Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын .. дүгээр багт оршин суух, Б овогт Д.Л,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй 155/2024/01270/и индекстэй иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1969 онд айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 10 дугаар ангийг 1987 онд төгссөн.

Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дежурын асрагчаар томилогдон 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарч, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх 10 хурууны бичээчийн 45 хоногийн курсэд суралцаж төгссөн.

Би курсээ төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичсэн, ажилласан хугацааны бичилт зөрүүтэй бичигдсэн, аймгийн архиваас Хөвсгөл аймгийн Улаан- Уул сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа, мөн холбогдох тушаалууд дээр миний овгийг буруу бичсзн зэргээс улсад ажиллаж байсан байдал маань тооцогдохгүй байна.

Миний аавыг Д гэдэг бөгөөд тухайн үеийн бичиг баримт хөтөлж байсан хүмүүс өөрсдийн сонсголоор Даваажав гээд зөрүүлэн бичсэн бололтой. Тухайн үед үүнийг анзаарч хэлж байсан боловч засаж, залруулаагүй, би нас залуу байсан учраас зассан эсэхийг анзааралгүй өнгөрсөн байна.

Иймд Д.Л миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 05-ны едрийг дуустал хугацаанд дөжурын асрагчаар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын хурлын гуйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б овогт Д.Л-н иргэний үнэмлэхийн хуулбар, Д овогтой Л-т нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №15 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №05 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №27 дугаартай тушаалын хуулбар, 072930 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 320/ШШ2025/00079 дугаартай шийдвэр зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-10, 72-74 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Г, Ж.Э, Ж.Ч нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-30, 45 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Л-н төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газраас Д.Л-н 1987-1988 оны хооронд ажиллаж байсан хугацааны 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-19, 80-84 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дежурын асрагчаар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дежурын асрагчаар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Б овогт Д-н Л иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 320/ШШ2025/00079 дугаартай Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлгээс 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Л нэрээр нээж олгосон №222273 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р... дугаар регистртэй Б Д.Л мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр,

Д овогтой Л-т 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээж олгосон №222273 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд 1987-1988 оны хооронд дежур асрагчаар ажиллаж байсан Д.Л-н цалин хөлсний түүвэрт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас)

Улаан-Уул сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ....Д.Л-г 1987 оны 6-р сарын 20-ны өдрөөс мөн дежурын асрагчаар түр тус тус томилон ажиллуулсугай.... гэх бичилт бүхий №15 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сум эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ....Д овогтой Л нарыг 1988 оны 4-р сарын 05-ны өдрөөс.... өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.... гэх бичилт бүхий №05 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ...Д овогтой Л-г түр хугацаагаар авч ажиллуулсугай.... гэх бичилт бүхий №27 дугаартай захирамжид Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Д.Л /Р..../ нь овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. Д овогтой Л /Р.../ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх бичилт бүхий 30/1413 дугаартай албан тоот, (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн иргэний харъяалал гэх хэсэгт Монгол, регистрийн дугаар гэх хэсэгт РН69031260, Овог Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт М, Өөрийн нэр гэх хэсэгт Л, хүйс гэх хэсэгт эмэгтэй, төрсөн он, сар, өдөр гэх хэсэгт 1969-03-12, бүртгэсэн газар гэх хэсэгт Хөвсгөл, Улаан-Уул, Эхийн Овог: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт С, Өөрийн нэр гэх хэсэгт М гэх бичилттэй CVL2467010001008359 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Улаан-Уул АДХГЗ, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт захиргаа, эрхэлдэг ажил гэх хэсэгт бичээч, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Улаан-Уул гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

Гэрч Л.Г-н ...Д.Л нь 1987 оны хавар 6 дугаар сард 10 дугаар ангиа төгссөн. Ингээд намар нь буюу тухайн жилийн 8 дугаар сард Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж эхлээд 1988 оныг дуустал ажилласан. Тэгээд 1989 оноос захиргаанд бичээчээр 1991 оныг хүртэл 3 жил ажилласан. Үүнээс хойш нэгдэл тараад тусгай хамгаалалттай газрын нягтлангийн албан тушаалд орсон бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа юм. Миний бие тухайн үед 1975-1991 оныг хүртэл сумын тоо бригадын мал зүйчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Э-н ......Д.Л нь 1987 онд Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийг төгсөж ирээд Улаан-Уул сумын сум дундын эмнэлэгт асрагчаар 1988 оны хавар хүртэл ажиллаж байсан. Энэ хавраа Мөрөн хотод бичээчийн 45 хоногийн курст сууж төгсөөд 1988 оны 7 дугаар сараас эхлээд сумынхаа захиргааны бичээчээр 1991 оныг хүртэл ажилласан. Үүнээс хойш Улаан-Уул сумын Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын нярваар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Би тухайн үед Улаан-Уул сумын Тоо бригадын тоо бүртгэгчээр 1987 оноос нэгдэл тартал ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ч-н ......Д.Л-н аавыг Д гэдэг. Халх, хотгойд аялгаас шалтгаалан н.Д-г Д болгон алдаж бичсэн байна. Түүнээс биш Д болон Л нь овог, нэрээ солиулж байгаагүй. Миний мэдэхийн Б-н Д гэх овог, нэртэй байсан. Дархад ястан хүмүүс хүүхдүүддээ жий төгсгөлтэй нэрийг голцуу өгдөг. Жишээ нь Д, Х, Л, Д, Ч гэх нэртэй голцуу байдаг. Энэ нь манай ястны онцлог юм гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-30, 45 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Л нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дежурын асрагчаар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д.Л-н Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дежурын асрагчаар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН