2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02289

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 192/ШШ2025/02289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Д

Хариуцагч Э

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ж.*******,

хариуцагч Д.*******,

хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ш.*******,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д.*******, А.****н, Ш.******* нарт холбогдуулан Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023.05.17-ны өдрөөс 2023.07.17-ны өдрийг хүртэл Д.*******д арматур зээлээр өгсөн. 2023.06.16-ны өдрөөс хугацааг 2 сараар сунгасан боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй тул 2024.01 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024.03.04-ний өдөр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Иймд А.****н, Ш.******* нарын өмчлөлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******** хороолол, ******** байр, ** тоот хаягт байрлалтай, 29.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэг амины орон сууц барих гэж нэг байгууллагатай 150 000 000 төгрөгийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс арматур авсан. Дөнгөж орж ирсэн машин өгсөн боловч тухайн байгууллага барилга барьж өгөөгүй алга болсон. Би залилуулсан. Өмнө жил нөгөө байгууллагаас солонгос хувцас, бетон зуурмаг зэрэг янз бүрийн эд зүйл авч байж, хагас дутуу 50 000 000 төгрөг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Тэр байгууллагаас үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа. 2025 оны 4 дүгээр сараас үлдэгдэл мөнгөө хуваагаад төлнө гэсэн саналтай байна. Одоогоор 5 000 000 төгрөг Төрийн банкны дансанд байгаа бөгөөд барилт хийгдсэн учраас нэхэмжлэгчид шилжүүлж чадахгүй байна гэв.

3. Хариуцагч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 сарын хугацаанд төлж дуусгана гэж бодож байна. Барьцаа хөрөнгөд байгаа үл хөдлөх хөрөнгийн тухайд манай дүүгийн байр. Ямар ч байсан нийлж байгаад төлбөр мөнгийг нь төлнө гэж бодож байна гэв.

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2023.06.16-ны өдрийн 1194 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2023.05.17-ны өдрийн **** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023.05.17-ны өдрийн **** дугаар барьцааны гэрээний хуулбар, 2023.05.15-ны өдрийн 1406 дугаар итгэмжлэлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2024.03.04-ний өдрийн 1105 дугаар захирамжийн хуулбар, зэргийг хавсаргаж ирүүлсэн байна.

5. Хариуцагчаас хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, 2024.05.16-ны өдрийнх 0452 дугаар итгэмжлэлийн хуулбар зэргийг хавсаргаж өгсөн байна.

6. Шүүхээс Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Ж.******* нь хариуцагч Д.*******д 2023.05.17-ны өдөр арматур зээлээр худалдсан бөгөөд үүний төлбөрт 67 000 000 төгрөгийг төлөхөөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байх тул А.****н, Ш.******* нарын өмчлөлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******** хороолол, ******** байр, ** тоот хаягт байрлалтай, 29.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч тал ... Нэхэмжлэгчид төлбөрийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна. Уг байр нь манай хүүхдүүдийн байр учраас ямар ч байсан төлбөрөө төлж байраа чөлөөлж авна. гэж тайлбарлсан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Талуудын хооронд 2023.06.16-ны өдөр **** дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр арматур төмрийг зээлээр худалдаж, худалдан авахаар тохирсон.

 

4.2 Дээрх гэрээний баталгаа болгон 2023.05.17-ны өдөр **** дугаар барьцааны гэрээг байгуулж, нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******д арматурын төмөр зээлээр өгч, хариуцагч А.****н, Ш.******* нар Ү-******** дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******** хороолол, ******** байр, ** тоот хаягт байрлалтай, 29.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

4.3 Талууд харилцан тохиролцож дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээний хүчинтөгөлдөр байдлын тухайд маргаангүй.

5. Дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээний маргаантай асуудлаар нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 98 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 102/ШШ2024/*****дугаар шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүй байна.

5.1 Харин нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргахдаа тал 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** дугаар барьцааны гэрээгээр хангагдах шаардлагыг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.

6. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй. 

 

6.2 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох хариуцагч А.****н, Ш.******* нарын өмчлөлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******** хороолол, ******** байр, ** тоот хаягт байрлалтай, 29.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар зээлээр, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* нь 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/**** дугаар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч А.****н, Ш.******* нарын өмчлөлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ******** хороолол, ******** байр, ** тоот хаягт байрлалтай, 29.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ