Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 226/МА2021/00012

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр            226/МА2021/00012                                           Хэрлэн сум

 

 

А-гийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00012

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-,

Хариуцагч Б-ын өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 156/ШШ2021/00235 дугаар шийдвэртэй А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох “4600000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-гийн давж заалдах гомдлоор 2021 оны 07 дугаарсарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4600000 төгрөгийг Б-д зээлүүлэхээр болж түүний ХААН банкны дансанд шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн хүү, алданги авахгүйгээр сайхан сэтгэлийн үүндээс тусалсан. Гэтэл Б- нь тохиролцсон хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлээ төлөөгүй ба өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасан байх тул Б-аас 4600000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б- нь А-тай “Б- Батхуяг” гэх өөрийн фэсбүүк чатаар холбогдож “өдрийн 3 хувиар зээл хаадаг, манай найз банкинд ажилладаг, давхар цалинждаг, зээл судалж гэрээ байгуулдаг” гэж хэлээд 4600000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр тохиролцож зээлсэн. Энэ нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч А-гийн ХААН банкны дансны хуулгаар тогтоогддог. Б- хэлсэн хугацаандаа зээлийг эргүүлэн төлөөгүй, удаа дараа шаардсан боловч “зээл судлагдаж байгаа, гүйлгээ хаагдсан, одоо шилжүүлье” гэх мэтээр худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу Б-аас 4600000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А-гаас 4600000 төгрөгийг зээлээгүй, түүний дүү У-оос зээлээд буцаагаад төлсөн гэх тайлбарыг гаргаж байна. У- 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр “би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б-д мөнгө зээлээгүй, Б- А-тай өөрөө холбогдоод мөнгө зээлсэн байсан” гэх мэдүүлгийг өгсөн. Энэ нь хууль сануулж авсан мэдүүлэг учир үндэслэл бүхий нотлох баримт гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн зүгээс Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Б-, У- нарын дансанд хийсэн үзлэгт үндэслэн “мөнгө төлөх ёсгүй” гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч А-гийн ХААН банкны дансны хуулга, гэрч У-ын мэдүүлэг, нэхэмжлэгч А-, хариуцагч Б- нарын хооронд харилцсан фэсбүүк чат зэргийг үндэслэн хариуцагч Б-аас 4600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б- шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа: “Би 2020 оны хавар Мөрөн сумын сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд цалингийн зээл дарах зорилгоор А-гийн төрсөн дүү У-оос анх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2000000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгө маань цалингийн зээл хаахад хүрэхгүй байсан учир 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин 4000000 төгрөгийг зээлсэн. Үүний дараа гоо сайхны бараа болон эмэгтэй хүний гутал авч ирж наймаа хийх зорилгоор У-оос хэд хэдэн удаа мөнгө зээлж, бараагаа зарж борлуулсан мөнгөнөөсөө У-ын данс руу төлөлтүүд хийдэг байсан. Би У-оос дахин мөнгө зээлэхээр болоход эгч А-гийнхаа данснаас миний данс руу 4600000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн. У- бид хоёрын дунд мөнгөний маргаан үүссэнээс үүдэн Цагдаагийн байгууллагаас Б- миний дансны хуулга болон бусад баримтыг шалгахад 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд У-оос нийт 29 удаагийн гүйлгээгээр миний дансанд 162912000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ цаг хугацаанд би өөрийн данснаас У-ын данс руу 155262000 төгрөгийн буцааж шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Харин сүүлд А-гийн данснаас шилжүүлсэн 4600000 төгрөг дээр У-ын данснаас шилжүүлсэн 30050000 төгрөгийг нэмж, нийт 7650000 төгрөгийг У-од төлөх ёстой гэж үзсэн. А-гийн шилжүүлсэн гэх 4600000 төгрөг нь миний данс руу шилжүүлсэн 29 удаагийн гүйлгээнд багтаж байгаа юм. Ингээд У-ын данс руу тухай бүрт нь төлөлтүүдийг хийж байсан үйлдэл бусад шинж чанарууд нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 414 дугаартай прокурорын тогтоол гарсан. Миний бие 4600000 төгрөгийг А-гаас биш У-оос зээлж авсан гэж үзэж байгаа учир У- руу шилжүүлсэн. Иймд У-оос шилжүүлэн авсан болон буцаан өгсөн баримтандаа үндэслэн нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох “4600000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А- нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн ХААН банкны данснаас Б-ын ХААН банкны данс руу 4600000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцааж авахаар тохиролцож шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч А-гийн ХААН банкны дансны шилжүүлгийн баримт /хх 22х/, хариуцагч Б-ын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан “...У- нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эгч А-гийнхаа данснаас миний данс руу 4600000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн” гэх хариу тайлбар /хх 12-13х/, гэрч Э.У-ын мэдүүлэг /хх 33-35х/ зэрэг бичгийн нотлох баримаар тогтоогддог.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч А-, хариуцагч Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч А-гийн хариуцагч Б-д холбогдуулан нэхэмжилж буй 4600000 төгрөг нь У-, Б- нарын хооронд үүссэн зээлийн харилцаа болох нь нотлогдож байна. ....маргаан бүхий 4600000 төгрөгийг Б- нь У-оос зээлээд, тус зээлсэн мөнгө нь А-гийн данснаас шилжигдэн ирсэн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч А- хариуцагч Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүсээгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрч У-од Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж мэдүүлгийг авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу бүрдүүлсэн үнэн, зөв нотлох баримт гэж үзэж байна. Түүнчлэн У- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө маргаан бүхий 4600000 төгрөгийг эгч А- нь Б-д зээлсэн. Энэхүү харилцаа нь А-, Б- нарын хооронд үүссэн харилцаа болохыг мэдүүлсэн байхад шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс өгсөн дансны хуулгатай харьцуулан бодитоор үнэлж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-н 1х/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч А-гийн ХААН банкны дансны хуулга /хх 22х/, гэрч У-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх 33-35х/, А-, Б- нарын харилцсан фэйсбүүк чатны хуулбар /хх 68-72х/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч талын зүгээс 4600000 төгөргийг У-оос зээлээд, тус зээлсэн мөнгө нь А-гийн данснаас шилжигдсэн гэх тайлбараа бичгийн нотлох баримтаар нотлооогүй байхад хариуцагчийн тайлбар, гэм буруугийн асуудал нь тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл болох “...У- нь Б-д 158312500 төгрөг зээлж, буцаан 150262000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд өгсөн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан “зээлийн төлбөрт 4600000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б- “Э.У-оос зээлсэн мөнгө А-гийн данснаас миний данс руу шилжин ирсэн, би Э.У-од төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Нэхэмжлэгч А- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б- нь өөрийн фейсбүүк чатаар холбогдож “өдрийн 3 хувиар зээл хаадаг, манай найз банкинд ажилладаг, давхар цалинждаг, зээл судалж гэрээ байгуулдаг” гэж хэлээд 4600000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр тохиролцож А-гийн ХААН банкны данснаас хариуцагч Б-ын ХААН банкны дансруу 4600000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч Б-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.8-т “талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж тус тус хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Б- нэхэмжлэгч А-тай амаар харилцан тохиролцож 4600000 төгрөгийг зээлсэн болох нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А-гийн ХААН банкны данснаас хариуцагч Б-ын ХААН банкны дансруу мөнгө шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээлэл /хх-22х/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-гийн тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нарын харилцсан фейсбүүк чатны хуулбар /хх-68-72х/, гэрч Э.У-ын мэдүүлэг /хх-33-35х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргийг хүлээсэн ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ...бичмэл ба цахим баримт ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байна.

Хариуцагч Б- нь нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтуудыг гаргаагүй, харин Э.У- гэгчтэй хамааралтай эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг гаргаж мэтгэлцсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж няцааж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А- нь 4600000 төгрөгийг хариуцагч Б-д шилжүүлсэн, хариуцагч Б- нь уг мөнгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу А- нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, А- Б- нарын харилцсан фейсбүүк чатын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч Б-аас зээлийн төлбөрт 4600000, улсын тэмдэгтийн хураамжид 88550 төгрөгийг тус тус гаргуулж А-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч А-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02 ны өдрийн 156/ШШ2021/00235 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б-аас зээлийн төлбөр 4600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтад “Хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 88550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар  зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                  ШҮҮГЧИД                                          Г.БОЛОРМАА

                                                                                                                                                                                                     

                                                                       Я.АЛТАННАВЧ