2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03106

 

2025 04 21   192/ШШ2025/03106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоотод оршин суух Б овогт Ц-ийн Г /РД:ХЙ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, эрдэнийн төгөл хотхон, ** тоотод оршин суух Б овогт С-ын Ц /РД:ХА*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 244,800,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н,

Гэрч Ц.Б, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Г би С.Ц-той 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг сар бүрийн 3%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан, Зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөнгийг бэлнээр өгсөн. Хариуцагч тал Зээлийн гэрээний хугацаанд ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу 18 сарын зээлийн хүү 64,800,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 60,000,000 төгрөг, үндсэн зээл 120,000,000 төгрөг, нийт 244,800,000 төгрөгийг хариуцагч С.Ц-оос гаргуулж өгнө үү. Дээрх мөнгийг хариуцагч С.Ц-ийн зээлийн барьцаанд тавьсан БЗД-ийн **-р хороо, Амгалан ***, ** тоотод байрлах 396м2 талбайтай Ү-2*******32 бүртгэлтэй хувийн сууц болон 00*****51 дугаарт бүртгэлтэй газар эзэмших Э-2*******62 дугаарт бүртгэлтэй 500м2 газар бүхий хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц-той 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг сар бүрийн 3%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан, Зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Хариуцагч тал Зээлийн гэрээний хугацаанд ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу 18 сарын зээлийн хүү 64,800,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 60,000,000 төгрөг, үндсэн зээл 120,000,000 төгрөг, нийт 244,800,000 төгрөгийг хариуцагч С.Ц-оос , барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү. Ер нь бол би тэр өдөр мөнгө С.Ц-д өгөөгүй ч тэр өөрөө тухайн үедээ тиймээ би М-аас авсан нь үнэн гээл өөрөө нотариат дээр очоод гарын үсэг зурчихаад, төлөх болохоороо аваагүй гээд байгааг нь гайхаал байна. М надаас бол мөнгө авсан, тэгээд нэхсэн чинь энэ 2 авсан одоо барьцаатай болно гээд л гэрээ байгуулсан шүү дээ, шүүх шударгаар шийдэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ц миний бие Ц.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр манай эхнэр Ц.Б надад хэлэхдээ эгч М бид хоёр 2020 онд Ц.Г-аас 100,000,000 төгрөг М эгчийн дансаар хүлээн авч зээлсэн бөгөөд Ц.Г өдөр шөнөгүй залгаад мөнгөө нэхээд байна гэсэн. Тухайн үед миний бие М эгч болон эхнэр Ц.Б-ээс ямар учиртай мөнгө юм бэ юунд зориулж авсан, хэзээ авсан зээл юм бэ гэхэд М эгч болон эхнэр Ц.Б хоёр 2020 онд авсан зээл Ц.Г-аас зээлээд буцаагаад яаралтай өгөх гэсэн боловч мөнгө бүтээгүй юмаа гэхээс өөр тайлбар өгөхгүй байсан. Ингээд эхнэр Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүн мөнгөө нэхээд хэцүү байна ирж гарын үсэг зураад өг гэж шахсаар байгаад 2021 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж байсан болно. Гарын үсэг зуруулхад М байлцсан болно. Миний бие Ц.Г гэдэг хүнийг нэг удаа гарын үсэг зурахдаа харж байсан. Миний бие Ц.Г-аас мөнгө зээлэх шаардлага байхгүй, зээлж байсан түүх ч байхгүй болно. Гэрээ байгуулахдаа 120,000,000 төгрөг бэлнээр гарын үсэг зурчих гээд зуруулж байсан. Энэ бүхнийг Ц.Б, М нар бүгд мэдэх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад 120,000,000 төгрөг өгөөгүй хуурамчаар баримт үйлдсэнийг гэрчлэх болно. С.Ц миний бие М эгч болон эхнэр Ц.Б нараас тухайн үед 100,000,000 саяыг Ц.Г гэдэг хүнээс зээлсэн гээ биздээ яагаад 120,000,000 гэсэн юман дээр гарын үсэг зуруулах гээд байгаан гэхэд 20,000,000 төгрөг нь хүү гээд байсан болно. С.Ц миний бие Ц.Г-аас огт мөнгө зээлж аваагүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит үнэнг мэдэх Ц.Б, М нарыг шүүхэд гэрчээр оролцуулж анх 2020 онд М эгчид хэдэн төгрөг шилжүүлсэнийг баримтаар шүүхийн журмаар гаргуулах болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хүлээн зөвшөөрөхгүй. Бодит байдал дээр огт мөнгө аваагүй, мөнгийг шилжүүлж өгөөгүй, 2020-10-02 ний өдөр л гэрч Б.М-д 100 сая төгрөг шилжүүлсэн, М нь Б-д тэр мөнгөө шилжүүлсэн гэсэн ба хариуцагчийн эхнэр нь зур гэж тулгасаар байгаад гэр бүлийн асуудлаас болоод зурчихсан юм байна лээ. Нэхэмжлэгчийг огт мэдэхгүй анх удаа нотариат дээр л харсан юм байна лээ, ямар ч мөнгө аваагүй байж яаж төлөх вэ, гэрч гээд байгаа хүмүүс нь л бараг хариуцагч байх, тэгээд гар гараа дагана шүүдээ хэнд өгсөн юм тэрнээсээ авна байх гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.10.15-ны өдрийн мөнгө өгсөн авсан баримт, 2021.10.15-ны өдрийн бүртгэлийн 4094 дугаартай зээлийн гэрээ, 2021.10.15-ны өдрийн бүртгэлийн 4095 дугаартай барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн Ү-22*******32 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Э-22*******62 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгч Ц.Г-аас Б.М руу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн баримтыг гаргуулж, гэрчээр Б.М, Ц.Б нарыг асууж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Мөнгийг үндсэндээ анх М-д өгсөн, тэгсэн миний мөнгийг эхнэр нөхөр энэ 2 т өгчихсөн гэсэн, С.Ц нь өөрөө л хүлээн зөвшөөрөөд надтай 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг сар бүрийн 3%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар гэж бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан, зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Одоо болохоор эхнэрээсээ салсан энэ тэр гээд гайхаж л байна, гэрээний дагуу мөнгөө авна гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар байдлаар үгүйсгэдэг. Үүнд: Миний бие Ц.Г гэдэг хүнийг нэг удаа гарын үсэг зурахдаа харж байсан. Миний бие Ц.Г-аас мөнгө зээлэх шаардлага байхгүй, зээлж байсан түүх ч байхгүй болно. Гэрээ байгуулахдаа 120,000,000 төгрөг бэлнээр гарын үсэг зурчих гээд зуруулж байсан. Энэ бүхнийг Ц.Б, Б.М нар бүгд мэдэх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад 120,000,000 төгрөг өгөөгүй хуурамчаар баримт үйлдсэнийг гэрчлэх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 10 дугаар сарын 15 ний өдөр 4094 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас Ц.Г, зээлдэгч талаас С.Ц нар байгуулж, 120,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, мөн тухайн өдрөө С.Ц-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Амгалан **, ** тоотод байрлах 396м2 талбайтай Ү-22******2 бүртгэлтэй хувийн сууц болон 00****51 дугаарт бүртгэлтэй газар эзэмших Э-22*******62 дугаарт бүртгэлтэй 500м2 газар бүхий газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 15 ний өдрөөр огноолж, 120,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэх баримтыг гэрээний талууд гар бичмэл байдлаар үйлдсэн байна.

2020 оны 10 дугаар сарын 02 ний өдөр нэхэмжлэгч нь Б-ийн М-ын Хаан банкны 50********89 дугаартай дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан ба гэрч Б.М нь ..нэхэмжлэгчтэй найз нөхдийн мөнгө төгрөг авдаг харилцаатай, Ц, Б нар нь мөнгөний хэрэг гарлаа гээд увуулж цувуулж надаас дээрх 100 сая төгрөгийг шилжүүлэн авсан, өгөхгүй удсан учраас барьцааны гэрээ хийлгүүлсэн .. гэж шүүхэд мэдүүлдэг бол гэрч Ц.Б нь .. М-аас 2020 оноос эхэлж увуулж цувуулж энэ мөнгийг авсан, нэхэгдээд тэгээд 2021-10-15 нд нөхрөөрөө гарын үсэг зуруулсан .. гэж мэдүүлдэг.

 

5. Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад ...2021-10-15 ний өдөр бодитоор хариуцагч С.Ц-д 120,000,000 төгрөгийг шилжүүлээгүй боловч 2020-10-02 ний өдөр Б.М-д өгсөн 100,000,000 төгрөгийг С.Ц нь өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрч тэр өдөр гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгөө хүртэл барьцаалсан тул .. нэхэмжлэл үндэслэлтэй гэж, хариуцагч С.Ц нь ...бодитоор мөнгийг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй .. гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрнө.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Талууд хэдийгээр мөнгийг хүлээлгэн өгсөн талаар баримт бичгээр үйлдсэн боловч хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргасан ба уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлосон гэж үзнэ. Учир нь 2021-10-15 ний өдөр хүлээлгэн өгсөн гэх 120,000,000 төгрөгийг тухайн өдөр С.Ц-д өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрчээр мэдүүлэг өгсөн Б.М-д 2020-10-02 ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлдүүлж, шилжүүлснийг Б.М нь С.Ц, Ц.Б нарт зээлдүүлсэн гэж Ц.Г-т тайлбарласнаар, талууд хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 15 ний өдөр 4094 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулах үндэслэл болсон байна. Иймээс талуудын хооронд хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан ч нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тухайн гэрээг бодит байдалд байгуулагдсанд тооцохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч мөнгө шилжүүлээгүй тул шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байдаг ч тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байна.

Энэхүү шийдвэр нь Ц.Г-ын 2020-10-02 ний өдөр бусдад зээлдүүлсэн гэх үүргийг шаардахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,381,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Ц-оос 244,800,000 төгрөг гаргуулах, С.Ц-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Амгалан **, ** тоотод байрлах 396м2 талбайтай Ү-22*****32 бүртгэлтэй хувийн сууц болон 00****51 дугаарт бүртгэлтэй газар эзэмших Э-22*******62 дугаарт бүртгэлтэй 500м2 газар бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,381,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ