| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00513/И |
| Дугаар | 192/ШШ2025/02905 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/02905
2025 04 14 192/ШШ2025/02905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.**********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.**********,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.********** хариуцагч Б.**********т холбогдуулан 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөх шүүх хуралд тодорхой ярьсан. Худалдах худалдан авах гэрээ хийж машиныг 132 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. 132 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өнөөдөр энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна. Мөн манай талаас уг 12 000 000 төгрөгийг хүлээж аваагүй. Бид хариуцагчийн араас хөөцөлдөөд хоёр жил болж байна. Машиныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ хийж тээврийн хэрэгсэлийг хариуцагчид шилжүүлж өгсөн. Хариуцагч үүнээс 40 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Яагаад 40 000 000 төгрөг нэхэж байгаа талаараа тайлбарлах нь зүйтэй байх. Хариуцагч 132 000 000 төгрөгийн машин авсан боловч төлбөрөө өгч чадахгүй байсан. Тиймээс хариуцагчаас авах мөнгөндөө тооцож машин авсан ба энэ талаарх баримтаа сүүлд фото зураг хэлбэрээр өгсөн байсан. Хариуцагч тухайн машинаа нэхэмжлэгчид өгөөд дээр нь нэмж 45 000 000 төгрөгийн машин өгч зээлээ хаах тухай санал хэлдэг. Хариуцагчийг олох гэж маш их цаг хугацаа алдсан. Эхлээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага хэрэгт бүртгэлтийн хэрэг нээж хариуцагчийг олсон. Хариуцагч нэхэмжлэгчид би чамд үлдэгдэл 40 000 000 төгрөгөндөө 45 000 000 төгрөгийн үнэлгээтэй машин өгье. Үүнйгээ хаачих гэж гуйж байсан. Үүний дагуу порше гэх загварын машиныг нь аваад 45 000 000 төгрөгөө өгнө гэж байгаа бол баталгаа болгож, бичиж өг гэж зээлийн гэрээний ард бичүүлж авсан. Хүү алданги тооцож авч байнаа гэдэг зүйл яригдаж байгаа болов ч зээлийн гэрээгээр машин авахтай холбоотой үүнийг хүү алданги гэж тооцоогүй байсан. Тийм учраас бид хүү алданги нэхээгүй. Үлдэгдэл төлбөрөө авна гэх байдлаар үүнийг бид нэхсэн. Хариуцагч тухайн үед бичиж өгөхдөө хүү алданги тооцож 40 000 000 төгрөг өгье гэж бичссэн байсан. Хэрвээ хүү алданги гэж тооцсон бол энэ талаар тодорхой тооцоолол байх ёстой байсан. Гэтэл хариуцагч зориуд ийм байдлаар бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг ямар нэгэн байдлаар өртэй гэдгийг батлах зориулалтаар хариуцагчаар бичиг хийлгүүлсэн. Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Би даавуулан төлсөн учраас нэхэмжлэгчид мөнгө төлөхгүй гэж тайлбарласан байсан. Мөн ингэхдээ нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Гэхдээ энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Ямар ч байсан машин авсан гэдгээ хэлсэн байсан. Машиныг авсан гэдэгтэй талуудад ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ үнийн дүн дээр маргадаг. 12 000 000 төгрөгийг өгсөн гэж хариуцагч тайлбарлаж Хаан банкны апплекэйшны баримт хуулбарлаж өгсөн байна лээ. Гэхдээ энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэзээ хэн рүү ямар мөнгийг шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй. Банкны албан ёсны баримтаар тогтоогох ёстой. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь машины төлбөрт шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн байна гэж хардаж байгаа. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас машины үлдэгдэл төлбөрт 40 000 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байгаа тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэв. гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.********** нь 2022.11.23-ны өдөр Э.**********аас Lexus RX450h маркийн автомашиныг 132 000 000 төгрөгөөр зээлээр авсан. Уг машины төлбөрт 150 000 000 төгрөгийн үнэтэй Porsche macan автомашинаа 123 000 000 төгрөгөнд бодож өгсөн. Мөн 12 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн бөгөөд нийт 137 000 000 төгрөгөөр төлбөрийг барагдуулсан. Э.********** өөрт нь хэрэгтэй байна гээд надаар 40 000 000 төгрөгийг алданги төлөөлэх талаар бичиг хийлгэж авсан. Уг гэр бичгийг би өрөөө хүсээгүй үйлдэж өгсөн бөгөөд төлөх ёстой байсан төлбөрийг давуулан төлчихөөд байхад нэмж 40 000 000 төгрөг төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Г.**********од олгосон итгэмжлэл, 2022.11.23-ны өдрийн 2567 дугаар тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гээрэний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн******* дугаар Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн******* дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг хавсаргаж өгсөн байна. /хх-ийн 2-6/
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэням овогтой ********** би*******овогтой **********т 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 132 000 000 төгрөг бүхий Лексус RХ-450 2016 оны цагаан өнгийн авто машиныг зээлээр зарсан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөгийн огт төлөөгүй ба 2023 оны 12 сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагчаас 40 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Миний бие Б.********** нь 2022.11.23-ны өдөр Э.**********аас Lexus RX450h маркийн машиныг 132 000 000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Уг машины төлбөрийн урьдчилгаанд 12 000 000 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл төлбөрт 150 000 000 төгрөгийн үнэтэй Porsche маркийн автомашинаа өгсөн. Тухайн үед Э.********** өөрт нь хэрэгтэй байна гээд надаар 40 000 000 төгрөгийг алданги төлүүлэх талаар бичиг хийлгэж авсан. Уг гэр бичгийг би өрөөө хүсээгүй үйлдэж өгсөн бөгөөд төлөх ёстой байсан төлбөрийг давуулан төлчихөөд байхад нэмж 40 000 000 төгрөг төлөхгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Э.********** нь Б.**********т Lexus RX450h маркийн автомашиныг 132 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь 2022.11.23-ны өдөр урьдчилгаа 12 000 000 төгрөгийг төлж, 2022.12.23-ны өдөр үлдэгдэл 120 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, тээврийн хэрэгслийг 2002 оны 11 сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. /хх-ийн 4/
4.2 Хариуцагч Б.********** нь гэрээгээр тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсч, улмаар 2023 оны 09 сарын 21-ний өдөр хариуцагч Б.********** нь нэхэмжлэгч Э.**********т Тайлбар гаргах нь гэсэн бичгийг хийж өгсөн байна.
4.3 Уг бичигт: Б.********** би **********аас 2022 оны 11 сард RX маркийн автомашин 132 000 000 төгрөгөөр авсан болно. Үүнээс 12 000 000 өгч, 120 000 000 үлдсэн. Энэ үнийн дүнд 125 000 000-д Porsche маркийн машин өгсөн. Үлдэгдэл алданги, хүүд тооцогдох 40 000 000 төгрөгийг 2023 оны 12 сарын 31-нд багтан машинаар төлж барагдуулах. гэжээ. /хх-ийн 5/
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ дээрх 2023 оны 09 сарын 21-ний өдрийн хариуцагч Б.**********ын бичигт үндэслэсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал 40 000 000 төгрөгийг машины үнэ гэж шаардсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
6.1 Тодруулбал, талуудын хооронд хийгдсэн дээрх бичигт машины үнийг төлсөн талаар бичигдсэн байх ба үүгээр машины үнэ 132 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2 Өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөр 12 000 000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг хариуцагч ирүүлснийг нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргасан хэдий ч 2022.11.23-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнд урьдчилгаа төлбөр 12 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлнэ гэж тохирч, улмаар уг мөнгийг төлсөн талаараа хариуцагч тайлбар гэх бичигтээ бичсэн байна.
7. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Porsche маркийн машиныг үлдэгдэл төлбөртөө авсан талаар маргаагүй боловч, уг машины төлбөр бүрэн төлөгдөөгүй, 40 000 000 төгрөг дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.**********аас 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.**********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.**********ын /төлөөлөгч Г.**********ын төлсөн/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ