| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00493/И |
| Дугаар | 320/ШШ2025/00511 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 320/ШШ2025/00511
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..р хороо, элчингийн гудамж, Embassy one бизнес оффис ...давхарт байрлах, Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ..-р баг, ..р гудамжны .. тоотод оршин суух, Д.Н-н Б (Р...)-т холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 231,000 төгрөг, зээлийн хүү 269,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,405 төгрөг, нийт 613,752 (зургаан зуун арван гурван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 320/2025/00493/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь манай Тус зээлийн аппликэйшн дахь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 220602-349779 дугаартай 300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6 %-ийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Н.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 966 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч Н.Б-с мөнгө хөрөнгө гаргуулж Т ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н.Б нь Т ББСБ ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би өөрөө ажил эрхлэх чадвартай байхдаа тус ББСБ-иас зээл авсан нь үнэн. Одоо миний бие элэг томролт, хэвлийн хөндийн сүрьеэ гэх оноштойгоор байнгын эмчийн хяналтанд сард 300,000 төгрөгийн эмийн хэрэглээтэй тал хувийг нь эмнэлэгээс авдаг юм. Эмчийн дүгнэлтээр 1 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй гэсэн тул 2025 оны 04 дүгээр сард энэ оношоороо групп тогтоолгосон. 2025 оны 4 сараас эхлэн сард 308,000 төгрөгийн групп авч эхэлсэн.
Тус ББСБ-иас нэхэмжилсэн нийт төлбөр болох 613,752 төгрөгийг төлж барагдуулах тал дээр маргах зүйлгүй авсан нь үнэн төлнө.
Гэхдээ сар болгоны 15-ны өдөр миний группын мөнгө ордог тул 2025.05.20-ны өдрөөс эхлэн сард 100,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.
Учир нь би группын мөнгөнөөс өөр орлогогүй. Сард авдаг группын мөнгө маань эмчилгээндээ таарчихдаг юм. Гэхдээ боломж гарсан үедээ арай ахуй мөнгөөр төлж даруйхан дуусгана.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 231,000 төгрөг, зээлийн хүү 269,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,405 төгрөг, нийт 613,752 (зургаан зуун арван гурван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 613,752 (зургаан зуун арван гурван мянга долоон зуун тавин хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Тус финтек ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,063 (арван есөн мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-с 9,518 (есөн мянга таван зуун арван найм) төгрөгийг, улсын орлогоос 9,518 (есөн мянга таван зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 231,000 төгрөг, зээлийн хүү 269,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,405 төгрөг, нийт 613,752 (зургаан зуун арван гурван мянга долоон зуун тавин хоёр) төгрөг гаргуулах туай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 613,752 (зургаан зуун арван гурван мянга долоон зуун тавин хоёр) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 19,063 (арван есөн мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-с 9,518 (есөн мянга таван зуун арван найм) төгрөгийг, улсын орлогоос 9,518 (есөн мянга таван зуун арван найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН