| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2303005470434 |
| Дугаар | 2024/ДШМ/75 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/75
2024 01 11 2024/ДШМ/75
Б.Н холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Б.Н
түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Э.П-н өмгөөлөгч Ц.Даваажаргал,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, гудамжинд “Toyota Voxy” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
“3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,
3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, уг мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.П ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Хараат овогт Батмөнхийн Нарандэлгэрийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Н-г тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с 8.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.П д /уз91050945/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн Батмөнхийн Н би хэргийн учир Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ туйлын их харамсаж байна. Би хохирогчоос чин сэтгэлээсээ уучлал гуйсан бөгөөд хохирол болох 8.250.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Би 4-15 насны 5 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Манай 3 хүүхэд Эпилепси буюу унаж татдаг өвчтэй тул эхнэр хүүхдүүдээ харж байнгын асаргаанд байдаг тул ажиллаж орлого олох боломжгүй болоод байна. Манай долоон ам бүл миний орлогоор үндсэн амьжиргаагаа залгуулдаг. Биднийг харж хандах, тусалж, дэмжих ах дүү нар байдаггүй юм. Эрхэм шүүгчид ээ намайг гэмт хэрэг анх удаагаа үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон хохирогчийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гурвын гурван бага насны хүүхдүүд нь хүнд өвчтэй байнгын асаргаанд байдаг зэргийг харгалзан үзэж миний хорих ялыг хөнгөрүүлж хуульд заасан бусад ялаар шийтгэж, надад болон манай гэр бүлийн хүнд өвчтэй хүүхдүүдэд минь энэрэнгүй хандаж өгнө үү, би нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмдээ тустай ажиллаж дахин гэмт хэрэг хийхгүй хөдөлмөрлөж чадна гэдгээ Монгол Улсын шударга шүүхэд илэрхийлье. Тэр бүр айл болгонд тохиолдоод байхгүй нэг айлын 5 хүүхдийн 3 хүүхэд нь 1 ижил хүнд өвчтэй буюу гэнэт унаж татдаг өвчтэй юм. Эцэг болсон би үр хүүхдийнхээ төлөө дахин хэрэг хийх ухамсаргүй хүн биш юм. Иймд шүүх бүрэлдэхүүнд дахин хүсэхэд надад энэрэнгүй хандаж, миний хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаарын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Н-н хууль ёсны эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.
Б.Н Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялыг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 8.250.000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон.
1.Шүүгдэгч Б.Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, хохирогчийн нэхэмжилсэн зардлыг бүгдийг төлсөн, цаашид гарах эрүүл мэндийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, хохирогчид учирсан сэтгэц сэтгэл санааны хохирлыг шүүхээс нотлох баримт шинжээчийн дүгнэлт байхгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна гэх гомдлыг гаргаж байна.
2.Шүүгдэгч Б.Н нь бага насны 5 хүүхэдтэй бөгөөд ганцаараа орлого олж гэр бүлээ тэжээдэг ба 3 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байх шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж дурдсан атлаа тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлийн хамгийн хүнд ялыг сонгож оногдуулснаас олон хүнд ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг хуульд зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзсэнгүй. Тухайн өрхөд амьдарч байгаа өрхийн орлогогүй бага насны хүүхдүүдийн амь зуулгын зардал, эмчилгээний зардал зэрэг зайлшгүй шаардлагатай орлогыг үлдээх бодит боломж үүсэхгүй байх нөхцөл байдлыг тооцож үзсэнгүй. Хорих ялыг 6 сар биечлэн эдэлсний дараа 480 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх хугацаанд дээрх бага насны нэмэлт асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг гурван жилийн хугацаанаас багасгаж тогтоож өгнө үү.
3.Сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг төлөх эсэхийг тодруулж 5 хоногийн завсарлага авах эсэх талаар шүүх асуусан бөгөөд шүүгдэгч нь энэ хэмжээний мөнгийг ийм бага хугацаанд олох боломжгүй болохоо дурдаж завсарлага аваагүй ба дээрх нөхцөл байдлыг нарийвчлан шүүх сэтгэцийн дүгнэлтээр хэдэн хувийн хор уршиг учирсан болохыг тогтоолгох, иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлсний дараа нэхэмжлэх хуулийн заалтыг хэрэглэх байтал шүүхээс шууд мөрдөгчийн зүгээс хүснэгтээр оруулсан аргачлалын дагуу гуравдугаар зэрэглэлийн хохирол хэмээн тооцуулах яллах дүгнэлтээс шүүх шууд 15 хувийн сэтгэц, сэтгэл санааны хохирол үзсэн гэж тооцсон нь буруу юм. Иймд энэхүү иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.П-н өмгөөлөгч Ц.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй хэрэгт шалгагдаж байх явцдаа дахин тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь хохирогч харсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч хоригдож байх хугацаандаа гэм буруугаа ойлгож байгаа үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч сэтгэцэд учирсан хохирлын талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д тодорхой төрлийн гэмт хэргүүдийг дурдаад, эдгээр гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байхад үүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг ** хороо Цэргийн хотхоны 4 дүгээр гудамжинд “Тоуоta Vоху” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
“3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 4 дүгээр хавсралт тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 5. гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон;
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,
12.4. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.П ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/, ТЦА, ТЦА, мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 09 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-11 тал/, сидинд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/, хохирогчийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиа оношилгооны тодорхойлолт, дүрслэл оношилгооны хариу /хх-ийн 46-50 тал/, хохирогчийн тээврийн цагдаагийн албанд гаргасан хүсэлт /хх-ийн 73-75 тал/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 105-113 тал/, хохирлын баримтууд, гэрэл зураг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 116-131, 134-138, 141-144 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45 тал/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 57-64 тал/, 2023 оны 9 сарын 18-ны өдрийн 976 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх- ийн 77-78 тал/,
хохирогч Э.П-н "...Баянзүрх зах ороод гэртээ харих гээд Монелийн замаар дээшээ өгсөж засмал замаар зүүн гар тийш эргээд замын баруун талаар явган хүний замаар явж байсан. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй, гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. М гэх хувийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2023 оны 9 дүгээр 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо биеийн байдал зүүн хөл гибсдүүлсэн. Хувирга хугарсан, нүүр хавантай байгаа. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 тал/,
гэрч Т.С-ийн “...805 дугаар ангийн хажуугаар өнгөрөөд дээшээ засмалаар явж байгаад хуучин автобусны буудлын хажуугаар өнгөрч ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж засмал замаар уруудаад явж байх үед тухайн үедээ дугаарыг нь харж амжаагүй \/оху маркийн цагаан өнгийн машин засмал замаар өөдөөс ирж яваад баруун гарын талынхаа хашааг мөргөх гэж байгаад эргэж огцом дарж миний явж байгаа чиглэлийн эсрэг талд явган хүний зам дээр явж байсан эмэгтэй хүнийг араас нь мөргөж зогсоод засмал замдаа ороод дээшээ өгсөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
гэрч Н.Г-ийн "...805 дугаар ангийн хажуугаар дээшээ засмал замаар явж байгаад хуучин автобусны буудлын хажуугаар өнгөрч ертөнцийн зүүн тийш эргэж засмал замаар уруудаад явж байх үед С ах гэнэт огцом тоормос гишгэж цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр үед би утсаа оролдоод явж байсан тул гайхаад цонхоор харахад бидний явж байсан замын эсрэг талд нэг хүн уначихсан таталт өгөөд хажуугаар нь нэг цагаан өнгийн машин хурдтай өнгөрөөд явсан. Би машинаас буугаад шууд өөрийнхөө ********* дугаарын утсаар 102 дугаарт залгаж “Монелийн замд машин хүн мөргөчхөөд зугтаачихлаа” гэж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
шинжээч О.Н-ийн “...Э.П-н биед 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн үзлэгээр дүгнэлтэд дурдсан гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх хамар ясны хугарал нь хуучин гэмтэл бөгөөд дүгнэлтэд тухайн хэрэг болсон гэх үед үүссэн шинэ гэмтлүүд тусгагдсан хуучин гэмтлийг дүгнэлтэд тусгах шаардлагагүй. Э.П-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, хөнгөн зэрэгт тус тус хамаарах бөгөөд заавал бүгдийг нийтэд нь тогтоох шаардлагатай гэвэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад ‘Тэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ...Дээрх гэмт хэргийн улмаас П нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 295,000 /хоёр зуун ерэн таван мянган/ төгрөг гарсныг яллагдагч Б.Н-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 147 тал/,
Шүүгдэгч Б.Н-н "...эхнэр надад хандаж “...чи хүн мөргөчихсөн байна...” гэж хэлэхээр ухаан орсон. Эхнэр цагдаатай ярьж хаягаа зааж өгсөн. ...Бид нарыг очиход 103-ийн эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг цагдаагийн машинд суулгаад Тээврийн цагдаа дээр аваачсан. ...Согтуурлын зэрэг шалгадаг багажаар үлээсэн 2.49% гэж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 90 тал/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Н-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар нь “...шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлсөн, цаашдаа гарах эрүүл мэндийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү, мөн шийтгэх тогтоолд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх утга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй харгалзах нь үндсэн зарчим юм.
Хэргийн ажиллагаа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь хохирогчид учирсан хохирол, мөн түүний эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гарсан зардлыг бүрэн төлж барагдуулжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Н-г тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Б.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгасан нь хуульд нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ