Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/70

 

                                                           

 

   2024           01             10                                       2024/ДШМЗ/70

 

Ч.Ө-д  холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Д.Батдулам, Ч.Атарболд,

хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн *****  дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Ө  нь Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК -ийн өр, эд хөрөнгийг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр нийт 10 тэрбум төгрөгөөр худалдан авна гэж хуурч, 17/001 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар “А” ХХК -ийн хувьцаа эзэмшигч З.Т , Ж.С , тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Г.Б  нарыг төөрөгдөлд оруулж “А” ХХК -ийн 8000 ширхэг хувьцаа, газар эзэмших 000304353 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****  амины орон сууцны зориулалттай *************  дугаар бүхий 35077 м.кв газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          дахь 35077 м.кв газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох гүйцэтгэл нь дуусаж ашиглалтад орсон 16 байшин, гүйцэтгэл нь дуусаагүй 14 байшин, “А” ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          дахь 35077 м.кв газрын газар эзэмших гэрчилгээ, “А” ХХК -ийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 5.000.000 төгрөгийн өрийн хамт шилжүүлэн авсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “А” ХХК -ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж, урьд үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байсан бусдын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,           .............. дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан,

Ч.Ө  нь иргэн Г.А-р дамжуулан Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг хаусыг Б.Н-д үзүүлж, доорх газрын хамт нийт 196.000.000 төгрөгөөр “Худалдах, худалдан авах” гэрээ хийж, улмаар 6 сарын хугацаанд Б.Н-ээс  буцааж 242.466.300 төгрөгөөр худалдах авах, “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулан гэрчилгээг нь Б.Н-н нэр дээр шилжүүлэн өгч, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч хохирогч Б.Н-ээс  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт 196.000.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн улмаас бусдад нийт 10.196.000.000 /арван тэрбум нэг зуун ерэн зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Ө ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Ө-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ө өөс 196.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ням-Эрдэнэд, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байрны 28 тоотод оршин суугч /УС72010118/ регистрийн дугаартай Өнөр овогт Ө нэр дээрх 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ******** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ************ дугаартай “А” ХХК -ийн хувьцааны нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 4000 ширхэг хувьцааг нийтэд нь багцалж “А” ХХК -ийн 100 хувийн хувьцаанаас 4000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг С-д , 4000 ширхэг буюу 50 хувийн хувьцааг “А” ХХК -ийг үүсгэн байгуулагч Б нарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Ч.Ө-д  тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/221-х шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, ********** улсын бүртгэлийн дугаартай, ********* регистрийн дугаартай “А” ХХК -ийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот /2019.04.23-ны 30т-з/2425 тоот албан бичиг/ тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ч.Ө  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлсийн нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй.

Тодруулбал, “А” ХХК -ийг хохирогч гэх Г.Б ы бодлоор 10 тэрбумаар үнэлсэн байх бөгөөд ийнхүү бодит хохирол, хор уршгийн үнэн зөвөөр тогтоогоогүй нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх зэрэгт сөргөөр нөлөөлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч миний эрх ашигт сөргөөр нөлөөлсөн.

2.Миний бие нь А итгэмжлэл хийж өгөөгүй, тэрхүү итгэмжлэлийг шүүхэд хэрэг шилжиж ирсэн хойно хэргийн материалтай танилцахдаа олж харсан. Тэр итгэмжлэл дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт надад өгсөн гэх мөнгөн дүн нь тохирдоггүй бөгөөд Ч.Ө  миний бие нь хохирогч Б.Н, гэрч А, М нарт бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл болох өөр байшин үзүүлж, хуурч мэхэлсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

3.Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, бусдыг залилан мэхэлсэн гэж үзэж байгаа бол залилан мэхлүүлж хохирол амссан этгээд нь лав Г.Б  биш юм. Г.Б  нь бусдад төлөх их хэмжээний төлбөрөөс чөлөөлөгдөхийн тулд дүр үзүүлэн “А” ХХК -ийг миний нэр дээр шилжүүлсэн. Надаас их хэмжээний мөнгө авах гэж байгаа мэтээр өр төлбөртэй хүмүүсээ болон намайг залилан мэхэлсэн.

Миний бие нь анхнаасаа өөрийгөө их хэмжээний мөнгөтэй гэж хуурч, мэхлэх, залилах зүйл хийгээгүй, хэлээгүй. Олон жилийн өмнөөс хөөцөлдсөн, эхлүүлсэн байсан төслүүдээ үргэлжлүүлэхэд дэмжлэг болно гэж найдан “А” ХХК -ийг 4.740.000.000 төгрөгийн өр төлбөртэй нь хамт өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Гэтэл компани шилжин ирэхэд дагаж ирсэн өр төлбөрөөс гадна надад огт хэлээгүй, мэдэгдээгүй өр болох 2016 оны шүүхийн шийдвэрээр ирсэн Т  төлөх 219.112.000 төгрөгийн төлбөр гарч ирсэн. Энэ төлбөрөөс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “А” ХХК -ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, миний дансны бүх хөдөлгөөнийг хааж, надад хилийн хориг тавигдсан. Үүнээс болж гадаад улсаас татах хөрөнгө оруулалтын ажил удааширч саатсан. Ийнхүү харилцан зөрүүтэй нотлох баримт, эргэлзээтэй зүйлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь хянан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн *****  дугаартай хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тодорхой, ойлгомжтой ...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй...” байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримттай нийцээгүй гэж үзнэ.

Шийтгэх тогтоолд:

1.1.”Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилгоор хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр А ХХК -ийг өр, эд хөрөнгийн хамт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр 10 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, 17/001 дугаартай Худалдах-худалдан авах гэрээгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авсан.” гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь, Ч.Ө  нь Тулга, С  нараас тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э  нараар дамжуулж “А” ХХК -ийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 17/001 дугаартай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүх материалыг нь бүрдүүлж, шилжүүлж авсан гэрээ нь хууль ёсны гэрээ юм. Энэхүү гэрээний 2.2.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны үнэд 8.000.000 төгрөгийг төлөх, 2.2.2 дахь хэсэгт зааснаар гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн, 5.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үүргээ бүрэн төлөгдсөнөөр гэрээ дуусгавар болгох талаар маш тодорхой тусгасны дагуу “А” ХХК  нь Ч.Ө-д  шилжсэн байдаг.

Гэтэл тухайн цаг хугацаанд, нэг дор хийсэн “10,0 тэрбум”-ын үнийн дүнтэй гэрээг анхнаасаа хуурамчаар хийсэн, хохирогч С  тус гэрээнд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “А” ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэдгийг хохирогч С  болон гэрч Б.Э  нар удаа дараа мэдүүлсээр ирсэн боловч шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

1.2. “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд “А” ХХК -ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж, урьд үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах байсан, бусдын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж ...үл хөдлөх эд хөрөнгөд хуурамч бичиг баримт ашиглан, давхардуулж, мөн амины орон сууж баригдаагүй байхад хуурамч хаягжилт хийлгэж ...улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан.” гэсэн нь үндэслэлгүй.

Ч.Ө  нь дуусаагүй амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар, эсхүл давхцуулж гаргуулах ямар ч шаардлагагүй байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулж болон хуурамчаар гаргуулсан гэх асуудал нь “А” ХХК  нь Ч.Ө-д  шилжсэнээс хойш хийгдсэн асуудал уу? эсхүл хохирогч Г.Б, С  нарт компани байх үед хийгдсэн асуудал уу?, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь Г.Б тай хувилдаж хийсэн үү? гэх мэт асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд хийгээгүй. Улсын бүртгэлийн байцаагч нартай холбогдох асуудлыг Авлигатай Тэмцэх газарт шалгаж байгаа гэдэг боловч хэрхэн шалгаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Ч.Ө ий хэрэгт хамааралгүй мэт дүгнэсэн.

Ч.Ө  нь Хот төлөвлөлтийн газрын эрх бүхий албан тушаалтан биш тул ямар нэгэн орон сууц, байр, хашаа, байшинд хаягжилт хийх, хаягийн дугаар өгөх боломжгүй. Баянзүрх дүүргийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтан биш тул газрын байршил, кадастрыг гаргах ч боломжгүй. Ч.Ө  нь Улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан биш тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах эрхгүй этгээд байхад Ч.Ө-д  дээрх эрх мэдэл байсан мэтээр дүгнэж, буруутгасан нь үндэслэлгүй юм.

1.3. “...иргэн А-р дамжуулан Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, Хар усан тохойд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй, 2 ширхэг хаусыг Б.Н-д үзүүлж, доорх газрын хамт нийт 196.000.000 төгрөгөөр “Худалдах-худалдан авах гэрээ” хийж, улмаар 6 сарын хугацаанд Б.Н-ээс  буцааж 424.466.300 төгрөгөөр худалдаж авах, “Нөхцөл тохирсон гэрээ”-г байгуулан гэрчилгээг нь Б.Н-н нэр дээр шилжүүлэн өгч, ...хохирогч Б.Н-ээс  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт 196.000.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн.” гэжээ.

Хохирогч Б.Ням-Эрдэнийг залилах санаа зорилго Ч.Ө-д  анхнаасаа байгаагүй гэдэг нь 9 дүгээр хавтасны 53-55, 79-80, 82-88, 90-91, 93-96, 103, 214-215 дугаар хуудсанд авагдсан баримтаар тодорхой харагдана.

Тухайлбал, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ч.Ө , А  нарын гаргасан өргөдөл /9-р хх-ийн 80 тал/, зурсан гарын үсэг нь Ч.Ө ийх биш. Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл /9-р хх-ийн 103 тал/, “Ч.Өнөржаргал” гэж алдаатай бичсэн нь эргэлзээг төрүүлж байна.

1.4. Гэм буруугийн хуралдаанаар хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан боловч “А” ХХК -д бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага,  бусад байгууллагаас хориг тавьсан байсан учир компанийн хувьцааг хохирогч Г.Б, Ж.С  нарт шилжих нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, газрын барьцаатай холбоотой асуудалд шүүхээс дүгнэлт өгнө үү. Хоёрдугаарт, шүүгдэгч Ч.Ө ий улсын бүртгэлийн байгууллагад гарын үсгийг нь дуурайлган зурсан асуудалд шүүхээс дүгнэлт өгнө үү. Гуравдугаарт, Г.Б, Ж.С  нар хохирогч уу, гэрч үү гэдэг нь тодорхойгүй байх тул тэдний эрх зүйн байдлыг тодорхой болгож өгнө үү. Дөрөвдүгээрт, Ц, А холбоотой асуудлыг тодорхой шийдвэрлээгүй. Үүнтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас нийт 196 хуудас материал ирүүлсэн. Тавдугаарт, цаг хугацааны зөрүүтэй байдлыг шалгаж тогтоох шаардлагатай байна. Зургаадугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлох шаардлагатай гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн 3 хуудас нотлох баримт нь хохирол, төлбөртэй холбоотой нэг зуу орчим сая төгрөгийн асуудалтай холбоотой. Шүүгдэгч Ч.Ө  болон А-н зүгээс төлөх бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, ...шүүгдэгч Ч.Ө  хохирлоо төлчхөөд шүүх хуралдаанд оролцож болох уу гэж зөвлөгөө авсан. Хохирлоо төлчхөөд шүүх хуралдаанд оролцвол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Давж заалдах гомдол гаргах бол хохирол төлөхгүй байх хэрэгтэй гэж зөвлөгөө өгсөн. Шүүгдэгч Ч.Ө  гэмт хэрэг үйлдсэн бол хохирол төлөх бүрэн боломжтой, ...дээр дурдсан 6 асуудалд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. ...мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахад байгаагүй баримт Авлигатай тэмцэх газраас 196 хуудас материал хавсаргаж шүүх рүү шилжүүлсний дараа хавтаст хэрэгт авагдсан байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргахад хүлээж аваагүй. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...9 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг анхаарч үзнэ үү. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Нотариатын үйлдэл хийх заавар журмын дагуу Баянзүрх дүүргийн нотариатч батлах ёстой. Ч.Ө ээс А  шилжүүлсэн тухай хувийн дугаар бүхий тэмдэггүй гэрээ байна. Гэтэл 96 дугаар талд авагдсан баримт нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэгээтэй байдаг. Иймд шүүгдэгч Ч.Ө ий хэрэг шүүхэд шилжсэний дараа мэдсэн гэдгийг анхаарч үзнэ үү. М  гэрчээр мэдүүлэхдээ өөрийн найз нотариатч Ц дээр очиж энэ асуудлыг ярьсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр эдгээр хүмүүс их сургуулийн нэг ангийн хуульч хүмүүс гэдэг нь нотлогддог. Шүүгдэгч Ч.Ө ээс А  олгосон итгэмжлэлд нөхцөл тохирох гэрээ хийх талаар байдаггүй. Ц нь Баянгол дүүргийн нотариатч. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг мөн 12 дугаар сарын 22-ны өдөр нотариатч Ц баталсан байдаг. Иймд Цэнд-Аюушийг шалгах шаардлагатай байна. 2023 оны 6 дугаар сард Авлигатай тэмцэх газраас 196 хуудас материалыг шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэрэгт нэгтгүүлэхээр, хавсаргахаар хүргүүлэв гэсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга комиссар Жаргалбаатарын албан тоот байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж заасныг зөрчсөн буюу эрүүгийн хэрэг үүсгээгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Дахин яллагдагчаар мэдүүлэг авахдаа энэ талаар огт асуугаагүй. Үүнийг шалгаж тогтоож өгнө үү. Н холбоотой хэрэгт хуурамч бичиг баримт ашигласан гэж зүйлчлэхдээ тухайн бичиг баримт нь хуурамч эсэхийг тогтоогоогүй. Төрийн албатай холбоотой энэ асуудал нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юу гэж асуухад шүүгдэгч Ч.Ө  хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж таамгаар хэлдэг. Г.Б  нь хохирогчоор тогтоогдвол зохих этгээд биш гэж үзэж байна. Хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлүүлээгүй. 10 тэрбум төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 10 тэрбум төгрөгийн гэрээ нь 2 тусдаа гэрээ байдаг. Гэрээнд зааснаар эд хөрөнгө шилжүүлж өгөх байтал шилжүүлж өгөөгүй хэр нь 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 42 дугаар тогтоолыг хянан хэлэлцсэн. Хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаантай байгаа тул хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх дүүрэгт нотариатаар батлуулсан. Газар эзэмших буюу байшингийн суурь нь “А” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ч.Ө ий мэдэлд байсан. Байшингийн суурь 400 м квадрат хэмжээгээр эзэмших эрхийг Ц хийж өгсөн. Шүүгдэгч Ч.Ө  нь А , М  нарын ярьж байгаагаар хүнтэй бараг уулздаггүй, цоожтой хаалганы цаана сууж байдаг тул нотариатчаа аваад ирвэл гарын үсэг зурна гэж ярьдаг. ...” гэв.

Хохирогч Э.Н өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, шүүгдэгч Ч.Ө  итгэмжлэлд гарын үсэг зураагүй гэдэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анх удаа яригдаж байгаа асуудал. Хоёрдугаарт, шүүгдэгч Ч.Ө  хохирол төлбөр төлөх талаар ярьж байсан. Хохирол төлөхөөр анхан шатны шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч шүүгдэгч Ч.Ө  хохирогч Б.Н-н гар утасны дугаарыг авахдаа “200 саяын зээл” гэж хадгалсан байсан. Гэтэл одоо аваагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Ө ий хийсэн хэрэг. Намайг гүтгэж байна. Миний эрүүл мэндийн байдал муу байсан бөгөөд эмчилгээний зардал хэрэгтэй байсан тул 60 гаруй тэрбум төгрөгийн төслийг 10 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлж өгөөч гэж хандсан. 7, 8 гэрээ байгуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Ч.Ө  гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдсон. Ч.Ө  өр төлбөрөө 4 тэрбум гаруй төгрөг болгохын тулд жагсаалтад байх маш олон байшинг буцааж худалдаж авахаар оролдсон. 30.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 150.000.000 төгрөг, А-д 100.000.000 төгрөг, Ж.С д 250.000.000 төгрөг, Зоос банкинд 70.000.000 төгрөг гээд өр төлбөрийн хэмжээ бага байдаг. Ч.Ө  бол маш худалч хүн. Анхан шатны шүүх хуралдаанд миний компанийг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Компанийн үүсгэн байгуулагч нь би. Би маш их хохирсон. Газрын албанд өр төлбөрөө төлж байгаа гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. 10 тэрбум төгрөг гэдгийг Ч.Ө  өөрөө хэлсэн болохоос би гаргаж тавьсан асуудал биш. “А” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олон иргэдэд олгосон тул цаашдаа маргаан үүснэ. Эрчим хүчний төлбөр их хэмжээгээр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэлд тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Б ы өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мэтгэлцээнд яригдаагүй асуудлуудыг шүүгдэгчийн талаас ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан 5 гэрээнд томилсон шинжээчийн дүгнэлтээр гэрээн дээрх гарын үсгүүд нь шүүгдэгч Ч.Ө ий гарын үсэг гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүхээс их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолд жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг тусгуулах хүсэлтэй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат удаан үргэлжилсэн. Хохирогчийн өмгөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцах эрх хязгаарлагдаж байгаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнүүдэд хариу төлбөр төлөөгүй. Гэмт хэрэг нь бусад арилжааны шинжтэй иргэний гэрээнээс ямар шинжээр ялгаатай эсэхийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбараас үзэхэд хариу төлбөр төлөх зорилгогүй байдаг. Төслийн дагуу мөнгийг нь буцааж өгөөгүйгээс гадна дутуу баригдсан, хүлээлгэж өгөх ёстой байшингуудын барилгын ажил огт үргэлжлээгүй. Тухайн хөрөнгө оруулалт нь орж ирээгүй юу эсвэл анхнаасаа орж ирэхгүй байсан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Цаг хугацааны дараалал, эрх зүйн байдал, гарын үсэг дуурайлгаж зурсан зэрэг асуудлуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ө ий гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж хариу төлбөр төлөхгүй байх зорилгоор хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогддог. “А” ХХК -ийн хувьцаа эзэмшигч Г.Б, Ж.С  нарыг хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Хохирогч Г.Б  нь “А” ХХК -ийг үүсгэн байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүл мэндийн шалтгааны улмаас компанийн ажлыг өөрийн хамаатны дүүгээр гүйцэлдүүлэхээр түр хугацаанд хувьцаагаа шилжүүлэн өгсөн. Х  , Г.Б  нар урьдын танилууд байсан, Г.Б  гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Х   коронавирусын цар тахлын үед нас барсан бөгөөд хэрэгт нас барсны гэрчилгээ авагдсан. Хохирол тогтоолгохоор мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэн шүүх шинжилгээний ерөнхий газар хүргүүлсэн боловч шинжилгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Тиймээс “А” ХХК -ийг худалдан авахаар тохирсон үнийн дүнгээр буюу 10 тэрбум төгрөгөөр хохирлыг тооцсон. Хохирогч Б.Н А ээр дамжуулан 2 ширхэг амины орон сууцыг газрын хамт зарахаар тохирч мөнгийг А ийн дансаар дамжуулан авч шүүгдэгч Ч.Ө ий оффист аваачиж өгсөн талаар тодорхой мэдүүлдэг. Хохирогч Б.Н-н холбогдох хэрэгт прокуророос тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд зохих ажиллагаанууд хийгдсэн. Шүүгдэгч Ч.Ө  нь яллагдагчаар татсан тогтоол, хэргийн материалтай танилцсан тул энэ талаар мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.  Байгуулсан 2 гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Татвараас зайлсхийх зорилгоор 8 тэрбум төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан. “А” ХХК -ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд одоо баригдаж байгаа амины орон сууцуудад хаягжилт, улсын бүртгэлийн гэрчилгээг хохирогч Г.Б  хийлгэсэн байдаг. Шүүгдэгч Ч.Ө  өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш дахин шинээр хаягжилт, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулан гаргуулан авсан байдаг. Шүүгдэгч Ч.Ө ий бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн хаягжилт, гэрчилгээ олгосон асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж шүүх хуралдаанд оролцдог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ө ийг гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөхөөр 5 хоног завсарласан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. “А” ХХК -д хориг тавьсан талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй. “А” ХХК -д бүхэлд нь хориг тавиагүй. Шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Ч.Атарболдын тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Нотариатч Ц гэх хүний талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яригдаагүй. Нотолбол зохих ямар ажиллагаа дутуу хийгдсэн талаар тодорхой дурдахгүй байна. Шүүдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Д.Батдуламын тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Ням-Эрдэнэ хохирогчоор тогтоогдсон хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч Ч.Ө ий үйлдлийг тодорхой дурдсан. Өөр дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа тул хэрэг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж заасан байдаг. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс буюу 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хохирогч Г.Б ы тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. “А” ХХК  нь шүүгдэгч Ч.Ө-д  шилжсэнээр төрийн болон төрийн бус байгууллагуудад өр төлбөртэй болсон талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй тул иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ө  нь Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК -ийн өр, эд хөрөнгийг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр нийт 10 тэрбум төгрөгөөр худалдан авна гэж хуурч, 17/001 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар “А” ХХК -ийн хувьцаа эзэмшигч З.Т , Ж.С , тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Г.Б  нарыг төөрөгдөлд оруулж “А” ХХК -ийн 8000 ширхэг хувьцаа, газар эзэмших 000304353 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****  амины орон сууцны зориулалттай *************  дугаар бүхий 35077 м.кв газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          дахь 35077 м.кв газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө болох гүйцэтгэл нь дуусаж ашиглалтад орсон 16 байшин, гүйцэтгэл нь дуусаагүй 14 байшин, “А” ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          дахь 35077 м.кв газрын газар эзэмших гэрчилгээ, “А” ХХК -ийн үйл ажиллагааны зардал болж үүссэн 5.000.000 төгрөгийн өрийн хамт шилжүүлэн авсан,

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “А” ХХК -ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж, урьд үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байсан бусдын эзэмшил, өмчлөлийн Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,           ......... дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан,

Ч.Ө  нь иргэн А-р дамжуулан Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,          байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг хаусыг Б.Н-д үзүүлж, доорх газрын хамт нийт 196.000.000 төгрөгөөр “Худалдах, худалдан авах” гэрээ хийж, улмаар 6 сарын хугацаанд Б.Н-ээс  буцааж 242.466.300 төгрөгөөр худалдан авах, “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулан гэрчилгээг нь Б.Н-н нэр дээр шилжүүлэн өгч, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч хохирогч Б.Н-ээс  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт 196.000.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн улмаас бусдад нийт 10.196.000.000 /арван тэрбум нэг зуун ерэн зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Б ы “...би 2001 оны үед байх “А” ХХК -ийг үүсгэн байгуулж байсан. 2005 оноос хотхон барих ажил эхэлсэн. Миний биеийн байдал муудаад, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай байсан учраас өөрийн хүү Б.Э , Б.О нарын нэр дээр шилжүүлсэн. Хүүхдүүд барилгын ажил явуулах туршлага байхгүй байсан учир З.Т , Ж.С  нарын нэр дээр итгэмжлэлээр шилжүүлсэн. Ч.Ө  бид хоёр ярилцаж тохиролцоод 10 тэрбум төгрөгөөр худалдахаар шийдсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/,

хохирогч Ж.С н “...Ө  гэх хүн гарч ирээд энэ компанийг өрийн хамт 10 тэрбум төгрөгөөр худалдан аваад эхний ээлжид 3 тэрбум төгрөгийн өрийг дарна гэсэн. Тухайн үед хятадууд бүх хаус шилжсэний дараа хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь итгээд мөнгөө гаргаж авахын тулд компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ хийсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 тал/,

хохирогч Б.Н-н “...Ө  гэх хүнтэй нэг удаа уулзаж байсан. Сүүлд хэд хэдэн удаа гар утсаар Ө  гэх хүнтэй холбогдож байсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур миний  танил М  гэх залуу надтай уулзаад гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, хоёр ширхэг хаус байна. Чамд мөнгө байвал 100.000.000 төгрөгт бодож тэр хоёр хаусыг авчхаач. Угаасаа энэ хоёр хаус бүрэн ашиглалтад орох юм бол 5-6 зуун сая төгрөг хүрнэ гэдэг зүйлийг хэлсэн. Тэрний дагуу би тухайн хоёр хаус байрлах хотхонд очсон. Намайг очиж үзэхэд тухайн хотхоны хашаагаар ороод чигээрээ явсан авто замын хоёр талаар барьсан нийт 8 ширхэг хаусны урдаасаа 4 дэх хаусыг үзүүлсэн. Ингэхдээ тухайн 4 дэх талын хаусын эсрэг талын хаусыг давхар харуулсан. ...Ө  гэгч нь гадаад улсад байгаа учраас түүний итгэмжлэл хийн хариуцсан хүн гэх А  гэдэг хүн итгэмжлэлээр тухайн хоёр хаусын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний дээр шилжүүлсэн. Анх өгсөн хоёр гэрчилгээ бол 113/28 болон 113/29 тоот гэсэн байсан. Уг хоёр хаусын мөнгийг болохоор А  гэх хүний данс руу шилжүүлж байсан. А  нь өөрөө банкнаас бэлнээр аваад Гандангаас доош байдаг Шинэ Монгол Хаад гэсэн нэртэй оффис дээр очиж Ө  гэх хүнд өгсөн. Мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ганболдын А  гэдэг хүний Хаан банкны *************** тоот данс руу өөрөө бэлнээр хийсэн байгаа. ...Сүүлд утсаар мөнгөө авах талаар хэд хэдэн удаа *********** гэсэн дугаараар залгаж ярихад тэр хүн надад би Хонг Конгод байна. Удахгүй хөрөнгө оруулалт болох гэж байна. Хүлээж байгаарай гэдэг зүйлийг хэлж байсан. ...Тэр газрын манаачийн хэлснээр бол 4-5 хүний нэр дээр гэрчилгээ гарсан гэж хэлсэн. Энэ асуудлыг мэдсэн даруй Ө  гэгчийн ********* гэсэн дугаарын утас руу залгаж холбогдох гэхэд тухайн дугаарыг зарагдсан буюу өөр хүн авсан гэдэг зүйлийг хэлж байсан. 2022 оны 3 дугаар сард өөрийн нэр дээрх хоёр хаусын гэрчилгээний дугаараар улсын бүртгэлээс түүхчилсэн лавлагаа авсан чинь миний нэр дээр байгаа хоёр хаус нь анх үзүүлсэн хоёр хаус биш бүүр хуучин баригдсан нэг давхар гэмээр нурах гэж байгаа хоёр ширхэг хаус болж таарсан. Тийм болохоор би өөрийгөө залилуулсан байна, мөн Улсын бүртгэлийн ажилтнууд хуурамч баримт бичиг үйлдэж албан тушаалын гэмт хэрэг үйлсэн байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан боловч тухайн газраас шалгаад наашаа залилах хэлтэс рүү шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байгаа. ...Надад нэг хаусыг 100,000,000 төгрөгт бодож өгөхөөр болоод 2 хаусыг 200,000,000 төгрөгт тооцож гэрчилгээг миний нэр дээр гаргасан байгаа. Хэрвээ 200,000,000 төгрөгөө буцаан өгч чадахгүй бол намайг тухайн хоёр хаусыг уг үнэдээ авч засвар хийгээд орж болно гэж байсан.” гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 249-250 тал/,

гэрч Э.Б-н “...С гийн найз М гэх хүн Б гэдэг хүнтэй танилцуулж байсан. Б гэдэг хүнд мөнгө хэрэгтэй байсан. Мягмарсүрэн нь болохоор Б гэдэг хүнд мөнгө зээлэх хүн олж өгөөд тухайн зээлсэн мөнгөнөөс хувь аваад явдаг юм шиг байсан. Тэрний дагуу С  бид хоёр Б гэдэг хүнтэй 2015 онд танилцаад С  бид хоёр нийт 150,000,000 төгрөгийг хоёр хуваан өгч байсан. Тэрний дагуу зээлийн гэрээ гэдэг зүйлийг байгуулаад Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо,      “А” ХХК -ийн барьж байгуулж байсан хаусуудаас 100 хувь боссон боловч дотор засал хийгдээгүй хоёр ширхэг хаусын үл хөдлөхийн гэрчилгээг миний нэр С  хийдэг байсан. 2017 онд Б гэдэг хүн А ХХК-ийн Ө  гэдэг хүнд худалдах гэж байгаа, Ө  нь гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирээд      газар дээрх төслийг үргэлжлүүлэн явуулах гэж байгаа гээд ярьж байсан. Тухайн үед би Ө  гэх хүний талаар бага сага мэдээлэл олж аваад Б гуайд хэлж байсан боловч Б гэдэг хүн “ёстой тийм юм байхгүй, зүгээр” гэсээр байгаад зарж байсан. Уг зарах үйл ажиллагаатай холбоотой миний нэр дээр байсан хоёр ширхэг хаусыг Б гэдэг хүний хэлснээр Ө  гэдэг хүний ах А  гэдэг хүнд шилжүүлж байсан. Б гэдэг хүн хэлэхдээ компанийг 100 хувь болон бусад бүх хөрөнгөний хамт Ө д шилжүүлэх ёстой. Тэгэхийн бол гаднаас буюу Хятад улсаас Ө ий хөрөнгө оруулалт орж ирэх гээд байна. Одоо чи л үлдээд байна гэх утгатай юм ярьсаар байгаад шилжүүлж байсан. Эхнэр Ж.С н хамтаар хохирогч Д.Б-д 150,000,000 төгрөгийг зээлүүлж байсан. Тэр мөнгийг Б гэдэг хүний хүү Э руу шилжүүлж байсан. Б гэдэг хүн хамаг юмаа дандаа хүү Э нэрээр хийдэг байсан. Б гэдэг хүнд өгч байсан 150,000,000 төгрөг нь эхнэр бид хоёрын мөнгө байсан. Миний нэр дээр уг газар дээр баригдсан хаусаас 113/9 тоот хаусыг миний нэр дээр болгож байгаад сүүлд Б гэдэг хүний хэлснээр өөр хүн рүү шилжүүлж байсан. Харин миний нэр дээр өөр гэрчилгээ гарсан хоёр ширхэг хаус гээд байгаа нь уг зураглал дээр бол 113/22 дугаараас 113/26 гэж дугаарласан 5-н ширхэг “таун хаус”-ын 2 ширхэг нь миний нэр дээр байсан боловч Б гэдэг хүний хэлснээр Ө ий ах А ий нэр дээр шилжүүлж байсан. Уг хоёр таун хаусын дугаарыг нь одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 217-219 тал/,

гэрч Б.Э ын “...Ө , энэ хүнтэй хамтарч ажилладаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х   гэж хүн байна, энэ хүн “А” ХХК -ний төслийг худалдаж авна гэсэн. Ө , А , аав Б бид нар уулзсан. Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, “Хар усан тохойд” баригдсан 31 ширхэг хаусыг хөрөнгө оруулалт хийе, аль эсвэл худалдаж авъя гэсэн. Тэгээд төслийг ер нь бол 10 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, нийт өрийг бодож үзэхэд хийсвэр дүнгээр 4,7 тэрбум төгрөг болох юм байна гэсэн тооцоог гаргасан. Тэгээд хэлэлцээр хийхээр болоод А ХХК-ийн 30 хаус, газрын хамт 10 тэрбум төгрөгөөр худалдаж авах гэрээгээ бэлдсэн. Үүнээс гадна ч татвараас нуух зорилгоор 30 хаус, газрын хамт 5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ, мөн аж ахуй нэгжийг 8 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний төслүүдийг боловсруулсан. Ингээд гэрээний төслүүдэд нотариатын газар орж хүчин төгөлдөр болгоод Улсын бүртгэлийн газар очиж нэр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-172, 2-р хх-ийн 185-187, 8-р хх-ийн 222-224 тал/,

гэрч Ч.А ий “...”А" ХХК-ийг Б Ө д шилжүүлэх яриа яригдсан байсан. Б гаргаж өгсөн байдлаар бол 4,8 тэрбумын төгрөгийн өртэй байсан. Тухайн үед өрийг нь битгий аваач гэж хэлсэн. Тэгэхэд энэ төсөл хэрэгжээд хороолол барьж дуусгахад гадаадын хөрөнгө оруулалт хийж байгаа түншүүд маань аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ, тийм учраас дүү нь зүтгэнэ, хүмүүсийн өрийг нь дараад төслийг хэрэгжүүлж дуусгана гээд Б гэрээ хэлэлцээр хийнэ гэж хэлсэн. Э нь тухайн үед 4,8 тэрбум төгрөгийн өртэй хүмүүсийг хэлж аль аль байшинд хэдэн төгрөгийн өртэй талаар хэлж өгсөн. Гэхдээ дээрх хүмүүстэй бол хөрөнгө оруулагч болох Хонгконг улсад байх хөрөнгө оруулагчид очиж танилцуулсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь бичиг баримт, зураг төсөл нь англи хэл дээр байх ёстой гээд буцаасан байсан. Ө  эргэж ирсний дараагаар хот төлөвлөлтийн ерөнхий газраас албан ёсны хаягжилт авсан. Тухайн үед 44 байшингийн хаяг авсан. Тэгээд дараа нь тодорхой хэдэн хаяг дээр хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгийн газар материал бүрдүүлээд гэрчилгээ гаргаж авсан. Дээрх үл хөдлөхийн гэрчилгээнүүдийн 5 ширхэг гэрчилгээ миний нэр дээр гарсан. Харин Ө ий нэр дээр хэдэн гэрчилгээ гарсан гэдгийг мэдэхгүй байна. Одоо миний нэр дээр гарсан гэрчилгээнүүдийн нэг нь “Гялс төгрөг" банк бус санхүүгийн байгууллагад 30.0 сая төгрөгийн барьцаанд тавьсан боловч мөнгийг нь Гэсэрбадам гээд хүн аваад явсан байсан. Энэ хүн бол Ө тэй ажилладаг Ч гэж хүний танил байгаа юм. 1 хаусыг Ө  тухайн энэ газраа 30,0 сая төгрөгийн барьцааны гэрээ хийгээд 10,0 сая төгрөг Г авсан. Харин 20,0 сая төгрөгийг нь Ө  авсан. Харин 3 дахь хаусыг бол “Г” ББСБ-д О гээд хүний танил Ж гээд хүнээр дамжуулан 150,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ бас надад 10,0 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөөр Ж-йн өрний хүү болох 8,5 сая төгрөгийг Д-ийн данс руу О шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь Ө ий гадаад явсан зардалд зарцуулсан. Хоёр хаусыг нь О өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 5 дахь хаус нь одоо О нэр дээр байгаа. “А” ББСБ-д эко хаусыг 20.0 саяын барьцаанд тавиад хүүгийн хамт 23.0 сая болсон. Тэгэхэд О-н танил О барьцаанаас чөлөөлж өөрийн нэр дээр шилжүүлж О нэр дээр бүртгэлтэй байгаа. О бол 23.0 сая төгрөг төлөөд гэрчилгээгээ ав гэсэн шаардлага тавьдаг. Энэ банк бус санхүүгийн байгууллагаас авсан мөнгийг Ө ий гадагшаа явж хөрөнгө оруулагчтай уулзах зардалд зарцуулсан. Тухайн барилга дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн барилгын ажил хийгдээгүй. Хөрөнгө оруулагч нартай уулзах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Отгонхорол уг төслийг хэрэгжүүлнэ гэж 2 үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-188 тал/,

гэрч Д.Т-ийн: “...Б ах бие нь өвдөөд гадуур явах ажилдаа намайг явуулах гээд компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сард Б ах компаниа зарахаар болсон, тэгээд “миний дүү ирээд гарын үсэг зураадах” гэхээр нь нэлээн хэдэн удаа очиж гарын үсэг зурсан. Энэ болгонд Ө , А  гэх хүмүүс байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 тал/,

гэрч Б.Э-ийн: “...Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахад барьцаа хөрөнгө хэрэг болсон. Ц.О-с тусламж хүсэхэд тэрээр дэмжиж Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, хаягт байршилтай 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалах итгэмжлэл хийж өгсөн. ... 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг Ц.Одгэрэл нь хэрхэн гаргуулан авсан болон хэнээс, яаж шилжүүлэн авсан талаар мэдэхгүй. Өөрөө бол анх миний эд хөрөнгө гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн, би Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэргэжилтэнтэй хамт нэг л удаа очиж үзсэн, үзэхэд Ц.О нь өөрөө хамт очиж байршлуудыг нь зааж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193 тал/,

гэрч Ц.О-ийн: “...Миний бие “Ц” ХХК-ийг 2003 онд үүсгэн байгуулж, түүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Г нь бас хувиараа ажил хийдэг байсан. Тэгээд тэрээр надаас 2015 оны үед байх Зайсанд байрлалтай таун хаусыг барьцаалан 300.000.000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд тэрнээсээ хойш тус мөнгөө төлж явсаар байгаад 192.791.530 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын үеэс байх Г нь надад танд барьцаалсан байгаа Зайсан дахь хаусаа чөлөөлж авмаар байна, эзэн нь нэхээд байна, харин би танд Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, “Х” гэх газарт байрлах 2 хаусын оронд барьцаалчихмаар байна, нэгэнт 2 хаус барьцаалж байгаа юм чинь дахин мөнгө нэмээд авчихмаар байна гэсэн. Тэгээд би түүнийг нь зөвшөөрөөд түүнд 107.208.470 төгрөгийг өгч /бэлэн болон дансаар аль өгсөн болохыг санахгүй байна гэх/, дээрх Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, дугаартай хаусуудыг Худалдах, худалдан авах гэрээг Ч.Ө тэй байгуулж, тус хауснуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Ингээд шилжүүлэн авахдаа би тус хауснуудыг очиж биеэр харсан. Тэд нар ч надад байрыг хүлээлгэн өгөхдөө түлхүүрээр онгойлгож үзүүлээд, түлхүүрийг нь надад өгсөн. Ингээд тэрээр надад эргүүлэн мөнгөө төлөөгүй учраас 2018 онд Энхтүшигийн аавынх нь гуйлтаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахад нь өөрийнхөө байрыг болон тус дугаартай хаусуудыг барьцаалахыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн. Ингээд л тус байрууд одоо барьцаанд, чөлөөлөгдөөгүй байгаа. Одоо миний санаж байгаагаар 2017 оны өвөл миний авсан гэх тус 2 хаус дээр давхар эзэмшигч гарч ирээд маргаан үүссэн, уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч Мөнх-Эрдэнэ гэдэг хүн шалгаад албан ёсны хаягжилтын лавлагаа авахад тус үзүүлсэн 2 хаус нь  дугаартай, тоот нь мөн байна гэдгийг тогтоосон учраас хэргийг хааж шийдвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192 тал/,

гэрч Т.3олбаярын: “...2020 оны 6 дугаар сарын 26-ны №3362 дүгнэлт гаргасан, энэ дүгнэлттэй холбоотойгоор анх иргэн Г.Б-аас гаргасан Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, “Хар усан тохой” гэх газарт байрлах амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбогдуулан гомдлын дагуу Улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох нотлох баримтуудыг тулган хянаж, мөн газар дээр нь биечлэн очиж танилцахад, 1. Огт баригдаагүй барилга дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. 2. Өмнө нь бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг давхардуулж бүртгэж гэрчилгээ гаргасан. 3. Гүйцэтгэлийн хувь дутуу байхад 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлж гэрчилгээ авсан зэрэг зөрчил илэрсэн. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ эхлээд дүүргийн улсын бүртгэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг өмнө нь бүртгэгдсэн эсэхийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хаяг, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн мэдээлэл зэрэг холбогдох мэдээллээр хайлт хийж шалгах үүрэгтэй. Үүний дараа нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэх, хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь биечлэн очиж шалгах эрхтэй. Дээрх дүгнэлттэй холбоотой улсын бүртгэгч хаяг зөрүүтэй бүртгэсэн, нотлох баримтын үнэн зөвийг бүрэн гүйцэт нягталж шалгаагүй зөрчил гаргасан байдаг. Дээрх хаягт байрлах 39 үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан бөгөөд эдгээрээс 20 бүртгэлд дээр дурдсан зөрчил илэрсэн. Улсын бүртгэлд авагдсан холбогдох нотлох баримтуудыг хянахад Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас тухайн үл хөдлөх хөрөнгийн хаягийг зөрүүтэй буюу нэг үл хөдлөх хөрөнгөнд хоёр өөр хаяг олгосноос улсын бүртгэгч давхардуулж бүртгэсэн байж болох. Учир нь, барилга хот байгуулалтын газраас өгсөн хаягийг мэдээллийн санд хайлт хийж үзэхэд тухайн хаяг бүртгэлгүй учир мэдүүлэг гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-198 тал/,

гэрч О.Баярмаагийн: “...Манай байгууллага хаалганы тоотыг олгохгүй, зөвхөн объектын байршлын хаягийг олгодог. 113/12 гэсэн хаягийг манай байгууллага өгөөд харин хаалганы тоот буюу 1 гэсэн хаягийг барилга барьж байгаа компани өгөх байх. Манай байгууллагын хэмжээнд Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем нэртэй программыг 2014 оноос үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тодорхойлолт олгохдоо тухайн объектын газар дээр нь очиж шалгах үүрэггүй, зөвхөн байр зүйн гүйцэтгэлийн зургийг үндэслэдэг. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-203 тал/,

гэрч Д.Өэлүн-Үжиний: “...би Г.Б  гэх хүнийг танина. Энэ хүн нь “Т ББСБ" ХХК-иас миний санаж байгаагаар 2016 оны 10 дугаар сарын үед байх “Range rover” маркийн 1 автомашин, Баянзүрх дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх газарт баригдаж, гэрчилгээ нь гарсан 1 хаус буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 73.000 орчим ам.долларын зээл олгосон боловч уг хаус, газарт нь хориг тавигдаж шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй байсан. Зээлийг анх Г.Б  ирж уулзан хүсэлт гаргасан боловч яг зээлийн гэрээн дээр үндсэн зээлдэгчээр хүү Б.М нь Г.Б  өөрөө хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Зээлээ төлж барагдуулаагүй учраас 2017 оны 10 дугаар сарын үед байх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хэрэг маргаан нь одоог хүртэл шийдэгдээгүй байна. Г.Б  нь хэргийг шийдвэрлүүлэхгүй хойшлуулаад өдийг хүрч байгаа. Г.Б  нь зээл авсныхаа дараа манай компани дээр ирж уулзаад барьцаанд тавьсан автомашинаа зараад зээлээ төлж барагдуулна гэж хэлээд автомашинаа авч яваад одоог хүртэл өгөөгүй байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208 тал/,

гэрч Д.Д-ийн (нотариатч): “...тэмдгээ алдсан, энэ 2 хүнийг танихгүй, би энэ гэрээг батлаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212 тал/,

гэрч Ж.Н-ийн: “...Би Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн ахлах бүртгэгч. Компани шилжүүлэх хүсэлт гарган бүрдүүлэх материалыг манай байгууллагад ирүүлж Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр бүртгэл хүчин төгөлдөр болдог.  А ХХК-ийн хувийн хэргийг харахад хувьцаа эзэмшигч С , Т нараас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 100 хувь хувьцааг шилжүүлснээр компани Ч.Ө-д  шилжсэн байна. Ингэж шилжүүлэхэд хувьцаа эзэмшигч аль нэг иргэн өөрийн биеэр ирэх ёстой байдаг. Хувийн хэргээс харахад хувьцаа шилжүүлэн авч байгаа Ч.Ө  өөрөө биеэр ирсэн нь бүртгэгдсэн байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216 тал/,

гэрч Б.О-ийн: “...Би Алтан дэлхийн гайхамшиг төсөлд албан ёсны гэрээ байгуулаагүй, оффисын аж ахуй хариуцаад цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд л байдаг байсан. Цалин мөнгө гэж нэг их авч байгаагүй. Ч.Ө  “А” ХХК -ийн ажил жигдрэхээр нярваар ажиллана шүү гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 04 дүгээр сард намайг Найман шарга дээр байхад Г.Б, Ч.Ө  хоёр уулзсан юм. Тэр үед би кофе хийж өгөөд хажууд нь ойр зуурын юм хийгээд байж байсан ба Ч.Ө  Г.Б  гэх хүнд 8.000.000 төгрөг бэлнээр өгч байсан. Г.Б  нь миний данс хаалттай учраас бэлнээр авмаар байна гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед Г.Б тай хамт нэг залуу явж байсан, мөн Н.М, Ч.Ө  бид тавуулаа байсан шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220 тал/,

гэрч С.Д-ийн: “...миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2015-2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан юм. Би энэ Г.Б, Б.Э  нарын гаргасан гомдол, материалтай танилцлаа, би бол ямар нэгэн байдлаар нэг хаяг дээр гаргасан гэрчилгээ дээр хууль бусаар давхардуулан үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан зүйл байхгүй. Энэ материалаас харахад Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, тоот үл хөдлөхийн гэрчилгээг би 2018 оны 3 дугаар сарын 29-нд олгосон байна. Ш.Э нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр олгосон байна. Миний гаргасан гэрчилгээ дээрх гарын үсэг бол минийх мөн байна, тэгэхээр би үүнийг гаргасан байна. Гэхдээ дээрх материалаас харахад Ш.Э нь өмнө нь дээрх гэрчилгээг Д.О гэдэг хүнд гаргаж өгсөн, тэр нь харин дараа нь над дээр ирж өөр хүний нэр дээр шилжүүлж шинээр гэрчилгээ гаргуулан авсан байх шиг байна. Учир нь, үл хөдлөхийн гэрчилгээний дугаар нь бид хоёрынх адилхан байна. Хэрэв нэг хаяг дээр давхардуулан өөр гэрчилгээ олгосон бол “Ү”-тэй дугаар нь өөр байх байсан. ..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54-55 тал/,

гэрч М.Л-ийн: “...манай байгууллага хот төлөвлөлтийн хаяг болон кадастрын зураглалыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодог. Мэдээллийн санд хайлтаа хийгээд дээрх 2 байгууллагаас өгсөн хаягийг үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөгчид нь олгодог юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр гарын үсгээ бүтнээр нь зурдаг байж байгаад гарын үсгээ 2018 оны 2 дугаар сард таллаж зурсан байгаа юм. Манай байгууллага нь жил бүр гарын үсгийн тайлал авдаг бүртгэл байдаг юм. Би энэ бүртгэлдээ өөрийн гарын үсгийг бүрнээр нь болон таллаж баталгаажуулсан. Хаягийн хувьд дээрх 2 байгууллагыг үндэслээд хаяг гаргадаг учир бид нар өөрсдөө зохиож хаяг нэмж олгох асуудал байдаггүй. ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 56-57 тал/,

гэрч Д.Д-ийн: “...би анх 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр unegui.mn зарын сайтад тавигдсан хувийн хаус зарна гэсний дагуу Э.Ж гэх хүнтэй холбогдоод Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо тоот хаягт бүртгэлтэй 185,4 м.кв 2 давхар байшингийн гэрчилгээ үзүүлээд хамт очоод энэ байшин гэж заагаад газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд, маргааш бас өөр хүн авах гэж байгаа юм, чи авбал яаралтай аваа гэж хэлсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 04-ний өглөө Дүнжингарав худалдааны төвд худалдах, худалдан авах гэрээ хийж 120 сая төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь байшин дээр мэргэжлийн хүмүүс дагуулж очоод үзэхэд ус, цахилгаан, бохирын асуудал шийдэгдээгүй, цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй мөн уг барилга барьсан гэх “А” ХХК -ний захирал Б гэх хүн ирж наад байшин чинь миний байшин, та нар залилуулсан байна, та нар энэ байшинг зарсан Жавхлан гэх хүн намайг залилсан, та нар эртхэн очиж Жавхлангаас мөнгөө буцааж аваа гэж хэлсэн. Жавхланд энэ талаар хэлэхэд зохицуулж өгнө гээд алга болсон. Ингээд 2017 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдах, худалдан авах гэрээгээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгээд Ө  гэдэг хүн гарч ирээд та нарын наад гэрчилгээ чинь бүгд хуурамч, би энэ хотхоныг бүхэлд нь Батчулуунаас худалдаж авсан, бүгдэд нь шинэ хаяг гаргасан одоо миний өмч болсон гэж хэлэхээр нь би Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газар, өөрийн эзэмшлийн үл хөдлөхийн хаягийн тодорхойлолт хийлгэхээр өргөдөл бичсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны дугаар тоотод дурдсанаар гэсэн хаягтай барилга хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Таны өргөдөлд дурдсан барилга нь Хот байгуулалтын мэдээллийн санд 2009 онд бүртгэгдсэнээр гэсэн хаягтай байна. Иймд та эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хандана уу гэсэн хариу ирсэн. ...” гэх мэдүүлгүүд /3-р хх-ийн 59-61 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ***** дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг гэрээнүүдийн баруун доод булан болон Ч.Ө  гэсний урд байх шинжилж буй гарын үсгүүд нь Ч.Ө ий гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Тохирч буй шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 5 гэрээ болон 1 дэх гэрээний 6 дугаар хуудсанд байх Хятад ханз бүхий тэмдгийн дардас болон Хятад ханз үсэг нь бүхий гарын үсгүүд, 2 дахь гэрээний 3 дугаар хуудасны баруун хэсэгт байх тэмдгийн дардсыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 166-176 тал/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ө г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу хохирогч Г.Б, Ж.С  нараас эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авахдаа “тэдгээрт компанийг чинь өртэй нь хамт худалдан авч, цаашид энэ компанийн нэр дээр явагдаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож худалдах, худалдан авах гэрээг хийж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч,

мөн иргэн А-р дамжуулан Баянзүрх дүүргийн ***  дугаар хороо, үзүүлж, доорх газрын хамт нийт 199,920,000 төгрөгөөр “Худалдах, худалдан авах” гэрээ хийж, улмаар 6 сарын хугацаанд Б.Н-ээс  буцааж 242,466,300 төгрөгөөр худалдаж авах, “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулан гэрчилгээг нь Б.Н-н нэр дээр шилжүүлэн өгч, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч хохирогч Б.Н-ээс  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт 199,920,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч тус тус залилсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ө г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө  нь: “...Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлсийн нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. ...Миний бие нь А т итгэмжлэл хийж өгөөгүй, тэрхүү итгэмжлэлийг шүүхэд хэрэг шилжиж ирсэн хойно хэргийн материалтай танилцахдаа олж харсан. Тэр итгэмжлэл дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт надад өгсөн гэх мөнгөн дүн нь тохирдоггүй бөгөөд Ч.Ө  миний бие нь хохирогч Б.Н, гэрч А , Э.М  нарт бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл болох өөр байшин үзүүлж, хуурч мэхэлсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, ...энэ хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, ... Г.Б  нь бусдад төлөх их хэмжээний төлбөрөөс чөлөөлөгдөхийн тулд дүр үзүүлэн “А” ХХК -ийг миний нэр дээр шилжүүлсэн. Надаас их хэмжээний мөнгө авах гэж байгаа мэтээр өр төлбөртэй хүмүүсээ болон намайг залилан мэхэлсэн, ...харилцан зөрүүтэй нотлох баримт, эргэлзээтэй зүйлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь хянан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тодорхой, ойлгомжтой ...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй...” байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримттай нийцээгүй, ...10,0 тэрбум”-ын үнийн дүнтэй гэрээг анхнаасаа хуурамчаар хийсэн, хохирогч С  тус гэрээнд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “А” ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэдгийг хохирогч С  болон гэрч Б.Э  нар удаа дараа мэдүүлсээр ирсэн боловч шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, ...Улсын бүртгэлийн байцаагч нартай холбогдох асуудлыг Авлигатай Тэмцэх газарт шалгаж байгаа гэдэг боловч хэрхэн шалгаж, шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Ч.Ө ий хэрэгт хамааралгүй мэт дүгнэсэн, ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах эрхгүй этгээд байхад Ч.Ө-д  дээрх эрх мэдэл байсан мэтээр дүгнэж, буруутгасан нь үндэслэлгүй, ...хохирогч Б.Н-ийг залилах санаа зорилго Ч.Ө-д  анхнаасаа байгаагүй гэдэг нь 9 дүгээр хавтасны 53-55, 79-80, 82-88, 90-91, 93-96, 103, 214-215 дугаар хуудсанд авагдсан баримтаар тодорхой харагддаг,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт, Ч.Ө , А  нарын гаргасан өргөдөл /9-р хх-ийн 80 тал/, зурсан гарын үсэг нь Ч.Ө ийх биш. Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл /9-р хх-ийн 103 тал/, “Ч.Ө” гэж алдаатай бичсэн нь эргэлзээг төрүүлж байна, ...гэм буруугийн хуралдаанаар хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан боловч “А” ХХК -д бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага,  бусад байгууллагаас хориг тавьсан байсан учир компанийн хувьцааг хохирогч Г.Б, Ж.С  нарт шилжих нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн тус тус  давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Ө ий гэм буруугийн санаатай үйлдэл нь залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хохирогч Г.Б, Н нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Ө гөөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь зааж өгөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ө  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 93 /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Хохирогч Г.Б, Н нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Ө гөөс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.Ө ий 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ