| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2017/0588/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэн-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч М.Цэнд-Аюуш,
хохирогч Т.Дарамбазар,
шүүгдэгч Ж.Энххүслэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бүрэн овогт Жаргалсүхийн Энххүслэнд холбогдох эрүүгийн 1706 0327 70404 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бүрэн овогт Жаргалсүхийн Энххүслэн, 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Засаг” ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 103 дугаар бүлэгт суралцдаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 24а дугаар гудамжны 13-01 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 133 дугаар байрны 152 тоотод оршин суух, регистрийн НВ99120815 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Энххүслэн нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лоп” интернэт тоглоомын газар иргэн Т.Дарамбазартай пи си тоглоом тоглохгүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бүрэн овогт Жаргалсүхийн Энххүслэнг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Энххүслэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Дарамбазарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17-18 цагийн үед зодуулсан. Цагдаад очиж бүртгүүлчихээд шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийлгэхэд томографикийн зураг авхуулаарай гэсэн. Тухайн үед би мөнгөний боломжгүй байсан. Гэмтэл дээр очиж үзүүлж болно гэхээр нь маргааш нь очиж үзүүлсэн. Нүдний доорх мөгөөрс хугарсан байна гэсэн. Ерөнхий шинжилгээг томографикийн зургаас харж хэлнэ гэсэн. Маргааш нь данснаас мөнгө авчихаад Сүхбаатар дүүргийн 2 дугаар эмнэлэг ороод томографикийн шинжилгээ өгсөн. Тэндээсээ Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд хамар хугарсан байна гээд 250.000 төгрөгөөр хамраа гаргуулсан. Түүний дараа Энххүслэнтэй цагдаа дээр уулзаад 200.000 төгрөг бэлнээр авсан. MRI шинжилгээ хийлгэ гэсэн. Нүдний ар талаа үзүүлээрэй гэсэн. Тархи хөдөлсөн байсныг 2 удаа бариулсан. 550.000 төгрөг нэхэмжилсэнээс 200.000 төгрөгийг өгсөн. Одоо 350.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Энххүслэнгийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Лоп” нэртэй интернэт тоглоомын газарт өөрийн найзууд болох н.Бат-Оргил, н.Оргил хоёрын хамт орсон бөгөөд манай 2 найз уг тоглоомын газар байхдаа н.Дарамбазар гэх хүүхэд болон түүний найзтай дөрвүүлээ хуваагдаад 1000 төгрөгийн бооцоотой тоглосон. Улмаар тэр нь лавшраад 20.000 төгрөгийн бооцоотой болсон бөгөөд н.Оргил эхний 1000 төгрөгийн бооцоотой тоглочихоод яваад өгсөн ба дараа нь н.Бат-Оргил бид 2 тоглосон. Ингээд шөнийн 02 цагийн үед н.Дарамбазар нь манай найз бид хоёрт 40.000-60.000 төгрөгийн өртэй болчихсон байсан санагдаж байна. Намайг явах гэсэн чинь н.Дарамбазар “чи юу шаагаад байгаа юм бэ? Тоглоод байгаа юм уу” гээд байсан. Ингэж үргэлжилж тоглосоор байгаад өглөөний 08 цаг болсон бөгөөд бид нар н.Дарамбазар болон түүний найзаас 80.000 төгрөгийг авсан. н.Бат-Оргил бид хоёртой цугтаа манай өөр найзууд болох н.Дөлгөөн, н.Золоо 2 байсан. Бид нар уг өдөртөө хичээлдээ суучихаад өдрийн 15 цаг 50 минутад тараад дахиад уг тоглоомын газар руу очсон. Тэгэхэд н.Баясаа, н.Золбоо бид 3 очсон. Бид гурвыг очиход н.Дарамбазар, н.Бааска, н.Бямбаа гэх 2 найтайгаа хамт байж байсан. Тэр гурвуулаа Хөвсгөл аймгийнх гэж байсан. Намайг орсон чинь н.Дарамбазар “тоглох уу” гэхээр нь би “тоглож чадахгүй, гэр рүүгээ явлаа” гэсэн чинь н.Дарамбазар “чамайг явуулахгүй ээ, битгий давраад байгаарай, тэнэг бацаан минь ална шүү, яасан пээдийгээд байна уу” гээд хаалганы хажуу талд зогсчихоод “гараад ир” гэхээр нь би явж очоод заамдаад авсан юм. Тэгсэн чинь эхлээд миний хамар руу цохисон. Ингээд би буцаагаад н.Дарамбазарын нүүр рүү гар болон хөлөөрөө цохиж, өшиглөсөн, өвдөгөөрөө нэг удаа нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгсэн нэг мэдсэн бид хоёрыг манай найзууд салгасан юм. Тэгээд тэндээсээ гараад би шууд гэр рүүгээ явсан ба маргааш нь надруу н.Дарамбазар залгаад би өргөдөл өгчихсөн, гэмтэл дээр байна, тохиролцоод салвал сал энэ тэр гээд мөнгө нэхээд байсан. Би шинжээчийн 14122 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг би тухайн үед Т.Дарамбазарыг зодох явцдаа учруулсан юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14122 дугаар:
1. Т.Дарамбазарын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 11 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 14 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Энххүслэн нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лоп” интернэт тоглоомын газар иргэн Т.Дарамбазартай пи си тоглоом тоглохгүй гэж маргалдан зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Дарамбазарын өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17-18 цагийн үед зодуулсан. Цагдаад очиж бүртгүүлчихээд шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийлгэхэд томографикийн зураг авхуулаарай гэсэн. Тухайн үед би мөнгөний боломжгүй байсан. Гэмтэл дээр очиж үзүүлж болно гэхээр нь маргааш нь очиж үзүүлсэн. Нүдний доорх мөгөөрс хугарсан байна гэсэн. Ерөнхий шинжилгээг томографикийн зургаас харж хэлнэ гэсэн. Маргааш нь данснаас мөнгө авчихаад Сүхбаатар дүүргийн 2 дугаар эмнэлэг ороод томографикийн шинжилгээ өгсөн. Тэндээсээ Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд хамар хугарсан байна гээд 250.000 төгрөгөөр хамраа чихүүлсэнийг гаргуулсан. Түүний дараа Энххүслэнтэй цагдаа дээр уулзаад 200.000 төгрөг бэлнээр авсан. MRI шинжилгээ хийлгэ гэсэн. Нүдний ар талаа үзүүлээрэй гэсэн. Тархи хөдөлсөн байсныг 2 удаа бариулсан. 550.000 төгрөг нэхэмжилсэнээс 200.000 төгрөгийг өгсөн. Одоо 350.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх,
мөн шүүгдэгч Ж.Энххүслэнгийн өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Энххүслэнгийн өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Лоп” нэртэй интернэт тоглоомын газарт өөрийн найзууд болох н.Бат-Оргил, н.Оргил хоёрын хамт орсон бөгөөд манай 2 найз уг тоглоомын газар байхдаа н.Дарамбазар гэх хүүхэд болон түүний найзтай дөрвүүлээ хуваагдаад 1000 төгрөгийн бооцоотой тоглосон. Улмаар тэр нь лавшраад 20.000 төгрөгийн бооцоотой болсон бөгөөд н.Оргил эхний 1000 төгрөгийн бооцоотой тоглочихоод яваад өгсөн ба дараа нь н.Бат-Оргил бид 2 тоглосон. Ингээд шөнийн 02 цагийн үед н.Дарамбазар нь манай найз бид хоёрт 40.000-60.000 төгрөгийн өртэй болчихсон байсан санагдаж байна. Намайг явах гэсэн чинь н.Дарамбазар “чи юу шаагаад байгаа юм бэ? Тоглоод байгаа юм уу” гээд байсан. Ингэж үргэлжилж тоглосоор байгаад өглөөний 08 цаг болсон бөгөөд бид нар н.Дарамбазар болон түүний найзаас 80.000 төгрөгийг авсан. н.Бат-Оргил бид хоёртой цугтаа манай өөр найзууд болох н.Дөлгөөн, н.Золоо 2 байсан. Бид нар уг өдөртөө хичээлдээ суучихаад өдрийн 15 цаг 50 минутад тараад дахиад уг тоглоомын газар руу очсон. Тэгэхэд н.Баясаа, н.Золбоо бид 3 очсон. Бид гурвыг очиход н.Дарамбазар, н.Бааска, н.Бямбаа гэх 2 найтайгаа хамт байж байсан. Тэр гурвуулаа Хөвсгөл аймгийнх гэж байсан. Намайг орсон чинь н.Дарамбазар “тоглох уу” гэхээр нь би “тоглож чадахгүй, гэр рүүгээ явлаа” гэсэн чинь н.Дарамбазар “чамайг явуулахгүй ээ, битгий давраад байгаарай, тэнэг бацаан минь ална шүү, яасан пээдийгээд байна уу” гээд хаалганы хажуу талд зогсчихоод “гараад ир” гэхээр нь би явж очоод заамдаад авсан юм. Тэгсэн чинь эхлээд миний хамар руу цохисон. Ингээд би буцаагаад н.Дарамбазарын нүүр рүү гар болон хөлөөрөө цохиж, өшиглөсөн, өвдөгөөрөө нэг удаа нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгсэн нэг мэдсэн бид хоёрыг манай найзууд салгасан юм. Тэгээд тэндээсээ гараад би шууд гэр рүүгээ явсан ба маргааш нь надруу н.Дарамбазар залгаад би өргөдөл өгчихсөн, гэмтэл дээр байна, тохиролцоод салвал сал энэ тэр гээд мөнгө нэхээд байсан. Би шинжээчийн 14122 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг би тухайн үед Т.Дарамбазарыг зодох явцдаа учруулсан юм.” гэх /хх-23-24/,
мөн гэрч У.Уранбаярын өгсөн “Би 3 хүүхэдтэй бөгөөд Ж.Энххүслэн нь миний том хүү байгаа юм. Доороо 2 дүүтэй. Миний хүү 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн. Монген цогцолбор сургуулийг 2017 онд төгсөөд одоо Их Засаг ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, цэргийн алба хаагаагүй. Уур уцаар багатай, хүнтэй зөв боловсон харьцдаг хүүхэд байгаа юм. Миний хүү нас бага учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ганц нэг удаа тамхи бол татаж байсан. Гэхдээ бол татдаггүй. Спортын тал дээр сагсан бөмбөг тоглодог, ямар нэгэн зэрэг бол байхгүй. Миний хүү урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй. Одоо шалгагдаж байгаа хэргийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ интернет тоглоомын газар хүүхэдтэй маргалдсан гэж л сонссон.” гэх /хх-30-31/,
мөн гэрч О.Ганбаярын өгсөн “Ж.Энххүслэн бид 2 нэгдүгээр ангиасаа хойш найзлаж эхэлсэн. Одоо найзлаад 12 жил болж байна. Манай найз зан байдлын хувьд даруухан, хүнтэй нэг их маргалдаад байдаггүй, өөрийнхөөрөө зантай, хүнтэй муудалцахын хувьд муудалцаж байсан. Гэхдээ зодоон бол хийж байгаагүй. Хичээл номондоо дундаж хүүхэд байсан. Манай найз архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа уулзахаар пиво л уудаг. Ер нь гэр бүлийн хүмүүжил их сайтай хүүхэд байгаа юм. Тамхи бол татдаггүй. Би оюутан болсоноос нь хойш нэг их уулзаагүй. Спортын тал дээр сагсан бөмбөг тоглодог, бокс их үздэг хүүхэд байгаа юм. Манай найз урьд нь хэрэгт орж байгаагүй. Одоо шалгагдаж байгаа хэргийнхэн талаар өөрөөс нь сонсоход хүнтэй маргалдсан гэж хэлсэн.” гэх /хх-32-33/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14122 дугаар дүгнэлт /хх-11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Энххүслэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Ж.Энххүслэнг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Энххүслэнг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Энххүслэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Энххүслэн нь хохирогчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Т.Дарамбазар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “гэм хорын хохиролд нийт 550.000 төгрөг нэхэмжилж “Мон түрүү трейд” ХХК-ийн эмчийн тодорхойлолт, кассын орлогын ордер, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчийн тодорхойлолт, эм авсан баримт зэрэг нотлох баримт /хх34-37/-ыг гарган өгсөн бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдож байгаа эмчилгээний зардал 340.900 төгрөгөөс шүүгдэгч Ж.Энххүслэнгийн төлсөн 200.000 төгрөгийг хасч үлдэх 140.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.Дарамбазарт олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Т.Дарамбазар нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Энххүслэн цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ж.Энххүслэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүрэн овогт Жаргалсүхийн Энххүслэнг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Энххүслэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Энххүслэнг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Энххүслэнгээс гэм хорын хохирол 140.900 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Дарамбазарт олгосугай.
5. Хохирогч Т.Дарамбазар нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Энххүслэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Энххүслэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ