Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 173

 

Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,

халамжийн үйлчилгээний

газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Л.Атарцэцэг

            Шүүгчид:                          Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох”, 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0054 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш-ыг оролцуулж,

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-ны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ш.М-ийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0054 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгч Ш.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, орон тоог 45 байхаар баталсан юм. Энэхүү бүтэц, орон тоо дотор нийгмийн халамжийн хэлтэс-9 орон тоотой байгаа ба энэхүү бүтцэд нийгмийн халамжийн хэлтэст маргаан бүхий халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн нэг дор байгаа юм. Иймээс Ш.М-ийг хэлтэс дотроо адил чиг үүрэг бүхий мэргэжилтний ажилд шилжүүлж түүний урьд авч байсан цалин хөлс  зэрэг, дэвийг бууруулаагүй явдал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт, “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолын 6-д мөн хэсэгт заасан “...сэлгэн ажиллуулж...” гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилохыг ойлгоно” гэж заасантай тус тус нийцэж байгааг анхаарч үзээгүй байна.

4. Ш.М нь тус байгууллагад ажиллаж байхдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан боловч түүнд холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын прокурорын тогтоолоор “Улсад   үлэмж хэмжээний хохирол учруулсан” болох нь хэрэгт авагдсан нотлох        баримтуудаар тогтоогдсон боловч түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Ш.Мнь тухайн үед тус газарт халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

5. Ш.М нь тус аймгийн Алтанцөгц сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Айбек гэгчтэй үгсэн хуйвалдан байгууллагын удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх иргэнд өгөх төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан учраас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 36 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ш.М нь тухайн үед тус газарт халамжийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

6. 3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1791 дугаартай албан бичигт тэмдэглэгдсэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасан санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэснийг ноцтой зөрчиж хугацаа хожимдуулсан, 2017 оны эхний хагас жилийн тайланд холбогдох нийгмийн халамжийн сангийн улсын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус гаргаж явуулаагүй, нийгмийн халамжийн сангийн мэдээг хоцроож, баталгаажуулдаггүй явуулдаг, дээд шатны байгууллагын шаардсан тайлан, яаралтай судалгаа, тайлан, мэдээ явуулдаггүй, илгээсэн тайлан мэдээ зөрүүтэй, алдаатай байсан зэрэг асуудал гарсан юм. Энэхүү зөрчлийн талаар хавтаст хэрэгт нотлох баримт бүрэн авагдсан Ш.Мнь тухайн үед халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажил олгогчоос Б.Сьезхан би Ш.М-ийн дээрх гаргасан ноцтой зөрчилд цаг тухайд нь онцгой анхааруулан зарим зөрчилд нь хариуцлага тооцож, заримд нь хариуцлага тооцоогүй ч гэсэн түүнийг байгууллагын албан ажлын чухал шаардлагыг харгалзан тус байгууллага дотор өөр ажилд сэлгээн ажиллуулсан асуудлыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Б.Сьезхан би мэргэжилтэн Ш.М болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон түүний аав С.Ш явуулсан бие төлөөлөгч нарыг удаа дараа биечлэн уулзаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас арга хэмжээ авах талаар ирсэн албан тоот, гаргасан зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн танилцуулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулбал ажлаас халах хүртэл шийдвэр гарна гэдгийг жирэмсэн болон амаржсаны дараа ч удаа дараа мэдэгдэн хэлж байсан юм. Тухайлбал Б.С би “Та өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ноцтой зөрчил гаргасан. Одоо ой хүрээгүй бага насны хүүхэдтэй, нийгмийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн цаг наргүй, өдөр шөнөгүй ажилладаг маш хүнд ажил, та нялх хүүхэдтэй учраас цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр хөнгөн ажилд шилжүүлнэ. Танд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй, Таныг хөнгөн ажилд цалин хөлс болон бусад зэрэг дэвийн нэмэгдлийг бууруулахгүйгээр шилжүүлнэ” гэж хэлж байхад тэрээр уг асуудлыг тухайн үед зөвшөөрч байсан юм. Ажил олгогчийн энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр   зүйлд зааснаар мэргэжилтэн Ш.М-д ирээдүйд гаргах шийдвэрийг урьдчилан амаар танилцуулж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

8. Ажил олгогч нь мэргэжилтэн Ш.М-ийг өөр ажилд сэлгээн томилохдоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг баримталсан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Ш.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэхэд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн хууль зүйн хувьд ихээхэн учир дутагдалтай гэж үзэж байна. Ш.М-ийн ажлын байрны тодорхойлолт санхүүгийн чиглэлийн ажил үүргийг зохицуулсан байдаг юм. Ингэхээр ажил олгогч нь санхүүгийн мэргэжилтэн бүхий ажилтныг өөр ажилд сэлгээн шилжүүлэхэд Нягтлан бодох бүртгзлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан бодит нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс онцгойлон анхаарч үзэхийг хүсэж байна. Ш.М нь халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандах, тайлан тэнцлийг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, хугацаа хожимдуулах, буруу зөрүүтэй тайлан гаргах зэргээр ажиллаж байсан нь захиргааны хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

9. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0077 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрий 221/МА2019/0054 дүгээр магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд Ш.М-ийн “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай (2002) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          11. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/65 дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, 12 дугаар зүйлийн 12.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1791 тоот албан бичгийг тус тус үндэслэн” Ш.М-ийг халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, өрхийн мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон, Ш.Маржангүлээс “... хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, ... миний зөвшөөрлийг авалгүй ... өөр ажилд шилжүүлэн томилсон нь ... хууль бус” гэж, хариуцагчаас “...ажиллах хугацаандаа удаа дараа ажил үүргээ хууль ёсоор, шударгаар биелүүлээгүй, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан, эдгээр зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан заалтаар ажлаас халагдах үндэслэлтэй байсан боловч Ш.М нь дахин энэ ажлыг хийхгүй, эрүүл мэндийн байдал, жирэмсний амралтаа авах гэж байгааг харгалзан үзээч гэснийх нь дагуу албан тушаалыг бууруулалгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэн ... томилсон нь ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

12. Төрийн албаны тухай (2002) хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...” гэж зааснаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг “сэлгэн ажиллуулах”-д өөрийнх нь зөвшөөрлийг авсан байх шаардлагыг тусгайлан хуульчилсан, хариуцагч энэ хуульд заасныг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ш.М-ийн өөрийнх нь зөвшөөрлийг аваагүй нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, зөв байна.

13. Хариуцагчаас “...Ш.М болон түүний аав С.Ш-ны явуулсан бие төлөөлөгч нартай удаа дараа биечлэн уулзаж ... хөнгөн ажилд цалин хөлс болон бусад зэрэг дэвийн нэмэгдлийг бууруулахгүйгээр шилжүүлнэ гэж хэлж байхад тэрээр уг асуудлыг тухайн үед зөвшөөрч байсан” гэх боловч, энэ нь бичгийн болон бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, Ш.М-ээс “... зөвшөөрөл аваагүй, шилжүүлэн томилсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгааг үгүйсгэх, “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд сэлгэн ажиллуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

14. Түүнчлэн, хариуцагчаас “... Ш.М нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, ... эрүүгийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан, ... Алтанцөгц сумын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.А гэгчтэй үгсэн хуйвалдан байгууллагын удирдлагад буруу мэдээлэл өгч, өрх иргэнд өгөх төслийг ажлын хэсэгт танилцуулалгүй шалгаруулж, зүй бусаар санхүүжилт зарцуулсан, ... санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэснийг ноцтой зөрчиж хугацаа хожимдуулсан, 2017 оны эхний хагас жилийн тайланд холбогдох нийгмийн халамжийн сангийн улсын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус гаргаж явуулаагүй, нийгмийн халамжийн сангийн мэдээг хоцроож, баталгаажуулдаггүй явуулдаг, дээд шатны байгууллагын шаардсан тайлан, яаралтай судалгаа, тайлан, мэдээ явуулдаггүй, илгээсэн тайлан мэдээ зөрүүтэй, алдаатай байсан ...  зэрэг ноцтой зөрчил /гаргасан нь/ ... нотлогдсон” гэх боловч, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил, албан тушаалд сэлгэн ажиллуллах” зохицуулалтад албан хаагч сахилгын болон бусад зөрчил гаргасан нь түүнийг өөр ажил, албан тушаалд сэлгэн ажиллуулах үндэслэл болохоор заагаагүй байх тул “зөрчил гаргасан тул сэлгэн ажиллуулсан” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

15. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох”-оор, 10.5-д “...нэгтгэсэн санхүүгийн тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”-ээр, 12 дугаар зүйлийн 12.2-т “хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг ... /хуульд заасан/ тохиолдолд заавал хийх”-ээр, 19 дүгээр зүйлийн 19.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлох”-оор тус тус заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажил, албан тушаалд сэлгэн ажиллуулах харилцаанд хамааралгүй, мөн актын үндэслэлд дурдсан “... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 23 дугаар зүйлийн 23.1.3” гэх заалтууд нь уг хуульд байхгүй тул маргаан шийдвэрлэхэд эдгээр хуулийг тайлбарлан хэрэглээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй,  хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “.. холбогдох маргааныг хянан шийдвэрлэхэд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн хууль зүйн хувьд ихээхэн учир дутагдалтай” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

16. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн маргаан бүхий б/65 дугаар “Ш.М-ийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь дээрх байдлаар хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчээс “... үндсэн цалин,  зэрэг, дэв адил боловч, ... санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал дүгнэлт авсан тохиолдолд олгогддог шагнал, нэмэгдэл цалин нь халамжийн сангийн мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт хамааралтай, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд уг нэмэлт цалин олгогдохгүй тул ... /эрх зүйн байдал дордож байгаа/” гэх агуулгаар маргаж, холбогдох нотлох баримтууд авагдсаныг шүүх үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзлээ.

17. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18. Ш.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.С-д мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан байх тул түүний “... Б.С би ... /Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад/ 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатараас Баян-Өлгий аймагт онгоцоор очсон, ... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бие муудаж, аймгийн төвийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлж байна” гэх үндэслэлээр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110/ШШ2018/0073 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0054 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА