| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0221/З |
| Дугаар | 128/ШШ2025/0399 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0399
| 2025 05 23 | 128/ШШ2025/0399 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Батбаатар даргал, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Э******* ХХК /РД: *******/,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч Ш. нарын хоорондын шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., П., хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч Ш., гэрч Ж., гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1. Гомдол гаргагч Э******* ХХК нь Улаанбаатар хот, дүүрэг, нд 5, 6-р ээлжийн барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийн 139/2022 дугаар гэрчилгээг[1] 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авч, барилгын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
2.2.Дээрх барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хариуцагч улсын байцаагчийн зүгээс, ******* дүүргийн 26-р хороонд хөрсний ус ихээр шавхаж, зам талбайд урсаж байна гэх иргэдээс ирүүлсэн НБОГ-175 дугаартай гомдол, мэдээллийг авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гомдлын дагуу үзлэг хийж[2], 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ...барилгын суурийн хөрсний усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан зөрчил үйлдсэн... гэх эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлийг[3] үйлдсэн байна.
2.3. Улмаар хариуцагчийн зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 242000589 дугаар тогтоолоор[4] зөрчлийн хэрэг нээсэн байна.
2.4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн зүгээс Э******* ХХК нь усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй ашигласан гэх зөрчилд усны нөөцөд учруулсан хохиролд шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулахаар Усны газрын Усны нөөцийн хэлтсийн Усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.ыг томилсон тогтоол[5] үйлджээ.
2.5.Дээрх эрх бүхий албан тушаалтны тогтоолын дагуу Усны газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1111 дугаар албан бичгээр усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэн хүргүүлж, тус албан бичгийн 1 дүгээр хавсралтаар 91,339,650 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэлтийг гаргасан байна.
2.6.Тус шинжээчийн дүгнэлтийн дагуу хариуцагчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046535 дугаар шийтгэлийн хуудсаар[6] гомдол гаргагчид барилгын суурийн хөрсний усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан зөрчил үйлдсэн... гэх зөрчилд 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 91,336,650 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зохих бичиг баримтын бүрдлийг холбогдох газраар батлуулахыг даалгаж, даалгаврыг 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг[7] тус тус үйлдэж, гомдол гаргагчийн дүүрэг, , Кинг тауэр- 5-р блок, гэх хаягаар хүргүүлжээ.
2.7.Гомдол гарагчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/2025/35 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлт, шийтгэл ногдуулах тухай албан шаардлагатай танилцаагүй, баталгаажуулаагүй тул тус зөрчлийн хэрэгт холбогдох баримт, шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудсыг танилцуулж, баталгаажуулж өгөх талаар хүсэлтийг[8] илгээж, Нийслэлийн Байгаль орчны газраас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07/317 дугаартай албан бичгээр[9] ...шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг шуудангаар хүргүүлж шийдвэрлэсэн болно... эрх бүхий албан тушаалтны хүргүүлсэн шууданг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э******* ХХК-ийн ажилтан Ц.д гардуулсан байна... гэх хариуг хүргүүлжээ.
2.8. Гомдол гаргагчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/2024-07 тоот албан бичгээр[10] маргаан бүхий шийтгэлийн хуудас, албан даалгаврыг эс зөвшөөрч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гомдол гаргаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/1006 тоот албан бичгээр ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн... албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан байна. Иймд... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасны дагуу холбогдох газарт хандаж шийдвэрлүүлнэ үү... гэх хариуг өгчээ.
2.9.Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дээрх эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/1112 дугаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг албадан гүйцэтгэх тухай захирамж[11], гүйцэтгэх хуудас[12] гарчээ.
2.10.Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдол гаргагчид 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 35410348/01 дугаар бүхий зарлан мэдэгдэх хуудсыг хүргүүлж, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт тус газрын 306 тоотод бэлэн байхыг мэдэгдсэн байна.
2.11.Улмаар гомдол гаргагч Э******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий шийтгэлийн хуудас, албан даалгаврыг эс зөвшөөрч тус шүүхэд Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/1537 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: ...Хариуцагч НБОГ-ын хяналтын хэлтсийн байцаагч Ш. нь 2025 оны 01 сарын 29-ний өдөр гомдол гаргагч "" ХХК-руу утсаар холбогдож "шийтгэлийн хуудаст заасан торгууль, шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлын төлөх" талаар мэдэгдсэн.
Гомдол гаргагч "" ХХК нь НБОГ-ын хяналтын хэлтсийн байцаагчаас ямар нэгэн шийтгэлийн хуудас гардаж аваагүй, шинжээчийн ямар нэгэн дүгнэлттэй танилцаагүй, энэ асуудлын талаар захиргааны байгууллагаас мэдэгдээгүй тул энэ талаар тодруулахаар 2025 оны 01 сарын 31-ний өдөр 01/2025-35 дугаартай албан бичгийг НБОГ-т хүргүүлсэн. НБОГ-с 2025 оны 02 сарын 10-ны өдөр 07/317 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр "Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийхэд дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "" ХХК нь усыг зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй ашигласан зорчил үйлдсэнийг тус өдөр ирүүлж Нийслэлийн Прокурорын хяналтад зөрчлийн 2402000589 дугаартай хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан." гэх хариуг ирүүлсэн болно.
"" ХХК-с дээрх хариу албан бичигтэй танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу 2025 оны 02 сарын 13-ны өдөр Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамд "НБОГ-ын хяналтын хэлтсийн байцаагч Ш.гийн "" ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлгүй байх тул гомдлыг холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэж өгнө үү" гэх агуулгаар гомдол гаргасан ба "" ХХК-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар болон бусад холбогдох баримтуудтай танилцаагүй, гардан аваагүй тул хуулбарлан ирүүлэх хүсэлтийг мөн гаргасан.
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 11/1006 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар эрх бүхий албан тушаалтны гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 128/Ш32025/1112 дугаартай Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "Шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгэх тухай" захирамж гарсан байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасны дагуу холбогдох газарт хандаж шийдвэрлүүлнэ үү" гэх хариуг ирүүлсэн.
Иймд тус албан бичигт зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа болно.
Хариуцагч НБОГ-ын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас, "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" даалгаврууд нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус хууль бус шийдвэрүүдийн улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Хариуцагч нь эрх бүхий байгууллагаас гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийж байгаа талаар "" ХХК-д мэдэгдсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн зорчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэг удаа тайлбар мэдүүлэг өгсөн ба дахин дуудах ажиллагаа хийгээгүй байдаг.
Үүнээс хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг " ХХК-д өгч байгаагүй бөгөөд 2025 оны 01 сарын 29-ний өдөр байцаагч Ш. нь холбогдоход шийтгэл оногдуулсан тухай анх мэдсэн. Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "" ХХК-д Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар утсаар холбогдон мэдэгдсэн ба 2025 оны 02 сарын 25-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биечлэн очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан "Зорчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас болон бусад баримтуудтай танилцсан.
Хариуцагчаас дээрх байдлаар "" ХХК-д шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2.5, 3.1.2.9 мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4.11.5-д тус тус заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зорчсон.
Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан холбогдогчийн эдлэх эрхийг бүрэн эдлүүлээгүй зөрчлийн хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, маргаан бүхий шийтгэлийн хуудаст "шинжээчийн дүгнэлт"-ийг үндэслэн шийтгэ оногдуулсан байх боловч холбогдогчид "шинжээчийн дүгнэлт"-ийг огт танилцуулаагүй, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, шинжээчийн дүгнэлттэй танилцаж хуульд заасан журмын дагуу гомдол гаргах боломжоор хангаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Түүнчлэн, хариуцагчийн маргаан бүхий "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудаст "хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 91,339,650 төгрөг гэж дурдсан байх ба тус үнэлгээг Усны газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/111 тоот албан бичгийн хавсралт "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г үндэслэн гаргасан гэж үзэхээр байна. Гэвч "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г мөн зөрчлийн хэргийн холбогдогч болох "" ХХК-д танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй нь Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/94 дугаар тушаалын хавсралт "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.7 "Эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээ хийж, гаргасан магадалгааг зөрчлийн хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулна" 3.12 "Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон баримт, шийдвэр, магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулан, гомдол гаргах эрхээр хангана" гэснийг тус тус ноцтой зөрчсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т тус тус заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудас, "Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай" даалгаврыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах.
Үндэслэлийн тухайд: Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 4.11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Мөн шийтгэлийн хуудаст заасан хохирол, шимтгэл, алданги гэсэн хэсэгт 91 сая төгрөгийг гаргуулна гэсэн нь Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын холбогдох зохицуулалтыг, Захиргааны ерөнхий хуульд заасан журмуудыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийг үйлдээгүй. Өөрөөр хэлбэл ******* барилгын 5 дугаар блокийн барилгын ажил гүйцэтгэх явцад хөрсний усыг дамжуулан туул голын сав газар луу шатлан нийлүүлсэн нь дээрх хуулийн зүйл, заалтад хамаарахгүй.
Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын алдаатай байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5, 3.1 дүгээр зүйлийн 2.9, 4.11 дүгээр зүйлийн 5-т заасныг зөрчсөн. Тодруулбал: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийн хуульд заасан бүрэн эрхийг эдлүүлээгүй. Хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, гомдол гаргах боломжоор хангаагүй учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст 91,339,650 сая төгрөгийг гаргуулахаар дурдсан нь үндэслэлгүй. Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 3.7-д эрх бүхий, албан тушаалтан шинжилгээ хийж гаргасан магадлалыг зөрчлийн хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулна гэж заасныг зөрчсөн. Мөн журмын 3.12-т шинжээчийн дүгнэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулж, гомдол гаргах эрхээр хангана гэх зохицуулалтыг тус тус зөрчсөн. Акт гарсны дараа 2025 оны 02 дугаар сард л мэдсэн. Иймд шүүхэд гомдол гаргаж байгаа гэв.
3.3.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1/ Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэж заасан. ******* нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир ус ашиглагч, үйлдвэр зориулалт үүсгэгч аж ахуйн нэгж биш. Өөрөөр хэлбэл усны ашигтай, үр шимийг ашиглаж ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт хийж ашиг олж байгаа зүйл биш. Усыг ашигтай чанарыг ашиглаж байгаа зүйл биш. Тэгэхээр үйлдвэрлэлийн зориулалт гэдэг нь усны ашигтай мөн чанарыг ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгааг ойлгоно. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-т ..."ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ... хэлнэ гэж заасан бөгөөд ******* нь ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн болон хувийн ашиг олох зорилгоор ус ашиглаж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаггүй. Иймд үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласан гэдэг үндэслэл нь хууль бус.
2/ Шийтгэлийн хуудасны шийтгэх хэсгийн 2-т (хохирол, шимтгэл, алданги, нөхөн төлбөр) гээд 91 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл эдгээрийн яг аль гэдэг нь тодорхойгүй. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэв хохирол гэж үзвэл усыг ашиглаж, анхны бүтцийг өөрчлөснөөс хохирол учруулсан эсэх асуудал яригдана. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т ...усны бохирдол гэж хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлагад өөрчлөгдөж, усны чанар доройтохыг .. хэлнэ... гэж заасан. Тус шүүхээс үзлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзвэл ******* үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 11 дүгээр хороонд Кинг тауэр орон сууцын хотхоны төслийн үйл ажиллагааг явуулж байгаа. Өөрөөр хэлбэл зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн төсөл нь Нийслэлийн 2020 оны төлөвлөгөө, 30 хувийн чиг хандлагуудад нийцсэн. 2024 оны 07 дугаар сараас 08 сарын хооронд тодорхой хэмжээний илүүдэл усыг соруулан өөр тийш шилжүүлсэн. Зуны улиралд бороо, хур их орж тухайн гүний усны түвшин дээшилдэг. Энэ нь барилгын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учир илүүдэл усыг соруулж туул голын ай сав руу шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар газрын гадаргаар дамжуулаагүй. Шууд хоолойгоор буюу зориулалтын хоолойноос үерийн далангийн худаг руу усыг шилжүүлсэн. Усыг бохирдуулаагүй тул хохирол учруулсан гэж үзэхгүй. Манай үйл ажиллагаа явуулж буй орон сууц нь туул голын ай сав газарт хамаарах бөгөөд туул голын ай саваас туул голын ай сав руу шилжүүлж байгаа үйлдэл юм. Мөн гүний усны түвшнийг алдагдуулаагүй. Зөвхөн бороо хур орсонтой холбоотой усны балансыг хадгалж, илүүдэл усыг л туул гол руу цутгаж байгаа юм. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
3/ Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг холбогдогчдын тайлбар болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан. Нэхэмжлэгч компанийн н. инженерээс тайлбар мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлт нь Усны газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/11 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Зөрчлийн хэрэгт тус газрын шинжээчээр Усны нөөцийн хэлтсийн үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн н., Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн н.ийн хамт 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төслийн талбайд ажилласан. 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр томилсон. ******* компанийн үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласны улмаас ашигласан усны хэмжээ, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ, дүгнэлт зэргийг тодорхойлж ирүүлнэ үү гэдэг байдлаар 2 асуулт тавьсан. 2 асуултын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тогтоол гарч Ш.г томилсон. Үүн дээр н. гарын үсгээ зурж баталгаажуулсан. н. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэлтээ гаргасан. Уг өдөр мөн адил шийтгэлийн хуудас гарсан. Усны газрын усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ гэх 1 хуудас баримтад холбогдох этгээд гарын үсэг зүйл байдаггүй. н. гэдэг хүнийг томилсон юм уу, н. гэдэг хүн ажилласан юм уу гэдэг нь тодорхой бус.
Тус дүгнэлтдээ өдөрт 2 цагаар 120 хоногийн хугацаанд 1 ширхэг насосоор усыг зайлуулж байсан гэж бичсэн. Гэтэл н.ын тайлбартаа 7-8 дугаар сарын хооронд ажилласан тэгэхдээ тогтмол биш гэдэг ийм агуулгатай зүйлийг тайлбарласан байхад 120 хоног буюу 4 сар ашигласан мэтээр бичсэн. Насос нь 50 метр куб цагийн хүчин чадалтай гэдгийг н.аас авсан гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн. Газар дээрээ очиж үзсэн бол насосоо харж танилцсан эсэх нь тодорхойгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ: 2.2-т ...оролцогчид асуулт тавих эрхтэй..., 2.3-т ...дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах эрхтэй... гэж заасан боловч хэн гэдэг, ямар албан тушаалтай хүн, ямар тусгай мэдлэгтэй хүн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т ...тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн..., 8.2.2-т ...энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч..., 8.2.3-т ...төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн..., 8.2.4-т ...мэргэжлийн байгууллага... гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 8.2.3-т заасан этгээдэд хамаарахаар харагдаж байх бөгөөд энэ нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т ...Энэ хуулийн ... 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр ... баталгаажуулна... гэж заасныг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан Шинжээчийн дүгнэлтийн агуулга-ыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна. Дээрх хуульд заасантай холбоотой баримтууд огт байхгүй.
Улсын байцаагч Ш. нь зарчмын хувьд уг асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч компани, түүний төлөөлөгч нарт шийтгэлийн хуудсыг болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, гомдол гаргах эрхийг эдлүүлсэн талаарх баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт гарсныг ч ******* компанийн зүгээс мэдээгүй байсан. Энэ талаар харилцаа холбооны хэрэгсэл болон мэдэгдэх, дуудах хуудсаар хүргүүлж байсан гэх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хуульд заасан процессын болон хуулийн шаардлагуудад нийцээгүй шийтгэлийн хуудас гарсан. Шүүх анхаарч үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү... гэв.,
3.4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан Ш. би Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд "*******" ХХК-д холбогдох усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй ашигласан үйлдэлд зөрчлийн 2402000589 дугаартай хэрэг нээж шалгаж шийдвэрлэсэн.
Тус компанид холбогдох 2402000589 дугаартай зөрчлийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийг хүртэл 58 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар удаа дараа дуудах ажиллагаа хийж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр холбогдогчийн тайлбар мэдүүлгийг авсан болно.
2024 оны 11 дүгээр сарын 01-03-ний өдрүүдэд зөрчлийн хэрэг материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцах тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх /эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана/ хэсэгт зааснаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дугаарын утастай Ш.той 3 удаа холбогдож мэдэгдсэн боловч ирээгүй, шуудангаар авъя гэсэн тул тус хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг /эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ/-ийг баримтлан шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаар хүргүүлсэн.
Нийслэлийн Байгаль орчны газраас ХХК-ийн шуудан зөөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус 01/11 дугаартай шууданг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э******* ХХК-ийн ажилтан Ц.д /утас:/ гардуулан өгсөн нь ХХК-иас ирүүлсэн лавлагаа мэдээллээр тогтоогдсон.
Тус компани нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь / холбогдогч эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, заалтын хүрээнд гомдол гаргаагүй, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
"Э*******" ХХК нь улсын байцаагчийн холбогдох хуулийн дагуу оногдуулсан 5000.000 төгрөгийн торгууль, 91.339.650 төгрөгийн нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй, хугацаатай албан даалгаврыг биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.12 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хүргүүлж 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/Ш32025/1112 дугаар шүүгчийн захирамж, 128/ГХ2025/0038 дугаар гүйцэтгэх хуудас гарсан.
"Э*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэр, шинжээчийн дүгнэлттэй танилцахыг удаа дараа харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэж байсан тул бусдын хууль ёсны эрхийг хохироогоогүй болно.Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна гэжээ.
3.5.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус ашиглагч гэж тайлбарласан тухайд: Нэхэмжлэгч компани нь барилга барьж байгаа ашгийн төлөө байгууллага. Тухайн газарт барилга бариагүй бол хөрсний ус, газрын доорх ус хэвэндээ л байх байсан. Өөрчлөлт орохгүй байх байсан. Газрын доорх усыг авч ашиглаад өөр газарт шилжүүлж барилга барьж байна шүү дээ. Үүнийг ус ашиглагч гэж үзнэ. Барилга барьж байгаа юм чинь үйлдвэрлэл явагдаж байгаа. Нэхэмжлэгч компани газрын доорх усыг ашиглаагүй бол хэвээрээ байж л байх ёстой. Мөн Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд ихэнх нь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл-өө авч тодорхой хэмжээний байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлдөг. Бусад барилгын компаниуд Усны тухай хуульд заасан заалтыг хэрэгжүүлж гэрээгээ байгуулж, төлбөрөө төлөөд явж байгаа.
Нэхэмжлэгчээс 1 сав газраас нь нөгөө сав газарт нь усыг нийлүүлсэн нь хохирол үүсэхгүй гэж тайлбарлаж байна. Усны тухай хуульд 1 газраас нь авч 1 сав газарт нийлүүлбэл усыг ашиглаж болно гэсэн заалт байхгүй. Усыг ашиглаж байгаа түүнд дүгнэлт гаргана, зөвшөөрөл авна, гэрээ байгуулна. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т зааснаар газар дээр барилга барихдаа хэчнээн литр ус, хэчнээн метр куб усыг зайлуулах эсэх асуудал учир улсад татвар, төлбөр төлөх ёстой ус ашиглагч гэж үзнэ.
Шинжээчтэй холбоотой асуудлын тухайд: 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн удаа дараа дуудах ажиллагаа хийсэн. Утсаар ярьсан. Албан бичгээр дуудах хуудас хүргүүлсэн. Биеэр очиж өгсөн. Бүх үйл баримтууд хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч компанид тайлбар мэдүүлгээ ирж өгөхийг, шинжээч томилсон тогтоолтой танилцахыг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн. Шуудангийн баримтууд нь байна.
Зөрчил шийдвэрлэх ажиллагааны хамгийн сүүлийн өдөр н., н. гэх 2 хүн компаниасаа итгэмжлэл хийлгээд ирсэн. Тэдэнд шинжээчийн дүгнэлт гарч байгаа. Мэдүүлгээ өгөөд, шинжээчийн дүгнэлттэй танилцана шүү гэж хэлсэн. Аль аль нь ирж манай өрөөнд суусан. Утсаар ярихад хэд төгрөг орчим болсон байна. Их байвал очиж чадахгүй. Удирдлагууддаа танилцуулна. Шуудангаар авна гэж н. гэдэг хүнтэй утсаар ярьсан. Гэтэл нэхэмжлэгчээс надтай огт уулзаагүй, утсаар яриагүй мэт зүйл тайлбарлаж байна.
******* дүүргийн *******нд Цэцэрлэгт хүрээлэн-ийн хойд талд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжид маш их ус тархсан. Хяналт, шалгалт хийхэд ХХК, ******* ус шавхаж байсан. Ус шавхахаа зогсоо гэж хэлэхэд нэхэмжлэгч компани шаардлага биелүүлдэггүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
4.3.Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлээ ...манайх барилгын компани ус ашиглагч биш, ******* барилгын 5 дугаар блокийн барилгын суурь ухах явцад гарсан хөрсний усыг Туул голын сав газарт нийлүүлсэн нь зөрчилд хамаарахгүй... гэж тайлбарласан бол хариуцагчаас ...Нэхэмжлэгч компани нь барилга барьж байгаа ашгийн төлөө байгууллага. Тухайн газарт барилга бариагүй бол хөрсний ус, газрын доорх ус хэвэндээ л байх байсан. Өөрчлөлт орохгүй байх байсан. Газрын доорх усыг авч ашиглаад өөр газарт шилжүүлж барилга барьж байна шүү дээ. Үүнийг ус ашиглагч гэж үзнэ... хэмээн үгүйсгэн маргасан.
4.4.Хавтас хэрэгт авагдсан 2022 оны ******* орон сууцны хотхоны өргөтгөл төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, 2022-2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гуравт Ус ашиглалт усны менежментийн талаар тусгасан байх бөгөөд тус заалтын 3.1-д Усны хэрэглээ, ашиглалтын тооцоог 217.7 мян.м3 ус гарахаар тооцоолсон[13] байхаас гадна 3.3-д ...барилгын суурийн ухах явцад уст бүрдлээс цагт 75.59 м3 ус, шүүрэн орж ирэхээр байна. Үүнийг зумпфийн аргаар хөдөлгөөнт насос ашиглан шавхан зайлуулах боломжтой юм[14], мөн хэсгийн 3.6-д ...Усны тухай хуулийн 28.6-д заасны дагуу Туул голын са газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авч, зохих журмын дагуу гэрээ байгуулах ..., Усны тухай хуулийн 28.18-д заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглахыг хориглодог болохыг анхаарах..., Усны тухай хуулийн 30.1.4-т заасны дагуу ус татах шугам хоолой бүрт баталгаажуулсан тоолуур суурилуулж, тоолуурын хаалтаар усны нөөц ашигласны төлбөрийг тооцож, Төсвийн тухай хуулийн 23.6.5-д заасны дагуу төсөвт төвлөрүүлэх... зөвлөмж өгч баталсан байгаагаас үзвэл Э******* ХХК нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д заасан ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага буюу "ус ашиглагч" мөн байна.
4.5.Хэдийгээр Э******* ХХК-ийн зүгээс ус ашиглагч биш хэмээн үгүйсгэн маргах боловч тус компани 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №ГУББГ-2021/У12 тоот Шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсний ус шавхах гэрээ[15]-г Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГазартай байгуулан ...орон сууцны зориулалтаар баригдах барилгын суурийн ус шавхах шугам сүлжээ, далан суваг ашигласны төлбөрийг урьдчилан төлөх.., үүргийг хүлээж байсан буюу одоо маргаж буй үйл баримтад дурдсан асуудлаар өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдсон.
4.6.Иймд гомдол гаргагч байгууллагыг усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих зөвшөөрөлгүй ашигласан зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 91,336,650 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан 0046535 дугаар шийтгэлийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
4.7.Учир нь Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...аж ахуйн нэгж нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна, 28.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана, 28.4-д Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага...гаргана, 28.6-д Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ, 28.11-д Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар... ус ашиглах эрх үүснэ, 29 дүгээр зүйлийн 29.1-д Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, ...гэрээ байгуулна гэж,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал[16]-ын 1.2-д ...хууль тогтоомжийг зөрчсөний улмаас усны нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах, зөвшөөрөгдсөн хэмжээ, батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан тохиолдолд энэхүү аргачлалын дагуу хохирлыг үнэлж, нөхөн төлбөр тооцно., 1.3-д Энэхүү аргачлалаар гадаргын болон газрын доорх усны батлагдсан нөөцийг хэтрүүлсэн ашигласан, усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоолно 3.1-д Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоход усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтална гэж тус тус заасан.
Мөн Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн гэж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6.усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах эрхийг хэрэгжүүлнэ гэснээс үзвэл ямар ч тохиолдолд усыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглахаар байхад гомдол гаргагчаас ...барилгын суурь ухах явцад гарсан хөрсний усыг Туул голын сав газарт нийлүүлсэн нь зөрчилд хамаарахгүй... гэх тайлбар үндэслэлгүй болохыг илтгэж байна.
4.8.Түүнчлэн хариуцагчаас тус зөрчлийн хэрэгт Усны газрыг буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон байх тул шинжээчийн тамга, гарын үсэг байх шаардлагагүй байхаас гадна Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч компанийн тус зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоогдсон этгээд болох Д. нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, ...хууль ёсны шаардлагыг биелүүлэх;... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх;.. үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй болох нь хэрэгт авагдсан утсаар ярьсан тэмдэглэл, хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх тухай албан бичиг[17] зэргээр тогтоогдож байх тул энэ тохиолдолд гомдол гаргагчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлж чадаагүй нь түүний өөрийн хайхрамжгүй байдлаас болжээ.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.6, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.18-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э******* ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.гийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0043535 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР