Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

                        2024           01             04                                           2024/ДШМЗ/44

 

Д.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор: Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Д.С ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ****  дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.С  нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн **  дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр сургуулийн зүүн талын зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Б.Б-г хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар гар руу нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь баруун сарвууны ядам хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүтэй сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С эрх бүхий байгууллагын хяналтад байж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Д.С  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С  би эхнэргүй бөгөөд 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Би хөдөлмөр хамгаалах аюулгүй байдлыг хангах инженер мэргэжилтэй. Миний сарын цалин 2 сая төгрөг байдаг. Би анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 1 жилийн ялыг эс зөвшөөрч надад хүндрүүлсэн ял оногдуулсан гэж үзэж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй, хор уршгийн хохиролгүй болно. Би Дорноговь аймаг дахь Жоншны уурхайд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын инженерийн ажил хийдэг, би зорчих эрх хязгаарлах ял авснаар ажил хийх боломжгүй болж байна. Торгуулийн ял оногдуулбал би заасан хугацаанд төлж барагдуулна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.С  одоогийн хувийн байдлаа давж заалдах гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүх ял шийтгэлийг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.С  анхан шатны шүүх хуралдаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг гэж хэлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.С ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.С  нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн **  дүгээр хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр сургуулийн зүүн талын зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Б.Б-г хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар гар руу нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь баруун сарвууны ядам хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүтэй сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-н “...уг хүнийг эмчид үзүүлж дуусгаад албан тээврийн хэрэгсэлд суулгаад авч явах гэхэд машинд суухгүй эсэргүүцээд байсан. Тэгэхэд нь би машины баруун талын хаалгаар оруулах гээд байж байхад эргүүлийн офицер Л нөгөө талаас нь буюу баруун талын хаалгаа нээгээд цаанаас нь татсан бөгөөд би араас нь түлхэж байхад намайг гэнэт баруун хөлөөрөө өшиглөсөн. Баруун хөл нь миний баруун гарыг оносон бөгөөд тэр үед нь миний гар нэлээн эвгүй өвдөөд байсан. ...Тэгээд гэмтэлд очоод зураг авхуулахад ядам хурууны ар яс нь хугарсан байсан. ... ” гэх мэдүүлэг /хх 8-9 тал/,

Шүүгдэгч Д.С ын “...Нутгийнхны сагсны тэмцээн болоод архи уусан. Би нэг их архи уудаггүй учраас архи даадаггүй амархан согтдог. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Б-ын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай “...Б.Б-н биед баруун сарвууны ядам хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашдаа ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

Эрүүгийн офицер Э.З-н энгэрийн камерын бичлэгийг бэхжүүлэн авсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 тал/, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичмэл нотлох баримыг хуулбарлан авсан тэмдэглэл, бичмэл нотлох баримтууд /хх-ийн 22-24 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 26, 32, 42-45 тал/,

хохирогч Б.Б-н “...эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан...” гэх баримт /хх-ийн 53 тал/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэл бүхий болжээ. 

Шүүгдэгч Д.С  нь хохирогч Б.Б-н биед “баруун сарвууны ядам хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүгүй сэлтэрсэн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хууль сахиулагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг ар гэрийн байдал зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж шийдвэрлэлээ.

 

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу түүнд оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Иймд шүүгдэгч Д.С ын гаргасан “...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,

-3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С  нь оногдуулсан 3.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй...” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж болохыг сануулсугай...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай. 

4. Шүүгдэгч Д.С ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ