2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ж.Г /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: О.Ё /РД:*******/,

  Хариуцагч: Б.Б /РД:*******/  нарт холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З*******,

Хариуцагч О.Ё*******, Б.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц*******,

Гэрч Б.Э, Д.Н, Ө.Б, Э.Ү, Ж.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Г******* нь хариуцагч О.Ё*******, Б.Б******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ж.Г******* миний бие 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц ОСНААК ХХК-д ажилд орж 3 сарын туршилтын хугацаа дуусаад 2012 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр цахилгаанчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид орсон. Ажилд орсон өдрөөс хойш 2015 оны 10 сард тус компанийн 5 жилийн ой болон орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын баярыг хамтран тэмдэглэн баярын арга хэмжээ болж байх үед ажлын хамт олон бүгд байхад намайг Б  дүүрэг, хороо, гудамж, , тоот, 1 өрөө байрыг бэлэглэн, шагнаж урамшуулсан. Тухайн байрыг шагнаж урамшуулахдаа надаас татварт төлөх ёстой гэж хэлэн 10 000 000 төгрөгийг авч, хэсэг хугацаанд 10 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаарай, чиний нэр дээр удахгүй шилжүүлж өгнө гэж хариуцагч захирал О.Ё******* хэлсэн. Тиймээс би өнөөдрийг хүртэл тус компанид тасралтгүй 12 жил ажиллаж байгаа юм. Ажиллах хугацаанд захирлын хэлсэн бүгдийг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд тухайн хотхоны цахилгааны асуудлыг 3 цахилгаанчин хариуцан ээлжээр ажиллах ёстой байтал 7 хоногийн 24 цагаар дуудлага хүлээн авч, айл өрхийн цахилгааны гэмтэл засварыг дангаар хариуцсан, чамд байр өгсөн биз дээ гэж хэлэн ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээгүй өөр бусад хотхоны цахилгаан сантекникийн асуудал болон захирлын хувийн Тэрэлжид байрлах Глорий Ресорт гэх амралтын газрын бүхий л ажлыг хийж өнөөдрийг хүрсэн юм. Өнгөрсөн энэ хугацаанд хүнд хэцүү олон асуудлууд гардаг байсан ч тэр болгоныг захиралд хэлэлгүй өнгөрөөдөг байсан ба арга ядаад зарим зүйлийг хэлэхэд би чамд байр өгсөн биз дээ чадахгүй бол явж болно гэж хэлэхэд нь миний бие яаж ч чадалгүй өвдөх ч эрхгүй, чөлөө авах ч эрхгүй бүгдийг нь тэсэж тэвчин өнөөдрийг хүртэл хамаг залуу нас, хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулан байж өнөөдрийг хүртэл боол мэт зүтгэсээр тасралтгүй ажиллаж ирсэн . Захирлын чамд байр өгсөн тул чи бүх ажлыг хийх ёстой гэж хэлсэн үгэнд нь болж өдий олон жил тус компанид ажиллахдаа хэзээ над руу залгах бол, юу гэж хэлэх бол гэж байнгын айдас түгшүүр дарамтад доор ажилласаар ирсэн учир нь утсыг авахгүй, багахан асуудал гаргавал шууд байрыг чинь авна ажлаас хална гэж дарамталдаг байсан. Ажиллаж байх хугацаанд надад ээлжийн амралтыг 2012 оноос 2014 оны хооронд алдаг оног өгсөн, 2015 оноос 2020 он хүртэл хугацаанд амраагаагүй 24 цагаар тухайн хотхоны цахилгааныг дуудлагыг ганцаараа хүлээн авдаг байсан ба 2021, 2022 онд 1С хоногийн амралт өгсөн, 2023 онд мөн адил ээлжийн амралтыг өгөөгүй бөгөөд Хүннү 2222 хотхоны ээлжийн 2 барилгын бүх цахилгаан болон, сантехникийн үлдэгдэл засварын ажлыг ажлыг надаар хийлгүүлэн дуусгаж хүлээлгэн өгсний дараа Скай Гарден / Сансарт байрлах хотхоны сантехникийн ажлыг мөн хийсэн бөгөөд тухайн хотхоны туслах ажилчид болон хүмүүс цагаан сар гээд явсан тул чи тэр ажлыг ганцаараа хий гэж захирал хэлэхэд нь миний бие очоогүй бөгөөд түүнээс хойш Зайсан болон Нисэхэд байрлах Хурд компанийн барилгад очиж цахилгаан болон сантехникийн ажлыг хий гэж хэлсний дагуу бүгдийг нь амжуулаад явж байтал 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр амралтын газрын цахилгаан болохгүй байна очиж засаж янзал гэсний дагуу очоод засварыг хийж дуусгаад гэртээ ирээд амралтын өдөр байсан тул амарч байтал над руу залгасан байсныг сонсоогүй утсыг аваагүйд захирал О.Ё******* нь надад маш их уурласан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр чамайг ажлаас хална тэр байрыг хурдан суллаж өг гэж хэлэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр контор дээр дуудан өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай хүсэлтийг миний өмнөөс бичсэн цаас үзүүлж намайг гарын үсэг зур гээд ажлаас чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл энэ олон жил надад байр бэлэглэж, шагнаж урамшуулсан гэж хэлж бүхий л хүнд хэцүү ажлуудаа хийлгүүлсэн байж намайг үндэслэлгүйгээр халж, дээрээс нь 9 жилийн өмнө бэлэглэсэн байраа буцааж авна 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөл гэж хэлэн өрх толгойлсон эцэг намайг 3 хүүхэдтэйгээ хаашаа явахаа мэдэхгүй, орох орон гэргүй болгож байгаад маш их гомдолтой байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2012 оны 7 дугаар сарын 01-нд Ц ОСНААКонторт ажилд орсон, 2015 оны 10 сард компанийн 5 жилийн ой болсон, энэ үеэр надад Б дүүргийн хороо, гудамж 6 дугаар байр, тоот 1 өрөө орон сууцыг бэлэглэн шагнаж урамшуулсан юм. Би энэ хугацаанд компанийн бүхий л ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Надад байр бэлэглэсэн учраас би өвдөх, чөлөө авах эрхгүй бүхий л зүйлийг нь хийж ирсэн юм. Чөлөө ч авалгүй тасралтгүй ажилласаар ирсэн, ганцхан байр өгсөн шүү гэсэн үгэнд нь болсон. Хэрэв өвдөх хавдах, ээлжийн амралтаа авах гэхээр О.Ё******* байр өгсөн биз дээ гэж хэлдэг байсан. Ээлжийн амралт өгөөгүй, бүхий л ажлыг хийлгэсэн, өөрийн ажлын байр болон бусад байрны бүх ажлыг хийсэн болно. Мөн өөрийнх нь хувийн сууц, амралтын газрын ажлыг хийж ирсэн. Намайг 3 хүүхэдтэй байсан болохоор өрөвдөөд түр амьдруулсан гэж байна, энэ нь худлаа манай бага хүүхэд төрөөгүй байсан, 2016 оны 9 сард төрсөн. Мөн уг орон сууцыг бэлэглэсэн гэж О.Ё******* захирал надаас 10 000 000 төгрөгийг авч байрандаа ор гэсэн, уг мөнгийг татвар төлнө гэж хэлсэн. Уг 10 000 000 төгрөгийг би захиралд бэлнээр аваачиж өгсөн, учир нь уг 10 000 000 төгрөг бол манай эхнэр бид хоёрын байр авах гээд хадгалж байсан байрны урьдчилгаа мөнгө байсан юм. Тиймээс бэлнээр хадгалж байсан, мөн О.Ё******* захиралд өгөхдөө ямар нэгэн баримт өгөөгүй, захирал хүн бас байр бэлэглэж байгаа учраас итгэсэн. Мөн сая өөрөө байр чөлөөлж өгөөрэй гэхдээ чиний 10 000 000 төгрөгийг чинь өгчихнө гэж хэлсэн. Тиймээ миний бие 10 000 000 төгрөгийг өгсөн, олон жил ажилласан гэж байр бэлэглэсэн гэсэн атлаа юу юу ч байхгүй, олон нялх хүүхэдтэй үлдэж байна гэв.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид байр бэлэглэсэн гэдгийг гэрч нар нотлогдог. Мөн хариуцагч нь зөвхөн манай нэхэмжлэгчид биш гэрч н.Үад бас байр өгнө гэсэн байдаг. Манай нэхэмжлэлээ компанид холбогдуулан гаргаагүй, О.Ё******* болон түүний эхнэр Б.Б*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэгч нь Ц ОСНААКонторт тасралтгүй 10-аад жил ажилласан нь үнэн, байрны мөнгөний урьдчилгаа болгон хадгалж байсан 10 000 000 төгрөгийг О.Ё*******д бэлнээр өгсөн гэдэг. Байр бэлэглэсэн учраас л уг мөнгийг өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчид байр бэлэглэсэн байрыг бэлэглэхдээ арга хэмжээ дээр бэлэглэсэн, хамт олныхоо хажууд алга ташаад л өгсөн байдаг. Гэтэл одоо бэлэглээгүй, түр амьдруулж байсан гэдгийг бол зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч Б.Б******* нь үүнийг зөвшөөрөөд нэхэмжлэгчийг байрандаа амьдруулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээний үүргийг шаардаж байна гэв.

2.Хариуцагч О.Ё******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах" гэж тодорхойлсон байх “надад байр бэлэглэж, шагнаж урамшуулсан гэж хэлж,.... 9жилийн өмнө бэлгэлсэн байраа авна гэж байгаа ... ” тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ. О.Ё******* миний бие “Ц” ОСНААК-ийн захирлаар ажилладаг бөгөөд нэхэмжлэгч Ж.Г******* нь анх “Ц” ОСНААК-д анкет бөглөн цахилгаанчнаар ажилд орж байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгч ажлаасаа гарсан байдаг.  2015 онд нэхэмжлэгч Ж.Г******* нь эхнэр нь салаад явсан, салж явахдаа хүүхдүүдээ орхиод явсан гээд ажилдаа явахад хүндрэлтэй байна гэж, заримдаа хүүхдээ дагуулан ажилдаа ирж оффис дээр байлгах гэх мэтээр гэр бүхий нөхцөл байдал хүнд байна гэдэг байсан бөгөөд мөн бага хүүхэд маш жоохон байсан. Тухайн үед миний бие өөрийн эхнэртэйгээ зөвлөлдөн залуу хүнд юу эс тохиолдох вэ? Энэ залууд туслаад эхнэрийн нэр дээрх орон сууцанд түр суулгаж болох уу гэх эхнэрээсээ асууж, эхнэр маань түр өөрийн өмчлөлийн орон сууцандаа суулгаж, ядаж бага хүүхэд нь жоохон том болог тэр болтол нь түрээс энэ тэр гээд яах вэ дээ түр амьдарч байг гээд Б дүүрэг, хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 6- тоот байрандаа оруулсан байдаг юм. О.Ё******* миний бие иргэн хүнийхээ хувиар болоод, “Ц” ОСНААК-ийн захирлын хувиар хэзээ ч нэхэмжлэгчид орон сууц бэлэглэж байгаагүй. Харин ч сайхан сэтгэл гаргаж, өөрийн удирдаж байгаа байгууллагынхаа нэг ажилтанд түр ч болов тус болъё гэж, адилхан эр хүн, олон жоохон хүүхэдтэй залуу хэсэгхэн ч болов дэм болох байх гэж өөрийн эхнэрээс гуйж түүний өмчлөлийн орон сууцанд олон жилийн хугацаанд түрээсийн төлбөр ч авалгүй амьдруулсны дараа хүний өмчлөлийн орон сууцыг бэлгэлсэн гэж худал хэлж шүүхэд хандаж байгааг гайхаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... 2015 оны 10 сард тус компанийн 5 жилийн ой болон Орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын баярыг хамтран тэмдэглэн баярын арга хэмжээ болж байх үед ажлын хамт олон бугд байхад намайг БГД-н 26-р хороо, Энгелс гудамж, 6-р байр тоот, 1 өрөөр байрыг бэлэглэн, шагнаж урамшуулсан. Тухайн байрыг шагнаж урамшуулахдаа надаас татварт төлөх ёстой гэж хэлэн 10.000.000 төгрөгийг авч, тогтвор суурьшилтай ажиллаж байгаарай чиний нэр дээр удахгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн ” гэж бичсэн байна. “Ц” ОСНААК нь ямар нэг байдлаар ажилчдадаа байр өгч байгаагүй. Өөрөөр хэлбэл 10 жил ажилвал орон сууцтай болгоно гэсэн тийм зүйл, тийм дүрэм, журам “Ц” ОСНААК-д байхгүй. Түүнчлэн О.Ё******* миний бие залуу хүнд хэцүү байгаа хүнд үед нь түр ч болов туслая гэж л бодож эхнэрийн өмчлөлийн орон сууцанд түр амьдруулсан болохоос орон сууц өгнө гэж хэлж байгаагүй, орон сууц бэлэглэж ч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 10.000.000 төгрөг өгсөн гэж ингэж худлаа хэлж, ярьж болохгүй байх гэж бодож байна. Хүний сайхан сэтгэлийг уландаа гишгэж ингэж шүүхэд хандаж байгааг хараад гайхаж байна. Ер нь нэхэмжлэгч нь “Ц” ОСНААК-ийн ажилтны хувьд сүүлийн үед маш их архи  ууж асуудал гаргаад байсан учраас энэ компанийн захирлын хувьд шаардлага бол тавьсан байдаг. Гэтэл өөрөө ажлаасаа гарлаа гэж хүсэлтээ өгч ажлаасаа гарчихаад одоо ингэж шүүхэд худал үндэслэл дурьдаж нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь Ц ОСНААКомпанид ажиллаж байсан нь үнэн, тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийсэн, гэрээний дагуу ажлаа хийж байсан. Манай компанид цахилгаанчин хийж байсан. Ажлын онцлог нь 24, 48 цагаар гардаг байсан. Гэхдээ ажиллаж байх хугацаандаа өөрийнх нь нэхэмжлэлд бичиж, хэлж байсан шигээ сайн ажиллаж байгаагүй,  муу ажилладаг байсан. Учир нь оршин суугчдаас гомдол их ирдэг, архи уудаг, ажлаа тасалдаг байсан. Гэхдээ түүнийг өөрийг нь болон хүүхдүүдийг нь бодон ажиллуулж байсан. Энэ компани бол ус дулааны мөнгийг айл өрхөөс хурааж ажилчдын цалинг тавьдаг хувийн орон сууцны компани. Тиймээс хүнд орон сууц бэлэглэх чадавхи бол байхгүй. Анх Ж.Г*******ыг яагаад байранд оруулсан бэ гэхээр ажлын байранд 3 хүүхдээ аваад ирсэн, подвольд хүүхдүүдтэйгээ амьдарч байсан, тэгээд би захирал хүн учраас өрөвч сэтгэл хөдөлсөн, тиймээс би өрөвдөөд орон сууцанд оруулчих юмсан гэж бодсон. Гэтэл надад бас өөрийн гэсэн байр байгаагүй, тэгээд эхнэрийн нэр дээр байгаа байрыг зөвшилцөөд би эхнэрээсээ гуйгаад түр хугацаанд амьдруулж өгөөч гээд оруулсан. Уг орон сууцыг тухайн үед эхнэр ашиглаагүй байсан болохоор туслахаар би гуйсан юм. Түүнээс би хүний байрыг бэлэглэнэ гэж байхгүй. Манай компани бас хүнд байр бэлэглэхээр компани бол биш. Мөн нэхэмжлэгчийн надад өгсөн гэж байгаа 10 000 000 төгрөгийг огт аваагүй, харин ажлаас гарахад нь байр чөлөөлж өг гэхдээ 10 000 000 төгрөгийг өгье гэсэн нь байрнаас гарахаар түрээсийн мөнгөгүй тул туслая л гэсэн болохоор авсан болохоор өгнө гэж хэлээгүй. Одоо бол зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.1.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа "Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах" гэж тодорхойлон “... 9 жилийн өмнө бэлэглэсэн байраа авна гэж байгаа ... ” тул нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгогдож байна. Баяраа овогтой Б******* миний бие Улаанбаатар хот, Б дүүрэг, хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 6- тоот улсын бүртгэлийн Ү-2205 дугаарт бүртгэлтэй 39.51 м.кв орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ”-ний авсан бөгөөд иргэн миний хууль ёсны өмчлөлийн хөрөнгө юм. Иргэн миний хувьд нэхэмжлэгч Ж.Г*******т өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өгсөн, бэлэглэсэн зүйл огтоос байхгүй. Манай нөхөр О.Ё******* нь “Ц” ОСНААК-ийн захирлаар ажилладаг бөгөөд миний бие “Ц” ОСНААК-ийн менежерээр 2012 оноос хойш ажиллаж байгаа. 2016 онд манай нөхөр манай “Ц” ОСНААК-нд ажилдаг Г******* гэдэг залуу эхнэр нь хаяад явсан жоохон хүүхэдтэй юм байна, түр чиний өмчлөлийн орон сууцанд амьдруулж тус болъё гэж надаас асууж байсан. Тухайн үед Ж.Г******* нь нялх нойтон хүүхэдтэй, эхнэр нь хаяад явсан, өөрөө ажил хийж хүүхдүүдээ тэжээх шаардлагатай гэх мэт ар гэрийн олон зүйл байсан бөгөөд ээлжинд гарч байх үедээ ажлын цагаар хүүхдүүдээ эргэж тойрох, компанийн оффист хүүхдээ орхиж оффисын ажилчид хүүхдийг нь харах зэргээр хүндрэлтэй нөхцөл байдал байдаг байсан. Тиймээс нэг утгаараа миний бие өөрөө эх хүн, нөгөө утгаараа нөхөр маань гуйгаад нөхрийн удирддаг компанийн ажилтанд хүн гэдэг үүднээс сайхан сэтгэл гаргаж өөрийн өмчлөлийн орон сууцанд ажиллаж байх хугацаандаа түр амьдарч байг гээд ямар ч түрээс мөнгө нэхэхгүйгээр түр оруулсан байдаг. Тухайн үед компанийн зүгээс бага насны хүүхэдтэй учраас шөнийн ээлжинд ажиллуулахгүйгээр зохицуулж мөн түр амьдарч байгаа байрны ойрхон ажиллах боломжоор нь хангах зэргээр Ж.Г*******т бүхий л чадлаараа тусалж дэмжиж байсан. Энэ хугацаанд Ж.Г******* цалин хөлсөө бүрэн аваад л ажиллаж байсан бөгөөд нэгэнт эхнээсээ тус болоод түрээсийн төлбөр мөнгө авахгүй түр амьдаруулъя гэж өөрийн өмчлөлийн орон сууцандаа оруулчихсан болохоор өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр мөнгө нэхэж байгаагүй. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчихаад одоо энэ орон сууц минийх, миний өмч гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр их гайхаж байна. Ж.Г*******ын хувьд хүний орон сууцанд олон жил түрээс мөнгө төлөхгүйгээр тухтай амьдарч, үр хүүхдээ даарч хөөрөх аюулгүй орчинд өсгөж, ажлаа ийж цалин хөлсөө бүтэн авч өдий зэрэгт хүрчихээд чадах чинээгээрээ тусалж дэмжиж байсан хүний хувийн өмчийг авна гэж шүүхэд хандаж байгаа нь үнэхээр шударга бус байна. Хүүхдүүдээ өсгөж байгаа ганц бие аав хүнд хүнлэг сэтгэл гаргаж тусалсан минь одоо ингээд өөрийн хөрөнгөө алдах нөхцөл байдал хүргэнэ гэж бодож байсангүй. Ямар нэгэн байдлаар Ж.Г******* гэдэг хүнд миний бие өөрийн хөрөнгөө бэлэглэж байсан зүйл байхгүй гэдийг мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Манай нөхөр Ц ОСНААКомпанид ажилладаг. Тэгээд манай ажилчин хүүхдүүдтэйгээ подвальд амьдарч байна, чиний ашиглаагүй байгаа байранд чинь түр хугацаанд суулгая гэсэн. Би эхлээд зөвшөөрөөгүй боловч бид 2 маргалдаж байгаад өрөвдөөд суулгасан юм. Гэтэл энэ олон жил суугаад гараагүй, гэтэл одоо өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгааг бол зөвшөөрөхгүй, би байраа бэлэглээгүй, бас миний байрыг бэлэглэх зөвшөөрлийг би О.Ё*******д огт олгоогүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Б дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Ц ОСНААК ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0/38 тоот захирлын Б тушаал /хх-ийн 3-12-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч О.Ё*******гаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Ц ОСНААК ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0/38 тоот Захирлын Б  тушаал, Ж.Г*******ын гараар бичсэн өргөдөл, хариу тайлбар /хх-ийн 28, 30-33, 38-39-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Б*******гаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ү-2205 дугаартай Б.Б*******гийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хариу  тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 34-37, 40-41, 49-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

            Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Б дүүрэг, хороо, гудамж, , тоот, 1 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Б дүүрэг, хороо, гудамж, , тоот, 1 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, хавсралтыг /хх-ийн 46, 55-86-р хуудас/ бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Г*******ын нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгийг хангаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч О.Ё*******г компанийн 5 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэж байхад сайн ажилласан гэж Б дүүргийн хороо, гудамж 6 дугаар байр тоот 1 өрөө орон сууцыг бэлэглэж, шагнаж урамшуулж, татварт төлөх ёстой гэж 10 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч 12 жил тасралтгүй, үр бүтээлтэй, өдөр шөнөгүй ажиллаж байхад ажлаас чөлөөлж, орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч О.Ё******* нь нэхэмжлэгч Ж.Г*******ыг олон нялх хүүхэдтэй, орох оронгүй байсан тул түүнийг эхнэрийн өмчлөлийн орон сууцанд түр амьдруулсан, одоо нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан, түүнээс 10 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн орон сууцанд түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн болохоос бэлэглээгүй, шагнаж урамшуулаагүй, орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Ж.Г******* нь Б дүүргийн хороо, гудамж 6 дугаар байр, тоот орон сууцанд оршин сууж уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Б дүүргийн хорооны тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5.2.Нийслэлийн Б дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж , тоот хаягт байршилтай 39,51 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай Ү-2205 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Нордовод овгийн Баяраагийн Б******* нь бүртгэгдсэн болох нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000471101 дугаартай гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5.3.Хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №б/38 тоот Ц ОСНААК ХХК-ийн захирлын “Цахилгаанчин Ж.Г*******ыг үүрэгт ажлаас  нь чөлөөлөх тухай” Б тушаалаар “...барилгын салбар дахь Цахилгаанчин Жавзандорж овогтой Г*******ыг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй эсэх, уг орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар маргаж байна, нэхэмжлэгчийг Ц ОСНААК ХХК-нд ажиллаж байсан талаар маргаагүй.

 

7.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 276.2-д “хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч О.Ё*******г түүнийг сайн ажилласан гэж компанийн 5 жилийн ойн арга хэмжээн дээр бэлэглэсэн Б дүүргийн хороо, гудамж 6 дугаар байр, тоот хаягт байршилтай 39,51 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай Ү-2205 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардсан.

 

7.1.Хариуцагч О.Ё******* нь нэхэмжлэгчид орон сууцыг бэлэглээгүй, эхнэр Б.Б*******гийн орон сууцыг нэхэмжлэгчийг олон хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзаад компанид ажиллаж байх хугацаанд нь амьдрахад нь зориулж үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж, ашиглуулж байсан гэж, хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчид орон сууцыг бэлэглээгүй, орон сууцандаа хариу төлбөргүйгээр амьдруулахыг зөвшөөрч байсан, өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

8.  Хэрэгт авагдсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар байрны тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Б******* нь маргаан бүхий орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ч.Этай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл байримт тогтоогдож байна.

 8.1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

8.2.Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Ж.Г*******т маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, түүнд бэлэглэх, шагналд өгөхөөр амласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч О.Ё******* нь хариуцагч Б.Б*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэх талаарх баримтгүй, мөн хариуцагч О.Ё*******д нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлөхөөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан тул бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

9.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагч О.Ёг нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцыг 2015 оны 12 сард шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг орон сууцанд өнөөдрийг хүртлэх хугацаанд амьдарч байгаа болох нь баримтаар тогтоогдоно, мөн гэрч нарын мэдүүлгээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, 10 000 000 төгрөгийг хариуцагч О.Ё*******д шилжүүлэн өгсөн болохыг нотлоно гэсэн.

9.1.Нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг нотлоно гэж гэрчээр Б.Э, Д.Н, Э.Ү нарыг дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан бөгөөд гэрч Б.Э “...би Х ХХК-нд ажилладаг байсан, Ц ОСНААК ХХК-ийг байгуулагдсанаас нь мэднэ. 2015 оны үер баяр болсон, хаана болсон нэрийг нь сайн мэдэхгүй байна, баяр дээр О.Ё******* захирал Ж.Г*******ыг байраар шагналаа шүү гэдгийг албан ёсоор хэлсэн. Тухайн байрыг 2015 оны шинэ жилээр хүлээлгэн өгөхөд би байлцсан. Ж.Г******* нь О.Ё******* захиралд мөнгө өгнө гээд бэлэн барьсан явж байсан. Би бас түр байранд амьдарч байсан ажлаасаа гарсан, надад ямар нэгэн асуудал байхгүй”, гэрч Д.Н “...би 2012 оноос эхлэн Ц ОСНААК ажиллаж байсан, тухайн үед баяр болж байсан, уг баярт манай захирал О.Ё******* нь Ж.Г*******т 1 өрөө байр өгсөн.  Ж.Г******* 10 000 000 төгрөгийг аваад явж байсныг бол мэднэ. Намайг бас байраар урамшуулсан, арга хэмжээ дээрээ бэлэглэлээ гэсэн, нэг мэдэхэд л хөөгөөд гаргасан. Би гагнуурчин байсан бөгөөд намайг 1 байранд ор гэсэн 2017-2021 он хүртэл амьдарсан”, гэрч Э.Ү “...би Ц ОСНААКонторт ажилладаг, 2016 оны 4 сард би ажилд орсон. Надад 1 өрөө байр амлаад 10 жилийн гэрээтэй ажилд орсон. Би Ж.Г******* ахыг байрнаас нь хөөсөн гэж сонссон. Намайг 2023 оны 8 сард ажлаас халсан, би шүүхээр шийдвэрлүүлээд ажилдаа орсон. Надад болохоор 10 жил асуудалгүй ажиллавал байр өгнө гээд байранд орсон” гэж мэдүүлсэн.

9.2.Хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн компанид ажиллаж байгаад гарсан хувийн сонирхолтой гэрчүүдийг дуудсан гэж тайлбарлаад татгалзлаа нотлохоор гэрчээр Ө.Ба, Ж.А******* нарыг дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан бөгөөд гэрч Ө.Ба “...манай компаниас байр, машин урамшуулсан зүйл байгаагүй, би 2015 онд баярт бол байсан, нэг гараад ороод ирсэн чинь хүмүүс Ж.Г*******ыг өргөж байсан. Байр өгсөн гэж сонсон, би нарийн зүйлийг мэдэхгүй байна. Би уг компанид нягтлангаар ажиллаж байсан, 10 000 000 төгрөгийн талаар мэдэхгүй, компанид ийм мөнгө орж ирээгүй”, гэрч Ж.А*******ийн “...би 2010 оноос хойш өдийг хүртэл энэ компанид цахилгаанчинаар ажиллаж байгаа. Компани хүмүүсийг байраар шагнаж байсан талаар бол мэдэхгүй юм байна. Нэхэмжлэгчийг 2012 оны 7 сараас ажилд орсноос хойш л танина. Би сайн мэдэхгүй, уг баярт очоогүй” гэж мэдүүлсэн.

9.3.Шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр хариуцагч О.Ё******* нь нэхэмжлэгч Ж.Г*******т орон сууцыг бэлэглэсэн талаар зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд гэрч нар мэдүүлэхдээ “...Ж.Г*******ыг байраар шагнууллаа” гэсэн боловч “...мөнгө өгөх гээд явж байсан” гэж мэдүүлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан эсэх, Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасан тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан эсэх нь эргэлзээтэй,  өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ буюу өмчлөх эрхийг шилжүүлэх бол бичгээр хийх шаардлага хангаагүй, 276 дугаар зүйлийн 276.4-д зааснаар тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлээгүй тул үүрэг үүсээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

9.4.Хэдийгээр хэрэгт авагдсан Нийслэлийн Б дүүргийн хорооны тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч “...Ж.Г******* нь Б дүүргийн , гудамжны тоот хаягт ам бүл 4 албан ёсны бүртгэлтэй, тус хаягт оршин суудаг”, уг орон сууцыг 2015 оны 12 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь нотлогдож байгаа боловч энэхүү үйл баримт нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй бөгөөд талуудын хооронд орон сууцыг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хэдийгээр бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ боловч уг гэрээ нь санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдсанд тооцогддог.

9.5.Мөн нэхэмжлэгч нь компанид сайн ажилласан гэж байр бэлэглээд өдөр шөнөгүй, ээлжийн амралтгүй ажиллаж байхад хариуцагч О.Ё******* нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хүсэлтээр гарч байгаа талаарх хүсэлтийг бичүүлсэн, уг хүсэлтийг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №б/38 тоот Ц ОСНААК ХХК-ийн захирлын тушаалаар үүрэг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй, компаниас байраар шагнасан гэж тайлбарласан атлаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч О.Ё******* болон Б.Б*******г тодорхойлсон, орон сууцыг бэлэглэсэн гэх боловч хариуцагчид хариу төлбөр болгож 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

9.6.Иймд нэхэмжлэгчийн хариуцагч О.Ё*******, Б.Б******* нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгчээс хариуцагч О.Ё*******д орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн татварт 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан бөгөөд энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч гэрч Б.Э “...Ж.Г******* нь О.Ё******* захиралд мөнгө өгнө гээд бэлэн барьсан явж байсан”, гэрч Д.Н “... Ж.Г******* 10 000 000 төгрөгийг аваад явж байсныг бол мэднэ” гэж мэдүүлсэн нь уг мөнгийг хариуцагч О.Ё*******д хүлээлгэн өгсөн болохыг нотлохгүй боловч хариуцагч О.Ё******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би нэхэмжлэгчийг байр суллаж өгвөл түрээсийн төлбөрт 10 000 000 төгрөгийг өгнө гэж хэлж байсан гэсэн, хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэх тул нэхэмжлэгчийг хариуцагч О.Ё*******д 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.1.Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д “эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэнтэй холбоотой байрын урьдчилгаанд цуглуулж байсан 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г*******т олгохоор шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 58 дугаар зүйлийн 58.1-д “нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /70 200+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 174 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г*******ын хариуцагч О.Ё*******, Б.Б******* нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар хариуцагч О.Ё*******гаас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г*******т олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 174 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч О.Ё*******гаас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

                               

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ХУЛАН