Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 226/МА2021/00013

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр             226/МА2021/00013                                         Хэрлэн сум

 

 

У-ын нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00013/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч У- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д- /цахимаар/

Хариуцагч Б-ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг  оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 156/ШШ2021/00238 дугаар шийдвэртэй У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох “33750000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б-ын давж заалдах гомдлоор 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б-д нийт 41400000 төгрөг зээлүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны дансанд 11600000, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ХААН банкны дансанд 19000000, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХААН банкны дансанд 5800000, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХААН банкны дансанд 5000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дээрх мөнгийг Б- тохиролцсон хугацаандаа эргэн төлөөгүй бөгөөд цагдаад өгч шалгуулсны дараа 7650000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 33750000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд миний зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгч Б-аас 33750000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.    

Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би 2020 оны хавар Мөрөн сумын сургуульд багшаар ажиллаж байх үедээ цалингийн зээл дарах зорилгоор хамгийн анх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2000000 төгрөгийг У-оос зээлсэн юм. Уг зээлсэн мөнгө маань цалингийн зээл хаахад хүрэхгүй байсан тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин 4000000 төгрөгийг зээлсэн. Үүний дараа гоо сайханы бараа болон эмэгтэй хүний гутал авч ирж наймаа хийх зорилгоор У-оос хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Ингээд авчирсан гоо сайхан болон бусад бараагаа зарж борлуулсан мөнгөнөөсөө У-ын данс руу төлөлтүүдийг хийж явсан. 2020 оны 08 дугаар сард нөхөр Доржпүрэв Хэнтий аймгийн төвд ажиллахаар болсон тул хоёр хүүхдийн хамт гэр бүлийн хүнээ дагаж аймгийн төвд орж ирсэн. У-оос урьд зээлсэн мөнгөнийхөө тодорхой төлөлтүүдийг хийж явсан тул дахин мөнгө зээлж бараа зарах, зарж борлуулсан ашгаасаа мөнгийг нь төлөхдөө хүү бодож өгье гэж бодож байсан боловч мөн ашиг олж чадаагүй. Тухайн үед ажлаасаа гарч санхүүгийн хувьд хүндрэл учирсан тул У-оос авсан нийт мөнгөө бодитоор тооцож өөрийн боломжоор төлж барагдуулъя гэж бодоод гэр бүлийн гишүүнээсээ зарим үед туслалцаа авч төлөлтүүдийг хийсээр ирсэн. Гэтэл У- нь 2020 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан Б-д 46000000 төгрөг залилуулсан гэж гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 203900518 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсны дараа цагдаагийн газраас Б- миний дансны хуулга болон бусад баримтыг шалгахад 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд У-оос нийт 29 удаагийн гүйлгээгээр миний дансанд 162912000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ хугацаанд би өөрийн данснаас У-ын данс руу 155262000 төгрөгийг буцааж шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Харин У-ын эгч Анхзаяагаас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний данс руу шилжүүлсэн 4600000 төгрөгийг нэмж нийт 7650000 төгрөг У-од төлөх ёстой үлдсэн байна гэж үзсэн. Ингээд У-ын данс руу тухай бүрт нь төлөлтүүдийг хийж байсан үйлдэл бусад шинж чанарууд нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 414 дугаартай тогтоол гарсан. Үүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр У- нь хяналтын прокурор М-н шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хэргийг татан үзэж хянасны дүнд У-ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 33750000 төгрөг нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд нийт 29 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 162912000 төгрөгт багтаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас 7650000 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэний дагуу 2020 оны 12  дугаар сарын 01-ний өдөр У-ын данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Гэтэл 2020 оны  12 дугаар сараас Хэнтий, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгуудын нэгдсэн заруудад миний зургийг байргуулан 40000000 төгрөг залилуулсан хэмээн нийтэлж, мөн утсаар хэл амаар доромжилж 7 хоногийн дотор 8000000 төгрөгийг У-ын данс руу шилжүүл гэх зэргээр дарамталж байсан. Тухайн үед У- нь мөнгө зээлэхдээ өдрийн 3 хувийн хүүтэй өгнө гэж байсан ч бид хоёр бичгийн гэрээ байгаалаагүй. Миний бие У-оос зээлсэн мөнгөө нэмж өгье гэж хичээсэн боловч тухайн үед санхүүгийн боломжгүй болж анх зээлсэн мөнгөө төлөхөөр хичээж төлөлт хийсээр ирсэн. Иймд У-ын нэхэмжилсэн 33750000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б-аас 12568000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21182000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 216038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б- давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж хуульчилсан нь зээлдэгч хүү шаардах эрхээ алдах талаар зээлдүүдэгчид хамааралтай зохицуулалт юм. Хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч зээлдэгч нь тохирсон хүүг тухайн цаг хугацаанд нь төлж байсан нь хуульд харшлахгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь би шүүхэд гаргасан тайлбартаа “тухайн үед санхүүгийн хувьд хүндрэл учирсан тул У-оос авсан нийт мөнгөө бодитоор тооцож өөрийн боломжоор төлж барагдуулъя гэж бодоод аав, ээж гээд гэр бүлийн гишүүдээсээ зарим үед туслалцаа авч төлөлтүүдийг хийсээр ирсэн. Тухайн үед У- мөнгөө 3 хувийн хүүтэй өгнө гэж хэлж байсан ч бид хоёр бичгийн гэрээ  байгуулаагүй, би У-оос зээлсэн мөнгөө нэмж өгье гэж хичээсэн боловч тухайн үед санхүүгийн боломжгүй байсан учир үндсэн зээлийн мөнгөө төлсөөр ирсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хариуцагч нь өөрөө зөвшөөрч хүү төлсөн зүйлгүй харин авсан мөнгөө бодитоор буцааж төлсөн талаараа шүүхэд тайлбарласан атал шүүхээс хүү төлөхийг зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө авсан мөнгөний зээлийн хүүг төлсөн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У- уг асуудлаар урьд өмнө цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд үүссэн 29 удаагийн гүйлгээгээ нэг бүрчлэн шалгуулж зээлдүүлсэн мөнгөө 100 хувь бүрэн авсан байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойших гүйлгээг тооцож өмнө үүссэн зээлийн харилцааг хариуцагч хүүгийн хамт төлсөн байна гэж үзсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч У- нь хариуцагч Б-д холбогдуулан “33750000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б- “У-оос зээлсэн мөнгөө буцааж төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Нэхэмжлэгч У- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б-д 2020 оны 08 дугаар сарын 27-нд 11600000, 2020 оны 09 дүгээр сарын 14-нд 19000000, 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 58000000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-нд 5000000 төгрөг, нийт 41400000 төгрөг шилжүүлснээс 7650000 төгрөгийг төлж үлдсэн 33750000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн амаар тохиролцож зээлийн харилцаа үүсч, харилцан мөнгө шилжүүлж, төлж байсан талаар маргадаггүй. Хариуцагч Б- бичгээр гэрээ байгуулаагүй боловч зээлийн хүү төлж байснаа хүлээн зөвшөөрдөг, үүнийг нэхэмжлэгч ч *******сгээгүй байна.

Нэхэмжлэгч У- хариуцагч Б-д 2020 оны 08 дугаар сарын 27-нд 11600000, 2020 оны 09 дүгээр сарын 14-нд 19000000, 2020 оны 09 дүгээр сарын 16-нд 5800000, 2020 оны 09 дүгээр сарын 21-нд 5000000 төгрөг, нийт 41400000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх15-15х, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх6, 25-53, 99-121х/, шилжүүлгийн мэдээлэл /хх7-9х/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн талаар маргадаггүй тул  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо,,чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч У- нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. 

Хариуцагч Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, өмнөх зээлийг хүүтэй төлж байсан тул үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан” гэжээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч Б- нэхэмжлэгч У-од хүү төлснийг буцаан шаардахгүй, учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 283.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхгүй тул хүүнд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцохгүй үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн мөнгийг хариуцагч төлсөн төлбөрийн тооцооллыг хэрэгт цугларсан ХААН банкны депозит дансны далгэрэнгүй хуулгаар тооцож хариуцагчаас 12568000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  өдрийн 156/ШШ2021/00238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                        Б.ДЭНСМАА

                                                                                                                         

                                                                                                     Я.АЛТАННАВЧ