| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2025/00094/И |
| Дугаар | 192/ШШ2025/02729 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/02729
2025 04 08 192/ШШ2025/027********
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э
Хариуцагч: Н
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол 141 000 000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,
хариуцагчийн төлөөлөгч Б.Н
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******** ХХК хариуцагч Б.********д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол 141 000 000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын хувьд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөлөө тодорхой тохирсон. Орон сууцны үнэ ********8 200 000 төгрөг, 116.5 м.кв байна гэж тохирсон. Гэрээний хавсралтаар төлбөрийн нөхцөлөө талууд тохиролцож байгуулсан. Иргэний хуульд заасны дагуу хоёр талын эрх ашгийг хангасан, саналаа тусгасан гэрээ байгуулагдсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч орон сууцыг анхны байдлаар нь хүлээлгэж өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Нэг сарын төлбөрт 3 000 000 төгрөг гэж заасныг талууд харилцан тохирч гарын үсгээ зурсан байдаг. 3 000 000 төгрөг нь зах зээлийн ханшаас өндөр үнэ биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай худалдан борлуулсан хөрөнгө үнэ цэнтэй. 4 өрөө зайсанд байрлалтай газрын зараар хөлслөх юм бол үүнээс давсан үнэтэй байна. Түрээсийн төлбөрийг талууд тохиролцож байгаад байгуулсан. Гэрээг байгуулсан өдөр түлхүүрийг хүлээлгэж өгч хариуцагч байрандаа орсон. Манай талаас эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй байрыг хүлээлгэж өгсөн. Нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тухайд орон сууцыг хүлээн авсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийт 47 сарын хугацаа өнгөрсөн байдаг. 47 сарыг тохирсон 3 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцсон. Байр чөлөөлөх шаардлага нь нэгэнт гэрээний нөгөө тал гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан тодорхой хөрөнгийг шилжүүлэхээр талууд тохирсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн мөнгөн шаардлагын үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцлах тухай заасан. Татгалзаж байгаа тухайд манай тал ойлгож байгаа. Өгсөн авснаа буцаана. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь эд хөрөнгө, өмчлөлд шилжүүлэх, хариу төлбөр төлөх үүрэг буюу урт хугацааны туршид үргэлжлүүлэн гүйцэтгэх үүрэг биш тул үүргийн зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах нь татгалзаж байгаатай адил үр дагавартай байх боломжтой гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 буюу гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохиролд орон сууцыг ашигласны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар нэхэмжлэгчийн олох ёстой байсан нэг сарын төлбөр 3 000 000 төгрөг байх боломжтой гэж үзэж байгаа. Хариуцагч нь 125 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд нийтдээ тооцоод үзэхэд 173 000 000 төгрөг төлсөн байна, маргаан байхгүй гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх байр авахдаа урьдчилгаа 50 000 000 төгрөг өгөөд сар бүр 3 000 000 төгрөг төлөхөөр гэрээг тохирсон. Төлбөрөө хугацаандаа төлж байсан. 2022 оны сүүлээр ээжийн минь бие муудаж, Хятад улс руу эмчилгээнд явах болсон тул санхүүгийн хүнд байдалд орсон. Түүнээс хойш төлбөр төлөх хугацааг нэлээд хоцроож байсан. Одоогоор гэрээний хугацаа дууссан. Нөгөө тал байраа буцааж авах нэхэмжлэлийг гаргасан байна. Манай ээжийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сард ээжийн эмчилгээ дуусах учраас түүнээс хойш сар бүрийн төлбөрийг арай өндрөөр төлөөд явах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сар бүрд 10 000 000 төгрөг төлөх боломжтой. Үлдэгдэл төлбөр 125 200 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд нийтдээ 173 000 000 төгрөг төлсөн байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт,******** ХХК-аас иргэн С.Б олгосон итгэмжлэл, 2021.01.20-ны өдрийн В-******** дугаартай захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээний хуулбар, төлбөрийн графикийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.********ы 2023.10.13 болон 2023.04.21-ний өдрүүдэд******** ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, Б.********ы төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга, 2021.08.11-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас 2025.04.07-ны өдрийн итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...********** ХХК, Б.******** нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр № В-******** тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 106.5 м.кв орон сууцны үнэ ********8 200 000 төгрөг гэж талууд харилцан тохирсон. Тус гэрээний 3.2-т Орон сууцны төлбөрөөс 50 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ Гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 3 000 000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж талууд тохиролцсон. Иргэн Б.******** нь гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээн авч, байрандаа нүүж орсон. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, уулзаж шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Орон сууцыг хүлээн авсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн тооцоход 47 сарын хугацаа өнгөрсөн байна. 47 сарыг сар бүрийн 3 000 000 тооцон дээрх орон сууцыг ашиглаж байсаны төлбөрт 141 000 000 төгрөгийг гаргуулж, мөн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсангийн аманд байрлах ********хотхон ******** дугаар байрны 8 давхарын ******** тоот 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н... Манайх анх байр авахдаа урьдчилгаа 50 000 000 төгрөг өгөөд сар бүр 3 000 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Төлбөрөө хугацаандаа төлж байсан. 2022 оны сүүлээр ээжийн минь бие муудаж, Хятад улс руу эмчилгээнд явах болсон тул санхүүгийн хүнд байдалд орсон. Түүнээс хойш төлбөр төлөх хугацааг нэлээд хоцроож байсан. Манай ээжийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сард ээжийн эмчилгээ дуусна. Түүнээс хойш сар бүрийн төлбөрийг арай өндрөөр буюу 10 000 000 төгрөгөөр төлөх боломжтой. гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч******** ХХК болон Б.******** нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж худалдагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ********хотхон, ******** байр, 8 давхар, ******** тоот, 106.5 м.кв 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2 800 000 төгрөг буюу нийт орон сууцны худалдах нийт үнэ 280 000 000 төгрөг байх бөгөөд дээрх төлбөрөөс 50 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасны дагуу төлөхөөр харилцан тохирчээ. /хх-ийн 5-8/
4.2 Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.******** нь тус компанийн Хаан банкны ****** тоот данс руу 2021.01.20-ны өдрөөс 2023.09.25-ны өдрийн хооронд нийт 173 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 125 200 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 30/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.1 Гэвч хариуцагч нь дээрх хугацаанаас хойш гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн байна.
5.2 Талуудын байгуулсан гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 3 000 000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө. гэж тохиролцсон байна.
6. Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалж, төлбөрт авсан 173 000 000 төгрөгөөс хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааг хөлсөлж байсанд тооцож, төлбөр гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцсэн байна.
6.1 Тодруулбал, Б.******** нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, байранд орж амьдарсан 2021.01.20-ны өдрөөс 47 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 141 000 000 төгрөг /47 сар х 3 000 000/ гаргуулахаар шаардсныг хангаж, тус орон сууцыг суллаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
6.2 Нэхэмжлэгч******** ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ********хотхон, ******** байр, 8 давхар, ******** тоот, 106.5 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.******** төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар шаардаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр нийт төлбөрийн 173 000 000 төгрөгөөс нэхэмжлэлээр шаардсан 141 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийн 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч******** ХХК-аас хариуцагчид буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.********д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ********хотхон, ******** байр, 8 давхар, ******** тоот, 106.5 м.кв 4 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч******** ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч******** ХХК-аас 32 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.********д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 933 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.********аас улсын тэмдэгтийн хураамжид 933 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ