| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00478/И |
| Дугаар | 320/ШШ2025/00465 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00465
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг, Ц захын хажууд байрлах Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын .. дугаар баг, .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Х Б. Д (Р....)-д холбогдох,
Барааны үнэ 17,488,792 (арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 320/2025/00478/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн Б.Д-тай 2024 оны 07-р сарын 05-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан түүнээс хойш Б.Д бараа зээлээр худалдаж авч байсан. Эхлээд гэрээний дагуу тооцоогоо хийдэг байсан гэтэл Б.Д нь 2025 оны 02 дугаар сарын 12-нд 18,488,792 төгрөгийн бараа худалдан аваад үүнээс 2025.03.31-ний өдөр 1,000,000 төгрөг төлж үүнээс хойш иргэн Б.Д-д зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд мөнгө байхгүй боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Д-тай холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй хүлээж бай гэсэн хариу өгсөн дэлгүүрээ хүнд түрээслүүлсэн дам сонсоход япон явах виз гарсан өнөө маргаашгүй явах гэж байгаа гэсэн сураг сонссон тиймээс энэ хүнд яаралтай хилийн хориг тогтоож өгнө үү.
Иймд Б-О" ХХК-ийн барааны нийт мөнгө болох 17,488,792 (арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгийг Б.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б-О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б-О ХХК-д 17,488,792 төгрөгийн өртэй байснаас шүүхэд нэхэмжлэл өгсний дараа 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдсэн 5,488,792 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Ц-А нь Б-О ХХК-аас надад олгосон итгэмжлэлийн дагуу Б.Д-д холбогдох 17,488,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Манайх шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 17,488,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь 2025.04.03-ны өдөр манай компанийн дансруу 10,000,000 төгрөг, 2025.04.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул 12,000,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна. Хариуцагч нь одоо үлдсэн 5,488,792 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Д-д холбогдуулан барааны үнэ 17,488,792 (арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн барааны нийт мөнгө болох 17,488,792 (арван сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгөөс 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 5,488,792 (таван сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,394 (хоёр зуун дөчин таван мянга гурван зуун ерэн дөрөв ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-с 122,697 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн долоо) төгрөгийг, улсын орлогоос 122,697 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох барааны үнэ 17,488,792 (арван сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 17,488,792 (арван долоон сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгөөс 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг төлж биелүүлж, үлдэх 5,488,792 (таван сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун ерэн хоёр) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,394 (хоёр зуун дөчин таван мянга гурван зуун ерэн дөрөв ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-с 122,697 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн долоо) төгрөгийг, улсын орлогоос 122,697 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б-О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН