Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 202/МА2021/00017

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 137/ШШ2021/00132 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “К” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо “К”-ны байр-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд төмөр замчдын өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, ** тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, Б овогт З-ийн Б,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Сүлд төмөр замчдын өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, ** тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, И овогт О-ын А,

 

Гуравдагч этгээд: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, **-* тоотод оршин суух, 62 настай, эмэгтэй, Б овогт А-ийн О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34.438.655 төгрөг, зээлийн хүү 11.541.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218.008 төгрөг, нийт 46.197.789 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Гуравдагч этгээд А.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б нар /зайнаас цахимаар/, гуравдагч этгээд А.О /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... З.Б, О.А нар нь тус банктай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3016-2019/19-28 тоот “Зээлийн гэрээ”, №3016-2019/19-28-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулан 35.000.000,00 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 22.8 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг бараа материал татан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн А.О-ийн өмчлөлийн Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Замын Үүд сумын 1 дүгээр баг, 97-1 тоот хаягт орших 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч З.Б, О.А нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч З.Б, О.А нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг шаардаж, мэдэгдлийг хүргүүлэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. Иймд зээлдэгч З.Б, О.А нартай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх үндсэн зээл 34.438.655 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин найман мянга зургаан зуун тавин таван/ төгрөг болон хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 11.541.126 /арван нэгэн сая, таван зуун дөчин нэгэн мянга, нэг зуун хорин зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218.008 /хоёр зуун арван найман мянга найм/ төгрөг, нийт 46.197.789 /дөчин зургаан сая, нэг зуун ерэн долоон мянга, долоон зуун наян ес/ төгрөгийг З.Б, О.А нараас гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... З.Б, О.А нар нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, 97 дугаар байрны 1 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн төлөлт 2019 оны 08 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн бөгөөд банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 23-нд шүүхэд хандсан. Гуравдагч этгээдийн хувьд уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих талаар зөвшөөрсөн итгэмжлэл хүчинтэй байгаа, мөн банкны зүгээс манай эдийн засагч нь барьцааны хөрөнгийн хаягаар очиж А.О-тэй удаа дараа уулзаж, зээл төлөгдөхгүй байгаа талаар анхааруулж, үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаж байгааг хэлж байсан, гуравдагч этгээд энэ талаар өмнөх шүүх хурлууд дээр ч хэлсэн. Давж заалдах шатны шүүх итгэмжлэл дээр маргаагүй гэдгийг ч дүгнэсэн байгаа. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,48,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.О гэх хүн буюу барьцаат хөрөнгийн өмчлөгчид яагаад энэ талаар мэдэгдээгүй вэ, мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан гэж яригдсан. А.О 2016-05-01-ний өдөр хариуцагч болох З.Б-д итгэмжлэл олгосон байдаг. Тус итгэмжлэлдээ миний нэрийн өмнөөс миний өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97-1 тоотод байрлах гэрчилгээний Ү0714001115 тоот улсын дугаартай 38 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг К банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээг хийх, барьцааны гэрээ, барьцаалуулахад гарын үсэг зурахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын бүртгэлд бүртгүүлж, лавлагаа авах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон учраас 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Холбогдох хуулийн дагуу нотариатаар батлуулсан, хүчин төгөлдөр итгэмжлэлийг тус банкинд ирүүлсэн байдаг. Тус итгэмжлэлийн дагуу банкны зүгээс А.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох З.Б, О.А нарт үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгосон. Үүнээс хойш зээл төлөгдөөгүй тухай бүрд буюу 2019 оны 08 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сар, 2020 оны 03 дугаар саруудад зээлийг төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мөн хариуцагч З.Б барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Шүүх бол барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой ямар нэгэн хууль зүйн хувьд асуудал байхгүй гэж манай зүгээс үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

 

Хариуцагч З.Б, О.А нар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... К банкны нэхэмжилсэн үндсэн зээл 34,438,655 төгрөг, зээлийн хүү 7,109,579, нэмэгдүүлсэн хүү 77,630 төгрөг, нийт 41,625,864 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна” гэж, мөн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэлд: хариуцагч З.Б “Улаанбаатар хотод байгаа, цахимаар оролцох утас интернэт байхгүй тул миний эзгүйд шүүх хуралдаан хийж өгнө үү”, хариуцагч О.А “Миний бие бага насны хүүхдээ ганцаараа хардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, иймд тус өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ. 

 

Гуравдагч этгээд А.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай дүү надаас З.Б-ын бизнес нь гайгүй, өөрөө дажгүй хүн, зээл авах гээд байрны ордер хайгаад байгаа юм, зээлээ авч бизнесээ өргөтгөж, шинэ байр барих гэж байгаа юм гээд байхаар нь 1 жилийн хугацаатай шүү гээд байрныхаа ордерыг өгсөн. Эхлээд Төрийн банкны барьцаанд тавьсан, дараа нь К банкнаас зээл аваад таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг суллаад өгнө гэсэн юм. Ингээд л тэр өдөр Ялгуун дээр хүрээд ир гэхээр нь очоод гарын үсэг зурсан. 3 жил гээд гарын үсэг зурсан нь миний буруу гэдгээ би сайн ойлгож байна. 1 жил гэж би ойлгосон юм. Энэ хүүхэд ингэж намайг чадна гэж бодсонгүй. Өөрөө ч гэсэн шүүхийг хүндэтгэхгүй хариуцлагагүй байна. Банк энэ хүнд энэ их зээлийг олгохдоо яагаад ар талын эдийн засгийн бололцоог нь судлаагүй юм бэ. Давж заалдах шатны шүүх хурал, анхан шатны шүүх хурал дээр ч гэсэн ярьж л байсан. Иргэн бидэнд ийм бичиг баримтаар ийм их зээл олддоггүй. Энэ хүн иргэний үүргийн дагуу зээлээ төлөх байтал төлөхгүй өнөөдөр биднийг үл хүндэтгээд, намайг бол яасан ч яах вэ гэсний үндсэн дээр хандаж байгаад би гомдолтой байна. Би өөрийнхөө сууж байгаа орон сууцаа хэзээ ч өгөхгүй, олон жил хөдөлмөрлөж байж авсан байр шүү дээ. Банкны зүгээс зээл төлөгдөхгүй талаар З.А ирж уулзаж байснаас байр хураах гэж байна гэж хэлж байгаагүй. Байраа хураалгахаас эрс татгалзаж байна” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д зааснаар хариуцагч З.Б, О.А нараас үндсэн зээлд 34,438,655 төгрөг, зээлийн хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218,008 төгрөг, нийт 46,197,789 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-д олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 519,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 388,939 төгрөгийг, мөн илүү төлсөн 130,442 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож,

 

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч З.Б, О.А нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл буюу гуравдагч этгээд А.О-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 97 дугаар байрны 1 тоотын 38 мкв талбай бүхий, Ү-0714001115 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдаж,

 

            Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

 

Гуравдагч этгээд А.О давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К банк нь З.Б-тай зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийсэн байдаг ба мөн өдөр миний бие З.Б-д итгэмжлэл олгосон байдаг. Зээлийн гэрээ 2019 оны 08 дугаар сараас буюу зээл авснаас хойш 3 сарын дараа доголдож эхэлсэн байдаг. Үүнээс үзэхэд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлсэн гэхэд эргэлзэж байна. /хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй/

Хэдийгээр миний бие өөрийн дүүгийн гуйсны дагуу З.Б-д өөрийн хүүгээс ялгаа юу байх вэ тус хүргэе гэсэн сайхан сэтгэлээр хандаж, түүнд өөрийн орон сууцыг 1 жилийн хугацаанд барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэж бодсон боловч 3 жилийн итгэмжлэл дээр уншиж танилцалгүй гарын үсэг зурсан нь миний буруу юм. Гэсэн хэдий боловч банк зээл олгохдоо З.Б-ын санхүүгийн чадавхыг нь сайн судлаад, түүний санхүүгийн хэр хэмжээнд тааруулж зээл олгосон бол өнөөдрийн эрсдэл, нөхцөл байдал үүсэхгүй байсан. Мөн би насаараа хөдөлмөрлөж авсан орон сууцаа алдах дээрээ тулахгүй байсан. Банкны өөрсдийнх нь хайхрамжгүй, эрсдэлээ тооцоолж олгоогүй зээлийн улмаас миний бие сэтгэлдээ дааж давшгүй шаналалтай өдөр хоногийг нойргүй өнгөрөөж, гудамжинд гарах дээрээ тулаад байна.

Өнөөдрийг хүртэл З.Б шүүхэд нэхэмжлэл өгсөн цаг үеэс өөрөө шүүх дээр ирдэггүй, барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч тайлбар гаргасан зэрэг үл хүндэтгэсэн байдал нь төлбөрийн чадваргүй хүнд зээл олгосон банк болон түүнд итгэж сайхан сэтгэл гаргаж байраа барьцаалуулсан намайг үл ойшоосон байдал харагдаж байна. З.Б-ын орлого нь 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 35.000.000 төгрөгийн зээл авч, төлөх чадвартай хэмжээнд байгаагүй  ба маш олон хувь хүн болон банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөртэй, эрсдэлтэй бизнес эрхэлж байсан болохыг миний бие тухайн итгэмжлэл өгөх үедээ мэдээгүй, харин банк мэдэх бүрэн боломжтой байсан атал дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж зээлээ олгосон. Иймд дээрх нөхцөл байдлыг дахин хянаж үзэн К банк нь З.Б-ыг 35.000.000 төгрөгийн зээл төлж чадах чадваргүйг мэдсээр байж, зээлийн судалгааг хийлгүй зээл олгосон буруутай үйлдэл байгаа тул эрсдэлээ өөрсдөө даах учиртай гэж үзэж байгаа тул А.О миний өмчлөлийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 97-1 тоот үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн зүгээс хууль ёсны шаардлага хангаагүй З.Б-д зээл олгосон гэж байна. Манай банкны зүгээс хууль ёсны дүрэм, журмаа баримтлан уг зээлийг олгосон байгаа. Тухайн зээл олгох үед З.Б Замын-Үүд сумын төв талбай дээр үйлчилгээ эрхэлдэг, тодорхой орлоготой байсан. Тухайн зээлийн барьцаа болох байрны итгэмжлэл хууль ёсны байсан. Манай банкны зүгээс итгэмжлэлээр зээлийг олгосон байгаа. Зээл олгосноос хойш З.Б-ын үйлчилгээ түр зогссон. Бидний зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөх боломжгүй болсон учир шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд 41625864 төгрөгөөр нэхэмжлэл гаргаж, хариуцагч талаас төлөхөө зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Манай банкны зүгээс хууль бусаар З.Б-д зээл олгосон зүйл байхгүй” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай банкны зүгээс З.Б-д гаргаж өгсөн зээл хууль ёсны баримт бичиг дээр үндэслэн гарсан байгаа. Хариуцагчид гаргаж өгсөн итгэмжлэл хууль ёсны дагуу байсан. Хуулийн дагуу банкнаас итгэмжлэлд үндэслэж таны өмчлөлийн байрыг барьцаалж зээл олгосон байгаа. Үүний талаар анхан шатны шүүх дээр тодорхой ярьсан” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

“Ка” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч З.Б, О.А нараас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №3016-2019/19-28 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 34,438,655 төгрөг, хүү 7,109,579 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,630 төгрөг нийт 41,625,864 төгрөгийг, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг 97-1 тоотод байрлах, 38 мкв талбайтай, 3 өрөө  орон сууцнаас хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулахыг шаарджээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,571,925 төгрөгөөр буюу “үндсэн зээл 34,438,655 төгрөг, хүү 11,541,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218,008 төгрөг нийт 46,197,789 төгрөг”-ийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч нараас эхний нэхэмжлэлийн шаардлагыг “...зөвшөөрч, нэхэмжилсэн мөнгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа” талаар хариу тайлбар гаргасан/1-хх43/ байх ба  харин нэмэгдүүлсэн шаардлага/1хх-119/-ыг хариуцагч нар гардаж авсан/1хх-123,124/ боловч хуулийн хугацаанд энэхүү шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг шүүхэд өгөөгүйгээс гадна анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралд оролцохгүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар, хүсэлт гаргажээ.    

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүйн гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт 46 197 789 төгрөгийг хариуцагч З.Б, О.А нараас гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-нд олгохоор, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл буюу гуравдагч этгээд А.О-ийн өмчлөлийн орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Энэхүү шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О эс зөвшөөрч “...хэдийгээр миний бие өөрийн дүүгийн гуйсны дагуу З.Б-д өөрийн хүүгээс ялгаа юу байх вэ тус хүргэе гэсэн сайхан сэтгэлээр хандаж, түүнд өөрийн орон сууцыг 1 жилийн хугацаанд барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэж бодсон. К нь З.Б-ыг 35.000.000 төгрөгийн зээл төлж чадах чадваргүйг мэдсээр байж, зээлийн судалгааг хийлгүй зээл олгосон буруутай үйлдэл байгаа тул эрсдэлээ өөрсдөө даах учиртай тул А.О миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Энэхүү давж заалдах гомдол болон хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, итгэмжлэл, зээл буцаан төлөх хуваарь, хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан банкны удаа дараагийн мэдэгдэл зэрэг нотлох баримтыг хянаж үзэхэд:

 

Хариуцагч З.Б, О.А нар бараа татан авах зориулалтаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ийн өмчлөлийн Y-0714001115 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, К банктай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №3016-2019/19-28 тоот “Зээлийн гэрээ”, №3016-2019-28-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 35 000 000/гучин таван сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22,8% хүүтэйгээр авсан, зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчил үүссэн үйл баримт тогтоогдож байна.       

 

 Анхан шатны шүүхээс зохигч нарын хооронд зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан ба зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус нийцэх юм.

 

Зээлдүүлэгч буюу “К” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зүйл болох 35,000,000 сая төгрөгийг, зээлдэгч З.Б, О.А нарт хүлээлгэн өгсөн, тэд энэ талаар маргаагүй байх тул банкийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир зээлдэгч нарын гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.  

 

Түүнчлэн хариуцагч/зээлдэгч/ нар зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс талуудын гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж, холбогдох хуулиудыг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн тухайд ч анхан шатны шүүхээс мөн адил хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй  дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О “...миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар, гомдол гаргасан байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна хариуцагч З.Б-д өөрийн өмчлөлийн орон сууц, үл хөдлөх хөрөнгийг “К банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, холбогдох гэрээ хийх, барьцааны гэрээ барьцаалбарт өөрийг нь төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, батлуулах, лавлагаа авах”  бүрэн эрх  олгосон түүний итгэмжлэл нь “Хэлцэлд төлөөлөх, төлөөлөх бүрэн эрх” зэрэг Иргэний хуульд заасан шаардлагыг тус тус хангажээ.

 

Харин гуравдагч этгээд А.О-ийн “...Б-ыг К банкнаас зээл авна гэж ойлгоогүй, банкаа шилжүүлээд танд бичиг баримтаа суллаад өгнө гэхээр нь нотариат дээр намайг дуудаад гарын үсэг зураад өг гэхээр нь очиж зурсан, хэрэв зээлийг төлж чадахгүй бол байр зарагдана гэдгийг ойлгоогүй” гэсэн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах үндэслэлгүй бөгөөд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учиртай.

 

Иймд Анхан шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд, хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.О-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин тэмдэгтийн хураамжийн тухайд гуравдагч этгээдээс “...А.О миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдсан гомдол гаргахдаа 388,939 төгрөгийг буюу анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага болох 46 197 789 төгрөгийн үнийн дүнд дүйцэх улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь үндэслэлгүй/барьцаа хөрөнгийг үнэлсэн баримтгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үнэлэх боломжгүй/ байх тул 388,939 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж, үлдэх  318739 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 137/ШШ2021/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.О-ийн  гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд А.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,939 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 318739 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                          Н.БОЛОРМАА