| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0238/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Э.Халиун,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, "Тэнүүн Эрдэнэ" ХХК-д зөөгчөөр ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Дэнжээн овгийн Т.Д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809004390190 дугаар 185/2018/0238/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Д нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацуурхан Пабын урд талын замын орчим 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Батбилэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Батбилэгийн: ...Би “Минт” бааранд зөөгч хийдэг юмаа. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өглөө ажлаа тарчихаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Гацуурхан паб руу орж пиво ууцгаасан юм. Тэгээд Гацуурханаас 08 цагийн орчим гараад гэр гэррүүгээ харих гээд такси барих гээд зогсож байсан чинь манай ажлын Дөлгөөн учиргүй миний хамар руу гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгээд нөгөө хэд маань салгаад миний хамарнаас цус гараад байсан учир гэмтлийн эмнэлэгт орж үзүүлээд одоо өргөдөл бариад ирж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Хүслэнгийн: ...өглөө 05:00-06:00 цагийн үед караокеноос гарахдаа хамт ажилладаг зөөгч Золжаргал, Даваажаргал, Энхжаргал, Батбилэг нартай тааралдахад Дөлгөөн, Батбилэг хоёр хоорондоо маргалдаад хэрүүл болоод байсан. Тэгээд бид нар нийлээд Гацуурхан пад очоод 1 цаг сууж пиво уучихаад гэр гэр рүүгээ явах гээд гадаа гараад такси бариад урд талд суутал Батбилэг, Дөлгөөн нар хоорондоо зууралдаад байсан. Тэгээд би машинаас буугаад очих хооронд Даваажаргал, Энхжаргал нар салгах шиг болсон. Тэгээд Батбилэг хамраа дарчихсан хамар хугалчихлаа гээд зогсож байсан. Даваажаргал, Золжаргал, Энхжаргал нар Батбилэгийг аваад гэмтэл явсан. Дөлгөөн Билгүүн бид гурав тэндээсээ шууд яваад өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Золжаргалын: ...Батбилэгийн хамарнаас нь цус гарчихсан хамар нь хугарсан байдалтай байсан. Тэгээд Энхжаргал, Даваажаргал бид гурав Батбилэгийг гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-12/,
Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Дий: ... 2018 оны 01 дүгэр сарын 11-ний шөнө 04:00 цагийн үед Хүслэн, Билгүүн, бид гурав “Найман шарга”-ын тэнд байдаг Монгол караокед ороод архи уусан. Караокед цуг ажилладаг Батбилэг, Энхжаргал, Золжаргал, Даваажаргал нартай таараад үүдэнд Батбилэгтэй муудалцаж бид хоёр нэг нэгнийгээ цохилцоод салсан удалгүй байж байгаад цуг Гацуурхан пабад орж ирээд цуг сууж пиво уугаад гараад Батбилэг бид хоёр хоорондоо муудалцаад салсан. Салаад зогсож байхад нь би Батбилэгийн хамран хэсэгт нь зүүн гараараа хоёр удаа цохисон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1421 тоот:
Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-16/,
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-5/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-17/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний баримтууд /хх-28/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, Тэнүүн Эрдэнэ ХХК-н тодорхойлолт /хх-41/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Т.Д 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Батбилэгт 145.000 /зуун дөчин таван мянга/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээн авсан гэсэн хохирогчийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн /хх-38/ баримтаар тогтоогдов.
Шүүгдэгч Т.Д нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацуурхан Пабын урд талын замын орчим 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Батбилэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1421 тоот дүгнэлт, хохирогч Б.Батбилэгийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов. Шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирогч Б.Батбилэг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Д өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4-д заасан дагуу шүүгдэгч Т.Дд оногдуулсан торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоов.