| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2018/0248/Э |
| Дугаар | 303 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Г.Энхмандах,
шүүгдэгч О.Хүслэн,
өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам, түүний хууль ёсны төлөөлөгч О.Баасан,
өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадуламын өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харчин овогт Баттөгсийн Лхагвадулам, Ридо овогт Одхүүгийн Хүслэн нарт холбогдох эрүүгийн 1706 02955 0162 дугаар хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харчин овогт Баттөгсийн Лхагвадулам, 2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, нагац ах нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 39 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байр, 288 тоотод түр оршин суух, регистрийн УК01212422 дугаартай.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ридо овогт Одхүүгийн Хүслэн, 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Бадмаараг” ахлах сургуулийн 12б ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1б хэсэг, Цэргийн хотхон 3 дугаар гудамжны 246 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн УК99121585 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нар нь бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны орчим Г.Энхмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нарыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Хүслэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Энхмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр миний найз залуу болох Билгүүнбаатар уулзаад намайг гэрлүү хүргэж өгөх гэж байтал Хүслэн манай найз залуу луу залгахаар нь бид хоёр маргалдаад би гэр лүүгээ орсон. Тэгээд би эргээд Билгүүнлүү холбоо барих гэтэл чадаагүй учраас Хүслэнгийн дугаарыг найзаас нь аваад Хүслэн лүү залгасан. Тэгээд Билгүүнбаатартай яръя гээд бид хоёрын хооронд харилцан яриа үүссэн. Үүний дараа би О.Хүслэнгийн утас луу “та хоёр гоё юмаа, аз жаргал хүсье” гэсэн мессежийг бичсэн. Түүний дараа яг 5 минутын дараагаас О.Хүслэн надруу залгаад “Муу жижигхэн гичий минь чи хаана байна” гээд орилоод бид хоёр хоорондоо нилээн их маргалдсан. Билгүүнбаатар манай гэрийн хаягийг мэддэг байсан учраас Хүслэнтэй хамт явж байсан учраас над дээр ирэх нь ойлгомжтой гэж бодтол над руу дахин дахин залгаснаа “чи дуудах хүн байвал дууд, би одоо очлоо” гэж Хүслэн хэлсэн. Тухайн үед би Хүслэнг манай гэрийн гадаа ирэхийг мэдээд нэг найз руугаа залгаад “манай гэрт хүрээд ирээчээ” гэж найз Билгүүнд хэлтэл утсаар ярьсаны дараа 10-20 минутын дараа найз болох Билгүүн манай гэрийн гадаа ирсэн байна гэхэд Хүслэн бас ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орцныхоо үүдэнд гараад утсаар яриад зогсож байтал Хүслэн намайг шууд ирээд цохиод авсан. Араас нь хоёр найз нь ирсэн байсан. Тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байгаа. Би олон удаа цохиулсан. Тухайн зодуулсанаас 3 хоногийн дараа аавтайгаа уулзахад аав маань цагдаад гомдол гаргана гэсэн учраас Баянзүрх дүүргийн цагдаа дээр ирээд шүүх эмнэлгийн бичиг аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр хэрэг гардаг орой цээжээр маань их хөндүүрлэж өвдсөн. Миний бас нүүрэн дээр хоёр газар маажсан байсан. Би гэрээрээ 7 хоног дусал залгуулаад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. 3 удаа бариачид очиж бариулсан. Шүүх эмнэлгийн эмч томографийн зураг авахауул гэсэн учраас томографийн зураг авахуулсан. 150.000-аар 2 удаа толгой цээжээ тус тусад нь харуулахад нийлээд нийтдээ 300.000 төгрөгний баримт байгаа. Тэрнээс хойш миний бие хөндүүрлэж байгаа зүйл бол байхгүй. Хэрэг гарсанаас хойш 4-5 сар болж байна. Тэгэхэд миний нүүрэн дээр үлдсэн хумсны сорви арилаагүй үлдсэн байгаа. Үүнийг ар гэрийхэнтэйгээ зөвлөөд лазер гоо сайханы эмнэлэгт хандах шийдэлд хүрээд 5 удаа курс эмчилгээнд орох шаардлагатай гэж хэлсэн. Одоо эхний эмчилгээндээ орсон байгаа. Нэг эмчилгээнд 600.000 төгрөгөөр орно. Ингээд нийтдээ 3.000.000 төгрөгний эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний зүгээс томографийн 300.000 төгрөг, лазер эмчилгээний 3.000.000 нийтдээ 3.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Энхмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 151 тоотод гэртээ байж байгаад манай найз залуу Билгүүнбаатартай сүүлийн үед уулзаад байгаа охин Хүслэнгийн 95801215 дугаарын утас руу “та хоёр ч гоё юм аа” гэсэн мессэж бичсэн. Тэгтэл урдаас “ална шүү” гэж мессэж бичээд над руу залгаж “жижигхэн гичий минь хаана байгаа юм, байгаа газар чинь очиж ална” гээд байхаар нь эхлээд тасалсан. Тэгээд дахиад залгаад байхаар нь гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Би гэртээ ганцаараа байсан ба манай найз Билгүүнийг дуудсан. Тэгээд Хүслэн ирчихлээ гэхээр нь Билгүүний хамт орцны үүдэнд гарч ирээд зогсож байсан. Хүслэн 2 охины хамт машинаас буугаад ирж байсан. Миний гар утас дуугараад утсаар яриад эргэж харахад Хүслэн шууд нүүрэн тус газар нэг удаа цохисон. Миний нүд харанхуйлаад байж байхад Хүслэн нөгөө 2 охины хамт гурвуулаа үснээс зулгааж газар унагаагаад цээж, нуруу хэсэг рүү нилээд хэдэн удаа өшиглөж, гар утас газар авч шидсэн. Манай найз Билгүүн эмэгтэй хүн цохихгүй гээд тухайн охидуудыг болиоч гээд гарнаас татаад сүүлдээ намайг газар унаад дийлэхгүй болохоороо миний дээрээс тэвэрч хэвтээд бас нилээд хэдэн удаа өшиглүүлсэн. Тэгээд байрны харуул болон машин тавьж байсан хүмүүс ирээд салгасан. Билгүүнбаатар тухайн охидуудтай цуг ирсэн, машин дотор хүлээж байсан. Тухайн үед гэртээ орох гэж байхад миний гар утас алга болсон ба би гар утсаа авъя гээд Хүслэн рүү залгасан. Тэр 3 охины нэг авсан байсан юм шиг байна лээ. Харуул ахад өгчихсөн байсан. Харуул манай найз Билгүүнд гар утас өгсөн байсан. Би Билгүүнээс гар утсаа аваад гэр рүүгээ орсон. Тэгээд утсаа аваад байж байхад Хүслэн над руу залгахаар нь “гурвуулаа нийлж хүн зодож болж байгаа юм уу” гэхэд “камергүй газар Туулын хөвөөнд уулзая, чи зүгээр харанхуй шөнө болгоомжтой яваарай, захын нохойн гөлөг явуулаад амьд байх эсэхийг чинь шийднэ, дуугүй алга бол” гэж элдэв янзаар доромжилсон. Би “чи хүнийг ингэж зодчихоод хүрч ирээд уулз” гэхэд “чадахгүй” гээд утсаа авахгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Нүүрэн дээр маажигдсан. Хавирга цөмөрч хугарсан. Цээж хэсгээр амьсгалж чадахгүй хөндүүр байна. Зүүн мөр хөндүүр байна. Би Билгүүнбаатартай 2014 оноос хойш үерхэж байгаа. 2017 оны 8 дугаар сард Хүслэн гэх охинтой уулзаад маргалдаад больсон байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын эхээр буцаж нийлсэн байсан. 2017 оны 8 дугаар сард Хүслэнтэй яриад “би найз охин нь байна, яагаад найз охинтой хүнтэй уулзаад байгаа юм” гэхэд “надад найз охингүй гэж хэлсэн” гэж байсан. Тухайн үед маргалдсан асуудал болж байгаагүй. Тухайн өдөр л утсаар яриад уулзсан. 22-23 насны гурван охин байсан. Хүслэн хоёр найзтайгаа ирсэн. Гурвуулаа нийлээд намайг зодсон. Бүгдээрээ өшиглөөд зодоод байсан. Хяналтын камер байсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6-8 дугаар тал/
Гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Солонгос улсад хамт сурч байсан Энхмандах над руу залгаад “найзыг чинь 3 охин ирж зодно гээд байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхмандахын гэрийн гадна очсон. Энхмандах гарч ирээд таксины мөнгө өгөөд хамт зогсож байсан. Энхмандах утсаар яриад би хажууд нь зогсож байхад 3 охин ирээд мөрөө давсан үстэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй охин нь эхлээд Энхмандахын нүүр рүү шууд ална шүү гэж хэлээд цохиж авсан. Нөгөө хоёр охин бас хүрч ирээд Энхмандах руу дайраад 3 талаас нь үсдэж өшиглөөд байсан. Би Энхмандахыг цохиулахгүй гээд толгойг нь тэвэрч аваад нөгөө охидуудыг нэг гараараа түлхсэн. Дийлдэхгүй Энхмандахын гурван талаас цохиж, өшиглөөд байсан. Би Энхмандахын толгойг тэвэрсэн байсан ба тавих гэхээр толгой руу цохичих гээд байсан. Тэгээд Энхмандахыг тэврээд хамт унасан. Унасан байхад нөгөө 3 охин бас цохиод, өшиглөөд байсан. Миний өвдөг, гар шалбарсан байсан. Хажуу талаас 2 эмэгтэй, 2 залуу нөгөө талаас нь 2 залуу гарч ирээд болиочээ гэж хэлсэн. Тэгээд би Энхмандахыг аваад хоёр машины голоор орж хамгаалаад урд талд зогссон байсан. Миний урд хойноос Энхмандахыг эхлээд цохиж авсан мөрөө давсан үстэй хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй охин нь Энхмандахтай хэрэлдээд байсан. “Тоохгүй байгаа бандийн араас битгий гүйгээд бай, ичээч” гэх зэрэг зүйл ярьж байсан. Тэгээд би “та нар ингэж болохгүй ээ, ингэж нийлж хүн зодож болохгүй” гэж хэлэхэд над руу дайраад байсан. Тухайн охин гараа далайгаад миний нүүр рүү цохиход малгай унасан. Тэгээд тэрүүгээр явж байсан хүмүүс тэдгээр охидуудыг болиоч гээд загнаад явцгаасан. Хар машинд суугаад явсан. Би Энхмандахыг аваад орцных нь үүд рүү явсан. Эхлээд утсаар яриад байсан мөрөө давсан үстэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй охин нь ирээд шууд нүүр рүү нь цохиж үсэдсэн. Тэгээд гурвуулаа нийлээд цохиж, өшиглөсөн. Дух, хоёр хацар дээр нь маажигдсан байсан. Амьгалахад цээж хэсгээр өвдөж байна гэж байсан. Энхмандахыг хамгаалаад урдуур нь ороход нүүр рүү цохисон. Газар унахдаа өвдөг, гар шалбарсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12397 дугаар:
1. Энхмандахын биед 2 хөмсөгний гол, зүүн хацарт зулгарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 45 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 10 дугаар тал/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 20 дугаар тал/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 34, 40 дүгээр тал/
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 35, 41 дүгээр тал/
Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны орчим Г.Энхмандахыг зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхмандахын өгсөн “…Хүслэнгийн дугаарыг найзаас нь аваад Хүслэн лүү залгасан. Тэгээд Билгүүнбаатартай яръя гээд бид хоёрын хооронд харилцан яриа үүссэн. Үүний дараа би О.Хүслэнгийн утас луу “та хоёр гоё юмаа, аз жаргал хүсье” гэсэн мессежийг бичсэн. Түүний дараа яг 5 минутын дараагаас О.Хүслэн надруу залгаад “Муу жижигхэн гичий минь чи хаана байна” гээд орилоод бид хоёр хоорондоо нилээн их маргалдсан. Билгүүнбаатар манай гэрийн хаягийг мэддэг байсан учраас Хүслэнтэй хамт явж байсан учраас над дээр ирэх нь ойлгомжтой гэж бодтол над руу дахин дахин залгаснаа “чи дуудах хүн байвал дууд, би одоо очлоо” гэж Хүслэн хэлсэн. Тухайн үед би Хүслэнг манай гэрийн гадаа ирэхийг мэдээд нэг найз руугаа залгаад “манай гэрт хүрээд ирээчээ” гэж найз Билгүүнд хэлтэл утсаар ярьсаны дараа 10-20 минутын дараа найз болох Билгүүн манай гэрийн гадаа ирсэн байна гэхэд Хүслэн бас ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би орцныхоо үүдэнд гараад утсаар яриад зогсож байтал Хүслэн намайг шууд ирээд цохиод авсан. Араас нь хоёр найз нь ирсэн байсан. Тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байгаа. Би олон удаа цохиулсан.” гэх,
мөн мөрдөн байцаалтад гэрч Г.Билгүүний өгсөн “…Энхмандах утсаар яриад би хажууд нь зогсож байхад 3 охин ирээд мөрөө давсан үстэй, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй охин нь эхлээд Энхмандахын нүүр рүү шууд ална шүү гэж хэлээд цохиж авсан. Нөгөө хоёр охин бас хүрч ирээд Энхмандах руу дайраад 3 талаас нь үсдэж өшиглөөд байсан. Би Энхмандахыг цохиулахгүй гээд толгойг нь тэвэрч аваад нөгөө охидуудыг нэг гараараа түлхсэн. Дийлдэхгүй Энхмандахын гурван талаас цохиж, өшиглөөд байсан. Би Энхмандахын толгойг тэвэрсэн байсан ба тавих гэхээр толгой руу цохичих гээд байсан. Тэгээд Энхмандахыг тэврээд хамт унасан. Унасан байхад нөгөө 3 охин бас цохиод, өшиглөөд байсан. Миний өвдөг, гар шалбарсан байсан. Хажуу талаас 2 эмэгтэй, 2 залуу нөгөө талаас нь 2 залуу гарч ирээд болиочээ гэж хэлсэн. Тэгээд би Энхмандахыг аваад хоёр машины голоор орж хамгаалаад урд талд зогссон байсан. Миний урд хойноос Энхмандахыг эхлээд цохиж авсан мөрөө давсан үстэй хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй охин нь Энхмандахтай хэрэлдээд байсан. “Тоохгүй байгаа бандийн араас битгий гүйгээд бай, ичээч” гэх зэрэг зүйл ярьж байсан. Тэгээд би “та нар ингэж болохгүй ээ, ингэж нийлж хүн зодож болохгүй” гэж хэлэхэд над руу дайраад байсан.” гэх /хх-32-33/,
мөн шүүгдэгч О.Хүслэнгийн өгсөн “Тэр өдөр би найз Билгүүнбаатар, Лхагвадулам, Үүрийнцолмон нарын хамт байхад Энхмандах утсаар яриад “хүрээд ир” гээд хэл амаар доромжилоод маш олон удаа над руу залгасан. Ингээд би Энхмандахтай байгаа газар нь явж очоод би түрүүлж машинаас буугаад Энхмандах дээр очоод шууд цээж рүү нь цохисон. Ингээд хажууд байсан залуу нь намайг өшиглөсөн чинь араас Лхагвадулам, Үүрийнцолмон нар бууж ирээд Энхмандахтай зууралдаад Энхмандах намайг үсдсэн. Ингээд би Лхагвадулам, Үүрийнцолмон хоёрыг салгах гэж байна гэж бодсон. Ингээд би үсдүүлээд доошоо дарагдчихсан байсан болохоор өөр юу болсоныг мэдээгүй. Нээх удалгүй салцгаасан. Утасны цаанаас маш олон удаа хэл амаар доромжилж харьцсан болохоор шууд цохичихсон юм аа.” гэх /хх-54/,
мөн өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадуламын өгсөн “Тэр өдөр манай найз Хүслэн фэйсбүүкээр надтай холбогдоод “гэрийнхээ гадаа гараад ир” гэхээр нь би гараад очсон чинь Хүслэнгийн нэг эрэгтэй найз нь машин барьчихсан, Үүрийнцолмон ард нь суучихсан явж байсан. Тэгээд машинд нь суусаны дараа Хүслэн нэг охинтой утсаар хэрэлдээд байхаар нь яасан талаар нь асуусан чинь “нэг охинтой очиж уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Ингээд тэр Хүслэнтэй утсаар яриад байсан охин нь хамт явж байсан Билгүүнбаатар гэх залуугийн хуучин найз охин нь болох Энхмандах гэдгийг очиж явах замдаа мэдсэн. Ингээд бид нар бөөнөөрөө Натур төвийн хажуу талд байрны гадаа очсон бөгөөд яг би хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Энхмандахтай Хүслэн яриад байрны чинь гадаа ирчихсэн байна гэсэн чинь нөгөө охин нь “орцондоо байна, одоо гарлаа” гэж хэлсэн. Ингээд Энхмандах нэг залуутай хамт гарч ирээд Хүслэн түрүүлж машинаас буугаад ардаас нь Үүрийнцолмон бид хоёр буугаад машины хажууд очилгүй зогсож байсан чинь тэр охин дээр Хүслэн очоод бие биенийгээ янхан гээд хэл амаар доромжилоод Хүслэн шууд нүүр рүү нь цохиж аваад хажууд нь байсан залуу нь Хүслэнг түлхэхээр нь Үүрийнцолмон бид хоёр араас нь очсон чинь Хүслэн нөгөө охин 2 бие биерүүгээ дайраад барьцалдаж авахаар нь би салгах гэсэн чинь дээрх залуу нь Энхмандахыг хамгаалаад Энхмандах миний гэдэс рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд нөгөө залуугийнх нь доороос татаж гаргаж ирэх гээд Энхмандахын хөл рүү нь нэг удаа өшиглөсөн бөгөөд ахиж нэг удаа өшиглөх гэсэн боловч оноогүй. Ингээд Энхмандахтай явж байсан залуу нь Энхмандахыг машины завсараар авч ороод салсан байсан чинь тэр Энхмандах утсаа Үүрийнцолмон руу шидээд намайг ойрхон зогсож байсан болохоор над руу дайрахаар нь би тэр охинд хүрээгүй бөгөөд “чи яагаад байгаа юм бэ” гэж Энхмандахад хэлсэн чинь “яасан чи наадуултайгаа таарсан янхан юм уу” гэж хэлсэн. Ингээд би тоогоогүй салцгаасан.” гэх /хх-60/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12397 дугаар дүгнэлт /хх-45/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нарт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нар нь хохирогч Г.Энхмандахын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Г.Энхмандах нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэм хорын хохиролд нийт 3.300.000 төгрөг нэхэмжилж кассын орлогын ордер, эмчилгээний цагийн кат, арьс арчилгааны аппаратад орох үйлчлүүлэгчийн гэрээ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхмандахын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цээжний зураг авхуулахад 120.000 төгрөг /хх-11/, толгойн зураг авхуулахад 120.000 төгрөг /хх12/, лазер эмчилгээнд 600.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүх шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нараас гэм хорын хохиролд тус тус 420.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхмандахад олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Г.Энхмандах нь цаашид 4 удаа лазер эмчилгээнд орох зардлаа нэхэмжилж байх боловч шүүх ирээдүйд гарах зардлыг урьдчилан гаргах боломжгүй тул хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Б.Лхагвадулам нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч О.Хүслэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 75000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ридо овогт Одхүүгийн Хүслэн, өсвөр насны шүүгдэгч Харчин овогт Баттөгсийн Лхагвадулам нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Хүслэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Б.Лхагвадуламд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Хүслэнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 75000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, О.Хүслэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвадулам нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Хүслэн, Б.Лхагвадулам нараас гэм хорын хохиролд тус тус 420.000 төгрөг, нийт 840.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхмандахад олгож, хохирогч Г.Энхмандах нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Хүслэн, Б.Лхагвадулам нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Хүслэн, Б.Лхагвадулам нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ