| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1903011770557 |
| Дугаар | 2024/ДШМ/76 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/76
2024 01 11 2024/ДШМ/76
Р.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
прокурор В.Батдэлгэр,
шүүгдэгч Р.Ж, түүний өмгөөлөгч А.Кадербек, Р.Дашдорж,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Ж өмгөөлөгч А.Кадербекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Ж-т холбогдох эрүүгийн ****** дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Р.Ж нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, талбайд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК -ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК -ийн JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам"-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас механикч О.М нь онгоцны зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Р.Ж өмгөөлөгч А.Кадербек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж буй үндэслэл нь:
1.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй,
1.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,
1.3. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ...дүгнэлт, няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргээ бичээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр тус тус гомдол гаргаж байна.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх гомдлын үндэслэлийн тухайд:
2.1 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 34 дүгээр талд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтэд: ...Шүүгдэгч Р.Ж нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах талбайд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК -ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байхдаа “Х” ХХК -ийн JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “ Х” ХХК-ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй улмаас буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил үүргээ гүйцэтгэж байсан механикч О.М нь JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгчээс унаж, ...хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.
2.2. Анхан шатны шүүхийн энэхүү хэрэг болсон үйл явдлыг дүгнэсэн 1-т шүүгдэгч Р.Ж нь хохирогч О.М гаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэх?, 2-т “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2.3. Шүүгдэгч Р.Ж нь хохирогч О.М гаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн үү? Тийм эрх бүхий субъект мөн, биш эсэх талаар:
2.4. 2 дугаар хавтаст хэргийн 1-9 дүгээр талд шүүгдэгч Р.Ж “Х” ХХК -тай 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” авагдсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т гүйцэтгэх үндсэн ажил үүрэг гэж, ээлжийн хугацаанд техник үйлчилгээ цаг тухайд удирдамжийн дагуу гардан хийж нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, Засвар, техник үйлчилгээг техник үйлчилгээний заавар журмын дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэх болон ажлын байрны тодорхойлолтод заасан бусад гэж шүүгдэгчийн Хөдөлмөрийн гэрээний дагуу хийж, хэрэгжүүлэх ажлын чиг үүргийг тодорхойлж өгсөн.
2.5. Мөн 1-р хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан гэрч Б.Б мэдүүлэгт “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед манай “Х” ХХК -ийн Эрээн-Улаанбаатар чиглэлийн JU-8811 агаарын хөлөг Чингис Хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн талбайд бууж манай ажилчид агаарын хөлөг дээрээ очиж нисэхийн дараах үзлэг хийн О.М , Баттулга бид гурав агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгчийг хучихаар болж агаарын хөлгийн баруун хойд хэвтээ тэнцвэржүүлэгчийн доор “Катеринг бага оврын машины жолооч эрэгтэй хүнд нь хэлж байрлуулсан машинаар дамжин агаарын хөлгийн баруун хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучиж, дараа нь зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучихаар машинаа эргүүлэн байрлуулан О.М бид хоёр дээр нь гаран би түшиж, О.М агаарын хөлгийн зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчийн дээр гарч тэнцвэржүүлэгчийг бүтээж би доор нь машин дээр зогсоод уянуудыг нь уяж байхад шагай “би бууя” гэхээр нь эргээд харсан харагдаагүй. Тэгэхээр нь за одоохон бас нэг уяа уячихад дахин эргээд хартал О.М зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс зүүгдчихсэн өөрөө буух гэж байсан. “Хүүе байж бай” гээд очоод барьж авах хооронд доошоо унаж машин дээр хөлөөрөө буугаад эрчээрээ доошоо дагзаараа газар унасан гэх мэдүүлгээр...”,
2.6. Мөн хэрэгт авагдсан гэрч нарын ...онгоцны далавч хучих ажлыг урд өмнө байнгын тогтвортой хийдэг байсан гэх мэдүүлгээр хохирогч О.М д онгоцны хойд хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучих ажил үүргийг шүүгдэгч Р.Ж хийлгээгүй, “Онгоцны хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучих ажил үүрэг нь агаарын хөлгийн компанийн өдөр тутмын хийдэг ажлын нэг бөгөөд үүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хуулийн этгээдийн гүйцэтгэх ажил үүрэг эрхэлдэг механикч, инженерүүдийн хэн нь ч хийж, хэрэгжүүлэхээр байна.
2.7. Гэтэл шүүх болон прокурорын зүгээс шүүгдэгч Р.Ж “Х” ХХК -ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байхдаа “Х” ХХК -ийн JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Х” ХХК -ийн өндөрт ажиллах журмыг биелүүлж ажиллаагүй гэж буруутгаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
2.8. Угтаа бол агаарын хөлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК -ийн онгоцны далавч хучих ажил нь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтнуудаар хийлгэж буй компанийн өдөр тутмын төлөвлөгөөт ажлуудын нэг учир, үүнийг шүүгдэгч Р.Ж бусдад үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй юм.
2.9. Шүүгдэгч Р.Ж нь “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй улмаас буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил үүргээ гүйцэтгэж байсан механикч О.М нь JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгчээс унаж, ...хүнд хохирол учруулсан гэх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх гомдлын тухайд:
2.10. 2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар талд мөрдөгч хэрэг гарснаас хойш 4 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК -ийн шугамын үйл ажиллагааны заавар гэх баримт бичигт үзлэг хийж, “Line procedure Manual” гэсэн англи хэлтэй үйлдэгдсэн баримтуудыг хураан авч, орчуулга хийлгэн хэрэгт нотлох баримтаар тусгасан байдаг.
2.11. Уг мөрдөгчийн хураан авсан англи хэл дээр үйлдэгдсэн гэх “Line procedure Manual” 4.20 гэх баримт бичиг 2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан бөгөөд харин уг баримт бичигт орчуулга хийлгэсэн баримт 2 дугаар хавтаст хэргийн 71-74 дүгээр талд авагдсан байдаг.
2.12. Энэхүү орчуулга хийсэн “Line procedure Manual” гэх баримт бичгээс үзэхэд 2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар талд 4.20.1 гэж дугаарласан, “Өндөрт ажиллах журам” гэж “...өндөрт ажиллах нь газрын гадаргуугаас 1.5 метрээс дээш өндөрт ажиллах тавцан бүхий өргөх тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэх аливаа ажил...”, “өргөх тоног төхөөрөмж” гэж “...2 метрийн өндрөөс дээш шат, тавцан юм уу телескопын өргөх хэрэгсэл...”, “өргүүр” гэж “...өндөр ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг дагаж мөрдөн, зориулалтын тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хэрэгслийг ашиглах нь ажилтны үүрэг хариуцлага юм...” гэх бичмэл нотлох баримт хэрэгт авагдсан байдаг.
2.13. Гэтэл шүүгч, прокурорын зүгээс шүүгдэгчийг Р.Ж “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам ”-д заасан А. Ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, Б. Алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах, В. Уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан “Х” ХХК -ийн өндөрт ажиллах журам 4.20 гэх баримт бичгээр нотлогдоогүй болно.
2.14. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Х” ХХК -ийн 4.20 “Өндөрт ажиллах журам” гэх бичмэл нотлох баримтад өндрийн төхөөрөмж гэдэгт 2 метрээс дээш шат, тавцан юм уу өргөх хэрэгсэл, өргүүр гэж тодорхойлсон бол өндөрт ажиллах журмыг өндөрт ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан дагаж мөрдөх үүрэгтэй гэж тодорхойлж, ээлжийн ахлах уг журыг дагаж мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих нэг ч зохицуулалт байхгүй болно.
2.15. Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах үүргээ шүүгдэгч хэрэгжүүлээгүй гэж тодорхойлж буй тоног төхөөрөмжүүд нь чухам ямар тоног төхөөрөмж болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй? Өндөрт ажиллах журамд заасан гэх боловч уг журамд шүүгчийн шийтгэх тогтоолд дурдсан тоног төхөөрөмжийн талаар дурдаагүй байхад.
2.16. Анхан шатны шүүл шүүгдэгчийг “Х” ХХК -ийн 4.20 өндөрт ажиллах журамд заасан “Ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах үүргээ шүүгдэгч хэрэгжүүлээгүй гэж буруутгаж буй нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.
2.17. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дугаар талд авагдсан шинжээч С.Б гаргасан дугаар тоот “Шинжээчийн дүгнэлт” нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд энэ үед “Х” ХХК - ийн “Өндөрт ажиллах журам” гэх бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээч хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт 1 хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт гаргасан талаар дүгнэлтэд дурдах ба мөн шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан Р.Ж нь ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд, тэрээр “Х” ХХК -ийн 4.20 “Өндөрт ажиллах” журамд заасан өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан байна гэж дүгнэлт гаргасан боловч, шүүгдэгчийн хэрэгт авагдсан “Х” ХХК -аас гаргаж өгсөн “ажлын байрны тодорхойлолт нь хуурамч болох нь 2 дугаар хавтас хэргийн 38-40 дүгээр талд авагдсан шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 926 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
2.18. Мөн “Х” ХХК -ийн 4.20 “Өндөрт ажиллах журам” зэрэг баримт бичгүүдийг “Х” ХХК нь хэрэг гарсан цаг хугацаанаас хойш 2019 оны 10 дугаар 17-ны өдөр шинээр үйлдсэн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 155-158 дугаар талд авагдсан мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
2.19. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Х” ХХК нь хэрэг гарсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Line procedure Manual” гэх шугамын үйл ажиллагааны гарын авлага гэх баримт бичгийг өмнө нь 4.20 дээр байгаа “Defective Components to Outside Contractor” буюу гэмтэлтэй эд ангиудыг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэх зааврыг өөрчилж, 4.20-т “Procedure to word high evelation” буюу “Өндөрт ажиллах журам” гэж өөрчилсөн болох тогтоогдсон.
2.20. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ж
2.21. 1 дүгээрт хуурамч баримт бичиг ашиглан гарсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн,
2.22. 2 дугаарт хэрэгт авагдсан “Х” ХХК -ийн 4.20 “Өндөрт ажиллах “ журам гэх баримт бичигт огт байхгүй тоног төхөөрөмжийг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж,
2.23. 3 дугаарт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш үйлдэгдсэн компанийн журмыг хангуулж ажиллаагүй гэж буруутгаж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Ж-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
3. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэх гомдлын тухайд
3.1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 38 дугаар талд ...2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан “Ээлжийн ахлах”-н ажлын байрны тодорхойлолтоор нэгжийн нэрийг техник үйлчилгээний хэлтэс, шууд харьяалах албан тушаал нь агаарын хөлгийн механикч гэж тодорхойлсон, ажлын байрын зорилго нь техник үйлчилгээний хэлтсийн бүхий л ажлыг удирдан зохион байгуулж агаарын хөлгүүдэд хийгдэх засвар үйлчилгээг, техник үйлчилгээг тогтоосон графикт хугацаанд регламент технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийлгэн, техникийн талаас нь нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах, ...гэжээ. Мөн механикчийн ажлын байрны тодорхойлолтод харьяалагдах нэгж нь техник үйлчилгээний хэлтэс байх ба шууд харьяалах албан тушаал ажлын байр нь Техник үйлчилгээний ерөнхий менежер, ээлжийн ахлах, алхах инженер зэрэг байна. Эдгээрээс үзэхэд ээлжийн ахлахад шууд харьяалагдах албан тушаалтан нь механикч байх ба ээлжийн ахлах нь тэднийг ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг баримтлан ажиллуулах үүрэгтэй гэж үзэх үндэслэл болж байна гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ.
3.2. Гэтэл энэхүү анхан шатны шүүхийн үндэслэл болгож буй 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч Р.Ж ажлын байрны тодорхойлолт гэх нотлох баримт хэрэгт эх хуваар нь авагдаагүй. Ийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Үүнийг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсье.
3.3. Харин шүүгдэгч Р.Ж ажлын байрны тодорхойлолт гэх 1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дугаар талд авагдсан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад “Х” ХХК хуурамчаар үйлдэж, мөрдөх байгууллагад нотлох баримтаар гарган өгсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 38-40 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
3.4. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 105-109 дүгээр талд авагдсан “Х” ХХК -ийн “Техник үйлчилгээний хэлтсийн дарга” Ц.А ын ажлын байрны тодорхойлолтын ...Хоёрт ...Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт явагдаж буй бүхий л үйл ажиллагааг техник үйлчилгээ байгууллагын үйл ажиллагааны тодорхойлолтын цар хүрээнд хийгдэж байгааг хянах гэсэн бол ажлын байрны тодорхойлолтын гуравдугаар бүлгийн 3-т Хэлтсийн ахлах инженер, инженер, мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, Хэлтсүүдийн ажилтнуудад ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой үүрэг даалгавар өгч заагдсан хугацаанд чанартай биелүүлэхийг шаардах гэж заасан бол
3.5. 1 дүгээр хавтаст хэргийн 110-115 дугаар талд авагдсан техник үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежер Д.Д ажлын байрны тодорхойлолтын хоёрт: ...техник үйлчилгээний хэлтсийн бүхий л ажлыг удирдан зохион байгуулж, агаарын хөлгүүдэд хийгдэх засвар үйлчилгээг тогтсон график хугацаанд нь регламент технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийлгэн, техник талаас нь нислэгийн аюулгүй байдлыг хариуцах, “Х” ХХК-д ашиглагдаж байгаа агаарын хөлгийн их бие буюу хөдөлгүүр эд ангийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд зөвшөөрөгдсөн бичиг баримтын дагуу зөвшөөрөгдсөн материалаар хийж гүйцэтгэх гэж, мөн ажлын байрны тодорхойлолтын гуравдугаар бүлгийн 3 дахь хэсэгт Өдөр тутам хийгдэх техник үйлчилгээ, засварын ажлын үед аюулгүй ажиллагааг хангах, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавих гэж заасан бол мөн ажлын байрны тодорхойлолтын дөрөвдүгээр бүлгийн 1-т “бүх техник үйлчилгээний засварын ажлууд зөвшөөрөгдсөн бичиг баримтын болон байгууллагын дүрэм журмын дагуу явагдаж байгааг хариуцах” гэсэн бол 3-т “Нислэгт шаардагдах үйл ажиллагааны болон аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг бэлэн байлгахыг хариуцах” гэж тус тус заасан бол
3.6. 1 дүгээр хавтаст хэргийн 129-136 дугаар талд авагдсан “Х” ХХК -ийн Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн Ерөнхий журам гэх баримт бичгийн...
3.7. Хоёрт “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн ажлыг зохион байгуулах гэж, 2.1-т Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн зөвлөлийн ажлыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, орон тооны болон орон тооны бусаар ажиллуулна гэж, эдгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг гаргаж мөрдүүлэн гэж, 2.3-т Тушаалаар томилогдсон зөвлөл нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, заавар, стандарт байгууллагын дотоод журмын хэрэгжилтийг хангуулах гэж заасан бол
3.8. 2 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан “Х” ХХК -ийн захирал, П.Мөнхжаргалын гэрчийн мэдүүлэгт “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу хэрэг гарсан өдөр Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан бол байгаагүй, Ж.Б гэх хүн анх 2018-05 дугаар Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ар гэрт нь гачигдал гараад ажлаас чөлөөлөгдсөн байсан. Харин хувийн компанид тэр чиглэлээр мэргэшсэн ажилтан олддоггүй юм, тухайн үед захиргаандаа дотоодоосоо хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн сонирхолтой ажлын дадлага туршлагатай нисэхийн салбарт ажиллаж байсан хүн судалж авах үүрэг чиглэл өгсөн...” гэж мэдүүлжээ.
Энэхүү гомдолд иш татаж дурдсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Х” ХХК -ийн техник үйлчилгээний хэлтсийн дарга, Ц.А , Д.Д нар нь Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон онгоцны эд ангиудад засвар үйлчилгээ хийх инженерийн эрхтэй /гэрчилгээтэй/ мөн Ц.А , Д.Д нь, өдөр тутам хийгдэх техник үйлчилгээ, засварын ажлын үед аюулгүй ажиллагааг хангах, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавих, бүх техник үйлчилгээний засварын ажлууд зөвшөөрөгдсөн бичиг баримтын болон байгууллагын дүрэм журмын дагуу явагдаж байгааг хариуцах, Нислэгт шаардагдах үйл ажиллагааны болон аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг бэлэн байлгахыг хариуцахаар ажлын байрны тодорхойлолтод тусгасан эдгээр хүмүүсийн ажил үүргийг хуваар байхаас гадна “Х” ХХК -ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн журамд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйг захирлын зөвлөлийн хурлаас томилогдсон хүн хариуцан ажиллахаар мөн 2018-2019 оны 9 дүгээр сар хүртэл Ж.Б гэдэг хүн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйг хариуцан ажиллаж байсан зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг анхаарч үзээгүй, нөгөө талаас гомдолд дурдагдсан эдгээр хэргийн үйл баримтын талаар 1 шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 23 дах хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ...дүгнэлт, няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргээ бичээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдлын тухайд
4.1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 34 дугаар талд шүүгдэгч Р.Ж нь “Бусдын биед хунд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нар... , шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 140-145 дугаар талд авагдсан ээлжийн ахлахын ажлын байрны тодорхойлолт, шугамын үйл ажиллагааны гарын авлагын зарим хэсэг буюу 4.20 “Өндөрт ажиллах журам” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэжээ.
4.2. Гэтэл анхан шатны шүүх энэхүү 4 хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас 20 гэрчийн мэдүүлэг, 2 шинжээчийн дүгнэлт, “Х” ХХК -ийн 4.20 өндөрт ажиллах журам зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтаар үнэлэхдээ.., шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгийн аль хэсэг нь хэрэгт ямар ач холбогдолтой үйл баримтыг нотолсон, үүнийг хууль ёсны гэж үзсэн шүүгчийн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт зэргийг огт дурдаагүй орхигдуулсан нь Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
4.3. Үүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон нотлох баримтын жагсаалтад шийтгэх тогтоолын 36 дугаар тал ...Ээлжийн ахлахын 1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар талд авагдсан ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлсэн нь шүүх хуурамч нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар талд Р.Ж ажлын байрны тодорхойлолт 2 дугаар хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон.
4.4. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримтын агуулга, өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгийн аль хэсэг нь хэрэгт ямар ач холбогдолтой үйл баримтыг нотолсон, үүнийг хууль ёсны гэж үзсэн шүүгчийн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт зэргийг огт дурдаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье.
5. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлын тухайд
5.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хунд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдэхдээ ...11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэргийн объектив талын шинжээс “Захиргааны хэм хэмжээний” актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж, хэргийн зүйлчлэл хийсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.2. Тухайлбал анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 43 дугаар тал, 6 дах заалтад “Х” ХХК агаарын нислэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд “Шугамын журам авлага, мөн гарын авлагын 4.20 “Өндөрт ажиллах журам”-г зохицуулж, тухайн байгууллагад дагаж мөрддөг байх тул тухайн заавар, журам нь байгууллагын захиргаанаас дотооддоо мөрдөхөд чиглэсэн акт байх түл захиргааны хэм хэмжээний акт бүс гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.
5.3. Угтаа бол шүүх “Х” ХХК -ийн 4.20 “Өндөрт ажиллах журам” гэх 2 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулж баталсан гэх зааврыг “Захиргааны хэм хэмжээний акт” гэж дүгнэсэн нь шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5.4. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж хуульчилсан.
5.5. Энэхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг нэг болох “Захиргааны хэм хэмжээний акт” гэх нэр томьёоны талаар хуульчилсан Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд хуульчилсан байдлаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд “Захиргааны хэм хэмжээний акт” гэж 59.1 дэх хэсэгт “3ахиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж, мөн хууль тогтоогчоос хуулийн тайлбарт “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн ур дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэж хуульчилжээ.
5.6. Үүнээс үзэхэд хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагаанд зориулж баталсан заавар, тушаал, дүрэм, журам нь захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд Хуулийн этгээд нь Захиргааны байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөх болохоос Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх хэмжээтэй субъект биш гэдгийг энд онцгойлон дурдаж байна.
5.7. Иймээс анхан шатны шүүх шүүдэгч Р.Ж хуулийн этгээдийн дотоод дүрэм, журам, зааврыг зөрчсөн нь Захиргааны хэм хэмжээний актыг зөрчих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, хууль хэрэглэсэн нь 1-рт эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, 2-рт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.8. Иймд шүүгдэгч Р.Ж үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй Шинжээч С.Б гийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №05-092-44 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тухайд:
6.1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Б 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №05-092-44 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан боловч С.Б нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК- гарсан О.М нь онгоцны хойд тэнцвэржүүлэгчээс унасан гэх асуудлыг үйлдвэрийн осол мөн гэж дүгнэж, үйлдвэрийн ослын акт тогтоосон нь үйл баримт 1 дүгээр хавтаст хэргийн 81- 82-р талд авагджээ. Энэ тохиолдолд С.Б нь хожим нь уг хэрэгт шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргах нь шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол шинжээчээр ажиллаж болохгүй гэж хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна. Мөн шинжээч С.Б нь гаргасан шинжээчийн дүгнэлтэд “Х” ХХК -ийн ээлжийн ахлах Р.Ж нь Хөдөлмөр аюулгүй байдал, эр\үл ахуйн тухай хуулийн 28.1.1 дэх заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэлт гаргасан боловч хуулийн дээрх зохицуулалт ажил олгогчийн үүрэгт хамаарах заалт бөгөөд Р.Ж энэ үед “Х” ХХК-д ээлжийн ахлах инженер албан тушаалд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиглуулж байгаа этгээдийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Ж нь дээрх хуулийн заалтад хамаарах ажил олгогч биш байна”. /2009 оны Шүүх шинжилгээний үндэсний тухай хуулийн, 1997 оны Хөдөлмөрийн хууль хэрэг гарах үед мөрдөгдөж байсан./
6.2. Үүнээс гадна 2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр талд Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан шийдвэрт “Р.Ж-т холбогдох хэрэгт гарсан мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтийг” прокурор яллах талын нотлох баримтын үндэслэл болгоогүй, шинжээчийн дүгнэлт хуурамч баримтад үндэслэн гарсан зэргийг хүлээн зөвшөөрсөн боловч хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
6.3. Угтаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилох, шинжээчийг дүгнэлт хууль бус гарсан талаарх гаргасан гомдол, хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэсэн мөртлөө, хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “...нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан гэж үзнэ.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож. Р.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Ж цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ю.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурорын зүгээс Х.Жандосыг цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн бодит байдлыг тогтоохоор ажилласан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хууль зөрчсөн зөрчил гаргаагүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн ахлах инженер Р.Ж шөнийн цагаар ажил үүрэг гүйцэтгэж байсан. Д, А нар нь тухайн өдөр өдрийн цагаар ажил үүргийг хариуцаж ажиллуулах ёстой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд шинжээч мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлгээр “Х” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад нийцсэн акт гаргаж, тэдгээрт заасан багаж хэрэгслээр ажилчдаа хангасан нь тогтоогдсон. Үүнийг ээлжийн ахлах инженер хариуцах ёстой. Хавтаст хэрэгт дээр дурдсан актыг гаргаагүй, зохих багаж хэрэгслээр хангаагүй талаар нотлох баримт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс тодорхой хүсэлтүүдийг гаргасаар ирсэн бөгөөд гаргасан хүсэлт бүрд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуурамч нотлох баримт үйлдсэн болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь зохисгүй санагдаж байна. Тухайн асуудлыг Авлигатай тэмцэх газар, болон шат шатны прокурорын байгууллага шалгасан боловч хуурамч нотлох баримт хэрэгт авагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгчийн тайлбарласан зөрүүтэй нотлох баримт буюу Амгаабазар, Даваадорж, Жандос гэх хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт хоорондоо ямар зөрүүтэй учраас Р.Ж гэм буруутайд тооцсон талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 37-40 талд дүгнэсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцсон, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсныг бүгд харсан байх. Шүүгдэгч тухайн байгууллагад 2012 оноос хойш ажилласан талаараа хэллээ. Тэрээр 2012 оноос ажиллахдаа нэг ч удаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах сургалтад сууж байгаагүй, нэг ч удаа хүн хариуцаж ажиллаж байгаагүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хэргийн хүрээнд бүх нөхцөл байдлуудыг дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Р.Ж өмгөөлөгч Р.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэргийн гол маргаан нь миний үйлчлүүлэгч гэмт хэргийн субъект эсэх дээр явагддаг. Яагаад эрх бүхий албан тушаалтнууд хэрэгт татагдахгүй байна вэ, гол нөхцөл байдал нь юу байв гэдэг асуудлыг ярьдаг. Нэг үгээр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг хавтаст хэргийн хүрээнд тогтоож чадаагүй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***** дугаар шинжээчийн дүгнэлтэд үндэслэн буруутгасан. Уг дүгнэлтийн гол заалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өндөрт ажиллах журмын 4.20 дэх хэсгүүд юм. Гэтэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь ажил олгогч, тэдгээрийн үүрэгт зориулан хуульчилсан заалт юм. Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч ажил олгогч биш. Түүнчлэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн байгууллага нөлөөлсөн үү, зохих үүргээ биелүүлсэн үү. Шинжээчийн дүгнэлтэд зориулалтын бус машин ашигласан, өндрийн бүс зүүгээгүй гэж дурдагдсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн байгууллагад онгоц хучих аргачлал, журам байдаггүй. Өндөрт ажиллах журам зөрчсөн гэж үзэж байгаа бол өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдсөн үү, хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй гэж, мөн зүйлийн 27.2 дахь хэсэгт ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж тус тус заажээ. Гэтэл тухайн байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженер байхгүй, зөвлөл ажиллаагүй. Ийм байтал шинжээчийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг ажил олгогч гэж нэрлээд, ажилчдын аюулгүй байдлыг Р.Ж хариуцна гэсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр суралцсан, гэрчилгээ авсан, эрх авсан тухай баримт хэрэгт байдаггүй. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.1, 28.1.3, 28.1.8 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй. Мөн “Х” ХХК -д онгоц хучихтай холбоотой стандарт, дүрэм, журам байдаггүй бөгөөд хэрэгт татагдах ёстой этгээд татагдаагүй. Тухай ээлжийн ажлыг ахалж явсан Р.Ж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэгтэй байна. Би “Х” ХХК -д 2012 оноос хойш ажиллаж байна. Тухайн байгууллагад онгоц хучихтай холбоотой стандарт, дүрэм, журам байдаггүй. Онгоцны далавчийг цанталтаас хамгаалахдаа онгоцыг том гражид оруулна, граж байхгүй бол нислэгээс 30 минутын өмнө тусгай шингэн цацдаг. Тухайн шингэн үнэтэй байдаг бөгөөд нэг удаагийн цацалтад 10.000.000-20.000.000 төгрөгийн зардалтай. Энэ зардлыг гаргуулахгүйн тулд байгууллагын удирдлагууд далавчийг хучих арга хэмжээ авдаг байсан. Анхан шатны шүүхээс намайг ээлжийн ахлагчаар ажиллаж байсанд үндэслэн ял өгсөн. Би хөдөлмөрийн аюулгүй байдлыг чиглэлээр сургалтад сууж байгаагүй, гэрчилгээ авч байгаагүй. Би онгоцыг нислэгт бэлэн байлгах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах чиг үүрэгтэй. Мөн зориулалтын машин хэрэглээгүй гэдэг. “Х” ХХК -д зориулалтын машин байдаггүй. Хамгаалалтын каск мөн байгаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд дурдагдсан. Би одоо ажилгүй, ял шийтгэл хүлээгээд байж байна. Монголд ажил олдохгүй болохоор нь гадаад улс руу гарах гээд цагдаагаас тодорхойлолт автал анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад ял шийтгэлтэй гэсэн лавлагаа гарсан. Би 3 хүүхэдтэй, эхнэр минь бамбайн хавдар болж хагалгаанд орсон. Шударга үнэнийг тогтоож, намайг цагаатгаж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадербекын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг “шүүгдэгч Р.Ж нь хохирогч О.М гаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, мөн “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулах, уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн боловч Р.Ж, “Х” ХХК буюу ажил олгогч нарын дунд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.1.2 дахь хэсэгт “гүйцэтгэх үндсэн ажил үүрэг гэж ээлжийн хугацаанд техник үйлчилгээ цаг тухайд удирдамжийн дагуу гардан хийж нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, засвар, техник үйлчилгээг техник үйлчилгээний заавар журмын дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэхээр заасан” байна.
Гэрч Б.Б өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед манай “Х” ХХК -ийн Эрээн-Улаанбаатар чиглэлийн JU-8811 агаарын хөлөг олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн талбайд бууж манай ажилчид агаарын хөлөг дээрээ очиж нисэхийн дараах үзлэг хийн О.М , Б бид 3 агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгчийн доор “Катеринг” бага оврын машины жолооч эрэгтэй хүнд нь хэлж байрлуулсан машинаар дамжин агаарын хөлгийн баруун хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучиж, дараа нь зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучихаар машинаа эргүүлэн байрлуулан О.М бид хоёр машин дээр гарч би түшиж О.М агаарын хөлгийн зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгч дээр гарч тэнцвэржүүлэгчийг бүтээж би доор нь машин дээр зогсоод уяануудыг нь уяж байтал О.М “би бууя аа” гэхээр нь эргээд хартал харагдаагүй. Тэгэхээр нь би за одоохон гээд бас нэг уяа уячхаад дахин эргээд хартал О.М зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс зүүгдчихсэн өөрөө буух гэж байсан. Хүүе хүүе байж бай гээд очоод барих хооронд тэр доошоо унаж машин дээр хөлөөрөө буугаад эрчээрээ доош дагзаараа газарт унасан. ...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилд гарахдаа ажлын хувцас өмсөж гарсан. Харин хамгаалалтын тусгай хэрэгсэл, хамгаалалтын каск, хамгаалалтын өндрийн бүсийг хэрэглээгүй. Ер нь агаарын хөлгийн инженер, механикч нар өндөрт ажиллахдаа өндрийн төхөөрөмж уналтаас хамгаалах каск малгай, хамгаалалтын бүсийг хэрэглэдэг. ...мөн механикч нар өөрсдөө ч ажил үүрэг гүйцэтгэхдээ өөрийн аюулгүй байдлыг хангаж, компанийн заавар зөвлөмж, стандартыг мөрдөж ажлын хувцас хамгаалалтын хэрэгсэл, хамгаалалтын малгай бүсийг хэрэглэж ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 тал/,
гэрч Л.Б өгсөн “...тухайн үед О.М , Б, Б бид 3 агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийг бүтээлгээр хучих ажлыг хийж гүйцэтгэсэн. Хуваарьтай үүргийн дагуу л дээрх 3 механикч агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэргийг бүтээлгээр хучих хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Их хүйтэн байсан учир цанталт мөстөлтөөс урьдчилан сэргийлж агаарын хөлгийн хучилт хийсэн. Хасах градуст агаарын хөлгийг цанталт, мөстөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээлгээр хучдаг. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 тал/,
гэрч Д.Д өгсөн “...ажилд гарахад бүх ажилчдад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулдаг. Зааварчилгааг тухайн өдрийн ээлжийн ахлах нар хариуцан танилцуулдаг. Тэр үед ээлжийн ахлагчаар ахлах инженер Р.Ж ажиллаж байсан. Ахлах инженер Р.Ж хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 тал/,
гэрч Ц.А өгсөн “...Тухайн үед О.М агаарын хөлгийг хучих ажлыг хийх үүрэгтэй байсан. Үүргийн дагуу агаарын хөлгийг хучсан. Бүх механикч нар уг ажлыг хийсэн. Ажилдаа гарахад нь бүх ажилчдад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулдаг. Зааварчилгааг тухайн өдрийн ээлжийн ахлах нар танилцуулдаг. Ээлжийн ахлахын ажлын байрны тодорхойлолтод агаарын хөлөг, түүний эд анги болон бусад тоног төхөөрөмж дээр ажиллуулахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг баримтлан ажиллуулах талаар заасан байдаг. Тэр үед ээлжийн ахлахаар ахлах инженер Р.Ж ажиллаж байсан. Ахлах инженер Р.Ж хариуцан хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 тал/,
гэрч Б.А өгсөн “...тухайн үед О.М , Буд, Батзориг гурав катерингийн машиныг ашиглан агаарын хөлгийн баруун болон зүүн хэвтээ тэнцвэржүүлэгчийг бүтээлгээр хучиж байсан. Ер нь агаарын хөлгийн инженер, механикч нар агаарын хөлөг дээр ялангуяа өндөрт гарт ажиллах тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын тусгай үйлчилгээний албанд өндрийн шаттай машин захиалж өндрийн шаттай машиныг ашиглан ажилладаг журамтай. Тухайн үед уг машиныг ашиглаагүй, өөрийн компанийн хоол, ундаа тээвэрлэдэг зориулалт бүхий катерингийн машиныг ашиглан өндөрт гарч ажиллаж байсан. Энэ бол буруу. Ажилд гарахад хамгаалалтын малгай, бүс бол байсан. Бид нар өөрсдөө хэрэглээгүй гарсан. Тухайн үед механикч О.М хамгаалалтын малгай, бүсээ хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/ зэргээс агаарын хөлгийн хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучих хучилтын ажил нь агаарын хөлгийн компанийн өдөр тутмын хийдэг ажлын нэг бөгөөд энэхүү ажлыг механикч, инженер нар хэн аль нь хийж хэрэгжүүлдэг, тиймээс “Х” ХХК -ийн агаарын хөлгийн далавч хучих ажил нь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтнуудаар хийлгэж буй компанийн өдөр тутмын төлөвлөгөөт ажлуудын нэг учир үүнийг шүүгдэгч Р.Ж бусдад үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, “мөн тухайн осол гарах өдөр JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих үүргийг ээлжийн ахлах инженер Р.Ж өгсөн талаар гэрч нараас мэдүүлжээ. Эдгээр нотлох баримтаас үзэхэд ээлжийн ахлах инженерээр ажиллаж байсан шүүгдэгч Р.Ж нь агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгчийг хучих үүргийг өгөөгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.
2. Мөн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Г “Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл” 2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан байх ба “Х” ХХК -ийн шугамын үйл ажиллагааны заавар гэх баримт бичигт үзлэг хийж “line procedure manual” гэсэн англи хэл дээр үйлдэгдсэн баримтуудыг хураан авч, оруулга хийлгэн хэрэгт хавсаргасан ба 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №05-092/44 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч С.Б гийн дүгнэлт үйлдэгджээ. Дүгнэлтэд “Х” ХХК -ийн шугамын үйл ажиллагааны заавар гэх баримт бичигт үзлэг хийж “line procedure manual” буюу “Шугамын журмын гарын авлага” ба “4.20 өндөрт ажиллах журам”-ийг үндэслэсэн байх боловч тус журам 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “line procedure manual” буюу “Шугамын журмын гарын авлага” ба “4.20 өндөрт ажиллах журам” болон ажлын байрны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэж маргадаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2014.07.29 гэсэн огноотой “Ажлын байрны тодорхойлолт” гэсэн 6 хуудас баримтын 6 дугаар хуудасны дунд хэсэгт “Ээлжийн ахлах” гэсний дор “Р.Ж” гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Р.Ж гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. ...” гэж дүгнэгдсэн дүгнэлт болон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл” зэргийг гомдлын үндэслэл болгосон нь үндэслэлтэй байх атал анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Ж “ээлжийн ахлах нь JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн зүүн хойд тэнцвэржүүлэгч хэсгийг бүтээлгээр хучих буюу өндөрт ажил гүйцэтгэхдээ “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж, уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, 2 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр талд авагдсан “4.20 Өндөрт ажиллах журам”-д зааснаар “өндөрт ажиллах гэж-газрын гадаргуугаас 1,5 метрээс дээш өндөрт ажиллах тавцан бүхий өргөх тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэх аливаа ажил, өргөх тоног төхөөрөмж гэж-2 метрийн өндрөөс дээш шат, тавцан юм уу Телескопын өргөх хэрэгсэл, өргүүр, хамгаалах бүс гэж-газар хүргэхээс хамгаалах, уналтаас хамгаалах систем бүхий бүс юм уу, тухайн талбайн захад хүрэхэд уналтаас хамгаалах бүс, Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг дагаж мөрдөн, зориулалтын тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хэрэгслийг ашиглах нь ажилтны үүрэг хариуцлага мөн” гэснээс харахад өндөрт ажиллах нь тухайн ажилтны үүрэг байх ба ээлжийн ахлах хариуцах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.
Түүнчлэн, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-ийг хэрэгт хавсаргасан байх ба 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №05-092/44 дугаартай Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч С.Б гийн дүгнэлт үйлдсэн зэргээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Учир нь, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын байрны тодорхойлолт”-д зурагдсан гарын үсэг Р.Ж гарын үсэгтэй тохирохгүй гэж дүгнэгдсэн зэргээс Р.Ж-т “Х” ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэдий ч албан ёсоор ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх Р.Ж “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам”-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж, уналтаас хамгаалах бүсийг ашиглуулах үүрэгтэй байсан, тухайн үүргээ гүйцэтгээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт Р.Ж 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт авагдсан ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Р.Ж ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 29-ний ажлын байрны тодорхойлолтод зурагдсан гарын үсэг Р.Ж гарын үсэгтэй тохирохгүй болох нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Хулангийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шинжээч С.Б гийн гаргасан дүгнэлтийн 1-р заалтаар тус ослыг үйлдвэрийн осол мөн гэж дүгнэсэн бөгөөд тухайн дүгнэлтэд ээлжийн ахлахын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэсэн байна. Гэвч ээлжийн ахлах Р.Ж ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зуран баталгаажуулан, дагаж мөрдөж эхэлсэн нь эргэлзээтэй, үгүйсгэгдсэн нөхцөл байдалтай байх тул шинжээч С.Б гийн дүгнэлт мөн үгүйсгэгдэж байна.
3. “Х” ХХК -ийн Техник үйлчилгээний хэлтсийн дарга Ц.А ын ажлын байрны тодорхойлолтод “...агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт явагдаж буй бүхий л үйл ажиллагааг техник үйлчилгээ байгууллагын үйл ажиллагааны тодорхойлолтын цаг хүрээнд хийгдэж байгааг хянах гэсэн бол АБТ-н 3 дугаар бүлгийн 3-т хэлтсийн ахлах инженер, инженер мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, хэлтсүүдийн ажилтнуудад ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой үүрэг даалгавар өгч заагдсан хугацаанд чанартай биелүүлэхийг шаардах...” гэж,
Техник үйлчилгээний хэлтсийн ерөнхий инженер Д.Д ажлын байрны тодорхойлолтод “...техник үйлчилгээний хэлтсийн бүхий л ажлыг удирдан зохион байгуулж, агаарын хөлгүүдэд хийгдэх завсар үйлчилгээг тогтсон график хугацаанд нь регламент технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийлгэн, техник талаас нь нислэгийн аюулгүй байдлыг хариуцах, “Х” ХХК -д ашиглаж байгаа агаарын хөлгийн их бие буюу хөдөлгүүр эд өнгийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд зөвшөөрөгдсөн бичиг баримтын дагуу зөвшөөрөгдсөн материалаар хийж гүйцэтгэх” гэж, мөн ажлын байрны тодорхойлолтын гуравдугаар бүлгийн 3 дахь хэсэгт Өдөр тутам хийгдэх техник үйлчилгээ, засварын ажлын үед аюулгүй ажиллагааг хангах, техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавих гэж заасан бол мөн ажлын байрны тодорхойлолтын дөрөвдүгээр бүлгийн 1-т “бүх техник үйлчилгээний засварын ажлууд зөвшөөрөгдсөн бичиг баримтын болон байгууллагын дүрэм журмын дагуу явагдаж байгааг хариуцах” гэсэн бол 3-т “Нислэгт шаардагдах үйл ажиллагааны болон аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг бэлэн байлгахыг хариуцах” гэж тус тус заасан байна.
1 дүгээр хавтаст хэргийн 129-136 дугаар талд авагдсан “Х” ХХК -ийн Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуйн Ерөнхий журам гэх баримт бичгийн хоёрт “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн ажлыг зохион байгуулах гэж, 2.1-т Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн зөвлөлийн ажлыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, орон тооны болон орон тооны бусаар ажиллуулна гэж, эдгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг гаргаж мөрдүүлэн гэж, 2.3-т Тушаалаар томилогдсон зөвлөл нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, заавар, стандарт байгууллагын дотоод журмын хэрэгжилтийг хангуулах гэж заасан байна.
Дээрх албан хаагч нарын ажлын байрны тодорхойлолтуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий этгээд нь Р.Ж гэж үзэх боломжгүй байх ба тус байгууллага хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтангүй байсан нь гэрч П.М өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бол хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаагүй. Урьд нь Ж.Б гэдэг хүн энэ чиглэлийг хариуцсан ажилтан байсан. Ж.Б нь анх 2018 оны 5 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ар гэрт нь гачигдал гарч ажлаас чөлөөлөгдсөн байсан. Хэрэг гарах үед хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байгаагүй. ...хувийн компанид энэ чиглэлээр мэргэжсэн ажилтан олдохгүй юм. Би тухайн үед захиргаандаа дотоодоосоо хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн хийх сонирхолтой, ажлын дадлага туршлагатай нисэхийн салбарт ажиллаж байсан хүнийг судалж авах чиг үүрэг өгсөн. ...агаарын хөлгийн механикч нарт ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох норм, чанар, зохистой хэрэглээнд би ерөнхийд нь хяналт тавьдаг. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36 тал/-ээр тогтоогдож байна.
Иймд Р.Ж нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, талбайд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК -ийн ээлжийн ахлах инженерээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК -ийн JU-8811 бүртгэлийн дугаартай Embraer-190 загварын агаарын хөлгийн хойд тэнцвэржүүлэгч хэсгийн бүтээлгийг хучих буюу өндөрт ажил гүйцэтгүүлэхдээ “Х” ХХК -ийн 4.20 дугаартай “Өндөрт ажиллах журам"-д заасан ажлын тавцан бүхий өндрийн төхөөрөмж буюу платформ, алсын зайн хазайх өргөгч, хайчлах өргөгчийг ашиглуулж уналтаас хамгаалах бүс, малгайг ашиглуулах үүргээ хэрэгжүүлээгүй хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас механикч О.М нь онгоцны зүүн хойд хэвтээ тэнцвэржүүлэгчээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив тал нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байх ёстой.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас ямар үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас судлахад тус гэмт хэрэгт Р.Ж гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүсээгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Р.Ж өмгөөлөгч А.Кадирбекын гаргасан шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Р.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Ж цагаатгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ