Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 226/МА2021/00011

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 30 өдөр Дугаар 226/МА2021/00011 Хэрлэн сум

 

Д.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй,

Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр

Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2021/00011/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ц.Өсөхбаяр нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 157/ШШ2021/00075 дугаар шийдвэртэй Д.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох урьд эрхэлж байсан хүнд даацын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин 31074573 төгрөг, 2020 оны 6 сард ажилласан цалин 1985669 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн давж заалдах гомдлоор 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд хүнд даацын автомашины жолоочоор 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/1663 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 10.2.6.1, хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулж өгөөгүй бөгөөд дүү Бямбазулд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр захирлын нарийн бичиг Баярбат уг тушаалын хуулбар хувийг өгсөн байсан. 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дүү Бямбазул Б/1663 тоот тушаалын эх хувийг надад авчирч өгснөөр би ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн. Замын хуудас дээр диспетчер мастер шатахууны хэмжээг цохолт хийж өгдөггүй, Уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр надтай байгуулсан BU-ХГ-830 тоот гэрээнд 10.2.6.1 гэсэн заалт огт байхгүй, хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5-д заасан зөрчлийг миний бие гаргаагүй. Уулын баяжуулах үйлдвэр нь хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй зүйл заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие илүү авсан гэх түлшийг хувийн зорилгод ашиглаагүй, үйлдвэрийн ажлыг хийхэд бүрэн зарцуулсан бөгөөд үйлдвэрийн ажиллагааг алдагдуулж хохирол учруулсан зүйл байхгүй. 4, 5 саруудад түлшний тооцоог хийхэд ямар нэгэн алдаа дутагдал гараагүй, тайлан тооцоо зөрөөгүй цалин хөлсөө бүрэн авч байсан атал түлшний хорогдол гэж 1901434.6 төгрөгийг төлүүлэхээр ажлаас чөлөөлсөн тушаал дээр дурдсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Уулын баяжуулах үйлдвэр миний 6, 7 сард ажилласан хугацааны цалинг одоо болтол олгоогүй. Уулын баяжуулах үйлдвэрийн дээрх үйлдлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтуудыг зөрчиж миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байна. Иймд намайг хүнд даацын автомашины жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин 31074573 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ц.Өсөхбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар нь Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/1754 дүгээр тушаалаар Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр-ийн авто тээврийн цехийн Белаз-7540 маркийн карьерын хүнд даацын автомашины жолоочоор томилогдон ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан Замын хуудсыг үнэн зөв бичилт, бөглөлттэйгөөр цаг тухайд нь диспетчер мастерт өгөх, тайлагнах, Дизель түлш ба бусад шатах, тослог материалыг норм лимитийн хэмжээнд зарцуулах-аар заагдсан чиг үүргийг болон Уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж диспетчерээс цохож өгсөн шатахууны норм хэмжээг өөрийн дураар хэтрүүлэн нийт 11 удаагийн үйлдлээр 961 литр түлшийг илүү авсан үйлдэл нь GPS-ийн хяналтын системээр илэрч, санхүүгийн бүртгэл, жолоочийн замын хуудсын бүртгэл болон Уулын баяжуулах үйлдвэрийн дотоод хяналтын мэргэжилтний дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон. Дотоод хяналтын мэргэжилтний дүгнэлт, Төмөрбаатарын Уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженжерт гаргасан хүсэлтийн дагуу Уулын баяжуулах үйлдвэрийн Төлөвлөгөө эдийн засаг судалгааны болон Санхүү бүртгэлийн хэлтсээс хамтарсан шалгалт явуулж Төмөрбаатарыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ дур мэдэн удаа дараа зөрчиж төлөвлөгдсөн нормт зарцуулалтаас 961 литр түлшийг санхүүгийн болон нярвын бүртгэлгүйгээр хэтрүүлэн зарцуулж Уулын баяжуулах үйлдвэрт 1901434 төгрөгийн хохирол учруулсан талаар акт гарч хохирлыг Төмөрбаатараар төлүүлэх, түүний үйлдэл эд хөрөнгө завшсан, ашигласан шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд Төмөрбаатарын Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.в.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан /Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан/ сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/1663 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, үйлдвэрт учруулсан 1901434.6 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Бичиг хэргийн ажилтан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.в.1-д заасан гэсний В үсгийг 6 цифрээр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан нь Төмөрбаатарын үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг үгүйсэх болон тушаалыг үндэслэлгүйд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлажээ. Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай зөвлөмжийн 3.1-д Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх талаар зөвлөсөн. Иймд Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын Б/1663 дугаар тушаалыг хуульд нийцсэн, эрхийн актын хувьд шаардлага хангасан гэж үзэж байна. Манай компани үйлдвэртээ ажилтан авахдаа хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг нэг бүрчлэн танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ талаар баримтыг нэхэж гаргуулаагүй тул хэрэгт авагдаагүй. Манай компанид үйлдвэрийн захирал болон ерөнхий инженер гэсэн эрх бүхий хоёр хүн байдаг. Үйлдвэрийн захирлын эзгүйд ерөнхий инженер тушаалаар орлон гүйцэтгэдэг. Уг тушаалыг хүсэлт гаргаад авах боломжтой байсан. Ерөнхий инженерийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд энэ асуудал үүссэн учраас захирлыг орлож гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 75 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Төмөрбаатарын хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн хүнд даацын автомашины жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгож, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 31074573 төгрөгийг, 2020 оны 6 сард ажилласан цалин 1985669 төгрөгийг, Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313323 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Төмөрбаатарт олгуулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 10.2.6.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5 гэсэн хэсгүүдийг үндэслэсэн гаргасан байдаг. Хөдөлмөрийн харилцааны хамгийн чухал зохицуулалт бол ажилтан, ажил олгогч нарын хоорондын байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг бөгөөд түүнд гэрээг шууд цуцлах үндэслэлийг заадаг. Төмөрбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 10.2.6.1 гэсэн заалтыг үндэслэсэн байдаг ба уг заалт нь хөдөлмөрийн гэрээнд огт байдаггүй. Хэдийгээр хариуцагч талаас техникийн шинжтэй алдаа гаргаж 10.2.в.1 гэснийг 10.2.6.1 гэж бичсэн гэх боловч түүнийгээ залруулсан шийдвэр гаргаагүй. Гэтэл шүүх түүнийг нь хариуцагчийн өмнөөс залруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бодит байдлыг гуйвуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн гэрээний 10.2.в.1 ажил гүйцэтгэх ур чадвараас шалтгаалан, мөн хариуцлага сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол гэсэн заалт үндэслэхдээ Төмөрбаатарыг яг ямар ур чадвар, хариуцлага, сонор сэрэмж алдсан талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн ажлаа тасалдалгүй явуулах зорилгоор машинд хийсэн шатахууныг өөртөө авсан мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн. Машинд илүү хийсэн гэх шатахууныг Төмөрбаатар хувьдаа хэрэглээгүй гэдэг нь прокурорын тогтоолоор нотлогддог. Анхан шатны шүүх Уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогчид хохирол учруулж, үйлдвэрийн жигд ажиллагааг алдагдуулсан бол гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гаргажээ. Төмөрбаатар нь тус үйлдвэрт дагалдан, туслахаар ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сараас эхлэн үндсэн жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд түүнд хөдөлмөрийн дотоод журмыг нэг ч удаа танилцуулаагүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй. Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын Б/1663 тушаалд эрх олгогдсон Магсаржав гарын үсэг зураагүй өөр хүн гарын үсэг зурсан. Магсаржав захирал итгэмжлэл олгоод гарын үсэг зуруулсан уу гэдэг нь эргэлзээтэй, итгэмжлэл авсан бол итгэмжлэл хавтаст авагдсан байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төмөрбаатарын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.Төмөрбаатар нь хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан урьд эрхэлж байсан хүнд даацын автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2020 оны 6 дугаар сард ажилласан цалин 1985669 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Б.Төмөрбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинд 31074573 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь ажилтан Б.Төмөрбаатарыг хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.

Ажил олгогч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/1663 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.2.6.1, хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5 дэх хэсгийг үндэслэн хариуцан ажиллаж байсан Белаз маркийн авто самосволоор ээлжинд гарахдаа замын хуудсан дээр диспетчир- мастерын цохсон шатахууны хэмжээгээр цэнэглэхгүй, 11 удаагийн давтамжаар илүү цэнэглэлт хийж дизель түлш илүү авсан гэж буруутгаж Б.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хх-6х/.

Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №BU-ХГ 830 хөдөлмөрийн гэрээний 10.2.в.1-д ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ /хх-3-5х/.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.10.5-д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогчид хохирол учруулж үйлдвэрийн жигд ажиллагааг алдагдуулсан бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахаар, мөн ажлын байрны тодорхойлолтод хүнд даацын авто машины жолооч нь замын хуудсыг үнэн зөв бичилт бөглөлттэй диспетчер-мастерт өгөх, тайлагнах, дизель түлш ба бусад шатах тослох материалыг норм лимитийн хэмжээнд зарцуулах үүрэгтэй гэж тус тус заасан байна. /хх-68-70х-105-112х/.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хуульчилсан байна.

Ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг гэрээний талууд харилцан тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах учиртай.

Ажил олгогч Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр ажилтан Б.Төмөрбаатар нар нь ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн зааж хөдөлмөрийн гэрээг байгуулсан уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дотоод хяналтын албанаас Уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехэд хийсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлтээр жолооч Б.Төмөрбаатар нь диспетчерын цохсон шатахууны хэмжээгээр цэнэглэхгүй өөрийн дураар нийт 11 удаагийн үйлдлээр 961 литр түлшийг санхүүгийн болон нярвын бүртгэлгүй авч ашигласан нь шалгалтаар тогтоогдож хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцож байгууллагад учирсан түлшний үнэ 1901434 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр акт тавигдсан байна /хх-н 72-76х/.

Ажилтан Б.Төмөрбаатар нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь дотоод хяналтын албаны шалгалтын дүгнэлт болон төлбөрийн актаар нотлогдсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргаагүй, байгууллагад хохирол учруулаагүй гэж нэхэмжлэгч нь маргаж байгаа боловч ажил олгогчоос хийсэн хяналт шалгалтын дүгнэлт болон төлбөрийн актанд гомдол гаргаагүй, өөрийн тайлбар татгалзлыг нотлох баримтаар нотолж, няцаасан баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч нь Уулын баяжуулах үйлдвэрийн захиргаанд ...түлш авахдаа замын хуудсандаа багаар бичүүлж авсан нь үнэн, ..дахин алдаа гаргахгүй гэсэн тайлбарыг гаргаж байсан зэргээс үзэхэд зөрчлөө хүлээн зөвшөөрч байжээ /хх-113х/.

Ажилтан Б.Төмөрбаатар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан .... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдсан гомдолдоо Б.Төмөрбаатарыг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээний 10.2.6.1 гэсэн заалт огт байхгүй гэх боловч хөдөлмөрийн гэрээний 10.2.в.1-д заасан заалтын агуулга хэвээрээ өөрчлөгдөөгүй зөвхөн заалтын в гэсэн нь тушаалд 6 гэж ташаарч бичигдсэнээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Мөн Б.Төмөрбаатарыг ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээ, цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт зэрэгт захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Машбат гарын үсэг зурсан зэргээс үзэхэд Б.Төмөрбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалд П.Машбатыг гарын үсэг зурсныг Уулын баяжуулах үйлдвэрийн захирлыг төлөөлөх эрхгүй хүн гарын үсэг зурсан гэж үзэж тушаалыг буруутгах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 157/ШШ2021/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА

 

Я.АЛТАННАВЧ