Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 124/2017/0006/З |
Дугаар | 221/МА2017/0152 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2017/0152
2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2017/0152 | Улаанбаатар хот |
Ч.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч П.Д, гуравдагч этгээд С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.С-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Н сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С-ын Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг маш ноцтойгоор зөрчин хууль бус шийдвэр гаргасан тул түүнийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргаж байна.
... С.Д нь 25 нас хүрсэн Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй нэр дэвшигч гэж батлаагүй бөгөөд харин ч хууль бус бүртгэсэн болохыг тогтоосон байхад шүүх буруу дүгнэлт хийжээ.
Тэр ч байтугай нэр дэвшигч С.Д-ийг би нэр дэвших сонирхолгүй байсан МАН-аас нэр дэвшүүлсэн байгаа нь энэ маргааныг улам ноцтой болгож сонгуулийн тухай хуульд заасан 25 нас хүрсэн иргэн тухайн шатны хуралд нэр дэвшихээр хуульчилсныг зөрчсөнөөс гадна хууль хэрэглэдэг хуульч тэр тусмаа шүүгч хүнд байж боломгүй алдаа гаргаж 25 нас хүрээгүй хүнийг бүртгэсэн байгааг зөв гэж дүгнэн ямар ч хуулийн заалтгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна. Мэргэжлийн шүүгч, хуульч байтугай энгийн иргэн хүний ойлгоход амьдралд ойрхон жишээг харьцуулан дурдвал 18 насанд хүрсэн иргэн сонгуульд санал өгөх, цэргийн алба хаах талаар тухайн хуулиудад хуульчилсан байхад иргэн С.Д-ийг 17 нас 11 сар 16 хоногтой байхад нь санал өгүүлж, цэрэгт татаж болохгүй шүү дээ. Ийм тодорхой зүйлд шүүгч илтэд буруу дүгнэлт хийж буруу шийдвэр гаргажээ. Энэ талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хугацаа тоолох иргэний хуулийн 71 дүгээр зүйлийг үндэслэн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Я.Б-ын нас тоолсон баримт иргэн Д-ийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, миний иргэн Д-ийн 25 нас хүрээгүйг мэдээгүй байсны гол нотолгоо болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар чуулганы тэмдэглэл гэх мэт нотлох баримтууд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг шүүгч нэг ч удаа дурдаж дүгнэж үнэлээгүйд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж хуульчилсан байхад эрхэм шүүгч ямар нотлох баримт, хуулийн заалт үндэслэн 24 нас 11 сар 16 хоногтой хүнийг сонгуульд оролцож сонгогдох эрхтэй гэж дүгнэж бичнэ вэ. Миний хувьд дэндүү хатуудсан харамсалтай иргэн намайг доромжилсон дүгнэлт гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсад шударга зүйл гэж байна уу? гэж зохих хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хууль тогтоогчдоос асууж хариуг нь авмаар санагдана. Ийм байдлаар шүүхийн шийдвэр хууль бус гаргах аргаар Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хамгаалуулсан орон нутгийн олон түмний сонголтоор эрх нь хэрэгждэг нутгийн өөрөө удирдах байгууллага болох шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид насанд хүрээгүй, бусад шаардлага хангаагүй, эрх зүйн чадамжгүй этгээд сонгогдоод улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдон хууль бус захиргааны акт гаргаж иргэд олон нийт, сум орны эрх ашгийг хохироосоор байх уу? Шүүх эрх мэдлийн үнэн зөв шударга хуваарилалт энэ үү гэж иргэн би маш ихээр бухимдаж байна.
Шүүгч Сонгуулийн тухай хуулийн 25.3-т заасан сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ, 33.1-д зааснаар Сум дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум дүүргийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна гэж хуульчилсан учраас нэр дэвшигч С.Д-ийг Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэсэн нь бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд маргаан бүхий үйл баримтын талаар зохих байгууллага эрх хэмжээнийхээ дотор шийдвэрлэсэн байна гэж шүүх үзэв гэжээ. Сонгуулийн тухай хуулийн 11.8-д 25 нас хүрсэн 11.9-д сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно гэсэн маш тодорхой нарийвчилсан заалтыг зөрчиж Н сумын сонгуулийн хороо бүртгэснийг шүүгч сумын сонгуулийн хорооны эрх мэдлийн асуудал илтэд хуулийг гуйвуулан тайлбарласан шийдвэр болжээ.
Харин ч жирийн иргэн би үүнийг Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлэгт орон нутгийн хурлын сонгуулийн тухай нарийвчлан тусгаад мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д зааснаар нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 158.1.4ё-д энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай хуульчлан заасан байхад сонгогдох насанд хүрээгүй, тэр ч бүү хэл өөрөө сонгогдох гэж хүсээгүй иргэнийг сумын МАН-ын хорооноос ирүүлсэн хуурамч хууль бус материалаар Н сумын сонгуулийн хороо С.Д-ийг бүртгэснийг эрхэм шүүгч сумын сонгуулийн хороо эрх хэмжээний дотор шийдвэрлэсэн байна гэж бичсэн нь хуулийг зориудаар мушгин гуйвуулсан дэндүү хариуцлагагүй гутамшигтай үйлдэл болжээ.
Түүгээр ч зогсохгүй шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ гэжээ. Яагаад сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж насанд хүрээгүй иргэн С.Д-ийг хууль бусаар нэр дэвшүүлэн хурлын төлөөлөгч болгож Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өрсөлдүүлсэн нь сонгуулийн хуулийн зөрчил улам даамжирч иргэн миний хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөнийг ямар нотлох баримт хуулийн заалт баримтлан зөвтгөн дүгнэж байгааг тодорхой тусгаагүй байх тул буруу дүгнэлт хийсэн гэж үзээд ойлгохгүй байна.
Үүнээс үзэхэд хувь хүн миний төдийгүй нийгэм талаасаа Н сумын 2000 гаруй сонгогч 4000 гаруй иргэний эрх ашгийг зөрчин хуулийг буруу ойлгож буруу тайлбарлаж буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргаснаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглал хууль эрх зүйн чадамжгүй болж одоог хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын 47 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, оны зорилт төлөвлөгөө батлагдаагүй байгаад иргэд эрс дургүйцэж иргэдийн дунд таагүй байдал үүссэн байгааг Захиргааны хэргийн шүүх хууль бусаар дэмжиж байгааг сонгогчдыг хууль ёсны сонгууль явуулсан гэж төөрөгдүүлж байгааг эрхэм шүүгч та хариуцах уу? сонгуулийн хороо хариуцах уу? Үүнээс үзэхэд насанд хүрээгүй иргэнийг сонгуульд оролцуулснаар энэ зөрчил нь даамжирч гүнзгийрсээр бүхэл бүтэн сумын эрх ашиг хохирч байгааг даанч ойлгосонгүй. Сонгуулийн тухай хуулийн 159.1-д нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлнэ. Мөн 159.4-д орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн хувьд нэрсийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно гэсэн сонгуулийн хороо хариуцах тодорхой заалт байсаар байтал эрхэм шүүгч сонгуулийн хороо хууль зөрчөөгүй, эрх хэмжээний дагуу ажилласан байна гэж дүгнэх эрхгүй гэдгийг хатуу сануулан хэлье.
2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 24 нас 6 сартай байхдаа С.Д нь цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаасан байх ба энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн тухай хуулийн 12.8-д заасан байлдагч түрүүчийн насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана. Энэ заалтын байлдагч түрүүчийн насны дээд хязгаарт хүрсэн гэдэг нь 18-25 нас гэж тогтоосон байдаг ба энэ хуулийг зөрчсөн үйл ажиллагааг сумын сонгуулийн хорооны дарга, сумын цэргийн штабын дарга хариуцагч П.Дашдорж энэ хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн албан хаагч мөртлөө зөрчсөн байгаа нь маш буруу үйлдэл байгааг хүлээн авах боломжгүй хууль ёсны байна гэж шүүгч үзсэн нь хариуцагчийг дэмжсэн нэг талыг барьсан ёс зүйгүй дүгнэлт гэж үзэж байна.
Н сумын сонгуулийн хороо түүний гишүүд өгсөн мэдүүлэг тайлбартаа Сонгуулийн хороо хууль зөрчөөгүй бичиг баримт бүрэн байсан С.Д-ийг 1991 онд төрсөн тул 25 нас хүрсэн гэж үзсэн гэсэн тайлбараар шүүгч дүгнэсэн явдал эрхэм шүүгчид сонгуулийн тухай хуулийн 11.9-д заасан энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн тухай хуулийн 11.9-д заасан энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно гэсэн заалтыг дахин дахин сануулж өгмөөр санагдана. Сонгуулийн хороо түүний гишүүд орон нутгийн сонгуульд намуудаас болон бие дааж нэр дэвшсэн нийт 49 хүнээс ганцхан 25 настай 1991 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн иргэн С.Д-ийг төрсөн он сар өдрийг нь хараагүй гэж үгсэн хуйвалдаж мэдүүлэг тайлбар өгсөн явдал нь төрийн албаны тухай болон сонгуулийн хуульд заасан төрийн албан хаагчийнхаа эрх хэмжээгээ хэтрүүлэн ёс зүйгүй хандаж хяналт тавиагүй хариуцлагагүй байдлыг дэмжсэн дүгнэлт гаргасан энэ шүүгчийн гаргасан шийдвэрийг эрс эсэргүүцэж Монгол Улсын хуульчдын ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн хороо болон Хүний эрхийн бусад байгууллагуудад хандах болно гэдгээ хатуу мэдэгдэж байна.
Сонгуулийн хуулийн 11.8, 11.9 дэх заалтыг зөрчсөн С.Д-ийг сонгуулийн хороо нэр дэвшүүлж сумын хурлын төлөөлөгч сумын хурлын даргаар сонгогдсон явдлыг шүүгч яагаад хууль зөрчөөгүй түүгээр ч зогсохгүй Хүчин төгөлдөр үйлчилчихжээ гэж дүгнэв. Ийм хууль бус зүйл явсаар байж тус сумын хууль бус эрх зүйн чадамжгүй ИТХ-ыг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.1 Дээд боловсролтой, 26.5.2 Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэсэн заалтыг зөрчсөн иргэн Ч.Б-ыг сумын Засаг даргаар нэр дэвшүүлэн явуулж миний болон нийт ард түмний эрх ашгийг хохироосон явдалд гомдож нэхэмжлэлээ гаргасан бөгөөд уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандах болно. Шүүгч нам оролцож болохыг заасан байна гэж хууль тайлбарласан мөртлөө сонгуулийн тухай хуулийн 14.1 гэж хуулийг буруу ойлгон тайлбарлаж шийдвэрээ мөн л буруу гаргасанд гомдолтой байна. Сонгуулийн тухай хуулийн 14-т заасан нэр дэвшүүлэх эрхийн талаар би маргаагүй нэр дэвшилтийн буруу гэж үзээгүй бөгөөд хянаж шалгаж бүртгээгүй сумын сонгуулийн хорооны хууль бус сонгууль явуулж олон мянган сонгогч иргэнийг төөрөгдүүлж эцэст нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад хууль зөрчсөн шударга бус өрсөлдөөн бий болж сонгогчдын сонгох сонгогдох эрх ашиг зөрчигдсөн учраас үүнийг эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан.
Сонгуулийн хуульд шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхээ Н сумын МАН-ын хороо бүрэн хэрэгжүүлээгүй гэж буруутган шүүгч зөв дүгнэсэн мөртлөө сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж бүртгэсэн зөрчлийг зөв гэж дүгнэсэн нь хачирхалтай. Сонгуулийн хороо буруутай С.Д 25 нас хүрээгүй байхдаа сонгуульд нэр дэвшсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэснийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д-ийн өгсөн Миний үйлчлүүлэгч 25 нас хүрээгүй байхдаа сонгуульд нэр дэвшсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. С.Д төрсөн оноороо тоолоод 25 нас хүрсэн гэж үзсэн гэж учраас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчийн насыг тоолох үүрэг нь Н сумын сонгуулийн хороонд байсан нэр дэвшигчдийн гаргаж өгсөн материалуудад нэр төрсөн он сар өдөр бүгд байсан. Үүнийг хянах эрх бүхий байгууллага Н сумын Сонгуулийн хороо юм. Гэсэн тайлбар өгсөөр байтал сонгуулийн хорооны шийдвэрийг зөвтгөөд байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөнөөс гадна шүүгчийн өөрийн дүгнэлт үндэслэл нь хоорондоо өдөр шөнө шиг зөрүүтэй жирийн иргэн ойлгоход төвөгтэйгөөс гадна хууль бус шүүхийн шийдвэр гаргахад Н сумын сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дэмжсэн шийдвэр болсонд гомдолтой байна.
Сонгуулийн тухай хуулийн 159.3-д сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэсэн нарийвчилсан заалт байхад шүүгч үүнийг зориудаар орхигдуулсанд гомдолтой байна. 159.4-д энэ заалт төлөөлөгчийн бүрэн эрх зөвшөөрөгдсөний дараа мөн адил хэрэглэхээр хуульчилсан. Би үүнийг хуулийн дагуу нэхэмжлэлээ гаргаж шүүгч бусдын нөлөөнд автах, илтэд хууль бус шийдвэр гаргах, хуулийг буруу ойлгож буруу хэрэглэх эрхгүй бөгөөд зөвхөн хуульд захирагдаж зөрчигдсөн эрхийг сэргээж зөвхөн нэхэмжлэлийн дагуу хуулиар шударга шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн гомдолтой байх тул Увс аймгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Би маш их гомдолтой байна хууль бус аливаа шийдвэрийг шүүхийн байгууллага тэр тусмаа тангараг өргөсөн шүүгч гаргах эрхгүй гэж бодож байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь, нэхэмжлэгч Ч.С нь Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
С.Д-ийг сонгуульд нэр дэвшихдээ насанд хүрээгүй байсан талаар аймгийн Цагдаагийн газарт хандаж шалгуулахад хэрэг бүртгэгч Я.Баттулгын нэр дэвшигч С.Дийн насыг тогтоосон тэмдэглэлээс үзэхэд 24 нас 11 сар 16 хоногтой байсан нь тодорхой байна. Хэрэгт авагдсан С.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар 25 нас хүрээгүй байсан гэдэг нь тогтоогдож, 25 нас хүрээгүй иргэнийг Сонгуулийн тухай хууль зөрчиж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэсэн гэдэг нь нотлогдож байна. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.10-д зааснаар Сонгуулийн байгууллага, албан тушаалтан хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулахыг хориглосон байхад Н сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль зөрчиж С.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн учраас Ч.С захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 71.1-д хугацаа тодорхойлохыг заасан байдаг. Уг хуульд хугацааг хуанлийн өдөр, сар, жилээр, хоногоор, цагаар тодорхойлно гэсэн байгаа. Сонгуулийн тухай хуульд насны хязгаар заасан байхад Сонгуулийн хороо хууль зөрчиж С.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зөрчсөн. Сонгуулийн тухай хуулийн 158.1.2-т нэр дэвшигчид тавих шаардлага хангаагүй тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай хуульчилсан байна.
Иймд Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгуулахаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуульд нам сонгуульд оролцохоо илэрхийлж хүсэлтээ хүргүүлэх, нэр дэвшүүлэх нийтлэг журам, намаас нэр дэвшүүлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх ба Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Н сумын Ардын намын хороо оролцохоо илэрхийлсэн тогтоолыг сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн ба энэ тогтоол дээр нэхэмжлэгч Ч.С гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхээ Н сумын Монгол Ардын Намын хороо бүрэн хэрэгжүүлээгүй, түүнийг тухайн намын тэргүүлэгч гишүүн, нэхэмжлэгч Ч.С мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Энэ тохиолдолд нам нэр дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, захиргааны байгууллага болох сумын Сонгуулийн хороо бүрэн эрхийн хүрээнд олонхийн саналаар нэр дэвшигч С.Д-ийг бүртгэсэн нь иргэн Ч.С-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүний эрх, ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ч.С нь Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 1 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байтал анхан шатны шүүх нэхэмжлэлд тавигдаагүй шаардлагаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр шийдвэр гаргаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх тул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Сонгуулийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.С-аас Увс аймгийн Н сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Увс аймгийн Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 01 дүгээр, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... С.Д нь 24 нас 11 сар, 16 хоногтой байхдаа сонгуулийн хуулийн заалтуудыг зөрчин сонгогдож, Ч.С миний биетэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөж хууль бусаар ялалт байгуулсан нь миний хууль ёсны ашиг сонирхол, Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдсан ... хэмээн тайлбарлан маргасан байна.
Маргаан бүхий Увс аймгийн Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 01 дүгээр тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудыг тухай бүр сумын Засаг даргын Тамгын газрын болон Сонгуулийн хорооны мэдээллийн самбар, түүнчлэн Н сумын www.uvsnaranbulag.mn цахим хаяг, Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Бямбацогтын facebook хуудсанд байршуулж байсан зэрэг нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Б, Ж.Н, Ч.Б, А.Н нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2016/0793 дугаар тогтоолын агуулгыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь буруу, нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулиар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар тусгайлан зохицуулсныг анхаараагүй байна.
Зүй нь, Увс аймгийн Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 01 дүгээр тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 05-нд нэхэмжлэл гаргасныг Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг шийдвэрлэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтална, 113.3-д Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 113.6-д Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзах байжээ.
Гуравдагч этгээд С.Д нь сонгуульд оролцохдоо 25 насанд хүрээгүй байсан болохыг нэхэмжлэгч Ч.С 2016 оны 11 дүгээр сарын 08-нд буюу сонгууль явагдсаны дараа мэдсэн, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан Маргаан үүсэх үед гуравдагч этгээдийн насыг тоолж үзсэн ба энэ үед сар, өдрөөр тооцоолж үзвэл 25 нас хүрээгүй байна гэдгийг мэдсэн, ... Сонгуулийн тухай хуулийг сайн судлаагүй байсан учир энэ шийдвэрийг гаргасан ... гэх тайлбар, гуравдагч этгээдийн ... насны талаар ямар ч зүйл яригдаагүй, надад нуусан зүйл байхгүй гэх тайлбарууд болон С.Д-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээс гуравдагч этгээд С.Д нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон Увс аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан Хорин таван нас хүрсэн ... байх шаардлагыг хангаагүй байсан болох нь нотлогдож байх ба нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан байна.
Тодруулбал, гуравдагч этгээд С.Д нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д Энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно гэж зааснаар сонгуулийн санал авах өдөр 25 нас хүрээгүй байсан байна.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ, 159.2-т Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тохиолдлуудыг хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрхий тогтоогдсон байхад Сонгуулийн тухай хууль зөрчиж нэр дэвшигчээр бүртгэсэн Сонгуулийн хорооны үйлдлийг түүний эрх хэмжээний асуудал хэмээн дүгнэсэн нь буруу байна.
Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэвэл гуравдагч этгээд С.Д нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан нэрийн жагсаалтаас хасагдах үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.4-т Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана гэж тус тус заасны дагуу С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4-т Сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь ... шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.С нэхэмжлэл гаргасан, улмаар Сонгуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэр дэвшигчээр бүртгэгдэх эрхгүй этгээд нэр дэвшигчээр бүртгэгдэж, төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын даргад нэр дэвшин өрсөлдсөн нь түүний сонгогдох эрхэд нөлөөлөөгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 11.9, 111 дүгээр зүйлийн 111.4, 113 дугаар зүйлийн 113.3, 113.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ч.С-ын Увс аймгийн Н сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан Увс аймгийн Н сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай 01 дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн дүн батлах тухай 06 дугаар тогтоолуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Д-ийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахыг Увс аймгийн Н сумын Сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ