Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01336

 

Ц.Мөнхсүхийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2016/00395 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1538 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ц.Мөнхсүх,

Нэхэмжлэлийн шаардлага: 124.644.000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батзаяа, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Цагдаагийн газраас иргэн П.Долгорсүрэнгийн 39.470.000 төгрөг, 30.720 ам.доллар, иргэн Д.Эрдэнэбаатарын 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2009.11.05-ны өдөр надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасны дагуу дүүргийн прокурорын газраас 2013.10.11-ний өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, 2016.6.07-ны өдөр дүүргийн прокурорын шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.Энэ хугацаанд 2010.4.14-ний өдрөөс 2010.10.05-ны өдөр хүртэл 154 хоног, 2012.11.11-ний өдрөөс 2013.7.22-ны өдөр хүртэл 253 хоног, нийт 407 хоног цагдан хоригдож, ээж нас барж, оршуулганд ч оролцож чадаагүй сэтгэл санааны маш их хохирол амссан. Мөн биеийн байдал муудаж, бөөр болон зүрхний өвчин хүндэрсэн. Ийнхүү хэрэгт шалгагдах 3 жилийн хугацаанд ар гэр, амьдрал ахуйн хувьд хүнд байдалд орж, барьж босгосон барилгын материал тоногдож, жижиг бизнесийн үйл ажиллагаа зогсож, орлогын эх үүсвэргүй болж, сэтгэл санаа, эдийн засгийн их хохирол учирсан. Эрүүгийн хуулийн 59.3-т зааснаар нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хохирлыг арилгуулах нь Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд хүн бүр тэгш эрхтэй, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчимтай нийцнэ. Иймд  үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны 81.984.000 төгрөг, олох байсан орлого 8.000.000 төгрөг, барьцааны мөнгө 500.000 төгрөг,сэтгэл санааны хохирол 38.160.000 төгрөг нийт 124.644.000 төгрөг шаардаж  байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Ц.Мөнхсүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтнаас оргон зайлж зардал гарган эрэн сурвалжлагдаж зүйл анги нэмж сонсгосон. Ц.Мөнхсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4, 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Үүнийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо буруу гарсан гэж дахин тооцоо хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин шалгах явцад хохирогч эрүүгийн хэргээ хаалгая, иргэний журмаар шалгуулж хохирлоо барагдуулуулая, цаашид цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгсөн тул прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хохирогчид хохирлоо төлж барагдуулаагүйгээс 2016 онд хохирогч Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байна. Эдгээрээс аваад үзэхэд Ц.Мөнхсүх бусдыг залилан мэхэлсэн гэж үзэж төрөөс мөнгө шаардах эрхгүй байна гэжээ.

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2016/00395 дугаар шийдвэр гаргаж,Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг тус тус баримтлан Төрийн сан буюу Засгийн газрын нөөц сангаас 3.086.324 төгрөгийг гаргуулан Ц.Мөнхсүхэд олгож, нэхэмжлэлээс 121.557.676 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1538 дугаартай магадлал гаргаж, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2016/00395 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 3 ба 390 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж шийдвэрлэж байгаа нь хууль буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуульд зааснаар, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл шүүх цагдан хоригдсон нэг хоногийн 24 цагаас зөвхөн 8 цагийн хохирлыг тооцсон нь хүний эрхийг зөрчиж байна. Үлдсэн 16 цаг цагдан хоригдсон нь тухайн хүнд шагнал гэж ойлгохоос өөр аргагүй байдалд оруулж байна. Шүүх эд хөрөнгийн хохирол гээд зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390.1.1-д заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэж байгаа нь өрөөсгөл. Тус хуулийн 388-р зүйлийн 1-д ...эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх,сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, 389-р зүйлийн 1-т …учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана”, 389-р зүйлийн 4-д хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж тус тус заасан. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага маань шууд бус хохирол ч бус 390.1.1-т заасан шаардлага ч биш. Иймд ядаж энэ хүний 24 цагаар 427 хоног цагдан хоригдсон хохирлыг арилгаж, эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Мөнхсүх нь үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны 81.984.000 төгрөг, олох байсан  орлого 8.000.000 төгрөг, барьцааны мөнгө 500.000 төгрөг,сэтгэл санааны хохирол 38.160.000 төгрөг нийт 124.644.000 төгрөг шаардсан байна.  

Анхан шатны шүүх 427 хоног хоригдсон хоногт тооцон 2.586.324 төгрөг, барьцааны  500.000 төгрөг нийт 3.086.324 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ц.Мөнхсүхэд 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтнээр тооцон, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 174 хоног цагдан хорьж батлан даалтад гаргасан хугацаанд тэрээр оргож, эрэн сурвалжлагдаж 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 253 хоног цагдан хоригдсон, Налайх дүүргийн прокурорын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/203 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулахаар шаардах эрхтэй.  

Хоёр шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Ц.Мөнхсүх урьд эрхэлж байсан ажил, орлогын байдлаа нотлоогүй тул шүүх хохиролд 2.586.324 төгрөг тооцон гаргуулах, барьцаанд төлсөн 500.000 төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2016/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1538 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ