| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0129/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ц.Сүхбат,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Х.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох эрүүгийн 201725020067 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, ...
1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд иргэн Н-ны таксигаар үйлчлүүлж байхдаа иргэн Н-г “мөнгөө төлөөд буучих, цаашид үйлчилж чадахгүй” гэж хэлснээс болж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” зочид буудалд үйлчлүүлж байхдаа зочид буудлын решепшнээр ажилладаг Э-тай “буудлын мөнгө төлөхгүй” гэж маргаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, нийтдээ хоёр хүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н /хх-ийн 8-10/, гэрч /хх-ийн 11-12/, гэрч Х /хх-ийн 13-15/, гэрч Б /хх-ийн 37-38/, гэрч Ц /хх-ийн 40/, хохирогч Э /хх-ийн 126-127/, гэрч П /хх-ийн 154-155/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3748 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/, шүүгдэгч Х.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд Н-ны таксигаар үйлчлүүлж байхдаа маргаан үүсгэсний улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдсон байдлын талаар:
Хохирогч Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр ...явж байтал нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн гар өргөж суугаад хоёр зуугаад метр яваад “хойшоо гэр хороололын гудамж руу ор” гэхээр нь заасан зүг рүү нь явж байтал “эргээд зогсчих” гэхээр нь эргээд зогстол “яваач пизда минь” гэхээр нь цаашаа явж байгаад “556 гэсэн дугаартай цагаан худгийн хажууд зогс” гэсэн. Тэгэхээр нь тэнд зогсоод “таксины мөнгө 1000 төгрөг гарсан байна. Мөнгөө өгөөд та хоёр буучих, би та хоёрт цаашид үйлчилж чадахгүй” гэж хэлээд эргээд хартал тэр залуу нь миний хамар луу цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь хаалгаа онгойлгоод хамарныхаа цусыг гоожуулаад тонгойгоод байж байтал нөгөө залуу хойноос бууж ирээд миний зүүн нүд рүү өшиглөөд яваад өгсөн. Тэр залуу таксин дотор явж байхдаа нэг хүнтэй утсаар яриад мөнгө өгөхөөр болоод очиж байна гээд утсаар ярьж байсан. ...Тэгээд тэр залуу намайг цохьчихоод буух үед нь утсаар ярьж мөнгө өгөх гэж байсан ах нь нарийн гудамжнаас гарч ирээд хаалга татаж байсан. ...Тэр үед хамарнаас цус их гарч байсан болохоор би араас нь хөөж чадаагүй. Харин утсаар ярьж мөнгө авах гэж гарч ирж байсан залууг барьж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад нилээн орой манай Г гэдэг найз миний утас руу залгаад “худаг дээр гараад ирээч” гэхээр нь гэрээсээ гартал худгийн тэнд цагдаа нар ирсэн байсан. Тэгэхээр нь би Г-аас юу болсон талаар асуухад “Зуук хүн зодоод зугтаачихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А таксинд нэг охинтой сууж байсан. Тэгээд хаалгыг нь онгойлготол А тэр таксины жолоочтой хэрэлдэж байгаад буугаад нөгөө жолоочийн тал руу очсон. Тэгэхээр нь би араас нь тойроод очтол нөгөө жолооч залуу доошоо тонгойгоод хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,
Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Бэлх 112 чиглэлийн машинт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Таксины жолооч нэг залууг явуулахгүй зогсож байсан ба тухайн залууг таксины жолоочийн хамтаар цагдаагийн хэлтэс дээр авч ирж жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн. Нүд нь хавдаж улайсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед нэг залууд зодуулсан, тэр нь зугтаад явчихсан гэж байсан. ...Харин баригдаад байж байсан залууг зодсон залуугийн таньдаг хүн нь гээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр А бид хоёр замаас такси барьсан юм. Тэгэхэд А ахдаа мөнгө өгнө гээд ах руугаа явахаар болж такси барьсан. Таксигаар нэг их хол яваагүй. Азбаяр таксины жолоочийн дургүйг хүргээд л байсан... Тэгээд Азаа ахтайгаа утсаар яриад ах дээрээ ирчихээд ах нь машины гадаа ирэнгүүт тэр жолооч ахын нүүр лүү нь цохиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Н-ийн биед баруун нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18/,
2. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Х.А нь согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” зочид буудалд үйлчлүүлж байхдаа зочид буудлын решепшнээр ажилладаг Э-тай маргаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдсон байдлын талаар:
Хохирогч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А хэдэн найзуудтайгаа манай буудлын 3 номерын өрөөг авсан. Анх орохдоо А “мөнгөө төлнөө, нэг цаг болоод буцаад гарчихна” гэж хэлээд орсон. Тэгтэл 19 цагаас хойш 21 цаг хүртэл байсан. Тэгэхээр нь би 21 цаг өнгөрчихсөн учраас өрөөнд нь явж ороод А-аас “цагийнхаа мөнгө болох 5000 төгрөгийг өгчих, бусад нь яах вэ, эсвэл хонох гээд байгаа юм уу” гэж хэлсэн чинь “чи намайг 32-т мэдэх үү” гэж өөдөөс томорсон. Тэгэхээр нь би “за за ахын дүү зодоон цохион хийгээд яах вэ гараа” гэсэн чинь хойноос барьж аваад миний хоолойг боосон. Тэгээд л бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд намайг дэгээдэж унагаад нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж зүүн талын хөл рүү дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/,
Гэрч Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ресепшн ах орж ирээд мөнгөө өг гээд уурлаад байхаар нь А өрөөнд орж ирээд “яасан бэ Г ахаа” гэсэн чинь “мөнгөө төлөөч, одоо гар” гээд уурлаад байсан. ...А өөдөөс нь 2, 3 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3748 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Э-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, хамрын нуруу, баруун гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92/ бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь үргэлжилсэн үйлдлээр нийтдээ хоёр хүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэг судлагдсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.А-ыг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг энэ гэмт хэргийн шинж болгон нь заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Х.А-д нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Н нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохиролд 430.000 төгрөг авсан бөгөөд 270.000 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Н.Наранчулуу нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Энэ шийтгэх тогтоолын хүрээнд шүүгдэгч Х.А нь хохирогч Н-д төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Х нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.А-г хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Хохирогч Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.А авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР