| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00411/И |
| Дугаар | 320/ШШ2025/00519 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай 1 дүгээр багт оршин суух, Х овогт Б.Д,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 320/2025/00411/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1971 онд төрсөн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд туслах малчнаар 1987 онд элсэн орсон. Түүнээс хойш 1989 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Би улсаас 1992-2000 он хүртэл жилийг тооцуулсан.
Иймд Б.Д намайг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Х овогт Б.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3/166 дугаартай Борхүү овогтой Д-н 1987-1989 оны хөдөлмөрийн хөлсний лавлагааг сумын архивын 70 дугаар данснаас шүүж хавсралтаар хүргүүлэв гэх бичилт бүхий албан бичиг, Б овогтой Д-н Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1987-1989 онуудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох №482 дугаартай архивын лавлагаа, малын А дансны хуулбарт Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-14 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.П-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д-н ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Б.Д-н нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газраас Б.Д-н 1987-1989 оны хооронд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-30 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х овогт Б.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д-н 1987 оны 3-7 дугаар сар, 9-10 дугаар сар, 1988 оны 1 сар, 3-4 дүгээр сар, 7-12 дугаар сар, 1989 оны 5 дугаар сар, 9-12 дугаар саруудад тус тус Дэлгэрмөрөн нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 3-12, 26-30 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Дэлгэрмөрөн нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1986, цех, тасаг, бригад гэх хэсэгт мал аж ахуй, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Бүрэнтогтох гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)
Гэрч Б.П-н ...... Б.Д нь 1987 онд Бүрэнтогтох суманд 8 дугаар анги төгсөөд тус сумынхаа Дэлгэрмөрөн нэгдлийн Сангийн далай 1 дүгээр бригадад 1987-1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ээж, эгч нарынхаа хамт мал маллаж байгаад 1989 онд цэргийн албанд татагдаж 1991 оны 9 дүгээр сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1989-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Өмнө нь бол Өвөрхангай, Булган, Эрдэнэт зэрэг аймгуудад Эрчим хүчний дэд станцад ажиллаж байгаад 1989 онд ажлаасаа гарч ирээд нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Б.Д нь 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б.Д-н Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН