| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2025/00214/И |
| Дугаар | 192/ШШ2025/02731 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/02731
2025 04 08 192/ШШ2025/02731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол 60 000 000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б
хариуцагчийн төлөөлөгч А.Н,
хариуцагчийн өмгөөлөгч Э.А
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК хариуцагч М.*********эд холбогдуулан гэрээг цуцалж, хохирол 60 000 000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
гаргуулж, орон сууц чөлөөлүүлэхээр шаарджээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 60 000 000 төгрөг гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ар Зайсангийн гудамжинд байрлах ***** дүгээр байрны ***** тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь орон сууцны талбайн хэмжээ 58.52 м.кв бөгөөд нэг м.кв-ийг нь 4 500 000 төгрөгөөр гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг тохирсон. Үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар талууд тохиролцож хуваарь гаргасан байгаа. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүй улмаас гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг нэг сар тутамд 1 500 000 төгрөгөөр тооцохоор тохирсон. 1 500 000 төгрөгийн тухайд бодит нөхцөлөөс хямд үнээр тохирсон байдаг. Яагаад гэвэл 3 өрөө 58.52 м.кв талбайтай. Хамгийн цэвэр агаартай бүсэд байрладаг. Мөн хариуцагчид шинэ орон сууцыг хүлээлгэж өгсөн. Хариуцагчид түлхүүрийг хүлээлгэж өгсний дагуу нүүж орсон байдаг. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч талаас удаа дараа мэдэгдэж, уулзалт хүртэл зохион байгуулахыг мэдэгдсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжилж буй 60 000 000 төгрөгийн тухайд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 40 сарын хугацаа гэж тооцож, сар бүрийн төлбөрийг 1 500 000 төгрөгөөр тооцож гаргасан. Хоёр дахь шаардлагын тухайд гэрээнээс татгалзаж байгаа учраас орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Нийт 100 500 000 төгрөгийг төлсөн, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн гэв.
2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлээ тайлбарлахдаа 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 40 сарын хугацаа гэж хэлж байна. Гэтэл хариуцагчийн тухайд хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч тухайн байранд 2021 оны 8 дугаар сард ороогүй. Түрээсийн төлбөр нэмэгдэж байх хугацаанд хариуцагч тухайн байрны худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөөр байсан. Түүнээс биш орон сууц хөлслөх тухай төлбөрийг төлөөгүй. Мөн гэрээний 7.4-т заасан байгаа заалт нь өөрөө орон сууц хөлслөх гэрээний бие даасан шаардлага хэрэгжүүлэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн тухайд захиалагчтай орон сууц худалдах гэрээ байгуулчихаад давхар орон сууц хөлслөх гэрээ хийх эрх зүйн зохицуулалт байхгүй. Хугацааны хувьд талууд байрандаа хэзээ орсон гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн өгсөн баримтаас харахад хариуцагчийн амьдарч байсан хугацаа нь 2-3 сар гэж харагдаж байна. Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлаж гэж тайлбарлаж байна. Хэрвээ гүйцэтгэгч тал гэрээг цуцлаж байгаа бол гэрээний 6.1-т заасны дагуу 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаарх мэдэгдэл хариуцагчид огт ирээгүй. Хариуцагч өөрөө тухайн байранд тодорхой хугацаанд амьдарч байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ байр ашиглалтын шаардлага хангахаар байр биш байсан. Маш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дулаан алдалттай байсан. Хамгийн эхэнд орсон айлуудын нэг байсан. Тухайн үед интернет сүлжээ, зурагт холбогдоогүй байсан. Засвараа хийж гүйцээнэ гэж хэлж байсан боловч одоог хүртэл засвараа хийж гүйцэтгэж өгөөгүйн улмаас байрнаас нь гараад явсан. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлага болон инженерүүдтэй байрны засвар үйлчилгээ хэзээ дуусах талаар хариуцагчийн зүгээс удаа дараа уулзаж байсан. Эвлэрлийн тухайд шүүх дээр очоод эвлэр гэдэг хариу өгдөг байсан. Байрыг хэзээ бүрэн ашиглалтад оруулж өгөх вэ гэж асуухад одоогоор цар тахалтай байгаа учраас засвар үйлчилгээг дуусгаж өгөх боломжгүй байна гэж хэлсээр байгаад хариуцагч энэ байрнаас гараад явсан. Гарч явахдаа тухайн байрны түлхүүрийг нэхэмжлэгч талд үлдээсэн. Үлдээж байгаа нь засвар үйлчилгээг хийж дуусгах зориулалттай байсан. Энэ хугацаанд хариуцагч Монгол улсад амьдарч байгаагүй. Бүгд найрамдах Хятад урд улсын Эрээн хотод амьдарч байсан. Энэ талаарх баримуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Хариуцагч тухайн байрны түрээсийн төлбөрийг төлж гарах сонирхолтой байгаагүй. Анхнаасаа түрээсийн гэрээний төлбөрийг огт төлөөгүй. Орон сууцыг захиалж, худалдаж авсан төлбөрийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, ********* ХХК-аас иргэн С.***** олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.02-ны өдрийн wh-3-***** дугаартай захиалгаар баригдсан орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөрийн графикийн хуулбар, М.*********ийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга, 2021.08.11-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, М.*********ийн ашиглалтын зардал төлсөн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө захиалагчдийн нэрсийн жагсаалт зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас хариу тайлбар, М.*********ийн гадаад пасспортын хуулбар, орон сууцны зураг, М.*********ийн депозит дансны хуулга, 2025.03.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2025.03.14-ний өдрийн 206 дугаар иргэн М.*********ээс иргэн А.*********д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Нэхэмжлэгч байгууллага 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Орон сууцны талбайн хэмжээ 58.52 м.кв бөгөөд нэг м.кв-ийг нь 4 500 000 төгрөгөөр гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг тохирсон. Үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар талууд тохиролцож хуваарь гаргасан байгаа. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүй улмаас гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг нэг сар тутамд 1 500 000 төгрөгөөр тооцохоор тохирсон. 1 500 000 төгрөгийн тухайд бодит нөхцөлөөс хямд үнээр тохирсон байдаг. Яагаад гэвэл 3 өрөө 58.52 м.кв талбайтай. Хамгийн цэвэр агаартай бүсэд байрладаг. Мөн хариуцагчид шинэ орон сууцыг хүлээлгэж өгсөн. Хариуцагчид түлхүүрийг хүлээлгэж өгсний дагуу нүүж орсон байдаг. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч талаас удаа дараа мэдэгдэж, уулзалт хүртэл зохион байгуулахыг мэдэгдсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжилж буй 60 000 000 төгрөгийн тухайд 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 40 сарын хугацаа гэж тооцож, сар бүрийн төлбөрийг 1 500 000 төгрөгөөр тооцож гаргасан. Хоёр дахь шаардлагын тухайд гэрээнээс татгалзаж байгаа учраас орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Гэрээний төлбөрт нийтдээ 100 500 000 төгрөгийг төлсөнд маргаан байхгүй. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч тал байрыг хүлээлгэж өгснөө нотлоогүй хэрнээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 40 сарын хугацааны түрээсийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тухайн байранд 2021 оны 8 дугаар сард ороогүй. Мөн гэрээний 7.4-т заасан байгаа заалт нь өөрөө орон сууц хөлслөх гэрээний бие даасан шаардлагыг хэрэгжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн тухайд захиалагчтай орон сууц худалдах гэрээ байгуулчихаад давхар орон сууц хөлслөх гэрээ хийх эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн нэхэмжлэгч тал гэрээг цуцалж байгаа бол гэрээний 6.1-т заасны дагуу 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаарх мэдэгдэл хариуцагчид огт ирээгүй. Тухайн байр нь доголдолтой, хүн орж амьдрах боломжгүй, дотоод засал нь дутуу байсан тул гарч явахдаа тухайн байрны түлхүүрийг нэхэмжлэгч талд үлдээсэн. Үлдээж байгаа нь засвар үйлчилгээг хийж дуусгах зориулалттай байсан. Энэ хугацаанд хариуцагч Монгол улсад амьдарч байгаагүй бөгөөд Бүгд найрамдах Хятад урд улсын Эрээн хотод амьдарч байсан. Энэ талаарх баримуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Анхнаасаа түрээсийн гэрээний төлбөрийг огт төлөөгүй. Орон сууцыг захиалж, худалдаж авсан төлбөрийг төлж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч ********* ХХК болон М.********* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж худалдагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, the *********хотхон 3 дугаар блок, ***** байр, ***** тоот 58.52 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх орон сууцны 1 м.кв талбайн үнэ 4 500 000 төгрөг буюу нийт орон сууцны худалдах нийт үнэ 263 340 000 төгрөг байх бөгөөд дээрх төлбөрөөс 40 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралтад заасны дагуу төлөхөөр харилцан тохирчээ. /хх-ийн 6-12/
4.2 Дээрх гэрээний дагуу хариуцагч М.********* нь тус компанийн Хаан банкны ********* тоот данс руу 2021.08.27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.08.30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.10.18-ны өдөр 19 500 000 төгрөг, 2022.12.21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2023.01.11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2023.01.26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2023.04.05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.05.19-ний 3 000 000 төгрөг, 2023.10.12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2023.10.20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 8 000 000 төгрөг, 2024.10.02-ны өдөр 10 000 000 төгрөг төлж, нийт 100 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 162 840 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.1 Талуудын байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх графикийн дагуу хариуцагч М.********* нь 2024.08.19-ний өдөр төлж, дуусгахаар тохирсон хэдий ч төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүйгээс маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хуульд заасан хохирол шаардсан байна.
5.2 Талуудын байгуулсан гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 1 500 000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө. гэж тохиролцсон байна.
6. Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалж, төлбөрт авсан 100 500 000 төгрөгөөс хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааг хөлсөлж байсанд тооцож, төлбөр гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцсэн байна.
6.1 Хариуцагч М.********* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь, түүнчлэн ашиглалтад орсон байрыг худалдан авч, тус байранд амьдарч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн төлбөр төлсөн 2021 оны 08 сарын 21-ний өдрөөс 39 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 58 500 000 төгрөг /39 сар х 1 500 000/ гаргуулах шаардлагыг хангаж, тус орон сууцыг суллаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
7. Нөгөөтэйгүүр, хариуцагч М.********* нь тухайн орон сууц нь доголдолтой, хүн орж амьдрах боломжгүй, дотоод засал нь дутуу байсан тул гарч явахдаа тухайн байрны түлхүүрийг нэхэмжлэгч талд үлдээсэн гэж маргасан боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч М.********* төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар шаардаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр нийт төлбөрийн 100 500 000 төгрөгөөс нэхэмжлэлээр шаардсан 58 500 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийн 42 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ********* ХХК-аас хариуцагчид буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*********ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, The *********хотхон, 3 дугаар блок, ***** байр, ***** тоот сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч ********* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч ********* ХХК-аас 32 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.*********эд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686 100 төгрөгөөс 457 950 улсын орлогод үлдээж, хариуцагч М.*********ээс улсын тэмдэгтийн хураамжид 447 950 төгрөгийг, улсын төсвийн 100200100941 тоот данснаас илүү төлсөн 228 150 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ