Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2021/00018

 

 

 

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2021/00120 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Борхойн **-** тоотод оршин суух Б овогт Ц-ийн Н/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын *-* тоотод оршин суух Б овогт Г-ийн А-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт төлсөн 587400 төгрөг, махны үнэ 16000 төгрөг, нийт 603400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Н-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны орой А эгчтэй утсаар ярьж хоолны газрыг нь түрээслэхээр болсон юм. 08 дугаар сарын 23-ны өдөр над руу утсаар яриад өнөөдөр сайн өдөр учраас түрээсийн мөнгөө шилжүүлэх үү, мөнгөний хэрэг байна гэж хэлэхээр нь би 600,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд үйл ажиллагаа тухайн өдрөө эхлэх боломжгүй, бэлтгэх ажил байна, үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн түрээсийн хоногоо тооцох уу гэхэд болно гэж хэлсэн. Эхний ээлжид нэг сар түрээслээд үзье гэж ярьсан байсан бөгөөд сарын түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тохирсон юм. Ингээд ажиллуулах бэлтгэл ажлаа төлөвлөж байтал хамт ажиллах тогооч маань ажиллахаа больсон учраас 08 дугаар сарын 27-ны өдөр Г-тэй хамт А-д учир байдлаа хэлэх гээд очиход уулзах боломжгүй байсан, маргааш нь дахиж очиж уулзаад тогоочоор ажиллах хүн маань ажиллах боломжгүй болчихлоо, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй юм чинь мөнгөө буцааж авъя гэтэл өгөх боломжгүй, чамайг түрээслээгүй бол өөр хүнд түрээслэх боломжтой байсан, мөнгийг чинь өгч чадахгүй гээд уурласан. Ингээд би нэгэнт түрээсээ өгсөн байсан учраас урьд нь мах зарж байсан болохоор тэр газар нь мах заръя гэж бодоод А-д хэлэхэд эхлээд харин яадгийн билээ гээд яг шийдтэй хариу өгөөгүй байж байгаад зөвшөөрсөн. Би 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мах зарж эхэлсэн, угаасаа хоолны газар байсан учраас хүн мах авах гэж ирэхгүй, орлогогүй байсан, мах зарж байгаа гэдгийг хүн мэддэг болтол хугацаа хэрэгтэй байсан, гэтэл би өнөөдөр 26,700 төгрөгийн түрээс төлж байгаа болохоор надад хүнээ татах хүртэл сул түрээс төлж, алдагдалтай нөхцөл байдал үүссэн. Ингээд ер нь больё гээд дахин мөнгөө авъя, өгөхгүй бол шүүхэд өглөө гэсэн чинь шүүхдээ өг, 2-3 жилдээ надаас авч чадахгүй гэж уурласан. Би нийт 8 хоног ажиллаад хоолны газрыг нь хүлээлгэн өгсөн. Ийм учраас ажиллаагүй 22 хоногийн түрээсийг буцаан авахаар нэхэмжилж байна. Мөн А нь 09 дүгээр сарын 01-нд махны дэлгүүр нээсэн өдөр 16,000 төгрөгийн хонины мах зээлсэн, түүнийхээ мөнгийг одоо болтол өгөөгүй. Иймд нийт 603,400 төгрөгийг А-аас нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н-ийг урьд нь танихгүй. 2020 оны 08 дугаар сарын 22-ны орой Н танай хоолны газрыг түрээслэх гэсэн юм гээд утсаар ярихаар нь сарын түрээс 800,000 төгрөг, түрээслэх хүн байвал түрээслээд түрээслэх хүн байхгүй бол маргааш сайн өдөр учраас би өөрөө бууз, хуушуураа хийж зарах гээд цэвэрлээд бэлдсэн байна гэж хэлэхэд би түрээсэлье гэсэн. Тэгэхээр нь маргааш сайн өдөр учраас үйл ажиллагаа эхлэхгүй юү дээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь би утсаар яриад хэрэв түрээслэх гэж байгаа бол түрээсийн мөнгөө шилжүүлчих, мөнгөний хэрэгцээ байна гэдгээ хэлсэн нь үнэн. Н 600,000 төгрөг шилжүүлсэн, тэр өдөр өөрсдөөсөө шалтгаалах юмаа авчраад хоол ундаа хийгээд борлуулахад бэлэн байсан. Ингээд 4 хоногийн дараа тогоочоор ажиллах хүн маань хамтарч ажиллахаа болчихсон, би ганцаараа ажиллуулж чадахгүй учраас түрээсээ буцаая гэж хэлэхээр нь түрээслэхгүй бол хэлэхгүй яасан юм бэ, өөр хүнд түрээслэх байсан юм гэж хэлсэн. Гэтэл Н махны дэлгүүр ажиллуулъя гэж хэлэхээр нь би эхлээд зөвшөөрөөгүй, ер нь бол хоолны зориулалттай газрыг дэлгүүр болгохоор хэцүү санагдсан. Тэгээд хүний мөнгийг авчихсан юм чинь ямар ч байсан нэг сарынх нь хугацааг дуусгая гэж бодож зөвшөөрсөн. Ингээд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж махаа зарж эхэлсэн, тэр өдөртөө түрээсийн үлдэгдэл 200,000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш 8 хоног ажиллуулаад намайг хотод байхад орлого орохгүй байна, түрээслэхээ болилоо гэж хэлсэн. Хоолны газрыг маань цэвэрлээгүй, хөргөгч энэ тэр махны шүүс гоожуулаад орхисон байсан. Анх хоолны газрыг маань Н-ийг түрээсэлнэ гээд мөнгө шилжүүлсэн өдөр Өндөр ээж цайны газрыг түрээсэлдэг байсан, манай дэлгүүрээс ногоо худалдан авдаг байсан гээд Г гээд хүн яриад та надад хэлэхгүй яасан юм бэ, мөнгөө буцаачих би түрээсэлье гээд ярихаар нь чи жаахан түрүүхэн ярихгүй, хүнд түрээслэх гээд мөнгийг нь авчихлаа гэж хэлсэн. Н-ийг түрээслээгүй бол өөр хүнд түрээслэх боломж байсан. Манай хоолны газар нь Замын-Үүд сумын үйлчилгээ төвлөрсөн хэсэгт байрлалтай, цэвэрхэн, бууз, хуушуур хийж зардаг юм. Н-ийн тогоочгүй байгаад ажиллахаа больсон, мах зараад орлогогүй байсан надаас шалтгаалаагүй шүү дээ. Харин 16,000 төгрөгөөр мах авснаа мартсан байна лээ, үүнийг төлнө, харин түрээсийн мөнгийг буцааж өгөхийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-д холбогдох иргэний хэрэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн хөлсийг буцаан шаардсан 587,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Г.А нь махны үнэ 16.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид 4,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

 

 Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 08 дугаар сарын 22-нд А-тай уулзаж цайны газрыг нь түрээслэх талаар ярилцсан болохоос түрээслэхээр болж нэг талын шийдэлд хүрээгүй болно. 2020 оны 08 дугаар сарын 23-нд Н би А-ийн цайны газрыг эргэлт буцалтгүй түрээслэхээр болж А-д мөнгө өгөх гэж уулзаж, ярилцаагүй болно. А нь тэр өдөр өөрөө над руу залгаж мөнгө хэрэгтэй мөнгөний асуудал байна гэж мөнгө гуйсан болно. Тэр өдөр би түрээслэх шийдвэрээ гаргаагүй байсан болохоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс түрээсэлсэнд тооцно гэдгээ хэлэхэд А нь зөвшөөрсөн. Ингээд 3 хоногийн дараа мөнгөө буцааж авъя гэхэд үрээд дууссан мөнгөгүй байна гээд өгөөгүй. 2020 оны 08 дугаар сарын 03-наас 2020 оны 09 дүгээр сарын 01 хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй, түлхүүрийг нь ч аваагүй байсан. Бидний дунд 1 сар түрээслээд үзье тэгээд цаашид яахаа шийдье гэсэн яриа огт байгаагүй. А нь өөрийн хэрэгцээ шаардлагаар мөнгө нэхэн авч үрж хэрэглээд буцааж өгөхгүйн тулд намайг ганцаараа түрээслэхэд хэцүү байгаа бол өөр хүн хажуудаа оруулчих гэж хэлж байсан. Ингээд махны дэлгүүр аргагүйн эрхэнд ажиллуулж үзье гэхэд шууд зөвшөөрсөн. Ингэхдээ ямар нэгэн аман болон бичгээр гэрээ хийгээгүй болно. 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 09 дүгээр сарын 08 хүртэл 8 хоног сууж түрээсийн мөнгөнөөсөө хассан. Цайны газар мах зарах нь боломжгүй байсан. Сүүлдээ А нь хэрвээ мөнгөө өгөөгүй байсан бол өөр хүн түрээслэх байсан гэх шалтгаанаар мөнгө өгөхгүй гэсэн. А нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны шүүх хуралдаан дээр түрээслэх гэж байсан хүн гээд М гэдэг хүнийг гэрчээр оруулсан боловч шүүхийн шийдвэрээр ямар ч хамааралгүй гэдгийг нь нотолсон нь бичгээр ирсэн захирамжид бичигдээгүй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж Н миний гомдлыг барагдуулж 578000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Г.А-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 587400 төгрөгийг буцаан гаргуулах, махны үнэд 16000 төгрөг, нийт 603400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.А махны үнэ 16000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, түрээсийн төлбөр 587400 төгрөг буцаан төлөхөөс татгалзаж ... тогоочгүйгээс цайны газар ажиллуулаагүй, мах зараад орлого олоогүй нь надаас шалтгаалаагүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-д холбогдох иргэний хэрэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн хөлсийг буцаан шаардсан 587400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Г.А нь махны үнэ 16000 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ц.Н эс зөвшөөрч “... аман болон бичгээр гэрээ хийгээгүй ... гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Н-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч маргаанд хамаарах хуулийг зөв оновчтой хэрэглээгүй буюу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Н нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Г.А-гийн эзэмшлийн байрыг нийтийн хоолны буюу цайны газрын зориулалтаар ашиглахаар төлбөрт сарын 800000 төгрөг төлөхөөр тохиролцож эхлээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 600000 төгрөгийг, дараа нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200000 төгрөгийг төлсөн боловч хамт ажиллах тогооч ажиллахаа больсноос нэхэмжлэгч Ц.Н нь түрээслэн авсан байранд нийтийн хоолны үйл ажиллагаа явуулаагүй, харин хариуцагчтай харилцан тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд махны худалдаа эрхэлсэн ба үйлчлүүлэгч худалдан авагчгүй буюу борлуулалт муу байсан гэдэг шалтгаанаар энэхүү үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлээгүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Харин зохигчид гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж, нэхэмжлэгч Ц.Н нь түрээсийн төлбөрт төлсөн төлбөрөөс 587400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд хөрөнгийг ашиглаагүй, гэрээг аман болон бичгийн хэлбэрээр байгуулаагүй гэж тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд гэрээ байгуулсанд тооцох нөхцөлийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тодорхойлсон нь зөв боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөлслөх гэрээ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

 

Учир нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөлслөх гэрээ нь хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаатайгаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд энэхүү гэрээгээр хөлслөгч нь гэрээний зүйлийг “ахуйн зориулалтаар” эзэмшиж, ашигладаг онцлогтой.

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Г.А-ийн эзэмшлийн байранд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах, ашиг олох, үр шимийг хүртэх зорилготой байсан, махны худалдаа эрхэлж мөн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан, энэ нь мөн л ашиг олох, үр шимийг хүртэх зорилготой үйл ажиллагаа болохын гадна тухайн эд хөрөнгө өмнө нь нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байр байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг орлого олоход зориулж тодорхой хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Тодруулбал түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээгээр түрээслэгч гэрээний зүйлийг “аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон ашиг орлого олох” зорилгоор ашигладаг, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч нь зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдгаараа ялгаатай ба энэ утгаараа зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдаж, улмаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах тухай шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн агуулгыг тусгаснаас үзэхэд энэ нь хуульд заасан тохиолдолд бичгээр байгуулахаас гадна өөр хэлбэрээр гэрээг байгуулж болохыг хориглоогүй, зөвхөн бичгээр байгуулах шаардлага тавигдсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д гэрээг байгуулсанд тооцох үндэслэл нөхцөлийг зохицуулсныг хуульд заасан өөр тохиолдол гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн Гуравдугаар хэсгийн  /гэрээний эрх зүй/ Хоёрдугаар дэд хэсэг бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарч хуульчлагдсаны гадна түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад ... тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээхээр зааснаас үзэхэд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан болон гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан зохицуулалтад хамаарахаар байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Н нь нийтийн хоолны буюу цайны газар ажиллуулахаар хариуцагч Г.А-ийн эзэмшлийн уг зориулалт бүхий байрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч махны худалдаа эрхэлж,  түрээсийн төлбөрт 800000 төгрөгийг төлсөн ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч буюу түрээслэгч эд хөрөнгийг эзэмшилдээ авснаар гэрээ байгуулсанд тооцно.

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний зүйл болсон эд  хөрөнгө нь өмнө цайны газар ажиллуулж байсан тухайн зориулалтаар ашиглагдах байр, талбай байсан гэж үзэхээр ба нэхэмжлэгч махны худалдаа хийхдээ зөвхөн тодорхой нэг хэсэгт нь үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээсэлж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэл хийлгээгүйгээс хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Н нь түрээслэн авсан байранд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр түрээсийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан ба энэхүү үндэслэлээ цайны газар ажиллуулах гэсэн боловч хамт ажиллах тогооч ажиллах боломжгүйгээс гэрээг цуцлах санал гаргахад хариуцагч буюу түрээслүүлэгч зөвшөөрөөгүй тул түүний зөвшөөрлөөр махны худалдаа эрхэлж, улмаар тухайн байранд үйлчлүүлэгч ирэхгүй, борлуулалт муу байснаас үргэлжлүүлэн ажиллаагүй гэжээ.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд тэд гэрээг тодорхой хугацаа зааж байгуулаагүй боловч нэхэмжлэгч 1 сарын хугацааны түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн, уг хугацаагаар эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны дараа цаашид гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр талууд тохиролцсон байсан гэж үзэхээр байх ба түрээсийн гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.2, 320.4-т заасан боловч гэрээ дуусгавар болох өөр үндэслэл буюу түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгснөөр гэрээ дуусгавар болох талаар түрээсийн гэрээний зохицуулалтуудад заагаагүй байна.

 

Улмаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж зааснаар түрээсийн гэрээг цуцлах нөхцөл журмыг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд зохицуулснаар авч үзэх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв байх ба цаашилбал Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан гэрээг дуусгавар болгох буюу хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Н буюу түрээслэгчийн хувьд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3-т “хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах” 289.2.4-т “гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас өмнө гэрээг цуцлах”-аар заасан ба энэхүү хуульд заасан нөхцөл үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна талууд гэрээг цуцлах өөр нөхцөлийг гэрээгээр тохиролцоогүй байна.

 

Түүнчлэн гэрээг цуцлах тухай хуульд заасан бусад үндэслэлүүд буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болж гэрээг цуцлах, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болон хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах үндэслэл нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эндээс дүгнэж үзвэл хууль болон гэрээнд түрээслэгч буюу нэхэмжлэгчийн хувьд гэрээг хугацаанаас өмнө цуцлах давуу эрхийг заагаагүй тул зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хуульд зааснаар дуусгавар болсон гэж үзэх болон хуульд заасан журмын дагуу цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1, 324.2-т зааснаар түрээслэгч түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй ба өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэжээ.

 

Энэ нь талууд түрээсийн гэрээг түрээслэгчийн санаачилгаар ямар нэгэн хугацаагүйгээр цуцлах талаар болон гэрээний хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг буцаан өгснөөр төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх талаар гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд дээрх хуульд зааснаар түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж ойлгогдоно.

 

Дээрх бүгдийг дүгнэж үзвэл түрээслүүлэгчээс шалтгаалсан гэрээг цуцлах үндэслэл байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь нэгэнт 1 сарын түрээсийн төлбөр төлсөн бол тухайн хугацаанд эд хөрөнгийг эзэмших, ашиглах, ийнхүү эзэмшиж ашигласнаар бий болох үр шимийг хүртэх эрхтэй, нөгөө талаас хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхгүй ба  ийнхүү цуцлахад болон өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг үндэслэн хариуцагчаас худалдаж авсан махны үнэд 16000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлд хамаарахгүйг анхан шатны шүүх анхаараагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн үндэслэл нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлд ийнхүү үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэнэ гэж үзэх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

 

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч С.М-ийн мэдүүлгийн талаар буюу хариуцагч Г.А нь тухайн түрээсийн эд хөрөнгийг өөр хүнд түрээслэх байснаа нотолж чадаагүй, анхан шатны шүүх үүнийг анхаараагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б.Г, С.М нар оролцож мэдүүлэг гаргасан байх боловч тэдгээр нь маргааны үйл баримтын талаар буюу гэрээг хугацаанаас өмнө түрээслэгчийн санаачилгаар цуцлах, түрээсийн төлбөрийг буцаан шаардах талаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болж чадаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Н-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2021/00120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-д холбогдох иргэний хэрэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн хөлсийг буцаан шаардсан 587,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,

 

“Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 324 дүгээр зүйлийн 324.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.А-аас 16000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 587400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

 

2 дугаар заалтыг хүчингүй болгож,  3, 4 дүгээр заалтыг 2, 3  гэж дугаарлан,

 

3 дугаар заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4,  162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах  хугацааг  тоолоход  саад болохгүй

бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

  

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                       Н.БАТЧИМЭГ