Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 1806 0024 40407 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 03 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Э /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сургуулийнхаа шинэ жилийн баярт оролцох гэж гэрээсээ гараад жаахан оройтсон. Энэ хооронд нөхөр Э.Э нь намайг тосч авахаар тохиролцсон байсан. Гэтэл би утасныхаа дууг нь хаасан байсан тул утасныхаа дууг сонсоогүй байсан. Ингээд би өөрөө такси барьж гэр рүүгээ явж харисан юм. Гэртээ ортол нөхөр байгаагүй, утсаар нь ярьтал чамайг хайгаад явж байна гэж хэлсэн. Утасны цаанаас ална чамайг гэртээ байж бай гэж хэлсэн. Энэ үед нөхрийн хамаатны ах, эгч гэрт ирсэн байсан. Удалгүй нөхөр араас орж ирээд хаагуур яваад ирэв гэж асуусан, би ангийнхантайгаа шинэ жилийн баяраа хийгээд ирлээ гэж хэлтэл яасан их утсаа авдаггүй юм бэ гээд уурлаад шууд гараараа толгой руу 2-3 удаа цохиж авсан. Нэг сэртэл өглөө болсон, би өөрөө оёдол тавиулна гээд гэмтлийн эмнэлэг орж баруун хөмсөг дээрээ гоо сайхны 11 ширхэг оёдол тавиулсан. 500.000 орчим төгрөгийн эмчилгээ хийгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Д.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Хөвсгөл аймагт гэртээ байхад миний том охин Э.Дэлгэрзаяа над руу залгаад намайг Энхбаяр зодчихлоо, миний нүүр ам хавдаад юм харахаа больчихлоо гэхээр нь би сандраад хот руу унаанд суугаад 2017.12.23-ны өглөө Улаанбаатар хотод ирээд охинтойгоо уулзахад баруун хөмсөг дээрээ оёдол тавиулчихсан, нүүр ам нь битүү хавдар болчихсон байдалтай байсан. Урьд өмнө нь 2017 оны хавар надад охин маань хандаж намайг Энхбаяр зодсон гээд хэлж л байсан, тэр үед ил харагдах гэмтэл ч харагдаагүй. Би хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна, би дотроо ер нь цохиж зодоод байдаг байж магадгүй гэж бодоод байдаг юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹535 дүгнэлтэд “Э.Д биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгний гадна няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 13 дугаар хуудас/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1дугаар хороо, Жанжины тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Дэлгэрзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Э.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Энхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.