Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт-ийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй, 5104 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу "*******" ХХК-д ашигт малтмалын хайгуулын 14560Х дугаартай тусгай зөвшөөрлийг[1] 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаагаар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", мөн хуулийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу "*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хуулийн хугацаанд гаргаж, Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1074 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 09 өдөр хүртэл[2], Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 292 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 26 хүртэл[3], Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр[4] 2022 оны 02 дугаар сарын 26 өдөр хүртэл[5] тус тус 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2.3. "*******" ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх үед 1507.49 талбайдаа хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүрдүүлбэр дутуу өргөдөл гарган бүртгүүлсэн.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр", 25.1.7-д "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ", гэж заасан баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцох"-ыг Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/3769 дүгээр албан бичгээр[6] ******* ХХК-д мэдэгдсэн байна.

2.5. Дээрх хугацаанд нөхөн бүрдүүлж ирүүлээгүй тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа[7] явуулж Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" 485 дугаар шийдвэрээр[8] өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн энэ тухай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/4459 дугаартай албан бичгээр[9] тус ******* ХК-иар дамжуулан хүргүүлжээ.

2.6. ******* ХК-иас дээрх албан бичгийг ******* ХК-ийн хаягийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилтан гэдэг хүнд гардуулсан[10] байна.

2.7. ******* ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан ...******* аймгийн ******* сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай ХВ-014560 дугаар тусгай зөвшөөрлийн талбай, *******ын дайрганы ордонд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилохоос татгалзсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.8. ******* ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандан шинжээч томилуулах хүсэлтийг www.mpc.mmhi.gov.mn цахим хаягаар илгээснийг хянаж үзээд археологи, палеонтологийн тайлан ирүүлэх, тайлангийн нүүрийг оршил хэсэгт оруулах, хавсралт материалууд бүтэн харагдахгүй байгааг засаж ирүүлэх тухай тайлбар бичиж засварт буцаасан төлөвт оруулжээ[11].

2.9. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг эс зөвшөөрч ******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар албан бичгээр гомдол гаргажээ.

2.10. Дээрх гомдлыг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/280 дугаар албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохоо мэдэгдсэн байна.

2.11. Улмаар ******* ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2008 оны 12 сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуулыг хийж байгаа билээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс хойш манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулж, энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайд эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоосон. Улмаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газарт "өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл"-ийг 2022 оны 02 сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж NM-026060 дугаарт бүртгүүлсэн.

Манай компани нь тусгай зөвшөөрлийн талбайд ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд "хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах талаар" хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өгсөн.

Улмаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 128/Ш32023/4823 дугаар шүүгчийн захирамжаар "урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдвэрлэх боломжтой буюу захиргааны байгууллагын манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр буцааж, захиргааны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргахад саад болохгүйг дурдаж шийдвэрлэсний дагуу хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар ажиллаж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 10/3769 дугаартай албан бичгээр "Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, дугаар зүйлд заасан баримтыг ирүүлэхийг шаардсан манай компани нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа талаарх хариуг албан бичигт дурдсан хугацаанд кадастрын хэлтэст мэдэгдсэн болно.

Гэтэл манай компанийн хайгуулын ажлын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон тухай мэдээллийг тус газрын www.mrpam.gov.mn сайтад нийтэлснийг 2024 оны 12 сарын 16-ны өдөр танилцаж мэдээд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан болно.

Тус гомдлын хариу болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны Өдрийн 1/280 тоот албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Манай компанийн 2022 оны 02 сарын 07-ны өдөр ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх үед Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж NM-026060 дугаарт бүртгүүлсэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл"-ийг хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж дуусаагүй байхад бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" 485 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" 485 дугаар шийдвэрийг манай компанид мэдэгдээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/280 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээс энэхүү шийдвэр гарсан болохыг мэдсэн болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "*******" ХХК-ийн 2022 оны 02 сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүртгүүлсэн "ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт"-ийг сэргээхийг хариуцагчид даалгах өгнө үү... гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2008 оноос ******* аймгийн ******* суманд ашигт малтмалын хайгуулын ХҮ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох тухай хүсэлт гаргасан. Ашигт малтмал, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч томилуулахтай холбоотой асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4823 дугаартай шүүгчийн захирамжаар талууд уг асуудлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжтой тул төрийн захиргааны байгууллагад шинжээч томилуулах хүсэлтээ гаргаад, хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаас татгалзаж шийдвэрлэвэл дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу бид 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар гаргаж өгөөгүй. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гаргасан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтоол болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсралтаар ирүүлээгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайд: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг байгаль орчны яамнаас хийдэг. Ашигт малтмалтай холбоотой учир Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гарсан дүгнэлтийг үндэслэж ТЭЗҮ-г боловсруулж, өмнө ажиллаж байсан талаарх тодорхойлолтыг сум, дүүргийн Засаг даргаас авах, холбогдох төсөл хэрэгжсэн тухай байгаль орчны нөлөөллийн төлөв байдлын тодорхойлолтыг гэх мэт хуульд заасны дагуу гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлтээ гаргаж өгөөгүй. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр материалаа бүрдүүлж өгнө үү гэсэн албан бичиг манайх компани руу ирүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаан буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргаж өгөөгүй талаар тайлбараа Ашигт малтмал газрын тосны газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг Ашигт малтмал, газрын тосны газрын веб сайтаас мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тусгай зөвшөөрлийн талаар: ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй, 5104 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч "*******" ХХК-д ашигт малтмалын хайгуулын 14560Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3 жилийн хугацаагаар 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", мөн хуулийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу "*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан шаардлага хангасан өргөдлийг тус тус төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "...өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасны дагуу хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1074 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 09 өдөр хүртэл, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 292 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 26 хүртэл, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 26 хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

"*******" ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх үед 1507.49 талбайдаа хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүрдүүлбэр дутуу өргөдөл гарган бүртгүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр", 25.1.7-д "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ", гэж заасан баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно" гэж заасан хугацаанд нөхөн бүрдүүлж ирүүлээгүй тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай" 485 дугаар шийдвэрээр өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэн энэ тухай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/4459 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д "энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө ....байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж ..." гэж хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

"MEM" XXK-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/4823 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т "Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно." 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн. хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй", 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. "94.2-т "Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд дээр дурдсан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасныг үндэслэж шийдвэр гаргасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-т заасан баримтууд байхгүй. Мөн хуульд зааснаар 20 хоногийн дотор шийдвэр гаргана. Гэтэл 2 жил 8 сар гаруй хугацааг өгсөн. Удаан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд цаг хугацаандаа үүргээ биелүүлэх ёстой.

Хууль зүйн үндэслэлийн тухайд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны санал байхгүй зэргийг харгалзан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримталсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасан шаардлагыг хангаагүй хүсэлтийн хариуг хариуцагч байгууллага мэдэгдэх үүрэгтэй. Уг үүргээ хэрэгжүүлж *******-аар дамжуулан хариуг хүргүүлсэн. ******* чиг үүргээ биелүүлж гардуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч "*******" ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 1507.49 талбайдаа хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт[12] ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулаагүй... бүрдүүлбэр дутуу өргөдөл гарган бүртгүүлсэн болох нь тус компанийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр хүсэлт гаргах тухай албан бичиг[13], Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8/1914 дугаар албан бичиг[14] зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.3.Нэхэмжлэгч компанийн хувьд дээрх өргөдлөөс хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтэд дурдсан бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүйн улмаас Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/2725[15], 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/3423 дугаар албан бичгээр[16] *******" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-014560 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тул шинжээч томилох боломжгүй болохыг мэдэгдсэн.

4.4.Энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан *******" ХХК-иас тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай ХВ-014560 дугаар тусгай зөвшөөрлийн талбай, *******ын дайрганы ордонд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилохоос татгалзсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланд шинжээч томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар тус яамны Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.******* сургалтад хамрагдаж[17], төрийн албанаас түр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан түүний оронд шинээр томилогдсон албан тушаалтантай үүссэн нөхцөл байдлыг эвлэрэн хэлэлцэх боломжтой хэмээн хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/4823 дугаар захирамжаар хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.5.Гэвч дээрх шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжаас хойш ******* ХХК-ийн зүгээс үүссэн нөхцөл байдлыг арилгах дорвитой бодит ажлыг хийлгүй байсаар 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн www.mpc.mnhi.gov.mn цахим хаягаар 2021 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянаж үзээд, археологи, палеонтологийн тайлан ирүүлэх, тайлангийн нүүрийг оршил хэсэгт оруулах, хавсралт материалууд бүтэн харагдахгүй байгаа үндэслэлээр хүсэлтийг буцаасан байна[18].

4.6.Ийнхүү дээрх үйл баримтыг хууль зүйн үндэслэлд хөрвүүлбэл нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргахдаа 25.1.5.хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр; 25.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хавсаргаж ирүүлээгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулан, 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд болох ******* ХХК-д энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

4.7.Энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн кадастрын цахим бүртгэлийн мэдээллийн санд ******* ХХК-ийн ******* аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй 1507.49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон.

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт хавсаргах баримтын бүрдүүлбэрийг 2 жил 8 сарын хугацаанд хийж гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд зөрчигдсөн эрх ашиг байхгүй.

4.8.Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 485 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн ******* аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй 1507.49 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

4.9.Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2023/4823 дугаар захирамжийн үндэслэл болсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан заалт нь цаг хугацаагүй, хязгааргүй олгогдсон зохицуулалт биш бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон хангалттай боломжит хугацааг тэрээр ашиглаагүй атлаа хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.10.Эцэст нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн тайлбарлах боловч шүүх, нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг мэдээгүй, гардаж аваагүй гэх үйл баримт[19] болон Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/280 дугаар албан бичгээр огноолон захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдан улмаар захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026060 дугаарт бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт-ийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР