Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2025/00512

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай-5, Г банкны төв байр, Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Ц. дугаар багт оршин суух, Х Б.С (Р.....)-т холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,896,179.66 төгрөг, зээлийн хүү 621,585.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,039.68 төгрөг, нийт 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 320/2025/00492/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-R001515288 тоот дижитал зээлийн байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч Б.С нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 97 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул Голомт банк зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлдэгч Б.С-н ЗГ-R001515288 тоот зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгө төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.С нь Г банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Банкнаас нэхэмжилсэн зээлийн нийт төлбөр 9,532,804.61 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч Б.С-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,896,179.66 төгрөг, зээлийн хүү 621,585.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,039.68 төгрөг, нийт 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,475 (нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с 83,737.50 (наян гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөг 50 (тавь) мөнгийг, улсын орлогоос 83,737.50 (наян гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөг 50 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,896,179.66 төгрөг, зээлийн хүү 621,585.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,039.68 төгрөг, нийт 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгө гаргуулах туай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,532,804.61 (есөн сая таван зуун гучин хоёр мянга найман зуун дөрөв) төгрөг 61 (жаран нэг) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,475 (нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с 83,737.50 (наян гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөг 50 (тавь) мөнгийг, улсын орлогоос 83,737.50 (наян гурван мянга долоон зуун гучин долоо) төгрөг 50 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН