоон өнгийн хуванцар бариултай заазуур байсныг ахмад А.Рагчаадорж хураан авч эргүүлийн автомашиндаа хийсэн. Ингээд Мөнхжинг заазуураар зүссэн гэх Балжиннямыг Улиастай 120-т саатуулж харин Мөнхжинг 103 буюу яаралтай түргэн тусламж дуудаж хүлээлгэн өгсөн. Рагчаадорж ахмад бид хоёрыг дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны гадаа очиж дуудлага өгсөн гэх 15-16 орчим насны, харааны нүдний шилтэй үл таних охин /утасны дугаарыг нь мэдэхгүй байна/ зогсож байсан ба тэр охинтой хамт 84 тоотод ороход Мөнхжин, Балжинням гэх хоёр залуу байсан бөгөөд дуудлага өгсөн гэх охины ярьж байгаагаар ээж нь Мөнхжин, Балжинням нартай архи уугаад Балжинням нь гаргахгүй байхаар нь айгаад цагдаад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Т.Мөнхжингийн хүзүүний зүүн талын хэсэгт зүсэгдсэн шархтай бага зэрэг цус гарч байсан ба Т.Мөнхжин хүзүүгээ гараараа дарсан байсан. Өөр Т.Мөнхжингийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-34 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13362 дугаар:

1. Т.Мөнхжингийн биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 39 дүгээр тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл,

/хх-ийн 6 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 56 дугаар тал/

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 57 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 62 дугаар тал/

Шүүгдэгч А.Балжиннямын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 85-89 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Балжинням нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод хохирогч М.Мөнхжингийн хүзүүн тус газарт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балжиннямын өгсөн “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн байцаалтад шүүгдэгчийн өгсөн2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед намайг гэртээ унтаж байхад миний урьд өмнө үерхэж байсан найз охин Алтжингийн ах болох Т.Мөнхжин манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их хэмжээний согтолттой ирсэн. Тэгээд би Т.Мөнхжинг гэртээ оруулан кофе хийж өгтөл чи манай дүү Алтжинг хайрлаж чадаагүй салсан, би чамайг ийм залуу гэж бодоогүй гэх мэт үг хэлж над руу уурлан агсам тавьж эхэлсэн бөгөөд миний хувьд Мөнхжинг аргадаж гэртээ унтуулсан. Маргааш өглөө нь Т.Мөнхжин бид хоёр түүний найз Отгончимэг гэх эмэгтэйтэй хамт манай гэрт архи ууж Т.Мөнхжин над руу дахин дайраад байсан болохоор маргалдаж зодолдсон. Энэ үед би хоол хийх гээд ширээн дээр байсан заазуураар Т.Мөнхжингийн хүзүүг зүсчихсэн. Т.Мөнхжин нь манай гэрт ирээд агсам тавьж надтай маргалдаад байсан ба үүнээс болж бид хоёр зодолдсон. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх /хх-98-100/,

мөн хохирогч Т.Мөнхжингийн өгсөн “...Отгончимэг ирээд бид 3 нийлээд өмнө нь ууж байсан архи, пивоо гүйцээж ууж дуусгасан. Бид нар архи уугаад муудалцсан юмгүй энгийн юм хамж яриад сууж байсан. Тэгтэл манай найз Отгончимэгийг Балжинням гэнэт түлхээд 00-ын өөрөө рүү чирээд оруулсан юм. Тэгээд би ардаас нь орж салгасан. Балжиннямыг гаргаж ирээд “чи ээжтэй хүн биздээ, чи тэгэж болохгүй” гээд би муудалцахад түлхэлцсэн юм. Тэгээд би Отгончимэгийг гаргах гээд байшингийн хаалгыг онгойлгосон юм. Тэр үед Балжинням заазуур аваад үгийн зөрөөгүй миний хүзүүгийн зүүн тал орчимд заазуурдаж гэмтээсэн. Цус их гарч, их цус болсон. Тэгээд би Балжиннямд хандаж “чи намайг заазуурдчихлаа шүү дээ” гэж хэлэхэд “тэгвэл би одоо өөрийгөө ална” гээд хутга бариад авахаар нь би тэвэрч хутгыг Отгончимэг авсан. Тухайн үед Отгончимэгийн хуурай дүү Дашцэрэн байж байсан. Дашцэрэн цагдаа дуудсан юм шиг байсан.” гэх /хх-9-10/,

мөн гэрч Д.Дашцэрэнгийн өгсөн “…Балжинням ах байрныхаа доод дэлгүүрээс 1 шил архи, хуванцар савтай 1 том пиво, 2 ундаа авсан. Ингээд ээж, Мөнхжин, Балжинням ах гурав архи, пивоо уугаад дуусахаар нь дахин нэг том пиво авсан. Тэгээд 21 цагийн үед би ээжийн гар утсыг авч гадагшаа гараад найзтайгаа утсаар яриад буцаж орох гэхэд хаалгаа тайлахгүй байсан ба дотор хүмүүс маргалдаад чанга, чанга орилоод байх шиг байсан. Удалгүй Мөнхжин ах хаалга тайлсан ба ээж яасан юм бэ гэж асуухад юм хэлэхгүй орон дээр очоод хэвтсэн. Тэгтэл ариун цэврийн өрөөнд Балжинням ах ээжийн үснээс зулгаачихсан ээжийн хамраас цус гарсан байхаар нь би гүйж гараад цагдаад дуудлага өгсөн. Ингээд байрны гадаа зогсож байгаад цагдаа ирэхээр нь хамт Балжинням ахын гэрт ороход ээж байхгүй байсан ба харин Мөнхжин ах хүзүүгээ бариад хүзүүнээс бага зэрэг цус гарч байсан.” гэх /хх-20-22/,

мөн гэрч А.Рагчаадоржийн өгсөнДуудлагын дагуу Тарвалин хотхоны 48в байрны 84 тоотод очиход Т.Мөнхжингийн хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай, бага зэрэг цус гарч байсан ба өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. А.Балжинням, Т.Мөнхжин нар аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их хэмжээний согтолттой байсан. Би дуудлагаар очоод юу болсон талаар А.Балжиннямаас асуухад Мөнхжин бид хоёр зодолдоод би Мөнхжингийн хүзүүг заазуураар зүсчихлээ гэж хэлж байсан.” гэх /хх-29-31/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13362 дугаар дүгнэлт /хх-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Балжинням нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Балжиннямыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Балжиннямыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Балжиннямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Хохирогч Т.Мөнхжин нь мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Балжинням надад 400.000 төгрөгийн хохиролыг бэлнээр төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-10/ гэж мэдүүлсэн, мөн хэргийн материалтай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцаж гаргасан хүсэлтдээ “Санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.5 см урттай, 3х11 см хэмжээтэй, ногоон өнгийн бариултай, бариуландаа 3 ширхэг цагаан өнгийн бөөрөнхий металтай, ажлын хэсэг нь 7.5х18.3 см хэмжээтэй 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч А.Балжиннямыг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Арцатын Балжиннямыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Балжиннямд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Балжиннямын торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.5 см урттай, 3х11 см хэмжээтэй, ногоон өнгийн бариултай, бариуландаа 3 ширхэг цагаан өнгийн бөөрөнхий металтай, ажлын хэсэг нь 7.5х18.3 см хэмжээтэй 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Балжинням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Балжиннямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                    

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ