Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0381

 

2025 05 20

128/ШШ2025/0381

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М.О*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч М.О*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б*******, хариуцагч Ж.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

1.1. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч М.О******* нь ************** намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн.

2.2. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ. гэж заасны дагуу ************** намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутад илгээжээ.

2.3. Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянахад 181 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй гэх бүртгэлийн ЗХБ ТЕГ25/36/105 дугаартай гомдол мэдээлэл-ийг Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 01/1923 тоот албан бичгээр[1] татварын ерөнхий газарт шилжүүлжээ.

2.4. Дээрх гомдол мэдээллийг хянаад Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор[2] Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

2.5. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.С******* гомдол мэдээллийг хүлээн авч шалган 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2511000737 дугаартай зөрчлийн хэрэг[3] нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.6. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ж.С******* 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дүгээр зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар ...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4.-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн тул ...М.О*******ыг Сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл... оногдуулжээ.

2.7. Иргэн М.О******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч М.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг чанд сахиж, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй." гэж заасны дагуу сонгуулийн дансны мэдээлэл, хандивын үе шатны, эцсийн тайланг аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь өгч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд олон нийтийн сүлжээгээр өдөр тутам хандивын талаарх мэдээллийг нээлттэй тайлагнаж оролцсон билээ.

Хуулийг дагаж мөрдсөн тухай тайлбар үндэслэл: Нэг. Хуульд заасан хэлбэрээр мэдээллээ илгээсэн: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "өргөдөл гэж ...төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно." гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад ...Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна." гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3 дах заалтад "Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ." гэж тус тус заасан байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр Хаан банканд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын Ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр хандахад "..нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, серийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой" гэсний дагуу Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын сонгуулийн штабт хүргэж өгсөн. Тус намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгийн хамт хавсралтаар 53 нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын Ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 6 дугаар 13-ны өдрийн 23 цаг 50 минутад овогтой О******* миний биеийн сонгуулийн зардлын дансны дугаар, мэдээллийг бусад нэр дэвшсэн гишүүдийн мэдээллийн хамт хуулийн хугацаанд хүргүүлсэн байдаг.

Хоёр: Хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлсэн: Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын сонгуулийн штабаас 2024 оны 6 дугаар 13-ны өдрийн 23 цаг 50 минутад цахим хаягаар хүргүүлсэн болохыг дээр дурдсан. Сонгуулийн тухай хуулийн 51.4 дүгээр заалтад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэсэн байдаг. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтад "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно." гэж заасан. Хууль болон журамд заагдсан "санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө" гэдгийг дараах байдлаар ойлгож байна.

a. Санал авах өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23 цаг 59 минут 60 секунд болж өнгөрсний дараах 00 цаг 01 секундээс эхлээд 23 цаг 59 минут 60 секунд хүртэлх 24 цагийн хугацааг тоолж ойлгоно.

b. 15-аас доошгүй хоног гэдэгт 15 дахь хоног өөрөө орж тоологдоно гэж үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 2024 оны 6 дугаар 13-ны өдрийн 23 цаг 50 минутад хүргүүлсэн гээд

-2024 оны 6 дугаар 14-ны өдрийн 23 цаг 50 минутаас 1 дэх хоног

-2024 оны 6 дугаар 15-ны өдрийн 23 цаг 50 минутаас 2 дахь хоног

-2024 оны 6 дугаар 16-ны өдрийн 23 цаг 50 минутаас 3 дахь хоног

-2024 оны 6 дугаар 17-ны өдрийн 23 цаг 50 минутаас 4 дэх хоног

-2024 оны 6 дугаар 18-ны өдрийн 23 цаг 50 минутаас 5 дахь хоног

-2024 оны 6 дугаар 19-ны өдрийн 23 цаг 50 минутаас 6 дахь хоног

-2024 оны 6 дугаар 20-ны өдрийн 23 цаг 50 минутаас 7 дахь хоног

-2024 оны 6 дугаар 21-ны өдрийн 23 цаг 50 минутаас 8 дахь хоног

-2024 оны 6 дугаар 22-ны өдрийн 23 цаг 50 минутаас 9 дэх хоног

-2024 оны 6 дугаар 23-ны өдрийн 23 цаг 50 минутаас 10 дахь хоног

-2024 оны 6 дугаар 24-ны өдрийн 23 цаг 50 минутаас 11 дэх хоног

-2024 оны 6 дугаар 25-ны өдрийн 23 цаг 50 минутаас 12 дахь хоног

-2024 оны 6 дугаар 26-ны өдрийн 23 цаг 50 минутаас 13 дахь хоног

-2024 оны 6 дугаар 27-ны өдрийн 23 цаг 50 минутаас 14 дэх хоног

-2024 оны 6 дугаар 28-ны өдрийн 23 цаг 50 минутаас 15 дахь хоног эхэлж байгаа бөгөөд санал авах өдөр дуусахаас өмнө буюу 2024 оны 6 дугаар 28-ны өдрийн 23 цаг 59 минут 60 секунд болохоос 9 минут 59 секундийн өмнө цахим хаягаар илгээгдсэн байна.

Арифметик утгаараа "15-аас доошгүй" гэдэг нь 15-тай тэнцүү ба түүнээс олон гэсэн утга бөгөөд, 15 дахь хоногийг оруулахгүйгээр түүнээс олон хоногийг шууд авбал энэ нь хуульд үүнийг "15-аас дээш" гэж томьёолох байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч, Ж.С******* нь надад торгуулийн шийтгэл ногдуулахдаа хуулийн заалт дээр "доошгүй" гэдэг үгээр орсон тооцоог "дээш" гэдэг үгээр сольж тооцсон байна. Журам, хууль хоёр "доошгүй" гэж заасан тул хуулиа дагах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Гурав. Мэдээллээ өөрөө нотолж бичгээр хүргүүлсэн: Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтад "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ...аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй." гэж заасан заалтын дагуу нэр дэвшигч өөрийн биеэр Аудитын Ерөнхий газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж татварын байцаагч үзэж надад торгууль оногдуулсан. Гэтэл миний бие Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас илгээсэн албан бичгийн хавсралтад өөрийн мэдээллийг үнэн зөв оруулаад, өөрөө тус мэдээллээ нотолж гарын үсэг зурсан нь хавсралтаар илгээгдсэн юм. Өөрийн гараар гарын үсэг зурсан мэдээллийг маань "өөрөө бүртгүүлээгүй" гэж үзэж торгож байгаад би гомдолтой байна.

Сонгуулийн үеэр Аудитын Ерөнхий газар нэр дэвшигч бүрээр хүлээн авч бүртгэх цаг хугацаа болон орон зайн хувьд боломжгүй байсан. Тухайн үед сонгууль зохион байгуулах, сонгуулийн үйл ажиллагаанд бүртгэл, хяналт хэлбэрээр оролцсон төрийн байгууллагууд тухайн нам эвслийн сонгуулийн төв штабтай албан хэлбэрээр харилцаж байснаас бус нам эвслээс нэр дэвшигч бүртэй төрийн аливаа байгууллага харилцаж байгаагүй, миний бие сонгуулийн хорооноос ч, үндэсний аудитын газраас ч нэг ч албан тоот өөрийн нэр дээр хүлээн аваагүй болно. Харин сонгууль зохион байгуулж хяналт тавьж байсан төрийн байгууллагууд улс төрийн намуудаас "төлөөлж харилцах" албан тушаалтны жагсаалтыг авч, тэдгээрээр дамжуулан намтай харилцаж байсан ба бие даан нэр дэвшигчидтэй л шууд харилцсан байдаг. Миний бие ************** намаас нэр дэвшиж, намын сонгуулийн штабын зохион байгуулалт дор сонгуулийн үйл ажиллагааг явуулсан ба Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн тойрогт нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээлэл намын штаб дээр нэгтгэгдэж, улмаар Үндэсний Аудитын газарт хуулийн хугацаанд цахимаар хүргүүлсэн. Энэхүү зохион байгуулалтын явцад дансны мэдээллээ нотолж өөрөө гарын үсэг зурах нь өөрөө бичгээр мэдээлж буй хэлбэр мөн гэж үзэж байна.

Дөрөв. Үндэсний Аудитын газрын "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан"-д тусгасан аудитын илрүүлэлт хэсэгт ИОНН нэр дурдагдаагүй болох нь Үндэсний Аудитын газрын "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан" https://open.audit.mn/reportSingle/12272 -гийн Хоёр Явцын тайлан мэдээ 2.1 Сонгуулийн зардлын дансны мэдээлэл 2.2 Сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Гурав. Сонгуулийн зардлын тайлан: 3.1 Төрийн аудитын дээд байгууллагад ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын илрүүлэлт хэсэгт Иргэдийн Оролцооны Нэгдэл намын нэр дурдагдаагүй байгаа нь М.О******* миний бие сонгуулийн дансны мэдээллийг бүртгүүлсэн, зардлын тайланг илгээсэн болох нь харагдаж байна.

Иймд дээр дурдсан бүх үндэслэлээр миний бие хууль зөрчөөгүй гэж үзэж буй тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж. С******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаар бүхий шийтгэх хуудсаар "...холбогдогч М. О******* нь сонгуулийн зардлын дансны мэдээллийг мэдэгдэж бүртгүүлээгүй" гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим..., мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т ...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэж заасан.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсын үндэслэлд: 1. Үндэсний аудитны газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/0923 дугаартай Татварын ерөнхий газарт хүргүүлсэн Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичгийн нэр хүртэл алдаатай. Зөрчлийг шалгуулах гэх мэт нэртэй байх ёстой. Уг албан бичгийн эхний хэсэгт Сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийн мэдээллийг 182 нэр дэвшигч бүртгүүлж, мэдээллээгүй нь Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ..."өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлнэ. Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно... гэж заасан бөгөөд ************** намаас 53 нэр дэвшигч зардлын дансаа нээлгэсэн үүнийг бүртгэж аваарай гэх агуулгыг мэдэгдэл хэлбэрээр хүргүүлсэн. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно..., 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ... гэж заасан.

3. ...Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй... гэж заасан бөгөөд нэр дэвшигч гэж тодотгосон байна. Нэр дэвшигчид маань намын нэрийн доор илгээсэн. Тэгэхээр зөрчилд холбогдох этгээдийг зөв тодорхойлсон эсэх асуудал яригдана.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт ...Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно... гэж заасан бөгөөд санал авах өдөр маань 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 00 минутад дуусахаар ойлгогдож байна. Тэгэхээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 50 минутад мэдээллээ илгээсэн нь хугацаа дуусахаас 10 минут орчмын өмнө илгээсэн гэсэн үг.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т ...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна... гэж заасан. Зөрчил үйлдсэн хүн нь тогтоогдсон эсэх, зөрчил нь бодитой эсэх, зөрчил хүлээлгэх хуулийн санкц байгаа эсэх, хэн хариуцлага хүлээлгэх зэрэг бүх шинжүүд бүрдсэнээр зөрчил гэж үзэн акт гаргах ёстой байсан. Гэтэл зөрчил мөн эсэхийг ойлгоогүй. Үндэсний аудитын газрын хуулийг буруу ойлгож, тайлбарласан мэдээлэл, захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаагүй байдал, иргэдийг төөрөгдүүлсэн, чадамжгүй байдлаас шалтгаалж өөр хоорондоо шилжүүлж ирүүлсэн албан бичигт үндэслэсэн хууль бус шийдвэр гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т ...хуульд үндэслэх..., 4.2.8-т ...хууль ёсны итгэлийг хамгаалах... зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдэгт нийтийн эрх зүйн аливаа харилцаанд, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..., мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна... гэж заасан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Ж.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэг. ************** намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч М.О*******аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбар, холбогдох нотлох баримтыг хүргүүлж байна.

Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд: Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх 25/36/105 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааr хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зөрчилд холбогдогч М.О*******т зөрчлийн талаар ******* дугаарын утсаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна.

Улмаар ************** намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч М.О*******т холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2511000737 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагraar хэрэгжүүлж эхэлсэн байна

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Хоёрт: "хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлсэн" гэх гомдолд: Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад зөрчилд холбогдогч М.О*******аас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЧД-ийн Татварын хэлтсийн 303 тоотод дуудан ирүүлж, мэдүүлэг тайлбар авсан бөгөөд мэдүүлэгт нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нам нэгдсэн журмаар Үндэсний Аудитын газарт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр эхлээд хүргүүлсэн боловч хүлээж аваагүй тул цахимаар нэгдсэн журмаар хүргүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Мэдүүлэг, тайлбарын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан тодруулахад: Үйл баримт дурдвал: 1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан хавсралт баримтад хавсаргагдсан Үндэсний Аудитын газрын албан ёсны цахим https://audit.mn/ хаягт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд мэдээлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам эвсэл, нэр дэвшигчдийн Төрийн Аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн хандивын дансны жагсаалтад ************** нам болон нэр дэвшигчдийн мэдээлэл бүртгэгдээгүй;

2. Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас Үндэсний Аудитын газарт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/02 дугаартай "тодруулга хүсэх тухай" албан бичигт Үндэсний Аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ************** намын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган [email protected] мэйлээр илгээсэн боловч журмын дагуу бичгээр ирүүлээгүй гэх тайлбар бүхий албан бичиг, 3. ************** намаас нэр дэвшигч иргэн Х., Б.******* нарт Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1123 дугаартай албан бичгээр Төрийн Аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж, audit.mn цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлсэн. Харин ************** нам нь 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 2/037 дугаар албан бичигт хавсарган Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн байна гэх албан бичгийн хариуг тус тус ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны хувьд Үндэсний Аудитын газрын албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн "НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД" хэсэгт Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд:

1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/,

4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, гэсэн мэдээллээс харахад 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Төрийн Аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсээр байтал ************** нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, хуулийн хугацаанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйг тодорхой харуулсан.

Учир нь сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл нэр дэвшигч ************** нам нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй; гэж заасныг зөрчсөн нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тус нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг Төрийн Аудитын байгууллагад бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа, нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах, журам"-ын 3.4-т "Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх; талаар журамласан.

Хэдийгээр ************** нам нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ нэр дэвшигчдээ сонгуулийн зардлын данс нээлгэсэн боловч Үндэсний Аудитын газарт хуульд заасан хугацаанд, журамд заасны дагуу бичгээр мэдэгдэж бүртгүүлээгүй нь зөрчлийн тухай хуульд заасан бие даасан зөрчлийн шинжийг хангаж байх тул татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. Зөрчил: 1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.... 2. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно; гэж зааснаар хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар зохих арга хэмжээ хэрэгжүүлээгүй, хуулийн тусгай ангид заасан бие даасан "үйлдэл, эс үйлдэхүй"-н шинжийг хангасан мөн хуулийн 3.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах үндэслэл: 1. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино" гэсэн зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага тооцсон.

Иймд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 2024 оны ээлжит сонгуульд ************** намаас 10 дугаар тойрогт нэр дэвшигч М.О*******ын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2.Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4.-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй", Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэжээ.

4.3.Дээрх хууль болон журмын заасан зохицуулалт нь сонгуульд оролцож буй нэр дэвшигчийг сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансаа эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэхийг үүрэг болгосон заалт аж.

4.4.Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь нэхэмжлэгч ************** намаас 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн иргэн М.О******* гэж дээрх хууль болон журамд заасан санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх асуудал байна.

4.5.Энэ талаар нэхэмжлэгчээс ...дансаа нээлгэчхээд Үндэсний аудитын газар дээр бүртгүүлэхээр очиход намын нэр дээр нэгдсэн журмаар нэрээ ирүүл гээд бүртгэлгүй буцаасан... гэж тайлбарласан.

4.6.Хэргийн үйл баримтаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ[4].

4.7. ************** намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/023 дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутад илгээсэн байх бөгөөд тэдгээрийн дотор нэхэмжлэгч М.О*******ын нэр багтжээ.

4.8.Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа нэхэмжлэгч М.О******* нь өөрийн сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж[5] сонгуулийн явцад уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн, зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж, сонгуульд шударга өрсөлдөж, хууль бус санхүүжилтад хяналт тавьж оролцсон болохоо нотолсон.

4.9.Гэтэл түүнийг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн

17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

4.10.Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэхээр байна.

4.11.Харин хавтас хэрэгт авагдсан Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа Үндэсний аудитын газраас сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайланг баталгаажуулах аудитын илрүүлэлтээр Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй[6]. /Эх орон нам, Бүгд найрамдах нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын социал демократ нам, Монголын либерал ардчилсан нам/ гэж.

4.12.Өөрөөр хэлбэл нэр дэвшигч М.О******* болон түүнийг нэр дэвшүүлсэн ************** намд Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй зөрчил илрээгүй.

4.13.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно, 33.2 Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут багтаж байхаас гадна Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дүгээр албан бичигт нэр дэвшигчийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн талаар буруутгаагүй байна.

4.14.Мөн нэхэмжлэгч М.О*******ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Хаан банк ******* дугаар хандивын дансыг ************** намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахимаар хүргүүлснийг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан[7] "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

4.15.Учир нь нэхэмжлэгчийн хувьд цахим шуудан платформыг[8] ашиглаж хүргүүлсэн ************** намын бичгээр гаргасан хүсэлтэд[9] тус үйл баримтад холбогдох баримтжуулсан мэдээллийг агуулсан хүсэлтээ өөрийн албаны хэвлэмэл бланк дээр буулгаж, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан зэрэг нь албан бичгийн тухай үндсэн ойлголтод бүрэн нийцэж байна.

4.16.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн ************** намаас нэр дэвшигч нэхэмжлэгч М.О*******ыг сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй гэж буруутган Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 заасныг зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000.00 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С*******гийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С*******гийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0043281 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Л.БАТБААТАР