Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0345

 

 

 

 

 

 

    2025         05           12                                   128/ШШ2025/0345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “К” ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А /РД:/,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Т******* /ШТЭҮД: /,

Хариуцагч: С дүүргийн улсын байцаагч Д.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Гуравдагч этгээд: Ц.Б /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Т*******, хариуцагч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “К” ХХК-аас С дүүргийн улсын байцаагч Д.Дид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагадаа: “С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

Гомдол гаргах болсон шалтгаан:

“К” ХХК нь /РД:*******/ С дүүргийн 29-р хороонд ******* хотхоны барилгын ажлыг төслийг хэрэгжүүлсэн.

Тус С дүүргийн 29-р хороонд байрлах ******* хотхоны А блок барилгын *******, 40м² орон сууцыг иргэн Ц.Б 132.000.000 төгрөгөөр 2023 оны 11 сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Иргэн Ц.Бөөс С дүүргийн Татварын хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* хотхоноос орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг олгоогүй гэх гомдлыг гаргасан байна.

Ингээд тус асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж С дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчаас 2025 оны 02 дугаар 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь" гэх зөрчлийг үйлдсэн гэсэн үндэслэлээр 45,257,540.10 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Ийнхүү Татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад, шийтгэлийн хуудаст заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж байна.

Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн.., 6.12,... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ" гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.

Эндээс үзвэл, тухайн асуудлаар шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргахаар заасан байтал татварын улсын байцаагчаас "шийтгэлийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор захиргааны шүүхэд гомдол гаргаж болно" гэж хуульд байхгүй үндэслэлийг зааж, гомдол гаргах хугацааг хязгаарласан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гомдлын шаардлагын үндэслэл:

Иргэн Ц.Б нь манай компанитай 2023 оны 11 сарын 06-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж С дүүргийн 29 дүгээр хороонд байрлах ******* төслийн А блокийн 40м2 хэмжээтэй орон сууцыг захиалсан.

Тус захиалгын гэрээнээс тусдаа хувь лизингээр зээлийн гэрээ байгуулъя хэмээн хүсэлт гаргасны дагуу манай удирдлагууд хүлээн авч зээлийн гэрээний графикийг санхүүгийн программд оруулсан хэдий ч гэрээг эцэслэн байгуулах гэж байтал тодорхойгүй шалтгааны улмаас гэрээ байгуулагдаагүй.

Манай компанийн санхүүгийн албанд гэрээ байгуулагдсан гэж тэмдэглэгдэж түүгээр ч барахгүй төлөлтийн сар сарын график гарч түүнийхээ дагуу хүү тооцож явсан/зөрүүтэй мэдээллийн улмаас бодох ёсгүй хүү бодоод явсан/ Ц.Б нь хувьдаа банкнаас зээл авч орон сууцны үнэ болох 132,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусах үед манай дээр зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэлтэй байна гэсэн мэдээ санхүүгийн албанд байсан тул иргэн Ц.Б-д НӨАТ-ын баримтыг олгох боломжгүй байсан юм.

С дүүргийн Татварын улсын байцаагчаас "К” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасны дагуу төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Тодруулбал, манай компаниас тухайн үйлчлүүлэгчид төлбөрийн баримтыг 2025 оны 02 сарын 25-ны өдөр олгосон.

Гэтэл Татварын улсын байцаагчаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар шийтгэл оногдуулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөрийн баримтыг олгоогүй тохиолдолд тухайн зөрчлийг үйлдсэнд тооцож шийтгэл оногдуулахаар байтал манай компанийг төлбөрийн баримт олгоогүй гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 4.2.1-т заасны дагуу хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой байна.

Гэтэл С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Доос манай компанийг төлбөрийн баримт олгоогүй мэтээр үзэж, шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх зарчим болон бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Иймд С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

1.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлдээ иргэн Ц.Бтэй холбоотой 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж уг гэрээгээр К компани нь Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо оргил 21 дүгээр хороонд баригдаж байгаа орон сууцтай холбоотой Нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай холбогдуулан С дүүргийн татварын хэлтсийн байцаагч Д.Дийн НӨАТ-ын баримт шивээгүй гэдэг үндэслэлээр гаргасан торгуулийг үндэслэлгүй байна буцааж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Бид 02 дугаар сарын 25-ны өдөр НӨАТ-ын баримтаа хүргүүлж зөрчил нь арилсан. Гэвч 02 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн татварын хэлтсээс манай уг үйлдэлтэй холбоотой торгууль тавьсан. Уг торгуулийг үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан.” гэв.

1.3.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуульд эрх бүхий этгээдүүдийг тусад нь эрх бүхий албан тушаалтнаар тогтоож зөрчилд шийтгэл оногдуулахаар 2019 оноос хойш ийм хуулийн зохицуулалттай байгаа. Өнөөдрийн манай нэхэмжлэл дэх татварын улсын байцаагч, эрх бүхий этгээд буюу шийтгэл оногдуулсан гэдэг үндэслэлээр яриад байгаа юм. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан үйлдэлд нь тохирсон шийтгэл оногдуулсан байх, 1.3 дээр шударга ёсны зарчмыг тайлбарласан. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарласан байдаг. Хэргийн агуулгын хувьд зөрчлийн хуудаст худалдсан орон сууц гэдэг байдлаар бичсэн байдаг. Гэтэл улсын дээд шүүхийн тайлбар ч байдаг. Гэрээ бол орон сууц захиалгын гэрээ байдаг. Захиалгын гэрээний дагуу захиалагч болон гүйцэтгэгч хоёр гэрээнийхээ үүргийг дүгнээд явж байх шатад үл ойлголцох байдал үүссэн байдаг. Татварын байцаагч нөхцөл байдлыг мөн хуульд заасан гэрч асуугаагүй мэдүүлгийг дутуу аваад шийтгэлийг оногдуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Тодруулбал зөрчлийн хуудсанд худалдсан орон сууц гэж нөхцөл байдлыг дүгнэсэн байдаг. Мөн түүнчлэн гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа захирал байхгүй байсан гэдгээ хэлээд байдаг. Мөн хэдийгээр захиргааны шүүх дээр байхгүй ч гэсэн хоорондоо гэрээний үүргийн маргаан байгаа гэдэг талаар тогтоогдоод байдаг. Хамгийн сүүлд нь 02 дугаар сарын 26-ны өдөр акт тогтоосон. Гэтэл 02 дугаар сарын 25-ны өдөр аль хэдийн актаа бид нар өгчихсөн байсан. Гэтэл Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т тогтоогдсон нөхцөл байдлыг бичихээс гадна сайн дураар биелүүлэх хугацаа ч мөн заагаагүй. Тус шийтгэлийн хуудас хууль зөрчсөн. Тийм учраас энэ шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “К ХХК”- ийн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах нь: С дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0044815 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм.Иргэн Ц.Б СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах "Оргил 21” хотхонд 132,000,000 төгрөгийн байр худалдан авч 2024 оны 12 сарын 12-нд төлбөрөө бүрэн төлсөн боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхгүй байна шийдвэрлэж өгөн үү гэх гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн бөгөөд уг гомдлыг хүлээн авч шалгахад зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тул Зөрчлийн хэрэг нээж шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас тайлбар мэдүүлэг нотлох баримтууд гаргуулан авч холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Э. Ё*******аас тайлбар мэдүүлэг, нягтлан бодогч М.Б*******ээс гэрчийн мэдүүлэг авахад "К” ХХК нь иргэн Ц.Бөд НӨАТ-ын төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т заасны дагуу тайлант сарын өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувиар торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн хэргийг дуусган СХД-ийн прокурорын газрын хяналтад хүргүүлсэн. НӨАТ-ын тухай хуулийн 10 дугаар зүйл. "Албан татвар ногдуулах хугацаа" 10.2. Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:

10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;

10.2.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр;

10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.

17 дугаар зүйл 17.3 Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

17.3.1 албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүртгэнэ.

17.3.2. бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид төлнө. гэж заасны дагуу төлбөрийн баримтыг олгоогүй тул иргэн татварын албанд гомдол гаргаж улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтаар нөхөн өгсөн нь зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ бөгөөд зөрчил үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Татварын улсын байцаагч Д.Д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын хяналтад хэрэгжүүлсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Иймд “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбар өгсөн тул ямар ямар хуулийн заалтууд зөрчигдөж байгаа талаар яриад явчихъя. Иргэн Ц.Б нь С дүүргийн 29 дүгээр хорооны оргил хотхонд 132 сая төгрөгөөр байр худалдаж авсан. Байрны төлбөр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр голомт банкнаас зээл аваад 100 хувь төлсөн байдаг. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн уг гомдлыг хүлээн аваад байцаагч 02 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэгт холбогдогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн зөвлөх н.Ё*******, гэрчээр нягтлан бодогч н.Б******* гомдол мэдээлэл гаргаж хохирогч Ц.Б гэж 3 хүнээс тайлбар мэдүүлэг авсан хэргийн материалд байгаа. Зөрчлийн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн баримт өгөөгүй гэх зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувиар торгох арга хэмжээг авсан байна. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтууд зөрчигдөж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл хуулийн үйлчлэх хүрээ гэж байгаа. Үүнд зааснаар хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан эсвэл Монгол Улсаас экспортоор гаргасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээ албан татвар ноогдуулахад энэ хууль үйлчилнэ гээд заачихсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнд хуулийн нэр томьёо 4 дүгээр зүйл дээр бараа гэж мөнгө болон хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг бараа гэнэ. Ажил гэдэг нь Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан ажил гүйцэтгэх гэснийг ажил гэдэг утгаар ойлгоно гээд хуулийн тайлбарт бичсэн байна. Иргэний хуулийн 343-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн захиалагчийн буюу өөрийн материаллаг гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл албан татвар төлөгч буюу албан татвар суутган төлөгч гэсэн хоёр этгээдийг тодруулж өгсөн. Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй эцсийн байдлаар олон нийтэд аж ахуйн үйл ажиллагаа бус хувийн хэрэглээнд худалдан авч импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. НӨАТ төлөгч иргэн тухайн эцсийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж буй иргэн татвар төлөгч нь байна. Гуравдагч этгээд 132 саяар байр худалдаж авч байгаа дүнд нь НӨАТ-аа давхар төлөөд явж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд суутган төлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая буюу түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ноогдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч байна гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан. Бараа үйлчилгээг экспортолсон бараа үйлчилгээг импортоор оруулсан Монгол Улсын нийт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн иргэн суутган төлөгч байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар ноогдох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ тарифыг үндэслэн тодорхойлно гэж байгаа юм. Тухайн үедээ 132 сая төгрөг гээд гэрээгээ хийчихсэн. Иргэн банкнаас үлдэгдлийг нь аваад зээлийн гэрээгээр зээл аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваад тухайн иргэний өмчөөр шилжчихсэн. Орон сууцны зээлийн гэрээ гэдэг нь голомт банкнаас зээлээр 84 сая төгрөгөө аваад хувиа гаргаад төлөөд нэхэмжлэгч компанид 100 хувь төлчихсөн. Баримт нь хэргийн материалд зээлийн гэрээний хавсралтыг авсан байна. Албан татвар суутган төлөгч  нь доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүртгэнэ. Хэрэглэгчийн системд баримтыг нь шивнэ гэсэн үг. 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл албан татвар ноогдуулах төсөвт төвлөрүүлэх тайлагнах гэж байгаа юм. 16.1-д албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ноогдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлж баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг. Үүний дагуу 2024 оны 12 дугаар сарын 12-ны үед 100 хувь төлөөд өмчлөлдөө шилжүүлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авчихсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хуулиараа иргэний төлсөн 132 саяас нэхэмжлэгч компани нь дараа сарын 10-ны дотор татварын албанд тайлагнаж тушаах үүрэгтэй. Хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж хариуцлага тооцсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх явцад баримтаа өгсөн учраас зөрчлөөс чөлөөлөгдөх тухай нэхэмжлэгч талаас ярьж байна.Тухайн зөрчил үйлдсэнээ холбогдогч тал хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтаа хэвлэж өгөөд зөрчлийн үр дагаврыг арилгаж байгаа арга хэмжээ нь шийтгэлийн хуудаст бичигддэг. Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг шийтгэлийн хуудсан дээр ч бичдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч арилгаж болох боломжтой. Түүний дагуу төлбөрийн баримтаа шивээд тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч баримтаа шивж өгсөн байгаа. Хэргийн материалд гэрчээр нягтлангаас мэдүүлэг авч хамгийн сүүлд манай байцаагч үлдэгдэлгүй баримт танай байгууллагын буруу болох уу гэж асуухад хариуд нь “үлдэгдэлгүй зээлээр авсан байр байна очоод бид тооцоогоо хянаж үзье” гэж ярьсан.  Очиж тооцоогоо хянаад зээлээр 100 хувь төлбөрөө төлчихсөн байгаа учраас баримтыг өгөх нь манай үүрэг юм байна гээд баримтаа шууд нэрлээд хүргүүлсэн байгаа. Баримтыг манайд авчирч өгөөд баримт нь хэргийн материалд хавсралтаар орсон. Зөрчил нэгэнт тогтоогдож байгаа учраас байцаагч нэхэмжлэгч компанийн 2025 оны 1 дүгээр сарын борлуулалтын орлогыг тодорхойлох арга хэмжээг авчихсан. Үүнийг татварын удирдлагын нэгдсэн системээс борлуулалтын орлогыг тухайн аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайлангаас дүнгээр түүнийг 2 хувиар нь тооцоод 45 сая 257 мянга 5 зуун 40 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Уг арга хэмжээнд ямар нэгэн хууль зөрчсөн ажиллагаа байхгүй. Прокурорын хяналтад хүргүүлээд прокурор хянаад та бүхэн зөрчилгүй байна гэдэг хугацаагаар хүргүүлсэн байна. Хөнгөлөлт чөлөөлөлтийн тухайд иргэн 02 дугаар сарын 10-ны дотор тайлангаа өгч, материалаа бүрдүүлж өгч байж шинэ байр худалдаж авсан иргэний 6 сая төгрөгийн урамшууллыг буцаан авдаг. Тус баримтаа авч чадаагүй учраас иргэн тухайн үед гомдол гаргасан. Түүний дагуу баримтыг нь зөрчил шалган шийдвэрлэн буцаалт олгосон. Иргэний хувьд энэ жил буцаан олголтоо авч чадаагүй. Тухайн аж ахуйн нэгжийн баримтаа нөхөж өгөөгүй байснаас буцаан олголтоо авч чадахгүй болчхож байгаа. 02 дугаар сарын 10-ны дотор амжиж өгөөгүй учраас дараа жил авах боломжтой хэдий ч хуулийн заалт өөрчлөгдөж байгаа учраас ямар ч нөхцөл байдал үүсэж болзошгүй.” гэжээ.

3.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Цэвэгмэд овогтой Б миний бие “К” ХХК-аас орон сууц захиалгын гэрээ байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн аман хэлбэрээр сар бүр боломжоороо төлөлт хийж тухайн байрны улсын комисс акт гарахаар нь банкнаас зээл авч бүрэн төлөхөөр тохиролцсон. 2024 оны 12 дугаар сард улсын комисс акт гарсны дагуу банкны зээл авч бүрэн төлж төлбөр тооцоо дууссан. Захиалгын гэрээн дээр хувиар эргэн төлөх хувиар гаргасан боловч тохиролцоо хийсний үндсэн дээр миний сар бүр төлөлт хийсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Өмнө нь надад нэг удаа дутуу төлөлт хийсэн төлбөр алдсан нэг ч удаа гаргаагүй.Төлбөр тооцоо бүрэн дуусаж түлхүүрээ гардан авч байрандаа орсон байгаа. НӨАТ буцаан олголт авах гэж байсан болохоор тухайн байгууллагаас НӨАТ-ын баримт нэхсэн. Захирал нь гадагшаа явсан тул батлаагүй байна удахгүй өгнө гэж хэлж байсан. Тайлан илгээх хугацаа болсон тул С дүүргийн татварын хэлтэст и-баримт апплейкшн ашиглан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгсөн. Татварын хэлтсээс тавсан уг торгуулиас болж намайг Баянгол, Хан-Уул, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүсэлт гарган надад 46,200,000 төгрөгийн нэхэмжлэх ирсэн. Уг торгуулиа надаар төлүүлэх гэж өмнө тохиролцсон төлбөр тооцоо дууссан гэрээний заалт нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэжээ.

3.2.Гуравдагч этгээд Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б миний бие 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “К” ХХК-аас орон сууц захиалгын гэрээгээр урьдчилгаа 30 хувиа өгөөд орон сууц худалдан авсан. Тухайн орон сууцны борлуулалтын ажилтнаас нь худалдаж авахад графикийн сар бүрийн төлөлт дээр боломжоороо хийгээд явъя. Сар бүр өдөр алдахгүй цалин орох 20-ны өдөр тогтмол хийгээд өгөөд явъя гээд нь тохирсны үр дүнд сар бүр боломжоороо төлөлтөө хийж 2024 оны 02 дугаар сард банкнаас зээл авч нийт төлбөрөө дуусгасан. Тухайн байгууллагаас Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаа авъя гэж нягтлан болон борлуулалтын ажилтнуудад санал тавьсан. Дахиж удирдлага гадагшаа явсан тул баримтыг чинь цохож дарж өгөх хүн байхгүй гэдэг тайлбар өгөөд байсан. Сүүлдээ зээлийн гэрээ яригдаж эхэлсэн. Ямар зээлийн гэрээ вэ гэвэл хамгийн анх нэхэмжлэгч захиалгын гэрээг 2024 оны 5 сар ашиглалтад орно гэж гэрээгээ байгуулсан. Гэхдээ гэрээнийх нь заалтаас харахад 2024 оны 4 дүгээр улиралдаа багтааж орно гэдгээр тусгачихсан байсан. Түүнтэй холбоотой би банкнаас ипотекийн зээл авах гээд очерт орчихсон байсан. 5-9 сар хүртэл нийтдээ миний очер намайг хүлээж байгаад өндөр хүүтэй банкнаас зээл авчихсан сарын төлөлт нэлээн өндрөөр явж байгаа. Нэхэмжлэгч компаниас НӨАТ-ын баримт авъя гэхэд захирал нь гадагшаа явчихсан байсан гээд өгөөгүй ч гэсэн дараа нь санхүүгийн албаных нь ажилтан танд зээлийн гэрээ байна гээд хувь зээл санал болгож байсан юм. Түүнийг байгуулах уу, байгуулахгүй юу гэдгээ 100 хувь шийдээгүй. Гэхдээ очиж байгуулъя гэж ярилцаж байгаад больчихсон. 10 хоногийн дараа санхүү нягтлангаас нь залгаж та гэрээ байгуулах юу болсон бэ гээд би захиалгын гэрээгээрээ явъя тохирсноороо зээлийн гэрээ байхаа больё нэгмөсөн улсын комиссын актыг чинь гарахаар банкнаас зээлээ аваад өгчихье гэдэг тайлбартай яваад төлбөр тооцоо дуусаад надад түлхүүр, гэрчилгээ бүх юмаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч гэрээ байна гээд би байхгүй гээд гэрээ байхгүй нь нотлогдсон.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч “К” ХХК-аас С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дид холбогдуулан С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.

            2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Хэргийн үйл баримтын тухайд, иргэн Ц.Б нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ““К” ХХК-аас 2024 оны 12 дугаар сард улсын комисс акт гаргаж ашиглалтад орсон 132,000,000 төгрөгийн байрыг 100 хувийн бэлэн төлөлтөөр авсан бөгөөд одоог хүртэл НӨАТ /Нэмэгдсэн өртгийн албан татвар/ өгөхгүй байгаа тул шалгалт оруулж өгнө үү” гэж татварын албанд гомдол гаргажээ.

3.1.Үүний дагуу 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С дүүргийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Д.Д нь НӨАТ /Нэмэгдсэн өртгийн албан татвар/ баримт шивж өгөхгүй байгаа гэх ******* дугаартай гомдол, мэдээллийг шалгаад төлбөрийн баримт өгөөгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1. дэх заалтад зааснаар 2508000878 дугаар зөрчлийн хэрэг нээсэн байна.

3.2.Улмаар С дүүргийн улсын байцаагч Д.Д нь хохирогч болон холбогдогч, гэрчүүдээс мэдүүлэг авч, холбогдох баримтыг цуглуулан шалгаж, хуульд заасан журмын дагуу хуулиар тогтоосон шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг баримталж зөрчлийг шалган тогтоох үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, 2025 оны 02 дугаар 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “К” ХХК-ийг С дүүргийн 29 дүгээр хороонд байрлах ******* хотхонд орон сууц худалдан авахад төлбөрийн и-баримт олгоогүй нь татварын удирдлагын нэгдсэн систем болон холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж, “К” ХХК-ийг 45,257,540.10 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.3.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “... бид ажиллагаа явуулаад шивчихсэн баримтыг нь өгчихсөн чинь маргааш нь 2 хоногийн хоёр заавал торгох ёстой гэж хэлсэн. Гэтэл Зөрчлийн шалган шийдвэрлэх хуулийн 7.2.2 дээр тогтоогдсон нөхцөл байдлыг байцаагч дүгнээгүй. Хуульд сайн дураар биелүүлэх хугацааг заадаг. Гэтэл нэгэнт биелэгдчихсэн учраас байцаагч хугацааг заагаагүй. Гэтэл дараа жил их хурал ямар ч хууль гаргачих юм энэ хүн хохирох гээд байна гэж субъектив юм яриад байна. Гэтэл бид нар өгнө, сайн дураараа биелүүлэх хугацааны талаар ч яриагүй. Тогтоогдсон нөхцөл байдлыг ч дүгнэхгүйгээр хариу тайлбараас нь үзэхээр танайх өгөөгүй гээд дүгнэлт тавьчихдаг. Дөчин хэдэн сая төгрөгийн торгууль нь 1.3-д заачихсан. Шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д илүү нарийвчилсан хуулийн заалт байгаа.” гэж,

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... зөрчил тогтоогдсон бол хариуцлага тооцно. Түүнээс зөрчил тогтоогдчихсон байхад хариуцлага тооцохгүй татгалзвал бусдад давуу адил олгосон хэргээр эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно. Зөрчил хэзээ тогтоогдоод байна гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл нэхэмжлэгч суутган төлөгч шүү дээ. Зөвхөн гуравдагч этгээд төлж байгаа эцсийн худалдан авагч татвар төлөгч нь байгаа юм. Гуравдагч этгээд 132 сая төгрөгөө 12 дугаар сарын 12-ны өдөр өгөөд дуусчихсан. Түүнийг 01 дүгээр сарын 10-ны дотор тайлагнаж улсын төсөвт төлөх үүрэгтэй. НӨАТ суутган төлөгчийн үүрэг. Түүнийг хийгээгүй нь тогтоогдож байгаа учраас төлбөрийн баримт өгөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн сүүлд гэрчээр ирсэн нягтлан бодогч хэлж байна. Гэрээтэй танилцаад үлдэгдэлгүй зээлээр авсан айл байна очиж тооцоог хянаж үзье гээд яваад маргааш нь шууд нөгөө баримтыг нь өгөх юм байна гээд гаргаад өгчхөж байгаа. Нэхэмжлэгч дотооддоо шалгаж үзээгүй өөрсдийн зохион байгуулалтгүй ажлаасаа болоод гуравдагч этгээдийн баримтыг нь улсын төсөвт төлөх татварын тайлан хугацаанаас хоцроосон нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Баримтыг өгчихсөн тохиолдолд татварын удирдлагын нэгдсэн санд баримтаа шивээд орлогоо илгээчихсэн гэсэн үг юм. Орлогоо илгээгээгүй явсаар байгаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 02 дугаар сарын 25-ны өдөр шивж байна гэдэг нь 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шивчихсэн байх ёстой” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.”, 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Бараа, ажил үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.“Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;” гэж хуульчилжээ.

4.1.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14.“... “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;”, 4.1.15. “дахин давтагдашгүй төлбөрийн дугаар” гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг;” 17 дугаар зүйлийн 17.3.2. “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;”, 17.3.3. “хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;” гэж тус тус заасан байна.

5.Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;” гэж зааснаар гомдол гаргагч “К” ХХК мөн байх ба Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу төлбөрийн баримт олгоогүйг зөрчилд тооцохоор зохицуулжээ.

5.1.Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ хэрэгжих нөхцөл нь “төлбөрийн баримт олгоогүй” бол гэх нөхцөл бөгөөд төлбөрийн баримтыг нь тухай бүрт өгөөгүй буюу Ц.Бийг шаардсан байхад тухайн үйлчилгээнд төлбөрийн баримт өгөөгүй, хуулиар тогтоосон хугацаанд төлбөрийн баримтыг өгөөгүй, хуульд заагаагүй бусад шалтгаанаар өгөхгүй гэдгээ илэрхийлсэн, өгөөгүй эс үйлдэхүй гаргаснаар зөрчил үйлдэгдэж төгссөн гэж үзнэ.

5.2.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Ц.Б “К” ХХК-д захиалгаар бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан, уг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан маргааш нь буюу 13-ны өдөр Голомт банкнаас орон сууцны зээл авч, зээл олголтын 84,400,000 төгрөгийг “К” ХХК хүлээн авсан талаар гомдол гаргагч болон гуравдагч этгээдүүд маргадаггүй.

5.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“ Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гэж зохицуулсан, “К” ХХК 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, үүнээс хойш бараа эсхүл үйлчилгээ худалдан авагч Ц.Бийг шаардмагц төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй зөрчил гаргажээ.

5.4.Гомдол гаргагч болон гуравдагч этгээдүүд хоорондоо гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргаантай, шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа талаараа тайлбарлах боловч хуульд зааснаар “... үйлчилгээг борлуулсан тухай бүр” төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй, нөгөөтэйгүүр алдангийг нэхэмжилж авсан ч дахиад тэр дүнгээр төлбөрийн баримт олгох үүрэгтэй гэдэгт талууд маргаагүй, ийм үүрэгтэй нь хуулиар тодорхой тул маргаантай эсэхээс үл хамааран төлбөрийн баримт олгох ёстой байна.

6.Хэдийгээр гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Бөд 132,000,000 төгрөгийн төлбөрийн баримтыг гаргаж өгсөн байх боловч энэ нь “К” ХХК-ийг зөрчил үйлдсэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс торгуулийн дүнг эс зөвшөөрч, өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэдэгт бүх орлого хамаарахгүй, зөвхөн ижил төрлийн үйлчилгээний орлого хамаарна гэж маргах боловч хуульд тийнхүү ялгаж зохицуулаагүй тул шүүх хуулийн зохицуулалтыг хууль тогтоогчийн бичиж, баталснаар буюу шууд хэл зүйн утгаар нь ойлгох нь зөв гэж үзсэн бөгөөд “өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-ийг тогтоосон тооцооллын хувьд дээрхээс өөр бусад агуулгаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

8.Иймд “К” ХХК-ийн С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дид холбогдуулан гаргасан С дүүргийн Татварын улсын байцаагч Д.Дийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15 дахь хэсэг , 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн С дүүргийн улсын байцаагч Д.Дид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА