| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/05254/И |
| Дугаар | 192/ШШ2025/02649 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ТББ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С******* ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 31 500 000 төгрөг, алданги 1 282 500 төгрөг, хохиролд 275 000 төгрөг, нийт 33 057 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******,
Хариуцагчийн төлөөлөгч Т.У*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б*******,
Гэрч Э.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ТББ нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 31 500 000 төгрөг, алданги 1 282 500 төгрөг, хохиролд 275 000 төгрөг, нийт 33 057 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.С ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С******* ХХК нь түрээсийн төлбөр тооцоог бүрэн барагдуулахаар хэлцэл хийж, энэ талаар баталгаа гарган, захирал У******* нь өөрийн амины орон сууц, дуусгаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ үзүүлж, эдгээр эд хөрөнгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эсхүл худалдан борлуулж даруй төлбөр тооцоо дуусгана гэж амлан бичгээр баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо барагдуулаагүй төдийгүй утсаа авахгүй, эд хогшлоо ч авахгүй байр чөлөөлөхгүй баталгаагаа зөрчиж, бидний хууран мэхэлсэн байна. Иймд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээний дагуу түрээсийн төлбөрт 31 500 000 төгрөг, алданги 1 282 500 төгрөг хохиролд 275 000 төгрөг, нийт 33 057 500 төгрөг С******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 5 сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээг 12 сарын хугацаатай буюу 1 жилийн хугацаатай байсан. Гэвч хариуцагч нь эд хогшлоо байлгасаар байсан. Түрээсийн эхний 4 сарын төлбөрт 6 000 000 төгрөгийг төлсөн, өөр төлбөр төлөөгүй, 2 оффис байсныг 1 болгон эд хогшлыг оруулсан. Түрээс 31 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 500 000 төгрөгөөр тооцсон. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 750 000 төгрөгөөр тооцож байгаа. Алданги нь 1 282 500 төгрөг. Анхны байдалд оруулахаар засвар хийхэд 275 000 төгрөгийг зарцуулсан. Нийт 33 057 500 төгрөг гаргуулъя гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2 өрөө 62 м.кв түрээслэхээр гэрээ байгуулж орсон. Эхний 4 сарын төлбөрт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Манайх нүүрс олборлож байсан боловч ковид гараад санхүүгийн байдал хэцүү болсон. Тэгээд цааш нь бид 2022 оны 7-10 сард оффис дээрээ ирээгүй, 2022 оны 10 сард ирсэн чинь өрөөндөө орж чадаагүй. 2022 оны 5 сард гэрээний 1 жилийн хугацаа дууссан байсан. Бид сунгах хүсэлт гаргаагүй учраас дууссан гэж бодсон. Гэтэл 10 сард голыг нь сольсон. Тавилгаа авна гэхээр өр төлбөрөө төлөөд ав гээд байдаг юм. Гэрээг байгуулахад ашиглалтад орсон эсэхийг нь мэдээгүй, оффисын зориулалттай болохоор интернэт тавиулъя гэхэд тоймтой хариу хэлээгүй. Гэр интернэт тавьж болно гэсэн боловч энэ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Баталгааг бол тендэрт орох боломжгүй болчих гээд хийсэн юм гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа, Түрээсийн гэрээний үүргийг шаардаж байна, энэ тохиолдолд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ёстой буюу үүрэг үүссэн байх ёстой. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Түрээсийн гэрээ байгуулагдсан боловч шаардах эрх үүсгэх эсэхийг ярина. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдах үед энэ барилга нь өөрөө ашиглалтад ороогүй байсан. Улсын комисс ч ажиллаагүй, хов хоосон байсан. 9 давхарт ганцхан үйл ажиллагаа явуулж байсан нь С******* ХХК байсан. Үйл ажиллагаа явуулах гэхээр боломжгүй, интернэт ч байгаагүй байдаг. Барилгын тухай хуулийн 37-д захиалагчийн үүрэг байгаа, 37.6-д дуусаагүй барилгыг ашиглахыг хориглоно гээд заасан. Мөн 48 дугаар зүйлийн 48.3-д ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр комисс ажиллаж дүгнэлт гаргасан. Гэтэл гэрээг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээг байгуулах үед ашиглалтад ороогүй, комисс ажиллаагүй, хориглосон барилга байжээ. Тиймээс гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс хүчин төгөлдөр бус учраас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар үүрэг үүснэ, хуульд заасан буюу хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүрэг үүснэ, гэтэл хэлцэл хүчин төгөлдөр бус тул үүрэг үүсэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, С******* ХХК-ийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Барилгын хөгжлийн төв нь 2 өрөө оффисыг улсын комисс хүлээн авсан эсэх, ашиглалтын гэрчилгээг олгосон эсэх талаарх лавлагааг, Хяналт шалгалтын газар нь 2 өрөө оффисыг улсын комисс хүлээн авсан эсэх, ашиглалтын гэрчилгээг олгосон эсэх талаарх лавлагааг, нэхэмжлэгч М******* ТББ-ын ажилтан Л.Эийн iphone-16 загварын гар утсанд хадгалагдаж буй гэсэн фейсбүүк мессенжерээс нярав Х.С гэсэн мессенжерийн хоорондын харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Э*******г дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ТББ-ийн нэхэмжлэлээс 11 250 000 төгрөгийг хангаж, үлдэх 21 807 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, оффисын зориулалттай талбайг түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй тул түрээсийн төлбөр 31 500 000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 1 282 500 төгрөг, түрээсийн талбайг анхны байдалд оруулах үүргээ биелүүлээгүйгээс завсар хийж анхны байдалд оруулсан зардал 275 000 төгрөг, нийт 33 057 500 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ТББ-тай түрээсийн гэрээ байгуулж, оффисын талбайг түрээслэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй, интернет байхгүй, зар сурталчилгаа байршуулах боломжгүйгээс үйл ажиллагаа явуулах, ашиглах боломж байгаагүй, түрээсийн гэрээ нь Барилгын тухай хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч М******* ТББ нь хариуцагч С ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулж, 2 өрөө бүхий талбайг 2021 оны 5 дугаар сарын 19-нөөс 2022 оны 5 дугаар сарын 19-нийг дуустал 12 сар буюу 365 өдрийн хугацаатайгаар нэг сарын түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөгөөр тооцон түрээслэхээр харилцан тохиролцжээ.
5.Талууд Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан, талбайг хүлээн авсан талаар маргаагүй, гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.
6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.1.Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн түрээсийн зүйл нь гэрээ байгуулагдах үед ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээн аваагүй дуусаагүй барилга байсан бөгөөд ийм барилгад үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон, Барилгын тухай хуулийн 37.6-д барилгын ажлын захиалагчийн үүрэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан, мөн хуулийн 49.1-д заасан ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй байхад түрээсийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, мөн нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд заасныг зөрчсөн гэж маргасан.
6.2.Нэхэмжлэгч нь хариуцагчид аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж хөрөнгө буюу талбайг шилжүүлсэн, түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан, хууль зөрчсөн буюу комисс хүлээн аваагүй байхад гэрээ байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.2, 56.3-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж тайлбарласан.
6.3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл,56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
6.4.Мөн "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгох бөгөөд хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй гэжээ.
6.5.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БА-053/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ...Дунд төвөгшилтэй ангиллын зоорьтой зоорьтой 9 давхар хүчин чадал бүхий сургуулийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан дүгнэлт гаргасан Баянгол дүүргийн 18 дугаар хороо М******* ТББ-ын захиалгатай зоорьтой 9 давхар Монгени цогцолбор сургууль коллежийн барилга гэсэн байна.
6.6.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48.3-д гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийг зөрчиж, дуусаагүй барилгын талбайг түрээслэхээр хариуцагчтай гэрээ байгуулсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна гэж үзэв.
6.7.Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч М******* нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч буюу хариуцагч С******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд хэдийгээр зохигч талууд түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй боловч уг талбайд үйл ажиллагаа явуулах, ашиглах боломжгүй, үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглосон байх тул талуудын тохиролцоог буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
6.8.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д оффисын зориулалттай өрөөг 2021 оны 5 дугаар сарын 19-нд түрээслүүлэхэд бэлэн болгосон байна гэсэн боловч гэрээг байгуулж, талбайг хүлээлгэн өгөхөд барилга дуусаагүй, ашиглалтын гэрчилгээ гараагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
7.4.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ, 56.3-д энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
7.5.Иймд талуудын хооронд байгуулагдсан Оффисын зориулалттай хөлслөх, хөлслүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд ашигласан түрээсийн төлбөрийг хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд өөрөөр хэлбэл хэдийгээр зохигчид хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан боловч үүнтэй холбоотойгоор аль нэг тал үндэслэлгүй хөрөнгөжиж үлдэх ёсгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
8.Хэрэгт авагдсан М******* ТББ-ын 2021.05.19-ний өдөр С******* ХХК-тай хийсэн оффисын зориулалттай гэрээний хавсралтад он, сар 2021.06.05-наас 2023.08.05, төлбөр 2021.06.05-наас 2023.03.05 хүртэл 1 500 000 төгрөгөөр, 2023.04.05-наас 2023.08.05-нд 750 000 төгрөгөөр, төлсөн 2021.06.05-наас 2021.09.05-ны хүртлэх 6 000 000 төгрөг, төлөх нь 2021.10.05-наас 2023.08.05 хүртэл 30 750 000 төгрөг, алданги 1 282 500 төгрөг, нийт 32 032 500 төгрөг гэжээ.
8.1.Нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлж барагдуулах талаараа хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь С******* ХХК-ийн захирлын 2023.04.28-ны өдрийн өргөдөл, 2023.08.22-ны өдрийн Баталгаа гаргах нь гэсэн баримтаар тогтоогдоно гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа уг баримтыг тендерт орохын тулд бичиж өгсөн гэж үгүйсгэсэн болно.
8.2.Гэвч хэрэгт авагдсан гэрээний хавсралттай хариуцагч С******* ХХК-ийн захирал нь танилцлаа гэж гарын үсгээ зурсан, мөн түрээсийн талбайг хүлээн авч, буцаан хүлээлгэн өгөөгүй, эд зүйлсээ авч чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна.
8.3.Иймд барилга 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БА-053/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон боловч нэхэмжлэгч М******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001004128 дугаартай гэрчилгээнд 5280 м.кв талбайтай сургууль зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22050 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байх тул хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 05-наас 2023 ны 03 сарын 05-ны хүртлэх 9 сарын төлбөр 1 500 000 х 9 сар =13 500 000 төгрөг, 2023 оны 04 сарын 05-наас 2023 оны 08 сарын 05-ны хүртлэх 5 сарын төлбөр 750 000 х 5 сар=3 750 000 төгрөг, нийт 17 520 000 төгрөг гаргуулах, уг 17 520 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6 000 000 төгрөгийг хасч, үлдэх 11 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги 1 282 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гэрээний 2.4-д түрээслэгч тал нь түрээсийн төлбөрийн сар бүрийн 05-ны дотор төлж байх, 4.3-д түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 2.4-д заасан хугацаанд нь төлөх, 4.4-д хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцсон гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээний үүргийг биелүүлээгүй гэж алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
9.1.Мөн гэрээний 4.2-д Түрээслэгч тал нь түрээсийн хугацаа дуусмагц оффисын өрөөг анх хүлээн авсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж зааснаар анхны байдалд оруулахаар засвар хийсэн гэж тайлбарлаад БМДэлгүүрийн 2023 оны 9 сарын 15-ны өдөр эмульс 100 000 төгрөгийн, гэрэл, уртасгагч, өнхрүүш, багс, эмульс 175 000 төгрөгийн зарлагын баримтыг ирүүлж, нийт 275 000 төгрөг засвар хийсэн гэсэн боловч түрээсийн талбайг анхны байдалд оруулахаар засвар хийсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд тус компанийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй.
9.2.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлий 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч С******* ХХК-иас 11 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 21 807 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 237 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 266 987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ТББ-д олгох нь хууль нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С******* ХХК-иас 11 250 000 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч М******* ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 807 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* ТББ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 237 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 266 987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ТББ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН