| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00154/И |
| Дугаар | 305/ШШ2025/00206 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ****** сумын ****** баг, ***** оршин суух Л.Б-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ******** аймгийн ****** сумд төрсөн. 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс ******* аймгийн ***** сумын Хилийн цэргийн 0214-р ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 сарын 03-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар 10 сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1990-1994 он хүртэл ****** сумын ****** багт мал маллаж байсан. 1994 оны 12 сарын 05-наас 1997 оны 12 сарын 24 хүртэл ******* аймгийн ****** сумын ****** багийн ****** гэдэг газар мал маллаж байх хугацаанд мал тооллогын А дансанд нэр дутуу бичигдэж, будилаан гарсан. Иймд 1993-1997 оныг дуустал ****** сумд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 44, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 173 дугаар лавлагаанууд,
-Л.Б-ын /Л.Б-н/ 1994-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-10/1797 дугаар лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/295 дугаар лавлагааны хуулбар.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-******** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/237 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний хаягийн хуудас №7, ИУБ-31, ИУБ-21, ХААТР-1, ХААТР-21 маягтууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.1. Нэхэмжлэгч Л.Б нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Б нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. Л.Б нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсан болох нь:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 02 сарын 22-ны өдрийн 26 дугаар зарлигаар ****** сумын харьяат С.З-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. С.З нөхөр Л хүүхдүүдэд: 1. Б 13 настай, 2. М 10 настай, 3. Б 8 настай, 4. Р 7 настай, 5. Д 6 настай, 6. О 5 настай, 7. Ш 3 настай, 8. Н 1 настай гэж бүртгэгджээ” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр “Тус аймгийн ***** сумын ****** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Л.Б-н /1994, 1995, 1996, 1997 онуудад Л.Б/ мал маллаж байсан хугацаа /1993-2000 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон” архивын лавлагаа,
-мөн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 173 дугаар “Тус аймгийн ***** сумын ****** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Л.Б-н /1993-1994 онд Л.Б/ мал маллаж байсан хугацаа /1993-1994, 1998 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон” архивын лавлагаа,
-Л.Б-ын /Л.Б-н/ 1994-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03-10/1797 дугаар “2000 оны ******* аймгийн ****** сумын ****** баг, Л.Б тэргүүлэгч өөрөө, 1969 оны 12 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, Б.Ж эхнэр, 1974 оны 08 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, Б.С охин, 1994 оны 09 сард төрсөн, 5 настай, эмэгтэй, Б.Э охин, 1997 оны 04 сард төрсөн, 2 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/295 дугаар “Л.Б нь ***** аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,
-******** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/237 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “Хүүхдийн овог нэр Л.Б 1968 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн, төрүүлсэн эхийн 3-р хүүхэд, эцэг Н.Л, эх С.З” гэж бүртгэсэн, ХААТР-1 БНМАУ-ын хүн амын регистрийн карт-д “Л.Б, эцэг Н.Л, эх З” гэж бүртгэгдсэн зэргээр тогтоогдож байна.
4.2. ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/237 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “Хүүхдийн овог нэр Л.Б 1968 оны Н.Л, эх С.З” гэж бүртгэсэн нь ****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар лавлагаанд “...БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 02 сарын 22-ны өдрийн 26 дугаар зарлигаар ****** сумын харьяат С.З-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. С.З нөхөр Л хүүхдүүдэд: 1. Б 13 настай, 2. М 10 настай, 3. Б 8 настай, 4. Р 7 настай, 5. Д 6 настай, 6. О 5 настай, 7. Ш 3 настай, 8. Н 1 настай гэж бүртгэгджээ” гэх лавлагаанд бичигдсэн эцэг, эхийн мэдээлэл, эхийн 3 дахь хүүхэд гэх мэдээллүүдтэй тохирч байх тул ****** аймгийн ****** сумын ****** багийн 1994-1997 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Л.Б гэж бичигдсэн нь хүсэлт гаргагч Л.Б мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Хэдийгээр 1993 оны А данс архивт шилжиж ирээгүй боловч Л.Б-н 1994 оны А дансанд 1993 оны эцсийн тооллогоор байсан бүгд 151, адуу 6, тэмээ 5, үхэр 6, хонь 84, ямаа 50 гэж бүртгэгдсэн байх тул 1993 онд мал маллаж байсан гэж дүгнэсэн болно.
6. Иймд Л.Б-г 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.Б-г 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ****** сумын ****** багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ