2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/02196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Ц /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Л.Ц /ИБД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 222 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,

Хариуцагч Л.Ц*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б*******,

Иргэдийн төлөөлөгч З.З*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Ц******* нь хариуцагч Л.Ц*******т холбогдуулан нэр төр сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 222 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

 

1.1.Миний бие П овогтой Ц******* нь А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг билээ. Манай байгууллага иргэн Л.Цийн компани болох У ХХК-тай тодорхой хугацаанд хамтран ажилладаг байсан бөгөөд хариуцагч тал 2018 онд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн цаашид хамтран ажиллахаа больсон. Тус хугацаанаас хойш хариуцагч нь өөрийн цахим хуудас /твиттер, фэйсбүүк/, болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа нэр төрд халдсан огт үндэслэлгүй худал мэдээлэл тараасаар ирсэн. Энэхүү доромжлолоо өөрийн цахим хаягаараа дамжуулан тогтмол нийтэлдэг бөгөөд үүнээс хулгай, луйвар хийсэн хэмээн миний нэр хүндэд халдсан мэдээллүүдийг тараасан. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хулгай болон луйвар буюу залилан хийсэн үйлдлийг тусгайлан гэмт хэрэг болгон зохицуулсан байдаг ба энэхүү гэмт хэргийг хийсэн эсэхийг шүүхээр тогтоодог. Гэтэл луйвар, хулгай хийсэн гэж удаа дараа ямар ч баримт нотолгоогүйгээр гүтгэсээр байна. Хариуцагчийн дээрх хаяг нь 100,000 гаруй дагагчтай бөгөөд нийтэлсэн мэдээ болгон нь дор хаяж 100,000 хүнд хүрч тэдгээр нь цааш нь түгээх байдлаар явдаг. Энэхүү байдал нь улам даамжирч сүрдүүлсэн агуулга бүхий доорх нийтлэлийг бичсэн. Дээрх нийтлэлүүдээс хариуцагч нь асар их өш хонзонгийн сэдэлттэйгээр миний нэр хүндэд халдаж байгаа нь илэрхий байх бөгөөд холбогдох хуулийн байгууллагад өгч үнэн зөвөөр шийдүүлэхийн оронд ийнхүү өөрийн цахим хуудсаар дур зоргоороо хүний хуулиар хамгаалагдсан нэр хүндэд халдаж байгаа нь ямар ёс суртахуунтай иргэн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн нотлох баримтаар өгсөн бичлэг болох mass.mn-д өгсөн ярилцлагын 10:01-дэх хэсгээс "... Ц******* чинь энэ сошиалд маш их том бригадтай. Мөнгө хулгай хийж байгаа улсууд чинь өөрсдийгөө хамгаалахын тулд маш их зардаг байхгүй юу... үргэлжлүүлэн ярилцлагын 13:41 дэх хэсгээс ... Анхнаасаа бизнест орохдоо хулгай, луйвраар Төрийн өмчийн хорооноос А******* ХК-г авсан. Одоо тэгээд дахиад хулгай, луйвар хийгээд яваад байгаа ойлгохгүй байна гэхчлэн баримт, нотолгоогүй гүтгэсэн ярилцлагыг өгсөн байдаг ба цахим сувгуудаар тараагдсан болно. Хариуцагч Л.Ц******* нь өөрийн цахим хуудас, олон нийтийн сүлжээ, телевизээр ярилцлага өгөх, санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч энэхүү эрхээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй, гүтгэлэг, сүрдүүлсэн агуулгатай байх учиргүй юм. Өөрийн бичсэн нийтлэл, ярилцлагаа үнэн бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй байж ийнхүү миний нэр төрд бүдүүлгээр халдаж, гутаан доромжилж, худал мэдээлэл тарааж, гүтгэж байгаад гомдолтой байна.

Монгол улсын иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг хүлээдэг. Гэвч хариуцагчийн гаргасан дээрх үйлдлүүд нь Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж гүтгэсэн үйлдэлд Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу миний нэр хүндийг гутаасан мэдээг өөрийн цахим хуудсаар залруулж, уучлал гуйхыг даалгах мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нотлох баримтаар хүргүүлсэн хариуцагчийн өөрийн цахим хуудсаар нийтэлсэн нийтлэлүүдийн цааш түгээсэн тоо 444 байх бөгөөд 1 түгээлтийг 500 000 төгрөгөөр үнэлэн 222 000 000 төгрөгөөр тооцон сэтгэл санааны хохирлоор нэхэмжилж байна гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. П.Ц******* нь А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг билээ. Манай байгууллага иргэн Л.Цийн компани болох У ХХК-тай тодорхой хугацаанд хамтран ажилладаг байсан бөгөөд хариуцагч тал 2018 онд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн цаашид хамтран ажиллахаа больсон. Тус хугацаанаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчийг хувийн сошиал хаяг болох твиттер, фэйсбүүк/, болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа нэр төрд халдаж, цахим хаягаараа дамжуулан тогтмол нийтэлдэг бөгөөд үүнээс хулгай, луйвар хийсэн хэмээн миний нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан. Хүн бүр үзэл бодол мэдээллийн хэрэгслээр тараах эрхтэй боловч ажил хэргийн нэр төрийг гутаан доромжилж болохгүй. Нэхэмжлэгчийн хийгээгүй хэргийг хийсэн мэтээр гүтгэсэн. Гэтэл луйвар, хулгай хийсэн гэж удаа дараа ямар ч баримт нотолгоогүйгээр гүтгэсээр байна. Олон нийтийн нийтэлсэн мэдээ цааш нь түгээх байдлаар явдаг. Энэхүү байдал нь улам даамжирч сүрдүүлсэн агуулга бүхий нийтлэлүүдийг бичсэн гэж үздэг.

Иймд Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчмйн нэр хүндэд бүдүүлгээр халдаж гүтгэсэн үйлдэлд Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэр хүндийг гутаасан мэдээг өөрийн цахим хуудсаар залруулж, уучлал гуйхыг даалгаж өгнө үү. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу шүүх үзлэг хийж баталгаажуулсан тул цааш түгээсэн тоогоор нь тооцож 222 000 000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцон нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь Монголын газар лан холбооны ерөнхийлөгч Монгол Улсын гавъяат ланч санхтехникч хүн байна. Тэгээд 1995 оноос хойш тарьсан. Бүхий л амьдралаа лангийн аж ахуйд зарцуулж байна. А******* гийн хувьчлалын асуудлаар эхлээд ярих ёстой. Үүний тухай баримтат кино гарсан. Анх төрийн өмчийн хорооноос А******* ХХК-г хувьчилж авахдаа 700 сая төгрөгөөр авсан байдаг. Тэгэхэд зөвхөн будаа хадгалдаг саванд нь 1,5 тэрбум төгрөгний будаа хадгалагдаж байсан. Бас бэлэн мөнгө энэ бол луйварын шинжтэй болсон гэдэг нь гурван шатны шүүхээр явсан. Тухайн үед Төрийн өмчийн хорооны З.Энхбат гэдэг хүн байсан. Бүх л бүтэн баримтат кино Монголын Үндэсний телевизээр гардаг. Энэ бол би биш үндэсний телевизээр гардаг баримтат кино буюу батлагдсан зүйл. Хоёрдугаарт, Сүүлд энэ хүн А******* ХХК-ийн захирал болж, Сайд нарын зөвлөлын орлогч дарга байсан гийн хүргэн болсон. А******* ХХК-ийн захирал болохоос өмнө Чехээс сургуулиа төгсөж ирсэн залуу бид нартай найз нөхдийн холбоотой байсан. Бид хоёр хоорондоо тэгж өширхөж гомрох гээд байх юм байхгүй.

Гэтэл сүүлдээ Ц******* ланчдын улаан буудайг аваад өөрийнхөө лаборатарид оруулаад маш их хэмжээний хорогдол тооцдог. Дээрээс нь улаан буудайн үнийг тонныг 700,000 төгрөгөөр тооцож хашаандаа авчихаад дахиад гурилаа 2500 зарна гэдэг чинь 4 нугалж зарж байгаа. Тэгээд Монголд шатахууны 5, 6-хан компани бүгдээрээ нэг үнэтэй байдаг. Хэзээ ч нэг төгрөгөөр буудаггүй. Тэрэнтэй адилхан энэ компани чинь монополь болсон. А******* ХХК, Бы У гурил, Ж Баттулгын М гурилын үйлдвэр, Бы дүү О гэж гурил байдаг. Ингээд 5 компани үүсээд үнээ Монголын зах зээл дээр нэг л үнээр зардаг. Бид нар ланч энийг эсэргүүцье ард түмний халаасыг битгий шулаачээ. Та нар 4, 3 нугалдаг бизнес гэж өнөөдөр алт, хар тамхи, биеэ үнэлэлт, зэвсгийн наймаа л 3-4 нугалдагаас биш Монголд өнөөдөр тавхан гэр бүл ард түмний халаасыг хоослож байна. Гурил өнөөдөр 2500 төгрөг, цагаан сараар 3000 төгрөг болгочихдог. Түүхий үед нь 90 хувийг улаанбуудайгаа 700,000 төгрөгөөр авдаг. Надаас 1,7 тэрбум төгрөг бүхий улаанбуудайгаа авчихаад өнөөдөр хүртэл шүүхдэж явсаар гурван шатны шүүхээр явж эд нар надад мөнгөө төлсөн. Тэгэхдээ бүр гурван жилийн өмнөх мөнгө шүү дээ. Бид нар банкны зээл төлөөд д ядарч явж байхад энэд улсууд өрөөндөө суучихаад Ут гурил хийнэ гэдэг маш амархан асуудал. Туркийн машин байдаг. Машиндаад дээр үед орос гурил байсан болохоор шигшиж авдаг байсан бол одоо гүйлгээд гадна талын хальсыг аваад дотор талыг нь нунтаглаад гурил болгоод зарчихдаг. Тэгээд би хэлж байсан тар нар уран үйлдвэрлэж байгаа юм уу ямар үйлдвэрлэл хийж байна гэж, яагаад ард түмэнд 3 дахин нугалж байгаа юм бэ гэдэг асуудлыг хэлсэн. Энийг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар ард түмэн ингэж байна гэж яриа үүссэн. Би их дугардаг хүн тэрнээс болоод их ярьдаг. Яагаад гэвэл би өөрөө Монголын ланчдын холбооны ерөнхийлөгч учраас энэ олон ланчдын эрх ашгийн төлөө дугарахаас өөр замгүй. Ингээд ярихаар тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгддөг. Монгол Улсын Засгийн газар, хэрэг эрхлэх газрыг дарга байсан А, Хөдөө аж ахуйн сайд Б бид нар хурал хийгээд импортын Оросын Холбооны Улсаас орж ирж байгаа гурилын татварын тэглэчихээ. Ядаж ард түмэн хямдхан гурил идэг гээд сүүлийн хоёр жил Засгийн газраас хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ бол миний шийдвэр биш, Засгийн газар, Улсын Их Хурал шийдээд импортын гаалийн татварыг тэглэсэн. Үүнээс болоод энэ улсууд бөөн бөөнөөрөө надруу маш их дайрсан. Хулгайч, луйварчин гэсэн нь компанитай холбоотой, гурилын үнэтэй холбоотой бухимдаад л хэлсэн байх, харин угаадсандаа гахаж үхдэггүй лалар байнаа, ланчдыг үргэлж шулж мөлждөг гахай, хулгайч, увайгүй дээрэмчин гэсэн нь уурласандаа л бичсэн байгаа тул энэ хэлсэн үгэндээ бол уучлал гуйж байна аа, одоо өөрийн Твитер хуудсандаа уучлалт гуйхыг зөвшөөрч байна, харин надад сэтгэл санааны хохиролд өгөх мөнгө байхгүй, ийм их мөнгийг нэхэмжилж байгаад гайхаж байна. Өөрөө бас намайг бүүр том гахай, нүүрэндээ дүүрэн амтай, мэдрэлийн өвчтэй гэж хэлж, бичиж байсан, би бас гомдсон, гэхдээ шүүх энээ тэрээ гэж яваагүй гэв.

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх шиг байна. Хуульд заасны дагуу бусдын нэр хүндийг гутаах мэдээ тараасан гэдэг нь бодит байдалд нийцээгүй байх тул уучлал гуйх, няцаалт хийхийг даалгаж, хохирол шаардсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэл дээр дурдагдсан T гэдэг твитер хуудас дээр 2015 оноос 2023 оныг хүртэл нийтэлж байсан мэдээллүүд нь хариуцагчийн өөрийнх нь үзэл бодол, өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө цахим хуудас дээрээ нийтэлж байсан болохоос ямар нэгэн байдлаар бусад олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгсэл телевизор радио мэдээллийн сайтуудаар энэ хүнтэй холбоотой нэр хүндийг илтэд гутаан доромжилсон нэр хүнд ажил төрөлтэй холбоотой мэдээллийг огт тарааж байгаагүй учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу нэр төрөө сэргээлгэх, энэ хэлбэрээрээ уучлал гуйхыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь талуудын 2015-2023 оны туршид харилцаж байсан нийтлэл, сэтгэгдлүүдийг харахаар харилцан бие биентэйгээ бичилцсэн байдаг. Мөн хохирол гаргуулахаар T цахим хуудсаар нийтэлсэн нийлэлүүдийг цааш түгээсэн тоо 444 байна гэж байна, твитерт хуудсанд мэдээллэсэн мэдээллийн хандалтын тоо 444 гэж гаргасан байгаа. Гэтэл нэг түгээлтийг мөнгөөр үнэлээд байгаа нь юуг үндэслэсэн нь ойлгомжгүй, цахим хуудас сүлжээ, сайтын тогтсон үнэлгээ баримт байдаггүй учраас хохиролд тооцон нэхэмжилсэн 222 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 4-7, 70-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас хариу тайлбар, Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 328 дугаар А******* ХК-ийн төрийн өмчийн оролцоог хувьчлах тухай тогтоол, gogo.mn сайтад байршуулсан нийтлэл, Зууны мэдээ өдөр тутмын сонингийн нийтлэл, tac.mn цахим сайт, ergelt.mn цахим сайтуудад байршсан нийтлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 19-62, 71-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр T твитерт нийтлэгдсэн нийтлэлд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсарган /хэргийн 88-91-р хуудас/ байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Ц*******ийг өөрийн твитер цахим хуудсаараа болон сайтаар дамжуулан худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан тул нэр төрөө сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд уг мэдээлэл тараагдсан, цааш түгээсэн түгээлтийг үндэслэн 1 түгээлтийг 500 000 төгрөгөөр үнэлж 444 удаа түгээгдсэн 222 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Ц*******ий талаар худал мэдээлэл тараагаагүй, маргаан бүхий үйл явдлыг ярьсан, А******* ХХК-тай холбоотой шүүмжлэлүүд сонин, сайтууд дээр байнга нийтлэгддэг, энэ талаар өөрийн T твитер хуудсан дээрээ сэтгэгдлээ илэрхийлсэн, харин түүнийг гахай, лалар гэж хэлсэндээ уучлалт гуйж байна, одоо яг өөрийн твитер дэх цахим хуудсаараа уучлал гуйхад татгалзахгүй гэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хариуцагч нь өөрийн L гэх твитер цахим хуудсаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц******* ланг дэмжих сангаас 6 тэрбумыг аваад одоо болтол төлөөгүй,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сайд нарын зөвлөлийн дарга гэдэг хүн А******* ХК-ыг 600 гаруй сая төгрөгөөр З.Этой хуйвалдаж авч байхад саванд нь тэрбум гаруй төгрөг будаа хадгалж байсан түүхтэй, Одоо хүрэн Ц******* гэж угаадсандаа гахаж үхдэггүй лалар байнаа чдыг үргэлж шулж мөлждөг гахай,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Би чин, Ц******* чдын г хямд авч амьдардаг шимэгт аалз залилан яагаад гэвэл улаанбуудайг 450 кг аваад хаягдал хальс хивгээ 680 кг зардаг, гурилаа 1500аас 2000 хүргэж нугалдаг л энэ баяжсан түүх нь гүйцээ, ланчдын мөнгийг өгдөггүй 6 сар болоод гуйлгуулдаг,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А******* бүүр 450к аар авий өгөхгүй бол буцаагаад яв, Хивэг ээ 660к зардаг Ц******* гахай гахаж үхээсээ дээ, 5 нугарсан гурилын бизнес дэлхийд байхгүй, зөвхөн Монголд л байдаг,

2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Муу лалар хямд авах гэж л миалж суугаа өнгөрсөн жилийн ланчдаас авсан будааныхаа мөнгийг А******* ХК одоо болтол төлөөгүй Ц******* луйварчин лалар л даа,

2023 он 01 дүгээр сарын 12-ны өдөр А******* ХХК хувьчилж авахад складанд нь 1,5 тэрбумын будаа байхад л 650 саяаар авсан луйварчид өнөөдөр Либерал энэ тэр гэж хуцаад л цэвэр ариун хулгайч 1 кг гурил тутамд 1000 төгрөг хулгайлаад л байж байна Ц******* гэдэг байхаа,

2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А******* ХК анх дуудлага худалдаагаар Төрийн өмчийн хороо зарахад 70 гаруй сая төгрөгөөр авахад будааны саванд нь 1,4 тэрбумын улаанбуудай байсан юм ингэж луйвраар өндийсөн П.Ц******* дураараа гурилын үнэ өсгөж луйвраа үргэлжлүүлэн дийлдэхгүй болсон түүхтэй,

2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ц******* нийтдээ 2020, 2021, 2022 онд ийм маягаар олон тэрбумыг ард олны халааснаас суйлсан хулгай,

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А******* ХК П.Ц******* Оросоос будаа зээлээр мөнгөө унжихийг харий муу гөлөг Оросууд орж ирээд хоолойг чинь хэрчинэ. Намайг чиний шүүгчид яаж шийдэхийг харна, Тэрбум 700 саяын будаа авчихаад 3 жил мөнгө өгөхгүй Сэлэнгийн шүүх яахыг нь харнаа,

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А******* ХК ланчдын будааны мөнгийг өгдөггүй маш их хорогдол тооцож мөнгөнөөс хасдаг 500 төг авсан будаагаа тээрэмдээд 2500 төгрөг 1 кг гурил болгож зардаг. П.Ц******* бол увайгүй дээрэмчин,

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А******* ХК-ийг луйвараар авч байх үед саванд нь 1,7 тэрбумын будаа байхад 600 саяаар П.Ц******* авч гурилын үйлдвэр нь үнэгүй дээр 1,2 тэрбумын ашигтай авсан байдаг,

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр П.Ц******* А******* ХК Төрөөс үнэгүй хулгайж авсан шигээ ланчдаас улаанбуудайг үеийн үед хулгайлж хорогдол, чийг хольц гэж үнэгүйдүүлдэг,

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ц******* ланчдын тарьсан улаанбуудайг тээрэмдэж хулгайгаар авсан А******* ХК хагартлаа баяжаад эргээд чдыг ингэж доромжилж байгаа нь энэ ямар гахай гэдгээ харуулж байна гэх нийтлэл, сэтгэгдэл нийтэлсэн,

2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Mass.mn сайтад өгсөн ярилцлагадаа ...А******* 3500 төгрөгөөр гурилаа зарж 700 хувийн ашиг хийж зарж байна, ...А******* ХХК миний манай компанийн 1,7 тэрбум төгрөгийн 1700 тн улаанбуудайг авчихаад мөнгийг өгөхгүй 3 жил болж байна. Ингэж дээрэлхэж байна, Тэгээд яадаг гэхээр шүүхээр явдаг, цагдаа хэргийг хэрэгсэхгүй болгодог. Шүүхээр яваад 3 шүүх дамжаад буцаагаад Сэлэнгийн шүүх шийд гэдэг, Анхнаасаа бизнест орохдоо хулгай луйвраар Төрийн өмчийн хорооноос А******* ХК-ийн авсан. Одоо тэгээд дахиад хулгай, луйвар хийгээд яваад байгааг ойлгохгүй байна гэсэн болох нь зохигчдын тайлбар, тухайн твитер болон сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх твитер хуудсаар болон сайтаар дамжуулан нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээ мэдээллийг олон нийтэд тараасан нь Үндсэн хуулинд заасан халдашгүй байх эрхийг зөрчсөн гэсэн.

 

5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13-д халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.

 

5.2.Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2-д эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заажээ.

6.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй найз нөхдийн харилцаатай байсан боловч бизнесийн үйл ажиллагааны улмаас зөрчилдөж, өөрийн твитер хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлсэн, цахим орчинд нийтэд илэрхий бичээгүй, миний твитер хуудас бол өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмж бичих орчин, мөн А******* ХК-ийн мэдээлэл нь нийтэд илэрхий байдаг тул бусад цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг сайтад ярилцлага өгөхдөө дурдсан, нэхэмжлэгч П.Ц*******ий нэр төрийг гутаахаар худал мэдээлэл тараагаагүй гэж үгүйсгэсэн.

 

6.1.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана гэж тус тус заажээ.

 

6.2.Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд 1.Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй, 2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана гэжээ.

6.3.Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн зэрэгцээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй, гэхдээ хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

7.Твитер буюу одоогийн нэрээр X бол богино хэмжээний мэдээ, санаа, сэтгэгдэл хуваалцах боломжтой нийгмийн сүлжээний платформ юм. Хариуцагч нь дээрх өөрийн твитер хуудсаар сэтгэгдэл илэрхийлсэн гэсэн боловч твитер бол олон нийтийн индэр бөгөөд түүнд нийтлэгдсэн мэдээлэл, сэтгэгдэл нь олны өмнө байдаг учраас аливаа мэдээлэл түгээх, сэтгэгдлээ илэрхийлэхдээ хүний нэр, төрийг хүндэтгэн хэрэгтэй бол баримт, эх сурвалж нэмж, тухайн хүнийг аливаа асуудлыг шүүмжлэхдээ ч хүндэтгэлтэй хандах нь бусдын эрхийг зөрчихгүй байх үйлдэл болно.

7.1.Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж юм.

7.2.Хариуцагчийн твитер хуудсаар нийтэлсэн болон сайтад өгсөн ярилцлагад ...А******* ХК-ийг 600 гаруй сая төгрөгөөр З.Этой хуйвалдаж авч байхад саванд нь тэрбум гаруй төгрөг будаа хадгалж байсан түүхтэй А******* ХК Төрөөс үнэгүй хулгайж авсан шигээ ланчдаас улаанбуудайг үеийн үед хулгайлж хорогдол, чийг хольц гэж үнэгүйдүүлдэг, Ц******* ланчдын тарьсан улаанбуудайг тээрэмдэж хулгайгаар авсан А******* ХК хагартлаа баяжаад А******* 3500 төгрөгөөр гурилаа зарж 700 хувийн ашиг хийж зарж байна, А******* ХХК миний манай компанийн 1,7 тэрбум төгрөгийн 1700 тн улаанбуудайг авчихаад мөнгийг өгөхгүй 3 жил болж байна гэх зэргээр дурдсан нь нэхэмжлэгчийн буюу түүнтэй хамаарал бүхий гэх А******* ХК-тай хамааралтай, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтод хамаарахаар байна гэж үзэв.

 

7.3.Нэхэмжлэгч нь хариуцачийг бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэж эдийн бус хохиролд нийтлэлүүдийн цааш түгээсэн тоо 444 байх бөгөөд 1 түгээлтийг 500 000 төгрөгөөр үнэлэн 222 000 000 төгрөгөөр тооцон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж, тухайн түгээсэн буюу хуваалцсан retweet-ийг үндэслэсэн гэх боловч юунд тулгуурлаж дээрх хохирлын үнэлгээг тооцон гаргасан эсэхийг нотлоогүй, тодорхойгүй байна.

7.4.Хариуцагч нь өөрийн Твитер хуудсаараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ нэхэмжлэгчийг гахай, лалар гэх зохимжгүй үг хэллэг хэрэглэсэндээ уучлал гуйхад татгалзахгүй, өөрөө бас намайг том гахай, хулхи худалч, мэдрэлийн өвчтэй, нүүрээрээ дүүрэн амтай гэж нийтэлж, сэтгэгдэл бичиж байсан гэж тайлбарласан бөгөөд яг одоо өөрийн  L твитер хуудсаараа нэхэмжлэгчээс уучлал гуйлаа гэсэн болно.

8.Иймд нэхэмжлэгч П.Ц*******ий хариуцагч Л.Ц*******т холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 222 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийвэрлэв.

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.З******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...хариуцагч тал Твитер сүлжээнд тухайн хүнд хандаж соёлгүй, бүдүүлэг үг хэллэг ашигласандаа боломжтой бол цахим сүлжээгээрээ уучлал гуйх нь зүйтэй санагдлаа. Харин нийтэлсэн агуулгын хувьд үнэн зөв байсан эсвэл илт худал мэдээлэл байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Уг мэдээллийг тарааснаас хохиролд 222 000 000 төгрөгийн нэхэмжилж, хохирол тооцохдоо 444 удаа нэг бүрийг 500 000 төгрөгөөр үндэслэл нь тодорхойгүй байна. Твитер дээр сайн дурын үндсэн дээр эсвэл итгэл үнэмшилтэй нь нийцсэн байвал тухайн хүн Retweet хийж түгээдэг. Retweet хийсэн хэрэглэгчид олон дагагчтай, цөөн дагагчтай байсан эсэх нь тодорхойгүй байна. Твитер сүлжээ нь Фэйсбүүк сүлжээнээс ялгаатай бөгөөд уг мэдээллийг олон нийтэд хуваалцсан эсэх, төлбөртэй нийтлэгч тус мэдээг мөн хуваалцсан эсэх нь тогтоогдохгүй байна. Мөн яг ямар байдлаар сэтгэл санааны хохирол хувь хүнд болон компанид учирсан болох нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 338 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ц*******ий хариуцагч Л.Ц*******т холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 222 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ц*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 338 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Ч.НЯМСҮРЭН