Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Билэгбаатарын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1706 00161 0142 дугаар хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Билэгбаатарын Мөнх-Эрдэнэ, 1993 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхан 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ЗЮ93050919 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Нямбаяртай маргалдан улмаар зодож “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны бунханы сагсны шийдэн дээр манай дүүг 2, 3 хүүхдүүд дээрэлхсэн байсан. Нямбаяртай сагсны шийдэн дээр уулзсан. Би дүүг маань дээрэлхсэн хүүхэд гэж бодоод Нямбаяртай муудалцаж зодолдсон. Надад Нямбаяр гэмтэл учруулаагүй. Би Нямбаярыг гараараа нүүр, нуруу руу нь 2-3 удаа цохьсон. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би сарын дараа Нямбаярт гэмтэл учирсанг мэдсэн. Би хохирол төлбөрийг барагдуулсан. Нямбаярын шүд нь хөдөлсөн байсан. Хувийн шүдний эмнэлэгт очиж шүдийг нь эмчлүүлсэн. Би 500.000 төгрөг төлсөн. Хохирогч надаас мөнгө төлсөн баримтыг авсан. Хохирогч сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин гэж надаас 800.000 төгрөг авсан, ээжийн данснаас шилжүүлсэн. Хохирогчид нийт 1.300.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямбаярын өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бунханы шарилын урд талын сагсан бөмбөгийн талбайн хашаанд байрлах сагсан бөмбөгийн талбайд бөмбөг тоглохоор очтол зүс таних Мөнх-Эрдэнэ гэх залуу үүдэнд таарсан. Тэгтэл цаанаас дээгүүрээ цээж нүцгэн 20-25 орчим насны гэмээр ойролцоогоор 165-170 см орчим өндөртэй 2 залуу гүйж ирээд Мөнх-Эрдэнэтэй гар бариад мэндлээд зогсож байхад Мөнх-Эрдэнийг өндөр биетэй залуу нь хэд хэд цохиод авсан. Би тухайн үед ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй чимээгүй гайхаад хараад зогсож байхад Мөнх-Эрдэнэ цаашаа зугтаасан. Тэгсэн нөгөө хоёр залуу над руу хүрч ирээд арай ахимаг настай, өндөр залуу нь үгийн зөрүүгүй шууд баруун эрүү рүү гараараа 2 удаа цохьсон. Тэгсэн толгой манараад тонгойсон, тэгтэл дээрээс цохиод унасан. Би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл хариу үйлдэл хийгээгүй. Танихгүй залуучууд учраас хэн нь хэдэн удаа зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Зодуулсаны улмаас миний зүүн гарын долоовор, дунд хуруу хугарсан, баруун талын дээд доод 2 араа шүдний паалан хагалж гэмтсэн, биеийн бүх хэсэгт толгой хүндүүртэй байсан. Нас нь ойролцоогоор 23-24 орчим настай халзандуу үстэй, бөөрөнхий дугариг царайтай, айхтар туранхай биш биерхүү, надаас жаахан өндөр, дээгүүрээ нүцгэн, доороо хар хөх женсэн өмдтэй, бор царайтай залуу байсан. Нөгөө нь 20 орчим настай залуу нь халимаг үстэй, бор царайтай залуучууд байсан. Хараад танина. Би дараа нь эдгээр залуучуудтай уулзаад “та нар намайг зүгээр байхад зодсон” гэсэн чинь “хохино” л гээд байсан. Их онгироо сагсуу залуучууд байсан. Намайг эхлээд цохьсон өндөр залуу нь халамцуу байсан. Нөгөө залуу нь эрүүл байсан. Би ямар учраас зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Өмнөх өдөр нь Мөнх-Эрдэнэтэй эдгээр залуучууд зодолдсон юм шиг байсан. Тэгээд намайг тэр өдөр Мөнх-Эрдэнэ мэндэлж байхад хамт явж байна гэж бодоод зодсон байх. Тэрнээс өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч У.Түвшинбаярын өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим найз Вандан, Хүрлээ /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ нарын хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бунханы урд талын хүүхдийн тоглоомын талбай дотор байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглохоор очсон. Нямбаяр ахыг зодсон гэх жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Чука, Мөнх-Эрдэнэ хоёр өмнөх орой нь маргалдаад муудаж байхад нь би салгасан. Тэгсэн Чука маргааш уулзнаа гээд яваад өгсөн. Тэгээд тэр орой Мөнх-Эрдэнийг шийдэн дээр байж байхад Мөнхөө ирээд Мөнх-Эрдэний нүүр лүү нь мангасдсан. Мөнх-Эрдэнэ сагсны талбайгаас гараад зугтаасан. Тэр үед Мөнх-Эрдэний хажуу талд Нямбаяр ах ирчихсэн, бие биенээ таньдаг учраас гар бариад мэндэлээд зогсож байсан. Тэгсэн тэд нар буруугаар ойлгосон бололтой цуг явж байна гэж бодсон байх, Нямбаяр ахыг Мөнхөө нүүр лүү нь үгийн зөрүүгүй цохисон. Чука нь хажуу талаас нь өшиглөөд байсан. Бид нар салгаад холдуулсан чинь Чука, Мөнхөө хоёр зугтаад яваад өгсөн. Эхлээд Мөнхөө нь эрүү рүү нь гараараа цохьсон. Хажуу талаас нь Чука нь нийлээд цохиод өшиглөөд байсан. Нямбаяр өөдөөс нь эсэргүүцэж зодолдсон зүйл байхгүй. Ямар ч үгийн зөрүүгүй зодсон. Гадаа харанхуй байсан учраас гэмтэл шарх анзаарагдаагүй. Тэгээд би тэр орой яваад өгсөн. Хэд хоногийн дараа Г.Нямбаяртай таарсан чинь зүүн талын гараа гипсээр боочихсон байсан. Мөн “хоёр шүд гэмтсэн” гэж байсан. Тэгээд л салсан, тэр өдөр Чука, Мөнхөө хоёрт зодуулаад ингэсэн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Чулуун-Эрдэнийн өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны орой 20-21 цагийн орчим ах Б.Мөнх-Эрдэний хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бунханы урд талын сагсан бөмбөгийн талбай дээр очсон. Яах гэж очсон юм гэхээр Мөнх-Эрдэнэ урьд өдөр нь согтуу намайг зодсон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Уулзахаар очсон юм. Сагсан бөмбөгийн талбай дээр Мөнх-Эрдэнэ ирээгүй байсан ба ах бид хоёрыг хүлээгээд зогсож байхад цаанаас хүрээд ирсэн. 4-5 залуучуудтай ирсэн. Хамт ирсэн залуучууд нь цаана сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан, ах Б.Мөнх-Эрдэнэ уурлаад Мөнх-Эрдэнийн нүүр лүү нь гараараа цохиод авсан чинь Мөнх-Эрдэнэ цаашаа зугтаад яваад өгсөн. Хажууд нь нэг ах зогсож байсан. Тэгсэн ах Б.Мөнх-Эрдэнэ нүүр рүү нь гараараа цохьсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8153 дугаар:

1. Г.Нямбаярын биед долоовор, дунд хурууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 44 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                        

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгийн оршуулгын газрын орчим байрлах сагсан бөмбөгийн талбайд Г.Нямбаярыг өөрийн дүү Б.Чулуун-Эрдэнийг дээрэлхсэн гэж андууран зодож “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн “Нямбаяртай сагсны шийдэн дээр уулзсан. Би дүүг маань дээрэлхсэн хүүхэд гэж бодоод Нямбаяртай муудалцаж зодолдсон. Надад Нямбаяр гэмтэл учруулаагүй. Би Нямбаярыг гараараа нүүр, нуруу руу нь 2-3 удаа цохьсон. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би сарын дараа Нямбаярт гэмтэл учирсанг мэдсэн. Би хохирол төлбөрийг барагдуулсан. Нямбаярын шүд нь хөдөлсөн байсан. Хувийн шүдний эмнэлэгт очиж шүдийг нь эмчлүүлсэн. Би 500.000 төгрөг төлсөн. Хохирогч надаас мөнгө төлсөн баримтыг авсан. Хохирогч сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин гэж надаас 800.000 төгрөг авсан, ээжийн данснаас шилжүүлсэн. Хохирогчид нийт 1.300.000 төгрөг өгсөн.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямбаярын өгсөн “...Би тухайн үед ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй чимээгүй гайхаад хараад зогсож байхад Мөнх-Эрдэнэ цаашаа зугтаасан. Тэгсэн нөгөө хоёр залуу над руу хүрч ирээд арай ахимаг настай, өндөр залуу нь үгийн зөрүүгүй шууд баруун эрүү рүү гараараа 2 удаа цохисон. Тэгсэн толгой манараад тонгойсон, тэгтэл дээрээс цохиод унасан. Би өөдөөс нь ямар нэгэн эсэргүүцэл хариу үйлдэл хийгээгүй. Танихгүй залуучууд учраас хэн нь хэдэн удаа зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Зодуулсаны улмаас миний зүүн гарын долоовор, дунд хуруу хугарсан, баруун талын дээд доод 2 араа шүдний паалан хагалж гэмтсэн, биеийн бүх хэсэгт толгой хүндүүртэй байсан. Нас нь ойролцоогоор 23-24 орчим настай халзандуу үстэй, бөөрөнхий дугараг царайтай, айхтар туранхай биш биерхүү, надаас жаахан өндөр, дээгүүрээ нүцгэн, доороо хар хөх женсэн өмдтэй, бор царайтай залуу байсан.” гэх /хх-20-21/,

мөн гэрч У.Түвшинбаярын өгсөн “…Нямбаяр ахыг зодсон гэх жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Чука, Мөнх-Эрдэнэ хоёр өмнөх орой нь маргалдаад муудаж байхад нь би салгасан. Тэгсэн Чука маргааш уулзнаа гээд яваад өгсөн. Тэгээд тэр орой Мөнх-Эрдэнийг шийдэн дээр байж байхад Мөнхөө ирээд Мөнх-Эрдэний нүүр лүү нь мангасдсан. Мөнх-Эрдэнэ сагсны талбайгаас гараад зугтаасан. Тэр үед Мөнх-Эрдэний хажуу талд Нямбаяр ах ирчихсэн бие биенээ таньдаг учраас гар бариад мэндэлээд зогсож байсан. Тэгсэн тэд нар буруугаар ойлгосон бололтой цуг явж байна гэж бодсон байх Нямбаяр ахыг Мөнхөө нүүр лүү нь үгийн зөрүүгүй цохисон. Чука нь хажуу талаас нь өшиглөөд байсан. …Хэд хоногийн дараа Г.Нямбаяртай таарсан чинь зүүн талын гараа гипсээр боожихсон байсан. Мөн “хоёр шүд гэмтсэн” гэж байсан.” гэх /хх-29/,

мөн гэрч Б.Чулуун-Эрдэнийн өгсөн “Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны орой 20-21 цагийн орчим ах Б.Мөнх-Эрдэний хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бунханы урд талын сагсан бөмбөгийн талбай дээр очсон. Яах гэж очсон юм гэхээр Мөнх-Эрдэнэ урьд өдөр нь согтуу намайг зодсон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Уулзахаар очсон юм. Сагсан бөмбөгийн талбай дээр Мөнх-Эрдэнэ ирээгүй байсан ба ах бид хоёрыг хүлээгээд зогсож байхад цаанаа хүрээд ирсэн. 4-5 залуучуудтай ирсэн. Хамт ирсэн залуучууд нь цаана сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан ах Б.Мөнх-Эрдэнэ уурлаад Мөнх-Эрдэний нүүр лүү нь гараараа цохиод авсан чинь Мөнх-Эрдэнэ цаашаа зугтаад яваад өгсөн. Хажууд нь нэг ах зогсож байсан. Тэгсэн ах Б.Мөнх-Эрдэнэ нүүр рүү нь гараараа цохьсон.” гэх /хх-30/ мэдүүлгүүд, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8153 дугаар дүгнэлт /хх-44/, эмчийн магадлагаа /хх-45/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.Нямбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хохирол төлсөн талаар баримтыг шүүхэд бичгээр гарган өгөөгүй, хохирогч Г.Нямбаяр цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ “Миний биед учруулсан бэртэлийг Мөнх-Эрдэнэ нь барагдуулсан тул гомдолгүй болсон” гэсэн /хх66/, хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлтдээ “Гомдол санал байхгүй болно. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн /хх74/, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Би Увс аймагт ажиллаж байгаа. Шүүх хуралд оролцохгүй. Тухайн үед Б.Мөнх-Эрдэнэ миний эмчилгээг хийлгэж өгсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж тайлбар өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ “Би хохирол төлбөрийг барагдуулсан. Нямбаярын шүд нь хөдөлсөн байсан. Хувийн шүдний эмнэлэгт очиж шүдийг нь эмчлүүлсэн. Би 500.000 төгрөг төлсөн. Хохирогч надаас мөнгө төлсөн баримтыг авсан. Хохирогч сар гаруй ажилгүй байсан хугацааны цалин гэж надаас 800.000 төгрөг авсан, ээжийн данснаас шилжүүлсэн. Хохирогчид нийт 1.300.000 төгрөг өгсөн.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Нямбаярын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Билэгбаатарын Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнэ нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Г.Нямбаяр нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Мөнх-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мөнх-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.              

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ