Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 451

 

Ж.С-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар магадлалтай, Ж.С-д холбогдох 1918000000175 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовын бичсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, У овогт Ж-ын С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.С-ыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчээс “Хьюндай соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай машины үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.С-ын 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 65,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулсан заалтыг хүчингүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовын бичсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.С-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө болох “Хьюндай соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Ж.С-ын хамтран амьдрагч Н.М-ийн эзэмшлийн машин болох нь тогтоогдсон учраас хурааж аваагүй нь зөв боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5-т зааснаар шүүгдэгч Ж.С-оос “Хьюндай соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай машины үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, техник, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө нь тухайн гэм буруутай, хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд эсхүл түүний хувьд ноогдох хөрөнгө, орлого болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилготой талаар 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5-д тодорхой тусгай зохицуулсан бөгөөд харин Эрүүгийн хуульд шууд хурааж “улсын орлого” болгоно гэсэн зохицуулалт байхгүй. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Н.М-ийн эзэмшлийн “Хьюндай соната-5” маркийн 17-41 ДАХ улсын дугаартай машины үнэ 1,000,000 төгрөгийг гаргаж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу дээрх хулгайлсан эд зүйлийг бусдад 65,800 төгрөгөөр зарж борлуулсан орлогыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно...” гэж заасан мөн хуулийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн буюу эд зүйлийн үнийг гаргуулахаар тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалт хуульд нийцсэн үндэслэл бүхий байхад энэхүү заалтыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхийн тулд хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Ж.С нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд хохирол, төлбөр төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх хорих ялыг нь хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовын бичсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 12 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Н.Э-ийн  хашаанаас “Бонго пронтер” загварын ачааны автомашины доод эд анги, “Хьюандай соната-5” загварын суудлын автомашины мотор зэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.С-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай соната-5” загварын 17-41 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний хамтран амьдрагч Н.М-ийн нэр дээр бүртгэлтэй байдлыг харгалзан уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Ж.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ бусдад зарж борлуулсны орлого болох 65,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлтүүд нь үндэслэлтэй болжээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар магадлалын шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН